Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01137

 

 

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01137

 

 

А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2023/01193 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б-, В-а нарт холбогдох,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: А банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч,

Автомашины өмчлөгчөөр тогтоолгох, автомашиныг В-агийн эзэмшлээс гаргуулан авах, автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч нарт даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

автомашины өмчлөгчөөр тогтоолгох, автомашиныг шилжүүлэн өгөхийг хариуцагч В-ад даалгуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Бадрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тамир, өмгөөлөгч Л.Отгондорж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: МСМ ХХК-аас Mercedes Benz S500L маркийн автомашиныг худалдан авахаар автомашины урьдчилгаа төлбөр болох 100,000,000 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр, үлдэгдэл 293,025,466 төгрөгийг 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр А банк ХХК дахь өөрийн харилцах данснаас шилжүүлсэн.

МСМ ХХК-аас Mercedes Benz S500L маркийн автомашиныг худалдан авахаар автомашины урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн талаар Б-од хэлэхэд ...би наад машиныг чинь худалдаж авъя, захиалгын гэрээг миний нэрээр хийгээд машинаа шууд өөрийн нэр дээр авъя, харин Б.Буянбатын авсан зээлийг төлөхдөө авто машины үнийг хасч тооцно гэж тохиролцсон.

2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр А- болон Б- нар MSМ ХХК дээр очиж захиалгын гэрээг хийж, уг автомашиныг хүлээн авсан. Нэхэмжлэгчийн зүгээс Б-той удаа дараа уулзаж автомашины үнийг зээлийн төлбөрөөс хасч тооцсон эсэх, автомашины төлбөрийг авах талаар удаа дараа А банк дээр очиж Б-той уулзахад санаа зоволтгүй, төлбөрийг зохицуулна, автомашины төлбөрийг зээлээс тооцно гэж хэлж байсан.

А- нь МСМ ХХК-д үнийг төлснөөр Mercedes Benz S500L маркийн автомашины өмчлөгч болсон бөгөөд А- болон Б- нарын хооронд автомашиныг худалдах, худалдан авах гэрээний харилцаа аман хэлбэрээр үүссэн атал Б- нь гэрээний дагуу автомашины үнийг төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, эхнэр В-а нь Бишрэлт пропертиз ХХК-аар дамжуулан А-ийн автомашиныг хувьдаа унаж ашиглаж байна.

Иймд А-ийг **-00 *** улсын дугаар Mercedes Benz S500L маркийн автомашины өмчлөгчөөр тогтоож, В-агаас гаргуулах, А-ийн нэр дээр уг автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэж өгнө үү.

 

2. Гуравдагч этгээд А банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн бие даасан шаардлага, тайлбарын агуулга: А банк ХХК-ийн нийт хувьцааны 99,982 хувийг Х ХХК, үлдэх 0,018 хувийг Ч ББСБ ХХК эзэмшдэг байсан. Х ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Б-, В-а нар юм. Б- нь А банк ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байхдаа банкны хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулаагүй.

**-00 *** улсын дугаартай Mercedes Benz S500L маркийн автомашиныг худалдан авсан 393,025,466 төгрөг нь А банк ХХК-аас гарсан, банкны мөнгөн хөрөнгө юм. Гэвч тус автомашин нь хариуцагч В-агийн өмчлөлд шилжиж, түүний эзэмшил, ашиглалтанд байна.

Б-, А- нарын хооронд Б.Буянбатын нэр дээр зээл олгосны дараа зээлийн төлбөрөөс автомашины үнийг хасна гэх тохиролцоо эрх зүйн хувьд ч байх боломжгүй бөгөөд А банк ХХК-аас зээл хүсэгч, зээлийн гэрээг байгуулсан этгээд нь Б.Буянбат бөгөөд А- энэ зээлийн харилцаанд ороогүй, оролцох эрхтэй этгээд биш.

А- нь Б- нарт холбогдох эрүүгийн хэрэгт 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө тухайн зээл миний нэр дээр гарч байгаа боловч цаад эзэн нь Б- байсан, миний дансанд орж ирж байсан зээлийн мөнгөнөөс Б-ын шийдвэрээр 2 машин авч байсны нэг нь 570, нөгөөх нь В-агийн нэр дээр байгаа Mercedes Benz S500L маркийн автомашин байгаа гэж мэдүүлж байсан.

Банкны мөнгөн хөрөнгөөр худалдаж авсан автомашины өмчлөгч нь А банк ХХК байх ёстой. Иймд тус байгууллагыг автомашины өмчлөгчөөр тогтоож, автомашиныг шилжүүлэн өгөхийг В-ад даалгаж өгнө үү.

 

3. Хариуцагч В-агийн татгалзал, тайлбарын агуулга: В-а нь тус автомашиныг иргэн А-ээс огт аваагүй, автомашиныг тээврийн хэрэгслийн гэрчилгээнд бичигдсэн өмчлөгч Бишрэлт пропертиз ХХК-аас бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авч, өмчлөгч болсон. Тус бэлэглэлийн гэрээ нь хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ бөгөөд гэрээ хэрэгжиж, гэрээгээр зохицуулсан харилцаа дуусгавар болсон.

В-а нь тус автомашиныг захиалах, худалдан авах ажиллагаанд оролцоогүй бөгөөд А-, Б- нарын хоорондын асуудлыг огт мэдэхгүй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэл, бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Хариуцагч Б-ын татгалзал, тайлбарын агуулга: А- нь **-00 *** улсын дугаартай Mercedes Benz S500L маркийн автомашиныг нэхэмжлэх эрхгүй этгээд юм. Иргэн А- нь тус автомашины төлбөрийг төлсөн гэж үзэж буй бол тухайн этгээдээсээ холбогдох журмын дагуу нэхэмжлэх нь зүйтэй. Уг автомашины хууль ёсны өмчлөгч нь А- биш. Иймд А- нь **-00 *** улсын дугаартай Mercedes Benz S500L маркийн автомашиныг нэхэмжлэх эрхгүй этгээд тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

В-а нь автомашиныг Бишрэлт пропертиз ХХК-аас хууль ёсны дагуу шилжүүлэн авсан байдаг. Тиймээс бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болон В-а нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсэхэд чиглэсэн ямар нэг үйлдэл хийгдээгүй, гуравдагч этгээдийн зүгээс шаардах эрхийн үндэслэл нь нотлох баримтаар тогтоогдоогүй буюу холбогдох баримтгүй байна. Иймд хуульд зааснаас бусад байдлаар иргэний шударгаар олж авсан өмч, өмчлөх эрхийг хязгаарлах боломжгүй тул А банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1, 205 дугаар зүйлийн 205.1, 494 дүгээр зүйлийн 494.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б-, В-а нарт холбогдох А-ийг **-00 *** улсын дугаар Mercedes Benz S500L маркийн автомашины өмчлөгчөөр тогтоож, В-агаас гаргуулах, А-ийн нэр дээр автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд А банк дахь банкны эрх хүлээн авагчийн **-00 *** улсын дугаартай Mercedes Benz S500L маркийн автомашины өмчлөгчөөр А банк дахь банкны эрх хүлээн авагчийг тогтоож, автомашиныг шилжүүлэн өгөхийг хариуцагч В-ад даалгах тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 682,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дах хэсэгт зааснаар А банк дахь банкны эрх хүлээн авагч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх автомашиныг худалдан авсан мөнгөн хөрөнгө нь А банк ХХК-ийн мөнгөн хөрөнгө мөн байна гэж зөв дүгнэсэн боловч дараах нөхцөл байдал, нотлох баримтыг буруу дүгнэсний улмаас эцсийн шийдлийг буруу гаргажээ.

Тухайн үед А банк ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б- нь хууль тогтоомж, банкны дүрэмд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд банкны өдөр тутмын үйл ажиллагааг удирдах үүрэгтэй ба түүнд банкны мөнгөн хөрөнгийг зориулалтын бусаар захиран зарцуулах эрх хуулиар олгогдоогүй.

Б- нь банкны хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулсан бол автомашин А банк ХХК-ийн нэр дээр шилжин бүртгэгдэж, эзэмшил, өмчлөлд байх байсан. Банкны гүйцэтгэх захирал гэдгээрээ олон нийтээс харилцах, хадгаламжийн хэлбэрээр татсан мөнгөн хөрөнгийг өөрийн хувийн хэрэгцээнд захиран зарцуулах эрхгүй юм.

Б-, В-а нарын хамаарал бүхий Бишрэлт пропертиз ХХК нь А банк ХХК-ийн мөнгөн хөрөнгөөр үнийг төлүүлсэн автомашины өмчлөгч болсон тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд Б-, В-а нарын хүү А.Чинбишрэлтийн Бишрэлт пропертиз ХХК-ийг төлөөлж 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр В-атай байгуулсан автомашиныг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг шүүх хүчин төгөлдөр гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Уг бэлэглэлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Бэлэглэгч гэрээнд заасан автомашины үнийг гэрээнд заасан журмын дагуу хугацаанд нь төлөхийг худалдан авагчаас шаардах эрхтэй гэж заасан нь тус гэрээний хариу төлбөргүй гэх агуулгыг үгүйсгэж байгаа ба В-а нь үнийг хэрхэн төлсөн талаар нотлох баримтыг гаргаагүй.

В-а нь А банк ХХК-ийн мөнгөн хөрөнгөөр үнийг төлсөн автомашиныг үнэ төлбөргүй өмчилж үндэслэлгүй хөрөнгөжсөн байдлыг шүүх анхаарсангүй. Дээрх үндэслэлээр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Маргаан бүхий автомашин хариуцагч Б-ын өмчлөлд байхгүй. Мөн Б- банкны хөрөнгийг дураар захиран зарцуулсан эсэх асуудлыг эрүүгийн журмаар шалгагдаж дууссан, өглөг, авлага байхгүй. Уг автомашиныг Бишрэлт пропертиз ХХК-д өр төлбөртөө шилжүүлж, Бишрэлт пропертиз ХХК В-ад Бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Гуравдагч этгээд Бишрэлт пропертиз ХХК, В-а нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаагүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч В-агийн өмгөөлөгчийн ирүүлсэн тайлбарын агуулга: В-а нь 2017 оны 11 сарын 22-ны өдөр Бишрэлт пропертиз ХХК-аас **-00 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан. Анхан шатны шүүх энэхүү гэрээг хүчин төгөлдөр, А- Ундармаа нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн.

Харин банкны эрх хүлээн авагч нь банкны хөрөнгөөр автомашиныг худалдан авсан гэж маргадаг. Гэхдээ банкны эрх хүлээн авагч нь автомашины худалдаж худалдан авах гэрээний нэг тал биш атал автомашиныг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

Гомдол гаргахдаа бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь аль ч гэрээний тал биш атлаа гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг нэхэмжлээд байгаа гэдгийг анхаараагүй байна. Иймд гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

9. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал оролцоогүй, гомдолд тайлбар ирүүлээгүй.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-, В-а нарт холбогдуулан **-00 *** улсын дугаартай Mercedes Benz S500L маркийн автомашины өмчлөгчөөр тогтоолгох, автомашиныг В-агийн эзэмшлээс гаргуулан авах, А-ийн нэр дээр уг автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч нарт даалгуулах тухай нэхэмжлэл,

гуравдагч этгээд А банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Б-, В-а нарт холбогдуулан автомашины өмчлөгчөөр тогтоолгох, автомашиныг шилжүүлэн өгөхийг хариуцагч В-ад даалгуулах тухай бие даасан шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж нэхэмжлэл болон бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байх ба харин хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах дүгнэх боломжтой гэж дүгнэв.

 

3. Анхан шатны шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. А- нь автомашины төлбөр гэж МСМ ХХК-д 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 100,000,000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 293,025,466 төгрөг, нийт 393,025,466 төгрөг шилжүүлсэн /1хх 7-8/,

3.2. Б- нь Mercedes Benz S500L маркийн автомашиныг худалдан авахаар 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр МСМ ХХК-д захиалга өгсөн, МСМ ХХК нь тухайн автомашиныг Б-од 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээлгэн өгч акт үйлдсэн /1хх 100, 116-119, 220-224/,

3.3. Б- нь МСМ ХХК-аас худалдаж авсан Mercedes Benz S500L маркийн автомашиныг 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Бишрэлт пропертиз ХХК-д шилжүүлсэн, Бишрэлт пропертиз ХХК нь уг автомашиныг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр В-ад бэлэглэсэн /1хх 38, 69-73, 216 /,

3.4. А банк ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Б- нь банкны дотоод үйл ажиллагаанд ашигладаг данснаас 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 500,000,000 төгрөгийг А-эд шилжүүлсэн /1хх 169-170/.

 

4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Б- нь МСМ ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсны үндсэн дээр Mercedes Benz S500L маркийн автомашиныг худалдан авсан байна.

 

4.1. Хэдийгээр А- нь МСМ ХХК-д автомашины төлбөрт 393,025,466 төгрөг шилжүүлсэн боловч энэ нь Б-ын МСМ ХХК-нд төлөх ёстой автомашины төлбөр болох нь гэрч Д.Амгаланбаяр, С.Туул нарын мэдүүлэг, А банк ХХК-ийн дотоод үйл ажиллагаанд ашигладаг данснаас 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 500,000,000 төгрөгийг А-эд шилжүүлсэн баримт зэргээр тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч нь өөрөө бие дааж МСМ ХХК-тай Mercedes Benz S500L маркийн автомашин худалдан авахаар гэрээ байгуулсан, уг автомашиныг хууль болон гэрээнд зааснаар өмчлөх эрхтэй болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Энэ талаар өгсөн гэрч Б.Буянбатын мэдүүлгийг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд хэрэгт ач холбогдолгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

 

4.2. Иймээс А- нь **-00 *** улсын дугаартай Mercedes Benz S500L маркийн автомашины өмчлөгч биш байх тул тухайн автомашиныг В-агийн эзэмшлээс гаргуулан авах, автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч нарт даалгуулахаар шаардах эрхгүй.

 

4.3. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул залруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь автомашины өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш, нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах тул уг шаардлагыг шүүх хянан шийдвэрлэхгүй. Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний харилцаа болон гэрээнээс татгалзсан үндэслэлээр шаардлага гаргаагүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь **-00 *** улсын дугаартай Mercedes Benz S500L маркийн автомашины өмчлөгч гэх үндэслэлээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 494 дүгээр зүйлийн 494.1 дэх хэсэгт зааснаар өөрийн хөрөнгөө бусдын эзэмшлээс гаргуулан авах, автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгуулахаар хариуцагч нараас шаарджээ.

Иймд маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 205, 243 дугаар заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсныг болон нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй шаардлага шийдвэрлэснийг хассан өөрчлөлт оруулна.

 

5. А банк ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Б- нь банкны дотоод үйл ажиллагаанд ашигладаг данснаас 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 500,000,000 төгрөгийг А-эд шилжүүлсэн, А- нь **-00 *** улсын дугаартай Mercedes Benz S500L маркийн автомашины төлбөрт МСМ ХХК руу 393,025,466 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон.

 

5.1. Гэхдээ Бишрэлт пропертиз ХХК нь Б-оос хүлээн авсан Mercedes Benz S500L маркийн автомашинаа бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн тул бэлэг хүлээн авагч В-ад тухайн автомашиныг өмчлөх эрх үүссэн, тухайн бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр эсэхэд маргаан гараагүй.

 

5.2. Иймд В-а нь **-00 *** улсын дугаартай Mercedes Benz S500L маркийн автомашиныг хуульд заасан үндэслэлээр олж авч өмчлөгч болсон тул түүнээс А банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь автомашиныг шилжүүлэн авахаар шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл, Б-ын дээрх автомашиныг худалдан авсан мөнгө нь хууль бус байсан эсэхээс үл хамааран В-ад өмчлөх эрх хуульд зааснаар үүссэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв, энэ талаар гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

5.3. Гуравдагч этгээд нь автомашины өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш үндэслэлд хамаарах тул уг шаардлагыг шийдвэрийн тогтоох хэсгээс хасч өөрчлөлт оруулна.

Мөн гуравдагч этгээд нь **-00 *** улсын дугаартай Mercedes Benz S500L маркийн автомашиныг Б- худалдан авахдаа банкны мөнгөн хөрөнгөөр худалдан авсан тул тухайн автомашины өмчлөгч нь А банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч гэж үзэн хариуцагч В-ад автомашиныг шилжүүлэн өгөхийг даалгуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн зохицуулалтад хамаарч байна.

Анхан шатны шүүх дээрх шаардлагыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсгийн зохицуулалтыг баримталсан нь оновчгүй, маргааны зүйлд хамааралгүй байх тул зөвтгөж өөрчлөх нь зүйтэй.

 

5.4. Түүнчлэн А банк ХХК-ийн дотоод үйл ажиллагаанд ашигладаг данснаас 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр А-эд 500,000,000 төгрөг шилжүүлсэнтэй холбоотой тусдаа шаардлага гаргахад энэхүү шийдвэр, магадлал саад болохгүйг тэмдэглэж байна.

Учир нь энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар **-00 *** улсын дугаартай Mercedes Benz S500L маркийн автомашины өмчлөл, эзэмшлийн талаар зохигчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэсэн бөгөөд А банк ХХК-ийн банкны дотоод үйл ажиллагаанд ашигладаг данснаас 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр А-эд 500,000,000 төгрөг шилжүүлсэн нь хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөөгүй юм.

 

6. Мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 4, 5 дахь заалт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5, 118.6 дахь хэсэгт нийцээгүй буюу хуулийн хэм хэмжээ хэрэглээгүй, захиран тушаах хэлбэрээр бичигдээгүй байх тул энэ алдааг зөвтгөж өөрчлөлт оруулна.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2023/01193 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 болон 2 дахь заалтыг нэгтгэж 1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 494 дүгээр зүйлийн 494.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-, В-а нарт холбогдох автомашиныг В-агийн эзэмшлээс гаргуулан авах, автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч нарт даалгуулах тухай нэхэмжлэгч А-ийн нэхэмжлэлийг,

автомашиныг шилжүүлэн өгөхийг хариуцагч В-ад даалгуулах тухай гуравдагч этгээд А банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 болон 4 дэх заалтыг нэгтгэж 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т заасныг баримтлан гуравдагч этгээд А банк дахь банкны эрх хүлээн авагч нь бие даасан шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 682,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй гэж,

5 болон 6 дахь заалтыг нэгтгэж 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай гэж тус тус өөрчлөн найруулж,

гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар гуравдагч этгээд А банк дахь банкны эрх хүлээн авагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Т.БАДРАХ