Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2021/0082

 

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2021/0082

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

Ц-А ХХК гомдолтой,

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт

шалгалтын тасгийн татварын улсын байцаагч

Д.О, Д.С нарт холбогдох

зөрчлийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч: Х.Батсүрэн

Шүүгчид: М.Батсуурь,

Д.Мөнхтуяа,

П.Соёл-Эрдэнэ,

Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Гомдлын шаардлага: Татварын улсын байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 232018086 дугаар шийтгэлийн хуудсын шийдвэрлэх хэсгийн 1.1, 2 дахь хэсгийн 7,363,636.40 төгрөгийн нөхөн татварт холбогдох хэсгийг хүчингүй болгох

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0704 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 85 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М оролцуулж,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0704 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хууль (2008 оны)-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Татварын улсын байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 232018086 дугаар шийтгэлийн хуудсын шийдвэрлэх хэсгийн 1.1, 2 дахь хэсгийн 7,363,636.40 төгрөгийн нөхөн татварт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах Ц-А ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 85 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0704 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0704 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 85 дугаар магадлалыг нэхэмжлэгч Ц-А ХХК-иас 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гардан авч, дээрх шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр эс хүлээн зөвшөөрч энэхүү хяналтын журмаар гомдлыг гаргаж байна. Үүнд:

4. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэргийг хянан шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт /9-р талд/ ...Ц-А ХХК нь 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр бичүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын цахим баримтад бичигдсэнээр 81,000,000.00 төгрөгийн худалдан авалт хийсэн болохыг, 73,636,363.64 төгрөгийн барааг 7,363,636.36 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн дүнгээр худалдан авсан болохыг нотлох санхүүгийн анхан шатны баримтууд цахим баримтаас өөрөөр байхгүй бөгөөд уг төлбөрийн цахим баримтад 1 ширхэг бараа авсан гэж бичсэнээс өөрөөр гомдолд дурдсанчлан лед гэрэл, төмөр, цахилгааны утас зэрэг барилгын материалын төрөл, нэгж үнэ, тоо ширхэг бичигдээгүй байна гэж дурджээ. Өөрөөр хэлбэл төлбөрийн баримт нь өөрөө НӨАТ-ын хий бичилтийн падаан гэдэг нь нотлогдож байна гэсэн утга агуулга бүхий дүгнэлтийг хийжээ.

5. Давж заалдах шатны шүүх НӨАТ багтсан үнээр худалдан авалт хийсэн гэж үзэх үндэслэлтэй байх боловч... тус компаниас уг худалдан авалтанд зарцуулагдах мөнгөн хөрөнгө гарсныг нотлох анхан шатны баримт болон бусад нягтлан бодох бүртгэлийн бусад баримт байхгүй байна гэж дүгнэжээ. Гэтэл хэрэгт авагдсан төлбөрийн баримтын код хэсэгт 6116 гэсэн код бичигдсэн, 6116 код нь төлбөр болон гэрээгээр хийгдэхээс бусад төрлийн барилгын материалын бөөний худалдаа буюу нэхэмжлэлд дурдсан барилгын материалууд худалдан авсан гэдгийг харин нотолж байгаа болохоос үгүйсгэсэн нотлох баримт биш юм. Харин төлбөрийн баримтан дээр хүнс, бараа зэргээр бичигдсэн бол шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байж болох юм.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт /9-р талд/ ... Гомдол гаргагч нь төлбөрийг бэлнээр хийсэн гэх бөгөөд мөн орлого, зарлагын баримт бичигдсэн нь үерийн улмаас устсан хэмээн тайлбарласан ч энэ байдал нотлох баримтаар тогтоогдоогүй болно... гэж дүгнэж, давж заалдах шатны шүүх ч анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөвтгөсөн байна.

7. Мөн шийтгэлийн хуудаст Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй. гэж заасныг үндэслэжээ.

8. Бид 2014 онд дээрх 100 айлын Барилгачин, Бумбат дэлгүүрүүдээс зээлээр авсан бараа материалуудын баримт, падаанууд буюу нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудыг авч байсан боловч манай компанийн байрлаж байсан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 69 дүгээр цэцэрлэгийн хажуу талын 37 дугаар байрны подвальд 2016 оны намар их хэмжээний борооны улмаас подваль үерт автаж бүгд устсан юм. Үүнийг нотлох зорилгоор Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс лавлагаа хүссэн боловч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ойлгомжгүй, буруутай үйл ажиллагааны улмаас нотлох баримтыг авч чадаагүй болно.

9. Монгол гранд эйнжил инвест ХХК нь 2012 оноос НӨАТ-ын хий бичилтийг бичиж байсан гэдэг тайлбарыг өгчээ. Нэхэмжлэгч талын зүгээс худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг Монгол гранд эйнжил инвест ХХК нь Монгол Улсын гаалиар оруулж ирсэн эсэх, Монгол гранд эйнжил инвест ХХК нь хий бичилттэй НӨАТ-ын падаан бичдэг эсэхийг мэдэх ямар ч боломжгүй бөгөөд Монгол гранд эйнжил инвест ХХК нь НӨАТ-ын хий бичилттэй төлбөрийн баримтыг бидэнд өгсөн, тайландаа тусгасан бид ч хууль ёсны дагуух баримт юм байна гэж үзэж тайлагнасан. Хэрвээ татварын байгууллага нь Монгол гранд эйнжил инвест ХХК-ийн ийм байдлаар хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулдаг гэдгийг татвар төлөгч бид нарт мэдэгдсэн, Монгол гранд эйнжил инвест ХХК-ийг НӨАТ суутган төлөгчөөс хассан, үйл ажиллагааг нь зогсоосон байсан бол манай компани ийм их хэмжээний татварын өр төлбөрт орохгүй байх байсан.

10. 2008 оны Татварын Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-т татварын хууль тогтоомж удаа дараа ноцтой зөрчсөн татвар төлөгчийн аж ахуйн үйл ажиллагааг уг зөрчлөө арилгах хүртэлх хугацаагаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу түр зогсоох гэсэн бүрэн эрх татварын байгууллагад хуулиараа олгогдсон байсан. Энэ нь татварын байгууллагын өөрсдийнх хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй бурууг буюу үр дагаврыг нэхэмжлэгч үүрч байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалтанд заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим алдагдсан гэж үзэж байна.

11. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4 дахь заалтанд заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0704 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 сарын 04-ний өдрийн 85 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

13. Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 232018086 дугаартай шийтгэлийн хуудсаар Ц-А ХХК-ийг ...2016 онд 73,636,363.64 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр тайланд тусгаж татвар ногдох орлогыг бууруулсан, мөн 5,148,130.91 төгрөгийн борлуулалтын орлогод татвар төлөөгүй зөрчил гаргасан гэж үзэж, 79,299,363.64 төгрөгийн зөрчилд нийт нөхөн төлбөрийн 7,929,936.36 төгрөг, торгуулийн 2,378,980.9 төгрөг, алдангийн 1,585,987.27 төгрөг, нийт 11,894,904.55 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

14. Гомдол гаргагч Ц-А ХХК нь ...манай компани 2014 онд 100 айлын Барилгачин, Бумбат дэлгүүрт байрлах лангуунаас барилгын материал зээлээр худалдан авч, төлбөрийг 2016 онд төлсөн бөгөөд тухайн үед Монгол гранд эйнжил инвест ХХК-иас өгсөн НӨАТ-ын цахим баримтыг тайлагнасан, зөрчил гаргаагүй, ...зээлээр худалдан авсан бараа материалын санхүүгийн баримт материал үерт автаж устсан, энэ талаарх лавлагаа, тодорхойлолтыг татварын улсын байцаагч нар үл хайхарсан гэж марган, дээрх шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1.1, 2 дахь хэсгийн 7,363,636.40 төгрөгийн нөхөн татварт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гомдлын шаардлага гаргажээ.

15. Анхан болон давж заалдах шатны шүүхээс тухайн маргаанд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь дараах үндэслэлээр хуульд нийцсэн байна.

16. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн албан татварыг түүний төсөвт төлөх татвараас хасч тооцохоор, 14 дүгээр зүйлийн 14.5-д албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй байхаар тус тус заасан. Мөн, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1.3-т заасан анхан шатны баримт гэдгийг ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог, 3.1.4-т заасан журнал гэдгийг ажил, гүйлгээг ерөнхий дэвтрийн дансанд шилжүүлэхийн өмнө цаг хугацааны дарааллаар нь бүртгэх бичилтийг, 3.1.5-д заасан ерөнхий дэвтэр гэдгийг аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг бүрдүүлж байгаа бүх дансыг ойлгохоор хуульчилжээ.

17. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Ц-А ХХК нь 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 81504038 тоот падаанаар 73,636,363.64 төгрөгийн худалдан авалтыг Монгол гранд эйнжил инвест ХХК-тай хийсэн гэж 2016 оны 6 дугаар сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгасан нь цахим тайлангийн системд хадгалагдсан байна. Гомдол гаргагчаас, дээрх худалдан авалтыг бодитойгоор хийсэн болохоо нотлоогүй, төлбөрийг бэлнээр хийсэн талаарх санхүүгийн баримт, орлого, зарлагын баримтууд байсан нь үерийн улмаас устсан гэж тайлбарлах боловч энэ нөхцөл байдал нь нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

18. Өөрөөр хэлбэл, Ц-А ХХК нь Монгол гранд эйнжил инвест ХХК-тай нэмэгдсэн өртгийн албан татвартай дүнгээр худалдан авалт хийж, төлбөр төлсөн болох нь санхүүгийн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэлийн баримтаар тогтоогдоогүйн зэрэгцээ хэрэгт нотлох баримтаар авагдсан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 228 дугаар дүгнэлтэд Монгол гранд эйнжил инвест ХХК нь бизнесийн үйл ажиллагаа явуулаагүй, бараа, ажил, үйлчилгээ худалдан борлуулаагүй, төлбөр аваагүй атлаа нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд бараа борлуулсан мэтээр цахим бичилт бичиж, бусдад нэмэгдсэн өртгийн албан татвараас зайлсхийх боломж олгосон... гэж дүгнэсэн, мөн Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тогтоолд ...Р.Б нь 2016 онд Монгол гранд эйнжил инвест ХХК-ийн нэрээр 1060 аж ахуйн нэгжтэй 139,2 гаруй тэрбум төгрөгийн, ...хуурамч гэрээ байгуулж, ...бусдад онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон .../нь/ ...баримтуудаар тогтоогджээ. ... гэжээ.

19. Дээрх байдлаар, гомдол гаргагч Ц-а ХХК нь өөрийн компанийн 2016 оны 6 дугаар сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд Монгол гранд эйнжил инвест ХХК-ийн хий бичилттэй падаанаар худалдан авалтын хасалт хийсэн зөрчил гаргаж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг зөрчсөн байх тул хариуцагч татварын улсын байцаагч нарын 232018086 дугаартай шийтгэлийн хуудсаар Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг үндэслэн, 73,636,363.60 төгрөгийн зөрчилд 7,363,636.40 төгрөгийн нөхөн татвар, 2,209,090.90 төгрөгийн торгууль, 1,472,727.30 төгрөгийн алданги, нийт 11,045,454.60 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

20. Иймээс шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүх нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийсэнгүй, ...Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим алдагдсан гэсэн үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангуулах-аар гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0704 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 85 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ

Д.МӨНХТУЯА

П.СОЁЛ-ЭРДЭНЭ

Б.МӨНХТУЯА