Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 12

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Оюунгэрэл, цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Н.Энхжаргал, Р.Уранцэцэг, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 277 дугаар цагаатгах тогтоол, Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 75 дугаар магадлалтай Ж.Э-д холбогдох эрүүгийн 1914004600031 дугаартай хэргийг Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1957 онд төрсөн, 63 настай, эрэгтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ял шийтгэлгүй Б овогт Ж-ын Э

Ж.Э нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт нарийн гүүрний орчимд байрлах асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн 19-32 БНХ улсын дугаартай “УАЗ фургон” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад замын хажуугийн далан руу онхолдож улмаар зорчигч Н.А-ийн амь насыг хохироож, 2 сартай Н.Ж-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 277 дугаар цагаатгах тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна. 

Прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэргийг Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцэж 75 дугаар магадлалаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Хяналтын шатны шүүхэд прокурор В.Дэлгэрмаа бичсэн эсэргүүцэлдээ: "Цагаатгах тогтоол, магадлал нь хуулийн шаардлага хангаагүй буюу шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо  прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд шийдвэрлээгүй гэж үзэхээр байна.

Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулж эх сурвалжаар нь магадлах зэргээр шинжлэн судалж дүгнэлт хийхгүйгээр хэргийг цагаатгасан байна.

Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6 “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгохоор тодорхойлсон байдаг.

Дээрхээс үзэхэд яллагдагч Ж.Э-ын үйлдэл нь зам тээврийн осолд багтаж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг авто тээврийн хэрэгслийн жолооч авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн байхыг ойлгохоор хуульчилсан байдаг.

Харин Ж.Э-ын хувьд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг хэрэгт хууль ёсны дагуу авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж бусдын амь насыг хохироосон нь дээрх гэмт хэргийг шинжийг бүхэлд нь хангаж байгаад шүүхээс бодитоор үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр тухайн жолоочийн унаж явсан тээврийн хэрэгслийн дугуй хагарах нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэсэн заалтыг удирдлага болгон Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтээс шүүгдэгчид ашигтай заалтыг үнэлж хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд тухайн гэмт хэргийн объектив  тал нь Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээний акт, журмыг зөрчсөн гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэнийг ойлгохоор байгаа. Тиймээс яллагдагч Ж.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн нь дүгнэлтүүдээр тогтоогдсон байдаг. Нөгөөтэйгүүр анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтээс өөрт ашигтай байдлыг иш татаж хэргийг цагаатгасан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчийн дүгнэлтийг ашиглахдаа аливаа нотлох баримтыг шалгаж, үнэлэх зарчимд нийцүүлэн ашиглах бөгөөд заавал шинжээчийн дүгнэлтийг баримтална гэсэн ойлголт байхгүй бөгөөд Ж.Э-ын буруутай үйлдлийн улмаас бусдын амь нас хохирч, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учирсныг анхаарах нь зүйтэй.

Иймд цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ. 

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Н.Энхжаргал хяналтын шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Харин прокурорын бичсэн эсэргүүцэл нь үндэслэлгүй. Хэрэг гарсан гол шалтгаан нөхцөл нь дугуй хагарснаас болсон. Мөн Ж.Э нь хохирлыг сайн дураараа төлж барагдуулсан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Р.Уранцэцэг хяналтын шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаас харахад автомашины урд дугуй хагарснаас тухайн осол гарсан талаар хангалттай дүгнэсэн. Автомашины дугуйнууд техникийн шаардлага хангасан байсан бөгөөд жолооч тээврийн хэрэгслийг зогсоох бүхий л арга хэмжээг авсан болох нь нотлох баримтаар тогтоогддог. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шүүгдэгч Ж.Э нь 63 настай, төрийн албанд 40 гаруй ажилласан хүн бөгөөд ямар нэгэн буруутай үйлдэл гаргасан нөхцөл байдал тогтоогддоггүй. Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 277 дугаар цагаатгах тогтоол, Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 75 дугаар магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Цагаатгагдсан этгээд Ж.Э нь тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөнөөс бусдын амь насыг хохироосон, бусдын эрүүл мэндэд хүнд, хөнгөн гэмтэл учруулсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд нийцээгүй. Мөн прокурорын яллах дүгнэлт хуульд заасан шаардлага хангаагүй буюу гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирсон хүмүүсийн нэхэмжлэл гаргах эрхийг нь хязгаарласан байна. Иймд цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Хүн аливаа үйлдэл (эс үйлдэхүй)-ийг ухамсар, хүсэл зоригийнхоо дагуу гүйцэтгэдгээс гадна бүхий л юмс үзэгдэл, үйл явц нь тодорхой шалтгааны үр дүнд бий болдог аж.

Тиймээс дээрх ойлголтууд нь гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох болон гэмт хэргийн шалтгаант холбоог тодорхойлох, түүнчлэн Эрүүгийн хуулийн тодорхой хэм хэмжээг хэрэглэхэд ч чухал ач холбогдолтой юм.

Гэм буруу нь нэг талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог бол нөгөө талаас “нотлогдоогүй бол гэм буруугүй” гэсэн зарчмыг хэрэглэх гол нөхцөл нь билээ.

Тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийн зорилтыг “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх... “ гэж тодорхойлон заажээ.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруу нь санаатай эсхүл болгоомжгүй хэлбэртэй байх бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт болгоомжгүй хэлбэрийн талаар “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг  учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчлан тогтоожээ.

Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд гэмт этгээд нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг нийгэмд аюултай хор уршигт хүргэнэ гэдгийг сайтар ухамсарлаж, үүнийг урьдаас мэдэж байснаар тухайн хор уршигт хүргэхгүй, гаргахгүй хэмээн бүрэн итгэж найдсан эсхүл хор уршиг учрахыг урьдчилан мэдэх бодит боломжтой  байсан боловч хайхрамжгүй байдлаасаа болж уг боломжийг ашиглаагүйн улмаас тэрхүү хор уршиг учирсан бол түүний гэм буруутайд тооцохоор байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Ж.Э-ын жолоодож явсан “УАЗ фургон” загварын 19-32 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл осол болохоос өмнө техникийн хувьд бүрэн бус эсхүл эвдрэл гэмтэлтэй байсан нь нотлогдоогүй тул түүнийг замын хөдөлгөөнд оролцох шаардлага хангахгүй тээврийн хэрэгсэл жолоодож, энэ нь осол гаргах, хор уршиг учруулах урьдчилсан нөхцөл болохыг ухамсарлан ойлгосон боловч учирч болзошгүй хор уршгаас урьдчилан сэргийлж гаргахгүй байж чадна гэж өөртөө хөнгөмсгөөр найдсан гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн тэрээр техникийн хувьд бүрэн бүтэн, эвдрэл гэмтэлгүй тээврийн хэрэгсэл жолоодон явсан тул цаашид юу тохиолдох, ямар үйл явдал өрнөхийг урьдчилан мэдэх боломжгүй тул баруун урд дугуй гэнэт хагарч буудан осолд хүргэснийг түүнийг мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч хайхрамжгүй хандсаны улмаас мэдээгүй гэж буруутгах үндэслэлгүй байна.

Иймд прокурорын яллах дүгнэлтэнд дурдсан хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт Ж.Э-ыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж дүгнэж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй болсон тул цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хангах боломжгүй хэмээн үзэв.

Харин анхан шатны шүүх нь цагаатгах тогтоол гаргахад удирдлага болговол зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг уг тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтанд баримталсан нь хууль хэрэглээний хувьд буруу болохыг тэмдэглэн анхааруулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 277 дугаар цагаатгах тогтоол, мөн аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 75 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН