Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 135

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Л.Батжаргал, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн,  

Улсын яллагч Н.Амаржаргал,

Иргэдийн төлөөлөгч Б.Билэгдэмбэрэл,

Хохирогч Л.Сугарлхагва,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг,

Шүүгдэгч Ц.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их Номгон овогт Цэрэнпилийн Отгонбаатарт холбогдох эрүүгийн 201610010110 тоот хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь  аймгийн Сайншанд суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сайншанд сумын 4-р баг Точикийн байрны 5-4 тоотод оршин суух, 2000 оны 08 сарын 28-ны 161 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 168 дугаар зүйлийн 1, 123-р зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзсан, 2001 оны 09 сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Сум дундын 1-р шүүхийн 168 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хорих ял дээр 2000 оны 161 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялын заримыг буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жилийн хорих ялаар, 2006 оны 07 сарын 31-ний өдөр Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 60 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар, 2008 оны 04 сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн давж заалдах шатны шүүхийн 19 тоот магадлалаар Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2, 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэж 2011 оны 02 сарын 10-ны өдрийн 08 тоот шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 21 хоногийн хорих ялыг тэнсэн сулласан, 2013 оны 05 сарын 31-ний өдөр Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 66 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 5 сар баривчлах ял дээр 2011 оны 02 сарын 10-ны өдрийн 08 тоот шүүгчийн захирамжаар тэнсэн суллагдсан ялаас зарим болох 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 6 сарын баривчлах ялаар, 2014 оны 07 сарын 01-ний өдөр Сум дундын 8 дугаар шүүхийн 63 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж 2016 оны 11 сарын 24-ний өдөр хугацаа дуусаж суллагдсан, Их Номгон овогт Цэрэнпилийн Отгонбаатар /ЕС81082113/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Отгонбаатар нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багийн нутаг дэвсгэрт гудамж талбайд олон нийтийг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин иргэн Л.Сугарлхагвын гуян тус газар нь хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ц.Отгонбаатар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 05 сарын 12-ны өдөр 13-14 цагийн үед өөрийн найз Нямдаваатай хамт Оточ угаалгын газрын ойролцоо байдаг найзых нь гэр лүү Түмний хишиг нэртэй 1 л архи аваад орсон юм. Бид хоёрыг орох үед Нямдаваагийн найз гэх үл таних эмэгтэй ганцаараа байж байсан. Бид 3 нийлж архийг хувааж уусан. Архи уугаад сууж байхад гаднаас Шар Тулга орж ирсэн, орж ирэхдээ гартаа труба төмөр барьчихсан байсан анх орж ирэхэд нь анзаараагүй юм. Тэгээд үгийн зөрөөгүй Нямдаваа бид хоёрын нуруун тус газарт трубагаар нэг нэг цохиж унагачихаад гэрээс гарчихсан. Түүнд цохиулсаны дараа бие арай гайгүй болохоор би Шар Тулга гэх залуугийн араас гарсан бөгөөд гэрээс гарахдаа ширээн дээр нь байсан хутгийг авч гарсан юм. Намайг гарч очиход Шар Тулга байшингийн гадаа труба төмрөө барьчихсан зогсож байхаар нь би түүн рүү очиж муудаж хэрэлдсэн. Тэр үед Шар Тулга надаас зугтаагаад байсан бөгөөд тухайн үед миний танил Сугарлхагва үл таних 2 залуугийн хамт ирсэн. Хаанаас гарч ирсэн гэдгийг мэдэхгүй байна. Тэгээд л Шар Тулга бид хоёрыг хоорондоо муудалцаад зогсож байхад Сугарлхагва бид хоёрын дундуур ороод яагаад хоорондоо муудалцаад байгаа юм одоо муудаж сайдахаа боль гэж хэлсэн. Тэр үед нь би Шар Тулгыг баруун гараараа заамдаад зүүн гартаа хутга барьчихсан зогсож байсан юм. Тэгээд л Шар Тулга бид хоёрыг Сугарлхагва салгах гэж голоор орж байснаа чи намайг хутгалчихлаа ш дээ гэж хэлсэн. Тэр үед нь юу яриад байгаа юм, би чамайг яасан гэж хутгалдаг юм гэж хэлээд түүн рүү харахад баруун хөлнөөс нь цус гарч байсан. Л.Сугарлхагва бид хоёрын хооронд ямар нэгэн маргаан болоогүй. Баттулга намайг нуруу луу турбагаар цохиод бид хоёр маргалдаж байхад Л.Сугарлхагва дундуур ороод хутгалуулсан. Миний буруу хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би болгоомжгүй хутгалсан. Эмнэлэгт хүргэж өгсөн эмч нь цагдаа руу ярихаар нь айсандаа явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 115-116/,

 - Хохирогч Л.Сугарлхагва мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 05 сарын 12-ны өдөр 16 цагийн үед Оточ автозасварын гадаа явж байхад Тулга, Оогий хоёр нилээн согтуу хоорондоо маргасан зогсож байсан ба тухайн үед Оогий савхин куртикнийхээ баруун талын ханцуйнаас цайвар өнгийн бариултай, хурц иртэй хутга гаргаж ирэхээр нь би Тулгийг түлхэж Оогийгоос барьж байсан хутгийг нь авах гээд хойшоо хартал Оогий миний зүүн талын өвдөгний дээд тал буюу гуяанд хутгалсан. Тухайн үед би өмдөндөө шээсэн юм шиг болсон. Цус их алдсан байсан тул ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэн байсан. Тухайн үед миний ухаан санаа балартсан байсан намайг оёо хийлгээд дуусахад байцаалт авсан би тэгэхэд Тулга гэж хэлсэн байсан. Баттулга намайг хутгалаагүй. Ц.Отгонбаатар, Баттулга хоёр тэр айлаас хөөгдсөн бололтой цуваад гарч ирсэн тэгээд гадаа маргалдаад Ц.Отгонбаатар хутга барьчихсан байхаар нь би ямар нэгэн юм болж магадгүй гээд очоод боль гээд Ц.Отгонбаатартай урд нь цуг ажиллаж байсан болохоор надад хутгаа өгчих болов уу гэж бодоод Баттулгын цааш нь түлхээд эргээд Ц.Отгонбаатар луу хартал гуянаас цус гарсан тэгээд би цаашаа очоод суусан тэгээд сайн мэдэхгүй байна нэг мэдсэн эмнэлэгт ирчихсэн байсан. Ц.Отгонбаатар бид хоёрын хооронд муудсан маргалдсан зүйл болоогүй. Надад гомдол санал байхгүй, 398,000 төгрөгний эмчилгээ хийлгэсэн тэр мөнгөө гаргуулж авна...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/,

- Гэрч Л.Баттулгын мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 05 сарын 12-ны өдөр Дорноговь аймаг Эрдэнэ сумын ногоо тарьдаг 18-н худаг гэх газраас Дорноговь аймаг Замын-Үүд сум руу замын унаагаар ирсэн. Замын-Үүд суманд ирээд дөрвөн замын уулзварын 8-н нэрийн дэлгүүрээс Түмний хишиг гэх нэртэй 0,75 л архи 2 шилийг авч Хууц Оогий буюу Ц.Отгонбаатар бас танихгүй 2 хүнтэй Шилэн кафены ертөнцийн зүгээр хойд талд нь уг дэлгүүрээс авсан архиа хувааж уусан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байсан учир Хууц Оогий буюу Ц.Отгонбаатартай яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Маргааш өглөө нь буюу 2016 оны 05 сарын 13-ны өдөр Ц.Отгонбаатартай өндөр худгын орчимд тааралдахад би Сайншанд явлаа өчигдөр архи хэрэглэсэн үедээ Л.Сугарлхагвыг хутгалсан байна гэж хэлж байсан. Тэр өдрөөс хойш би Л.Сугарлхагва болон Ц.Отгонбаатартай уулзаагүй. ...Тухайн үед би архи их хэмжээгээр хэрэглэсэн байсан ба тухайн үед Ц.Отгонбаатартай маргалдаж байснаа санаж байсан. Дараа нь юу болсон талаар санахгүй байна. Хамгийн сүүлд Ц.Отгонбаатараас өөрөөс нь Л.Сугарлхагвыг хутгалсан талаар сонссон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 86/,

- Гэрч Б.Нямдаваагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Тухайн өдөр 08 цагт ажлаасаа буугаад гэртээ байж байхад 10 цагийн орчимд миний танил Баяраа утсаар залгаж хаана байгаа юм, Оточ засварын хажууд байх Нандиагийн гэрт хүрээд ир ганц нэг шил архи хувааж ууя гэж хэлсэн. Утсаар ярьж дууссаны дараа 11 цагийн орчимд Нандиагийн гэрт очсон. Намайг очих үед Баяраа, Баттулга /Шар Тулга/, Отгонбаатар нар архи уучихсан Нандиа архи уугаагүй байж байсан. Намайг очсноос хойш Отгонбаатар, Баттулга, Баяраа бид дөрөв нийлж 2-3 шил архи хуваан уусан. Архи ууж байгаад 14 цагийн орчимд Баяраа гэр лүүгээ харьлаа гэж хэлээд Нандиагийн гэрээс гарсан юм. Түүнийг гарснаас хойш Отгонбаатар, Баттулга бид гурав 1 шил улаан бөглөөт архийг хуваан уусан ба архи ууж байхдаа Баттулга, Отгонбаатар нар хоорондоо маргалдаж байгаад, хоёулаа гараад уулзъя гэж ярилцаад Нандиагийн гэрээс гарч явсан. Тэр үед нь Нандиа бид 2 байшинд үлдсэн юм. Түүнээс хойш юу болсон гэдгийг мэдэхгүй байна...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 90-92/,

- Гэрч Б.Нандинчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Тухайн өдөр намайг гэртээ байж байхад миний танил Баттулга, Баяраа нар дүү нар нь хөдөө яваад ирлээ гэж хэлээд манай гэрт ирсэн. Тухайн үед хөдөөнөөс ирэхдээ Баттулга мөнгөтэй ирсэн болохоор архи авч хуваан ууцгаасан, архи ууж байхдаа маргааш нөгөөдрөөс эргээд ажилдаа явна гэж ярьж байсан. Түүний дараа архи ууж байхад үл таних Отгонбаатар, Нямдаваа нар ирсэн. Толгой өвдөөд байхаар нь хэвтэж амарлаа гэж хэлээд амарчихсан юм. Түүнээс хойш юу болсон гэдгийг сайн санахгүй байна. Манай гэрт ямар нэгэн зодоон болоогүй хэрэв хоорондоо зодолдсон бол би сэрээд гэрээсээ хөөж гаргах байсан юм. Хэрэв хоорондоо зодолдсон бол би мэдэх байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 93/,

- Гэрч О.Одхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Л.Сугарлхагва бид хоёрыг Нандиагийн гэрийн гадаа очиж түүний байшингийн цонхийг нь тогшоод нэг шил архи гуйж аваад буцаад явах гэтэл Нандиагийн байшингийн гадаа Шар Тулга, Отгонбаатар нар хоорондоо муудаад байж байсан тэр үед нь Л.Сугарлхагва Ц.Отгонбаатар, Шар Тулга нарыг салгах гээд дундуур нь орсон бөгөөд гэнэт л би хутгалуулчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би өмсөж явсан фудболкоо ураад Сугарлхагвын гуяийг нь ороогоод такси бариад Отгонбаатар гэх залуутай хамт эмнэлэг рүү хүргэж өгсөн. Би эмнэлгийн хүлээн авах руу Сугарлхагвыг  оруулчихаад эмнэлгээс гарч ирэхэд Отгонбаатар хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 95-96/,    

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 236 тоот шинжээчийн:

1. Л.Сугарлхагвийн биед зүүн гуяны гадна дунд хэсэгт гуяны хажуугийн шулуун булчинг тасалсан хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 22/,

  • Шүүгдэгчийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24/,
  • Шүүхийн шийтгэх тогтоол болон шүүгчийн захирамжууд /хх-ийн 26-52/,
  • Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 106/,

- Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 136-137-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас Ц.Отгонбаатарыг  2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багийн нутаг дэвсгэрт гудамж талбайд олон нийтийг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин иргэн Л.Сугарлхагвын гуян тус газар нь хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан танхайрах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. 

2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багт байх Б.Нандинчимэгийн гэрт Ц.Отгонбаатар, Л.Баттулга, Баяраа, Б.Нямдаваа нар нь архи ууцгааж улмаар Ц.Отгонбаатар, Л.Баттулга нар нь маргалдаж Б.Нандинчимэгийнхээс гарсан. Гадаа Ц.Отгонбаатар нь гартаа хутга бариад Л.Баттулгатай  маргалдаж байхад нь Одхүү Сугарлхагва нар Нандинчимэгийнхээс архи авах гэж яваад хараад болиулах гээд тэдний дундуур Л.Сугарлхагва нь орж Л.Баттулгыг түлхээд эргээд харахад Ц.Отгонбаатар нь Л.Сугарлхагвын гуянд нь хутгалж гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч “...Энэ хүний гэм буруу нь нотлогдон тогтоогдож чадаагүй, эргэлзээтэй нотлох баримтууд гарч байгаа. Гэрч нарын мэдүүлэг хоорондоо асар их зөрүүтэй. Гэрчээр асуувал зохих хүнийг асуугаагүй. Танхайрах гэмт хэргийн объектив болон субъектив талын шинж үгүйсгэгдэж байна. Сэдэлт нь ямар ч шалтгаангүй эсвэл үл ялих зүйлээр шалтаглсан байх ёстой. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар Ц.Отгонбаатар нь Баттулгатай хувийн таарамжгүй харьцааны үүднээс маргалдсан байдаг. Энэ нь Ц.Отгонбаатарын өөрийн мэдүүлгээс нотлогддог. Баттулгатай хувийн таарамжгүй байдлын улмаас буюу Баттулга нь турбаагаар цохиж тэр үйлдлийн улмаас муудалцаж байх үед хохирогч Сугарлхагва дундуур нь ороод хутгалагдсан. Гэхдээ хохирогч Сугарлхагвыг Ц.Отгонбаатар нь санаатай гэмтээх, хутгалах санаа сэдэлт байхгүй байсан. Огт хэргийн газрын үзлэг хийгээгүй, эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчим баримталж шүүгдэгч Ц.Отгонбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт ял сонсгосон энэ хэргийг цагаатгаж өгнө үү” гэж мэтгэлцэж байх боловч өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналыг хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч Ц.Отгонбаатар нь хохирогч Л.Сугарлхагватай маргалдаагүй, тэдний хооронд ямар нэгэн хувийн таарамжгүй харьцаа бий болоогүй байхад Л.Сугарлхагвыг үл хүндэтгэн эрх чөлөөнд нь халдаж танхайрсан байх ба  танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив тал нь нийгмийн хэв журмыг зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүний эрх чөлөө, эрүүл мэндэд халдсан үйлдэл байх бөгөөд уг хэргийн субьектив тал нь санаатай, ямар ч шалтаг шалтгаангүй, урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн сэдэлттэй байдаг. Шүүгдэгч Ц.Отгонбаатарын дээрх үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул түүнийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Отгонбаатар нь бусдыг үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, ямар ч шалтгаангүйгээр иргэн Л.Сугарлхагвын гуянд хутгалж хөнгөн гэмтэл  учруулж танхайрсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэг, хохирогч Л.Сугарлхагвын “...Ц.Отгонбаатар, Баттулга хоёр тэр айлаас хөөгдсөн бололтой цуваад гарч ирсэн тэгээд гадаа маргалдаад Ц.Отгонбаатар хутга барьчихсан байхаар нь би ямар нэгэн юм болж магадгүй гээд очоод боль гээд Ц.Отгонбаатартай урд нь цуг ажиллаж байсан болохоор надад хутгаа өгчих болов уу гэж бодоод Баттулгын цааш нь түлхээд эргээд Ц.Отгонбаатар луу хартал гуянаас цус гарсан тэгээд би цаашаа очоод суусан ...” гэсэн, гэрч О.Одхүүгийн “...Л.Сугарлхагва бид хоёрыг Нандиагийн гэрийн гадаа очиж түүний байшингийн цонхийг нь тогшоод нэг шил архи гуйж аваад буцаад явах гэтэл Нандиагийн байшингийн гадаа Шар Тулга, Отгонбаатар нар хоорондоо муудаад байж байсан тэр үед нь Л.Сугарлхагва Ц.Отгонбаатар, Шар Тулга нарыг салгах гээд дундуур нь орсон бөгөөд гэнэт л би хутгалуулчихлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх, шинжээчийн 236 дугаар дүгнэлт болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Ц.Отгонбаатарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг зөрчиж, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.Отгонбаатарт ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар үйлдснийг хүндрүүлэх нөхцөлд, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн,  гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлэгийн тусламж үзүүлсэн, хохирогч гомдол саналгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Мөн шүүгдэгч Ц.Отгонбаатар нь урьд ял шийтгүүлж байсан ч ялтай байдал нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосон байх тул анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд түүнийг анх удаагаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилсан, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551-р зүйлийг журамлан ял оногдуулж, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч Ц.Отгонбаатарын цагдан хоригдсон 93 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй, бусдад төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй байна.

Хохирогч Л.Сугарлхагва нь эмчилгээний зардал 398,000 төгрөг нэхэмжилж байгаа боловч хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299-р зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Их Номгон овогт Цэрэнпилийн Отгонбаатарыг зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар шүүгдэгч Цэрэнпилийн Отгонбаатарыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10-т зааснаар  шүүгдэгч Цэрэнпилийн Отгонбаатарт оногдуулсан  3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Ц.Отгонбаатарын цагдан хоригдсон 93 /ерэн гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Ц.Отгонбаатар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Л.Сугарлхагва нь нотлох баримтаа бүрдүүлэн хохирлоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Отгонбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.НАРМАНДАХ

                  ШҮҮГЧИД                                   А.ЦЭРЭНХАНД

                                                                    Л.БАТЖАРГАЛ