Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/01088

 

 

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/01088

 

 

А-, Б-, В- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2023/01097 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-, Б-, В- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: УБТЗ-д холбогдох,

14,693,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2012 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймаг дах Улаанбаатар төмөр замын харьяа Баянтүмэн тасгийн ажилчид гал түймрийн улмаас хамгаалах цурам тавьж байгаад гал алдсан. Үүнээс болж Дорнод аймгийн зүүн талын 4 сум шатсан ба төмөр замын урд талд байсан айлууд шатсан. Тухайн үед Сум дундын цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Дорнод аймгийн төмөр замын удирдлагууд нийлж түймэрт өртсөн айл, нутаг дэвсгэр сумдаар явж хохирлыг үзэж газар дээр нь хохирлыг тогтоож, тодорхойлсон.

Уг түймрийн улмаас А-, В-, Б- нарын эд зүйлс, хөрөнгө шатаж сүйдсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үнэлгээ гарсантай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

Иймд нэхэмжлэгч А-д 7,729,000 төгрөг, нэхэмжлэгч В-т 3,245,000 төгрөг, нэхэмжлэгч Б-д 3,719,000 төгрөгийн хохирол учирсан тул хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумаас эхтэй тал хээрийн түймэр гарсан. Уг түймэр Гурванзагал, Дашбалбар, Сэргэлэн, Чойбалсан сумдуудыг хамарсан бөгөөд Баянтүмэн тасгийн ажилчид төмөр замын дэр мод, төмөр зам, холбооны шугамаа түймрийн галаас хамгаалж цурав тавих ажиллагаа хийсэн. Энэхүү хээрийн түймэр тавьсан гэмт хэргийг иргэн О- үйлдсэн, гэм буруу нь тогтоогдож хорих ялаар шийтгэгдсэн, мөн гэм хорын хохиролд нийт 194,031,040 төгрөгийг гаргуулж, нэр бүхий хохирогчдод олгохоор шийдвэрлэсэн.

Харин Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Баянтүмэн тасгийг дээрх хээрийн түймэрт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч хэргийг Сум дундын эрүүгийн хэргийн 10 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 53 дугаар тогтоолоор нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан, гэм буруутай нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, тогтоол гараагүй эрүүгийн хэрэгт цугларсан баримтыг иргэний хэрэгт нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй.

Чулуунхороот сумын засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр А53 захирамжаар ажлын хэсгийн комиссыг байгуулж, хохирлыг тооцож гаргасан. Хохирол тогтоох ажлын хэсэг хохирогчоор Д.Даваасүрэн гэж хүнийг тогтоосон. Хуульд заасан журмаар хохирлыг шаардах эрх нь Д.Даваасүрэнд хадгалагдаж байна. 2012 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан баримтад хохирогчоор А- нь тогтоогдоогүй. Гэтэл ажлын хэсгийн хохирогчоор тогтоогдоогүй иргэн А- хохирол шаардах эрхгүй.

Гурван нэхэмжлэгч нь учирсан хохиролтой холбоотой хохирлоо баримтаар нотолж чадаагүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасны дагуу хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 7,729,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А-д, 3,245,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В-т, 3,719,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б-д тус тус олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 456,585 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас нэхэмжлэгч А-д 138,614 төгрөг, нэхэмжлэгч В-т 66,870 төгрөг, нэхэмжлэгч Б-д 74,454 төгрөг, шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д шинжээчийн зардалд 450,000 төгрөгийг тус тус гаргуулж шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

5.1 Галыг хэн тавьсан, ямар эх үүсвэрээс гарсан, галыг тавьж байгаа этгээдийн гэм бурууг нотолсон баримт авагдаагүй байхад хариуцагчийг буруутай гэж дүгнээд буй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Хэрэгт эрх бүхий этгээдээс гаргасан гал түймэр гарсан тухай акт огт байхгүй байхад гал түймэр тавьсан байна, тэдгээр нь Улаанбаатар төмөр замын ажилтнуудын буруутай үйл ажиллагаанаас болсон байна гэж ямар баримтыг үндэслэн тогтоосон нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл, түймэр гарсан орон нутгийн онцгой байдлын албаны эрх бүхий этгээдээс гаргасан албан ёсны баримт бичгийг үндэслэн шийдвэрлэх байтал цагдаагийн байгууллагын мөрдөгчийн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэргийн баримтуудаар буруутгаж байгаа нь үндэслэлгүй болсон. Цагдаагийн байгууллагын мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан эрүүгийн хэрэг нь шүүхээр эцэслэгдээгүй, гэм буруутай этгээд тогтоогдоогүй үйл баримтыг үнэлээгүй байна.

5.2. Нэхэмжлэгч А- нь түймэрт алдсан гэх эд зүйлээ нэрлэн зааж нэхэмжилдэг ба Дорнод аймгийн Чулуунхороот сумын Тамгын газраас томилогдсон Хохирол тогтоох ажлын хэсэг-ийн дүгнэлтээр А-гийн нөхөр Д.Даваасүрэнг хохирогчоор тогтоосон байдаг ба гэм хор учруулсан хохирлыг өмчлөгч Д.Даваасүрэн нь шаардах эрхтэй байхад түүний гэр бүлийн хүн гэх А-г шаардах эрхтэй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Хэрэгт нэхэмжлэгч А- нь мал болон эд зүйлийн өмчлөгч Д.Даваасүрэнгийн гэр бүлийн гишүүн болох талаар нотолсон баримт байхгүй байхад түүнийг хохирсон гэж үзэн нэхэмжлэлээс түүнд холбогдох 7,729,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь шаардах эрхийн үндсийг буруу тодорхойлсон гэж үзэхээр байна. Хэрэгт авагдсан мал тооллогын үндсэн баримт буюу малын А данс нь нэхэмжлэгч А-гийн нэрээр бус Д.Даваасүрэн гэр хүний нэрээр байдаг ба нэхэмжлэгч А- нь мал өмчилдөг талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүйг анхаарч үзсэнгүй. Мөн 1279 дугаар бүхий мотоциклийн үнийг гаргуулж шийдвэрлэсэн ба тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчөөр А- нь бүртгэлгүй, энэ талаар баримт авагдаагүй болно.

Өөрөөр хэлбэл галд шатсан гэх эд хөрөнгүүд нэхэмжлэгч А-гийн өмчлөлийнх гэдэг нь баримтаар нотлогдоогүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Энэхүү хэргийг сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 53 дугаар тогтоолоор гал тавьсан буруутай эзэн этгээд тодорхойгүй, энэ гэмт хэргийг хэн үйлдсэнийг нарийвчлан тогтоож ирүүлэхийг даалгаж хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байдаг.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, тогтоолоор гэм буруу нь тогтоогдоогүй эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримт, дүгнэлтүүдийг иргэний хэрэг шийдвэрлэхэд нотлох баримтын эх сурвалж болгон дүгнэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Шүүхийн шийдвэрийн 6 дугаар хэсэгт Улаанбаатар төмөр замын даргын Сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б-2-64 тоот тушаал авагдсан талаар дүгнэсэн байна. 2012 оны 04 дүгээр сарын 18-аас 23-ны өдөр хооронд гарсан хээрийн түймэрт Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн 11-145 дугаар км хоорондох замын байгууламж шатаж 337,712,279 төгрөгийн хохирол учирсан. Ой, хээрийн түймэртэй үед замын байгууламжийг түймрээс хамгаалах арга хэмжээг хангалттай авч ажиллаагүй үндэслэлээр тус сахилгын шийтгэлийг ногдуулсанг Улаанбаатар төмөр замын ажилчид гал алдаж улмаар ажилтнууддаа арга хэмжээ авсан мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. Эрүүгийн хэрэг нь хөөн хэлэлцэх 5 жилийн хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. Дорнод аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Улаанбаатар төмөр зам нийгэмлэг хамтарч гал түймэр гарсан шалтгаан нөхцөлийг шалгасан. Улаанбаатар төмөр зам нийгэмлэг цурав тавих ажиллагаа хийж байгаад оч үсэргэж, гал түймэр гарсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон. Эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хохирлоо иргэний журмаар нэхэмжлэхийг прокурор тогтоолдоо дурдсан. Энэ үндэслэлийн дагуу нэхэмжлэлээ гаргасан. Гомдолд хэн гал тавьсан, чүдэнз зурсныг тогтоогоогүй гэж дурддаг. Гэтэл энэ хэрэгт холбоотой 40 гаруй хүнийг шалгаж байх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Улаанбаатар төмөр замын ажилчид нь цурав тавих ажиллагаа хийж байгаад болгоомжгүй байдлаар гал алдсан. Байгууллагын удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгавар, ажил үүргийг гүйцэтгэх явцад гал алдсан. Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн ажилчид гал түймэр тавьсан үйл баримт тогтоогдсон учраас энэ хэрэгт Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь Иргэний хуулийн 498, 510 дугаар зүйлд зааснаар хохирол хариуцан төлөх үүрэгтэй.

6.2. Галын аюулгүй байдлын тухай хуульд заасан хохирол тогтоосон акт байхгүй байна гэдэг. Хэргийн материалд ажлын хэсэг байгуулагдаж, хохирол тогтоосон акт авагдсан.

Эрүүгийн хэрэг шалгах явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр А-г томилж, мэдүүлэг авсан. Малын А дансны хуулга өрхийн тэргүүн Д.Даваасүрэнгийн нэр дээр гардаг. Малын А дансны хуулганд эхнэрийн нэр бичих хүснэгт байдаггүй. Тухайн дансны хуулганд ам бүл 2, эмэгтэй 1, эрэгтэй 1 малчин гэх бичиглэл хийсэн байдаг.

Мотоциклийн эзэмшигчийн талаар маргадаг. Өрхийн тэргүүний нэр дээр тухайн айлын бүх эд хөрөнгө байдаг. Гэрийн гадаа байсан мал аж ахуй, мотоцикл, хашаа зэрэг шатсан. Хохирол тогтоож байгаа асуудалд хуваарьт хөрөнгийг нарийвчлан шалгаж, тогтоох шаардлагагүй. Мөн эд хөрөнгийн гэрчилгээнүүд шатсан. Хариуцагч татгалзал, тайлбараа нотолсон баримт гаргаж өгөөгүй. Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Хариуцагч УБТЗ-д холбогдуулан гэм хорын хохиролд нэхэмжлэгч А- 7,729,000 төгрөг, нэхэмжлэгч В- 3,245,000 төгрөг, нэхэмжлэгч Б- 3,719,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. УБТЗ-ын Баянтүмэн тасгийн ажилчид 2012 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Эрээнцав-Баянтүмэн хоорондын замыг хээрийн түймрээс хамгаалах цурав тавих үедээ Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэршанд багийн нутагт байрлах Баянтүмэн тасгийн Хавирга өртөөнөөс баруун тийш төмөр замын 145 км-ийн 7 дугаар зуутын шонгийн орчим гал алдаж түймэр гаргасан, уг гал түймрийн улмаас нэхэмжлэгч А-, В-, Б- нарын эд зүйлс, хөрөнгө шатаж устсан үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан дараах нотлох баримтад үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоосон байна. Үүнд:

Дорнод аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагчийн 2012 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр үйлдсэн Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, хээрийн гал түймрийн эхлэлийн цэгийн байршлын схем /хх 49-50/,

Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Хээрийн түймрийн шалтгаан нөхцөлийг шалгасан тухай танилцуулга /хх 51-53/,

Галын шинжээчийн 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлт, 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн нэмэлт дүгнэлт, 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлт /хх 54-61/,

Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн даргын 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А-16 дугаар Хамгаалалтын зурвас татах тухай тушаал, Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 87/52 тоот ... 2012.04.18-25-ны өдрийг дуустал цурав тавих зөвшөөрөл хүссэн ... албан бичиг /хх 69-70/,

Гал алдаж хариуцлагагүй ажилласан ажилчдад сахилгын шийтгэл ногдуулсан УБТЗ-ын даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б-II-64 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал /хх 75/,

Дорнод аймгийн прокурорын газрын прокурорын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05/91 дугаар Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /хх 76-77/,

Гэрч Н.Наран-Эрдэнэ, Ү.Бөхчулуун, Х.Батбаяр нарын мэдүүлэг /хх 153-161/.

 

Үүнтэй холбогдуулан Улаанбаатар төмөр замын ажилчдын гэм буруутай үйлдлээс болж гал түймэр гарсан болох нь баримтаар тогтоогдоогүй гэх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

4. Хариуцагч байгууллагын ажилчдын гэм буруу тогтоогдсон тул тэдгээрийн хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг ажил олгогч УБТЗ- хариуцна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт нийцжээ.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч нарт учирсан хохирол 14,693,000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцсэн, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

4.1. Гал түймрийн улмаас А-д 109 ширхэг шпаль 872,000 төгрөг, 38 ширхэг шон 228,000 төгрөг, 95 ширхэг шургааг 570,000 төгрөг, 85 ширхэг банз 425,000 төгрөг, 13 ширхэг шургааган хаамаг 390,000 төгрөг, 32 ширхэг шпалан шон 224,000 төгрөг, 2 ширхэг мухлаг 800,000 төгрөг, 1 ширхэг тэмээн тэрэг 400,000 төгрөг, 1 ширхэг мотоцикл 700,000 төгрөг, 5 ширхэг үстэй дээл 1,000,000 төгрөг, 1 ширхэг цэрэг эмээл 200,000 төгрөг , 1 тооны үнээ 600,000 төгрөг, 6 тооны ямаа 360,000 төгрөг, 5 тооны хурга 100,000 төгрөг, 6 тооны ишиг 90,000 төгрөг, 11 тооны хонь 770,000 төгрөг, нийт 7,729,000 төгрөгийн,

нэхэмжлэгч В-т 1 ширхэг мотоцикл 700,000 төгрөг, 2 ширхэг мухлаг 600,000 төгрөг, 50кг элсэн чихэр 300,000 төгрөг, 25кг цагаан будаа 50,000 төгрөг, 50кг гурил 50,000 төгрөг, 1 ширхэг эмээл 45,000 төгрөг, мотоциклын сэлбэг 100,000 төгрөг, гадуур хаймар дугуй 40,000 төгрөг, гал тогооны хэрэгсэл 150,000 төгрөг, 2 машин хөрзөн 400,000 төгрөг, 2 машин аргал 280,000 төгрөг, пингийн материал 500,000 төгрөг, 1 ширхэг цагаан ор 30,000 төгрөг, нийт 3,245,000 төгрөгийн,

нэхэмжлэгч Б-д 90 ширхэг шпаль 720,000 төгрөг, 150 ширхэг 5-н банз 750,000 төгрөг, 10 ширхэг шпаль 80,000 төгрөг, 35 ширхэг аргалийн завааль шургааг 140,000 төгрөг, 8 ширхэг хаамаг хашаа 160,000 төгрөг, 2 ширхэг усны онгоц хаймар 40,000 төгрөг, 1ширхэг гар хийцийн худгийн гар насос 100,000 төгрөг, 2 тооны хязаалан эм хонь 100,000 төгрөг, 6 тооны эм хонь 324,000 төгрөг, 8 тооны хурга 160,000 төгрөг, 3 тооны нас бие гүйцсэн эм ямаа 129,000 төгрөг, 3 тооны ишиг, 60,000 төгрөг, 6 тооны төлөг 246,000 төгрөг, 5 тооны борлон 50,000 төгрөг, нийт 3,719,000 төгрөгийн хохирол учирсан болохыг 2012 оны 07 дугаар сарын 07, 2012 оны 12 дугаар сарын 08, 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хохирогчийг байцаасан тэмдэглэл, 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гаргасан эд зүйлийн үнэлгээ, Дорнод аймгийн Чулуунхороот сумын засаг заргын 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ой хээрийн түймрийн хохирлын акт, түймэрт шатсан айл өрхийн гэр, хашаа саравч, пингийн жагсаалт, түймэрт өртсөн айлын малын тоо, ангилал, 2012 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Чулуунхороот сумын нутаг дэвсгэр дээр гарсан түймэрт өртсөн малчид, иргэдийн хохирол тогтоосон комиссын тэмдэглэл, мал тооллогын маягт, шүүхээс томилогдсон шинжээч Хөрөнгийн үнэлгээний төвийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ тогтоосон дүгнэлт зэрэг баримтыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

4.2. Дорнод аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2012 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор иргэн Д.Даваасүрэнд гал түймрийн улмаас хохирол учирсан асуудалд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа А-г хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, мэдүүлэг авсан байх ба мэдүүлэгт дурдагдсан шатсан эд зүйлс нь хэрэгт авагдсан Д.Даваасүрэнгийн галд өртсөн эд зүйл, мал, тээврийн хэрэгслийн жагсаалт, хохирлын үнэлгээтэй нийцсэн, мөн А- нь Д.Даваасүрэнгийн эхнэр болохыг Х.Батбаяр гэрчилж мэдүүлэг өгсөн байна.

Иймд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд хохирогчоор оролцсон А- нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2023/01097 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231,415 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Т.БАДРАХ