Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/01068

 

 

 

 

Т банкХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШШ2023/01346 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т банкХХК-ийн хариуцагч Б.А, Т.У- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 12,425,408 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Уламжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Т банкХХК нь Т.У, Б.А- нартай 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 25,000,000 төгрөгийг жилийн 26,4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлсэн. Энэ гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдөр барьцааны гэрээ байгуулж Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд наран 5 дугаар гудамж, 000 тоот хаягт байрлах, 48 м.кв талбайтай, хувийн сууц, мөн хаягт байрлах 523 м.кв талбайтай газрыг тус тус барьцаалсан. Т банкХХК зээлийн гэрээний 25,000,000 төгрөгийг тус банк дахь Т.У-ын дансанд 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн. Зээлдэгч нар зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн тул зээлдүүлэгчийн зүгээс 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр, 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрүүдэд гэрээний үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа олгож мэдэгдлийг зээлдэгчид хүргүүлсэн боловч үр дүн гараагүй. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 11,033,176 төгрөг, хүү 1,351,190 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,540 төгрөг, нотариатын зардал 15,500 төгрөг, нийт 12,425,408 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Т.У, Б.А- нар Т банкХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 25,000,000 төгрөгийн зээлсэн. Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангах зорилгоор Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хороо, Дунд наран 5 дугаар гудамж, 000 тоот хаягт байрлах хувийн сууц, өмчлөлийн газраа барьцаалсан. Зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж байсан боловч цар тахлаас шалтгаалан орлогогүй болж, төлбөрийг төлөх боломжгүй болсон. Мөн Т.Батбаатар нь хөгжлийн бэрхшээлтэй, халамжаас өөр орлогогүй. Зээлийн төлбөрт үндсэн зээл 13,966,823 төгрөг, хүүд 13,059,565 төгрөг төлсөн. Хувийн сууц болон газрыг зээлийн төлбөрт хураалгахгүй гэж бодож байна. Т банкХХК-ийн нэхэмжлэл үндэслэлтэй. Зээлийн гэрээний хугацааг сунгуулах хүсэлттэй байна. Мөн зээлийн төлбөрийг төлөх хугацааг тохирч эвлэрэх саналтай байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан Т.У, Б.А- нараас 12,409,908 төгрөгийг гаргуулан Т банкХХК-д олгож, нэхэмжлэлээс 15,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

3.2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан Т.У, Б.А- нар 12,409,908 төгрөгийн төлбөр төлөх үүргээ эс биелүүлбэл Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хороо, Дунд наран 5 дугаар гудамж, 000 тоот хаягт байрлах, 48 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201018625 дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, мөн хаягт байрлах, 523 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-0000000000дугаарт бүртгэгдсэн газар өмчлөх эрхийг тус тус албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

3.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 283,709 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.У, Б.А- нараас 283,709 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т банкХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Цар тахлаас шалтгаалан орлогогүй болсныг тооцоогүй. Хүү, алдангийн хэмжээг бууруулах эрх шүүхэд байсан. Зээлийн хүү 1,351,190 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,540 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахад шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

1. Нэхэмжлэгч Т банкХХК хариуцагч Б.А, Т.У- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 11,033,176.50 төгрөг, зээлийн хүү 1,351,190.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,540.76 төгрөг, нотариатын зардал 15,500 төгрөг, нийт 12,425,408 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаснаас хариуцагч нар ... гэрээний хугацааг сунгаж, зээлийн төлбөр төлөх хугацааг тохирч эвлэрэх боломжтой гэж тайлбарлан маргажээ.

1.1. Талуудын хооронд 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Т банкХХК нь 25,000,000 төгрөгийг зээлдэгч Б.А, Т.У- нарт зээлдүүлэх, зээлдэгч нар уг мөнгөн хөрөнгийг 48 сарын хугацаанд сарын 2,2 хувийн хүүгийн хамт буцаан төлөхөөр тохиролцжээ. Иймд тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт тус тус заасантай нийцсэн, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

1.2. Зээлдүүлэгч Т банкХХК дээрх гэрээний дагуу 25,000,000 төгрөгийг зээлдэгч Т.У-ын эзэмшлийн дансанд 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн болон зээлийн төлбөрийн үлдэгдлийн талаар талууд маргаагүй.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд нь уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Зээлдүүлэгч Т банкХХК нь гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн тул зээлдэгч нар үндсэн зээлийг гэрээгээр тохиролцсон хугацааны хүүгийн хамт төлөх үүрэгтэй. Иймд анхан шатны шүүх үндсэн зээл 11,033,176 төгрөг, зээлийн хүү 1,351,190 төгрөгийг хариуцагч нараас гаргуулсан нь хууль зүйн үндэслэлтэй тул зээлийн хүү төлөхийг зөвшөөрөхгүй гэх гомдол үндэслэлгүй.

 

1.3. Талууд зээлийн гэрээний 2.1.5-т Нэмэгдүүлсэн хүү: зээлийн хүүгийн 20 хувь байна. Үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг тооцно гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Зээлдэгч Б.А, Т.У- нар зээлийн гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргээ зөрчсөн болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогджээ. (хх-ийн 17-19) Иймээс нэхэмжлэгч Т банкХХК нь зээлийн хүү 1,351,190 төгрөгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү буюу 25,540 төгрөгийг хариуцагч Б.А, Т.У- нараас шаардах эрхтэй тул нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй болно.

Иймд анхан шатны шүүх хариуцагч Б.А, Т.У- нараас үндсэн зээл 11,033,176 төгрөг, зээлийн хүү 1,351,190 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,540 төгрөг, нийт 12,409,908 төгрөг гаргуулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын зардал 15,500 төгрөг гаргуулах хэсгийг зайлшгүй зардал биш гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй.

 

2. Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр барьцааны гэрээг байгуулж, Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хороо, Дунд наран 5 гудамж, 000 тоот хаягт байрлах 48 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн хаягт байрлах 523 м.кв талбай бүхий газрыг барьцаалжээ. (хх-ийн 10-11, 20-22)

 

Дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна. Тиймээс нэхэмжлэгч Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2023/01346 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Уламжаргалын урьдчилан төлсөн 36,978 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Н.БАТЗОРИГ