Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/01077

 

 

СТ-ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 184/ШШ2023/01331 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч СТ-ХК-ийн хариуцагч С.Э-д холбогдуулан гаргасан орон сууц болон автозогсоолыг С.Э-ын эзэмшлээс чөлөөлүүлж, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууц болон автозогсоолыг өмчлөх эрхийг С.Э-ын нэр дээр гаргахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Хатанболд, түүний өмгөөлөгч Ц.Мөнхжаргал, хариуцагч С.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

СТ-ХК нь С.Э-той 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулсан тус гэрээгээр С.Э- нь СТ-ХК-ийн охин компани болох Э Р ХХК-ийн 10 хувийн хувьцааг СТ-ХК-д худалдаж төлбөрт Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Жаргалантын аманд Жаргалант гарден хотхоны орон сууцны 2 давхарт байрлах, 82,25 м.кв талбай бүхий орон сууц болон автозогсоолыг шилжүүлэхээр тохиролцсон. Гэтэл С.Э- гэрээний үүргээ биелүүлээгүй тул худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байна. Учир нь: С.Э-той хамтарч ажиллахаа больсон тул тус үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөхийг удаа дараа мэдэгдсэн. С.Э- нь хамтын ажиллагаагаа үгүйсгэж дараах үйлдлийг гаргасан. Үүнд:

1.1. Ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэсэн системийнхээ зохиогчийн эрхийг зөвшөөрөлгүйгээр компанийн нэр дээр гаргасан. Тодруулбал, СТ-ХК 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Дижитал Эксчейнж Монголиа ХХК-тай trade.mn платформын кодын хөрвүүлэлт хийх Программ хангамжийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр крипто валютын арилжааны цогц платформын шинэчлэлтийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 9 сарын хугацаанд хийлгэхээр тохиролцсон. Тус гэрээний зүйлд захиалагч Дижитал Эксчейнж Монголиа ХХК зохиогчийн эрхийн кодыг өмчлөхөөр заасан. Мөн шинэчлэлийн ажил нь өмнөх хувилбарын бүтэц, ноу-хауд тулгуурласан кодыг хэлний хөрвүүлэлт хийлгэсэн гэсэн тул тус компани нь шинээр, нэмэлтээр хөгжүүлэлт хийгээгүй. Гэтэл Э Р ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Э- болон ажилтан А.М, М.Ө, Ц.О, М.Ө, З.О нар нэрийг оролцуулан Э Р ХХК-ийн нэр дээр оюуны өмчийг бүртгүүлсэн.

1.2. Компанид ажиллаж байх үедээ дээрх гэрээгээр гүйцэтгэсэн системийн эх код болон хэрэглэгчдийн мэдээллийг хууль бусаар авч Э Р ХХК-ийн хувьцаа эзэмшигч П.Ү, С.Ө, З.О нар болон бусад хүмүүстэй хамтран 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Рэтэ эксчейнж ХХК-ийг байгуулж, биржийн үйл ажиллагаа явуулсан.

1.3. Программ хангамжийн ажлыг гүйцэтгэх явцад гаргасан хэд хэдэн алдаанаас болж манай компани 457,738,906.42 төгрөгийн төлбөр орсон.

1.4. Гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа баримтгүйгээр 112,955,903.23 төгрөгийн зардал гаргаж компанийг хохироосон. Иймд манай компани гэрээнээс татгалзсан тул Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Жаргалан гарден хотхоны Апартмент орон сууцны 2 давхарт байрлах, 82,25 м.кв талбай бүхий орон сууц болон мөн хаягт байрлах автозогсоолыг С.Э-ын эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

С.Э- нь Э Р ХК-ийн 10 хувийн хувьцааг СТ-ХК-д худалдахаар 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. СТ-ХХК хувьцааны үнэд Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Жаргалант гарден хотхоны Апартмент орон сууцны 2 давхарт байрлах 82,25 м.кв талбайтай бүхий орон сууц, мөн хаягт байрлах автозогсоолыг шилжүүлэхээр тохиролцсон. Гэрээ байгуулах үед үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байсан тул С.Э- Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.2 дахь хэсэгт зааснаар СТ-ХК нь эд хөрөнгийн үнийг төлж, зохих зардлыг нөхөн төлөх хүртэл нэгж эрхийн 10,000 ширхэг хувьцааг өөртөө үлдээж саатуулах эрхээ хэрэгжүүлсэн. Гэрээний 1.1, 3.2, 4.2-т тус тус зааснаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарах үед С.Э-ын өмчлөлд шилжүүлж, худалдагч нь өөрийн эзэмшлийн хувьцааг худалдан авагчид шилжүүлэхээр тус тус тохиролцсон. СТ-ХК-аас Өргөө Вилла ХХК-д хүргүүлсэн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 21/280 дугаартай албан бичгээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг С.Э-ын нэр гаргаж өгөхийг мэдэгдсэн. Мөн төлбөрийн тооцоогүй болох нь уг албан бичиг тогтоогдоно. СТ-ХК хувьцаа шилжүүлэх үүргийг гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх хүртэл С.Э- үүргийн гүйцэтгэлийг саатуулах эрхтэй. Учир нь: С.Э- 2021 оны 12 дугаар сарын 08, 18-ны өдрүүдэд СТ-ХХК-ийн удирдах албан тушаалтан Г.Хатанболд, А.Баттамир нарт цахим шуудангаар хувьцааг шилжүүлэх талаар мэдэгдсэн боловч тэд хариу өгөөгүй. СТ-ХК гэрээний үүргээ биелүүлж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөөгүй тул С.Э- хувьцааг шилжүүлэхгүй саатуулсан. С.Э- орон сууц болон автозогсоолыг эзэмшиж байгаа. СТ-ХХК-аас хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан талаар С.Э-д мэдэгдэл хүргүүлж, нэмэлт хугацаа тогтоогоогүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

С.Э- Э Р ХХК-ийн 10 хувийн хувьцааг СТ-ХК-д худалдахаар 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. СТ-ХК хувьцааны үнэд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Жаргалант гарден хотхоны Апартмент орон сууцны 2 давхрын 82,25 м.кв талбайтай орон сууц болон автомашины зогсоолыг С.Э-ын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон. Гэвч СТ-ХК С.Э-ыг гэрээний үүргээ биелүүлж хувьцааг шилжүүлээгүй гэж Хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзаж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөөгүй. СТ-ХК Өргөө Вилла ХХК-д 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 21/280 дугаар албан бичгээр С.Э-ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулах хүсэлт гаргасан. Мөн хүсэлтдээ СТ-ХК С.Э-той төлбөрийн тооцоогүй болохыг баталгаажуулсан. С.Э-ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулсан тохиолдолд хувьцааг шилжүүлэн өгөх боломжтой. Гэвч СТ-ХК үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн компанийн нэр дээр гаргасан. СТ-ХК С.Э-д гэрээнээс татгалзсан болон нэмэлт хугацаа тогтоосон талаар мэдэгдлийг хүргүүлээгүй. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр. Иймд Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Жаргалант гарден хотхоны Апартмент орон сууцны 2 давхарт байрлах 82,25 м.кв талбай бүхий орон сууц болон автозогсоолын өмчлөх эрхийг С.Э-ын нэр дээр гаргаж өгөхийг СТ-ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

СТ-ХК нь С.Э-той хамтран 2019 оны 09 дүгээр сард Э Р ХХК-ийг байгуулж түүнийг гүйцэтгэх захирлаар томилсон. СТ-ХК дээрх компанийн хувьцааны 90 хувь, С.Э- 10 хувийн эзэмшихээр тохиролцсон. С.Э-той урт хугацаанд хамтран ажиллахаар тохиролцож компани байгуулж түүнд компанийн хувьцааны 10 хувийг эзэмшүүлсэн. С.Э-ын орон сууцны зээлийг хаахад зориулж 78,800,000 төгрөгийг Э Р ХХК-аар 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн. С.Э- өөрийн багийг бүрдүүлсэн ба тэдгээр 4 хүнд компанийн хувьцаанаас тус бүр 5 хувийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. СТ-ХХК Э Р ХХК-ийн үйл ажиллагаанд зориулж 592,435,331.51 төгрөгийг шилжүүлсэн. С.Э- хамтын ажиллагаагаа үгүйсгэсэн тул манай гэрээнээс татгалзсан. Иймд С.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

5.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч СТ-ХК-аас хариуцагч С.Э-д холбогдох Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Жаргалантын ам /1709/ 1701 байр 09 тоот 82,25 м.кв талбайтай орон сууц, автомашины зогсоолыг С.Э-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

5.2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Жаргалантын ам /1709/ 1701 байр 09 тоот 82,25 м.кв талбайтай орон сууц, автомашины зогсоолын өмчлөгчөөр С.Э-ыг тогтоож, уг орон сууц болон автомашины зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг С.Э-ын нэр дээр гаргахыг СТ-ХК-д даалгаж,

5.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч СТ-ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагч С.Э-ын сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч С.Э-ос улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 1,144,950 /нэг сая нэг зуун дөчин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэгч СТ-ХК-аас 1,215,150 төгрөг гаргуулж хариуцагч С.Э-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэсэн. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн бол шүүх гэрээ байгуулагдсан эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх дүгнэлтийг хийх шаардлагатай. Хэрэв гэрээ хүчин төгөлдөр бус, эсвэл хүчин төгөлдөр бусд тооцогдсон бол тухайн харилцаанд худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтыг хэрэглэх үндэслэлгүй. СТ-ХК болон С.Э-той 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу хувьцааг шилжүүлэн авч орон сууц, автозогсоол арилжихаар тохиролцсон.

Иргэний хуулийн 275 дугаар зүйлийн 275.1 дэх хэсэгт Арилжааны гэрээгээр харилцан солилцож байгаа хөрөнгийн үнэ нь тэнцүү биш бол үнийн зөрүүг мөнгөөр тооцож болно гэж заасан. Гэтэл дээрх гэрээний 2.2, 2.3, 2.4-д зааснаар дүгнэхэд С.Э-ын шилжүүлэх хувьцааны үнэ тодорхой бус, 10 хувийн хувьцааг ямар үнээр үнэлсэн, түүнчлэн орон сууц, автозогсоолын үнэ байхгүй тул талууд гэрээний гол нөхцөлийг тохиролцож гэрээг байгуулаагүй тул гэрээ байгуулагдсан гэж дүгнэх боломжгүй. Талууд гэрээний үнийг тохиролцоогүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн. Шүүх гэрээний үнийг улсын бүртгэлд бүртгэгдсэн үнээр тодорхойлж нэхэмжлэгчээс зөрүү төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. С.Э-ын эзэмшлийн 10 ширхэг хувьцаа нэг бүр нь 1,000 төгрөгийн үнэтэй байсан. Тиймээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах эсхүл мөн хуулийн 274 дүгээр зүйлд заасан арилжааны гэрээ эсэхийг эцэслэн тогтоогоогүй.

Гэрээ байгуулагдсан гэж үзсэн бол гэрээнээс татгалзсаныг үнэлээгүй.

СТ-ХХК С.Э-той байгуулсан гэрээнээс татгалзах тухай 2022 оны 01 дугаар сарын 12-ны өдрийн 22/012Б дугаар мэдэгдлийг нотлох баримтаар хүргүүлсэн бөгөөд шүүх хуралдааны үеэр дэлгэрэнгүй тайлбарласан. Тодруулбал, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 3.7-т Худалдагч нь өнгөрсөн хугацаанд хийж, гүйцэтгэж байсан болон хийж, гүйцэтгэж байгаа систем, программ хангамжуудыг өмчлөх эрхгүй бөгөөд компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон бусад гэрээнд заасны дагуу компанид хүлээлгэн өгөх үүрэгтэй гэснийг зөрчсөн. С.Э- нь ажиллаж байх хугацаандаа гүйцэтгэсэн крипто биржийн системийн зохиогчийн эрхийг өөрийн ажиллаж байсан компанийн нэр дээр, мөн зохиогчдын нэрсэнд өөрийн болон бусад ажиллаж байсан ажилтнуудын нэрсийг оруулж 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Оюуны өмчийн газар бүртгүүлсэн. Дижитал Эксчейнж Монгол ХХК-тай 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр trade.mn платформын код хөрвүүлэлт хийх программ хангамжийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр крипто валютын арилжааны цогц платформын шинэчлэлтийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 9 сарын хугацаанд хийх, зохиогчийн Дижитал эксчейнж монголиа ХХК-д байхаар гэрээнд заасан. Гэтэл Э Р ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Э- болон ажилтан Ц.О, М.Ө, З.О нар зохиогчоор бүртгэгдсэн. Зохиогчийн эрхийн гэрчилгээний эх хувийг одоо хүртэл хүлээлгэж өгөөгүй. Компанид ажиллах үедээ системийн эх код болон хэрэглэгчдийн мэдээллийг хууль бусаар авч Э Р ХХК-ийн хувьцаа эзэмшигч П.Ү, С.Ө, З.О нар бусад хүмүүстэй хамтран 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Рэтэ эксчейнж ХХК-ийг байгуулж, биржийн үйл ажиллагаа явуулсан. Гэтэл үүнийг мэдсэн даруйд үйл ажиллагааг нь зогсоож, хувь эзэмшлээ шилжүүлсэн. Программ хангамжийн ажлыг гүйцэтгэх явцад гарсан алдаанаас болж компани 457,738,906.42 төгрөгийн төлбөрт орсон.

СТ-ХК-ийн охин компани Э Р ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа нийт 112,955,903.23 төгрөгийн баримтгүй зардал гаргаж компанийг хохироосон. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 3.7-т Худалдагч нь өнгөрсөн хугацаанд хийж, гүйцэтгэж байсан болон хийж, гүйцэтгэж байгаа систем, программ хангамжуудыг өмчлөх эрхгүй бөгөөд компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон бусад гэрээнд заасны дагуу компанид хүлээлгэн өгөх үүрэгтэй" гэснийг зөрчсөн учраас цаашид хамтран ажиллах боломжгүй гэж үзэн гэрээнээс татгалзах бичгийг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр албан бичгээр дахин хүргүүлсэн. Шүүх уг татгалзлыг хэлэлцээгүй. Мөн зохиогчийн эрхийн лавлагаа гаргуулах, Рэтэ эксчейнж ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан тухай лавлагаа гаргуулж нотлох баримтыг дахин баталгаажуулах хүсэлт гаргасныг хэлэлцээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдол гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

С.Э- Э Р ХХК-ийг СТ-ХК-ийн хөрөнгө оруулалтаар байгуулсан. СТ-ХК нь Э Р ХХК-ийн хувьцааны 70 хувийг эзэмшдэг. Э Р ХХК-ийн нэр дээр зохиогчийн эрхийн гэрчилгээ авч хөгжүүлэлтэд оролцсон ажилчдыг зохиолчдын нэрсэд оруулсан нь буруу зүйл байхгүй. Улсын тэмдэгтийн хураамжийн төлсөн талаар гомдлыг сайн мэдэхгүй байна. Улсын бүртгэлийн лавлагаагаар орон сууцны үнийг 197,000,000 төгрөг гэж гэрээнд заасан талаар баримт ирүүлсэн. СТ-ХК гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг С.Э-д танилцуулаагүй. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа гэрээнээс татгалзсаныг мэдсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянахад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь зааснаар үнэлсэн боловч талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг зохицуулсан хуулийг хэрэглээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

1. Нэхэмжлэгч СТ-ХК хариуцагч С.Э-д холбогдуулан 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Жаргалант гарден хотхонд Апартмент орон сууцны 2 давхарт байрлах 82,25 м.кв талбай бүхий орон сууц, автозогсоолыг түүний эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ... орон сууц болон автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг С.Э-ын нэр гаргахыг СТ-ХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

1.1. Талуудын хооронд 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, энэ гэрээгээр худалдан авагч СТ-ХК нь худалдагч С.Э-ын эзэмшлийн 10 хувьтай тэнцэх 10,000 ширхэг хувьцааг худалдан авагч төлбөрт Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Жаргалант гарден хотхонд Апартмент загварын орон сууцны 2 давхрын 82,25 м.кв талбайтай орон сууц болон автозогсоолыг худалдагчийн эзэмшилд шилжүүлэхээр тохиролцжээ. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний харилцаа үүссэн байхад анхан шатны шүүх шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн дүгнэсэн нь буруу болжээ. Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

Талууд Иргэний хуулийн 275 дугаар зүйлийн 275.1 дэх хэсэгт зааснаар Арилжааны гэрээгээр харилцан солилцож байгаа хөрөнгийн үнэ нь тэнцүү биш бол үнийн зөрүүг мөнгөөр тооцохоор гэрээгээр тохиролцоогүй байх тул талууд гэрээний үнийг тохиролцоогүй гэсэн гомдол үндэслэлгүй.

Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээх бөгөөд худалдах, худалдан авах гэрээтэй харьцуулахад хариу үүрэг нь мөнгөн төлбөр бус эд хөрөнгө, эрхийг өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байдгаараа онцлогтой.

1.2. Нэхэмжлэгч СТ-ХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч С.Э- Хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул гэрээнээс татгалзаж гэрээгээр шилжүүлсэн орон сууц автозогсоолыг буцаан гаргуулна гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч СТ-ХХК нь Хувьцаа худалдах, худалдах авах гэрээнээс татгалзахад хариуцагч С.Э- гэрээний болон хуулиар үүргээ зөрчсөн байхыг шаардах ба нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүрэгтэй.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч С.Э- гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан ... trade.mn платформын код хөрвүүлэлт хийх программын зохиогчийн эрхийн өөрийн болон хамт ажил гүйцэтгэх этгээдийн нэр дээр бүртгүүлсэн, Рэтэ эксчейнж ХХК-ийг байгуулж биржийн үйл ажиллагаа явуулсан, программ хангамжийн алдаанаас болж компанид 457,738,906.42 төгрөгийн хохирол учирсан, гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа баримтгүйгээр 112,955,903.23 төгрөг зарцуулсан гэх үндэслэлүүд нь талуудын хооронд байгуулагдсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй хамааралгүй, хариуцагч нь тодорхой албан тушаал эрхэлж цалин хөлс авч байсан нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд хамааралтай болно.

Талууд гэрээний 3.7-т Худалдагч нь өнгөрсөн хугацаанд хийж, гүйцэтгэж байсан болон хийж гүйцэтгэж байгаа систем, программ хангамжуудыг өмчлөх эрхгүй бөгөөд компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон бусад гэрээнд заасны дагуу компанид хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж тохиролцсон байх боловч энэ нь гэрээний гол нөхцөл биш байна. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулгыг тайлбарлахад дээрх заалтыг үндэслэн тэдгээрийн хооронд хамтран ажиллахаар тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй байна.

1.3. Талууд гэрээний 1.2-т Гэрээний хугацаа нь 2 жил байна гэж заасан болон талуудын тайлбараас дүгнэхэд гэрээ байгуулах үед орон сууц болон автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй буюу барилга бүрэн ашиглалтад ороогүй байсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нь нотлох баримтад хамаарна.

1.4. Хариуцагч С.Э- Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу СТ-ХХК-ийн хувьцаанаас өөрийн эзэмшлийн 10 хувийн хувьцааг тус компанид шилжүүлэн өгөхөөр мэдэгдэж байсан болох нь [email protected], [email protected], [email protected] цахим хаягт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогджээ.

Иймд нэхэмжлэгч СТ-ХК хариуцагч С.Э-ыг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж орон сууц болон автозогсоолыг түүний эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

2. Хариуцагч С.Э- хариуцагч СТ-ХК-д холбогдуулан Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Жаргалант гарден хотхонд Апартмент орон сууцны 2 давхарт байрлах 82,25 м.кв талбай бүхий орон сууц болон автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгож, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах сөрөг нэхэмжлэл гаргасан.

2.1. Нэхэмжлэгч СТ-ХК дээрх орон сууц болон автозогсоолыг хариуцагч С.Э-ын эзэмшилд шилжүүлэн өгч, С.Э- нь тус компанийн өөрийн эзэмшлийн хувьцааг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон.

Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт Хувьцаагаа худалдахаар санал болгож байгаа хувьцаа эзэмшигч нь уг саналаа компанид мэдэгдэх бөгөөд энэ тухай компани нь бусад хувьцаа эзэмшигчид бичгээр мэдэгдэнэ гэж зааснаар хариуцагч С.Э- өөрийн эзэмшлийн 10 хувийн хувьцааг арилжих талаар компанид мэдэгдэх үүргээ биелүүлсэн байна. Иймд хариуцагч С.Э- нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт зааснаар орон сууц болон автозогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар нэхэмжлэгч Ай Ти Си групп ХХК-аас шаардах эрхтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

2.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт Нэхэмжлэл гаргах үед түүний үнийг шууд тогтооход бэрхшээлтэй байвал шүүгч улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг урьдчилан тогтоож, тухайн хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа шүүхээс тогтоосон нэхэмжлэлийн үнэд тохируулан нөхөн төлүүлэх буюу урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцааж олгоно гэж зааснаар шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилж шийдвэрлэсэн зөв. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоос Шүүх талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийг буруу хэрэглэсэн гэх хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 184/ШШ2023/01331 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 болон 2 дахь заалтын 243 дугаар зүйлийн 243.1 гэснийг 274 дүгээр зүйлийн 274.1 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч СТ-ХК-ийн урьдчилан төлсөн 1,215,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Н.БАТЗОРИГ