Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 208/МА2023/00015

 

 П.ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 53 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч П.,

 Хариуцагч О.*******д холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: Барааны төлбөр, зээлсэн мөнгө, замын зардалд нийт 8.458.626 төгрөг гаргуулах тухай

 Хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цуурай /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

 1.Нэхэмжлэгч П. нь О.*******д холбогдуулан зээлээр авсан барааны төлбөрт 6,535,000 төгрөг, бэлэн мөнгөөр зээлсэн 900,000 төгрөг, О.*******гээс мөнгө авахаар Ерөө сум руу явсан болон шүүхэд ирсэн зардалд 1,023,626 төгрөг, нийт 8,458,626 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 ...О.******* нь 2021 оны 02 дугаар сарын 05-наас зунжин, намрын турш манай дэлгүүрээс 10-аад сая төгрөгийн бэлэн бараа, цахилгаан бараа, машины сэлбэг зээлээр авч мөн хүн амьтнаас хонь мал авч идээд өөрийн дэлгүүрээс авч байгаа аятай тэр хүмүүстэй бараа, хөргөгч, аккумлятор зээлээр авч өгөөд хөгшин хүн намайг луйвардаж 1 жил гаруй хугацаанд өрөө өгөхгүй худлаа ярьж очиж уулзахаар эдэнд, тэдэнд өгнө гэж гарын үсгээ зурж явуулдаг. Дэлгүүр минь зарах ч бараагүй болж байгааг минь харгалзан үзэж О.*******гээс 7,435,000 төгрөг гаргуулж өгч хохиролгүй болгож өгнө үү...... О.*******гээс мөнгө авахаар Ерөө сум руу явсан болон шүүхэд ирсэн зардалд 1,023,626 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч О.******* хариу тайлбартаа:

 ... Бараа материалд би картаа үлдээж эд зүйлс авдаг байсан. Манай компани 09 дүгээр сарын 25-ний өдөр намайг Ерөө суманд байдаг салбар луу томилсон. Тэгээд Нараа эгч над руу залгаж үлдэгдэл мөнгө өгөх эсэх талаар асуусан. Надад 3,000,000 төгрөг байгаа талаар хэлэхэд би яагаад тийм их тооцоо байгаа эсэхийг асууж байсан. Сар бүрийн 5-нд манай цалин бууддаг. Би тухайн дэлгүүрт картаа үлдээгээд явсан. Тухайн үед эх орны хишиг гэж 300,000 төгрөг орж ирдэг байсан. Тэгээд ******* эгч манай гэрт ирээд надаас 800,000 төгрөгийн үнэ бүхий зурагт аваад явсан. Яг банкны хуулгаар харвал 5,500,000 төгрөг надаас авсан байсан. Манайх 06 дугаар сарын 01-ны өдөр гэрээ нүүлгэж байхад Энхнаран нөхөртэйгөө манайд ирж байсан. Тэнд байсан машиныг авч явна гэж дайрч байсан. Би тухайн үедээ яагаад ийм мөнгө гарсан талаар асууж байсан гэв.

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 53 дугаар шийдвэрээр:

 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 261 дүгээр зүйлийн 261.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч ******* овогт *******гийн *******гээс /РД:*******/ 2,550,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* овогт /РД:*******/-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,908,626 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,010 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О.*******гээс 55,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: ...нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй. Миний хувьд *******д бараа, мөнгө зээлэхдээ дандаа өөрийн хар дэвтэр дээрээ тэмдэглэж мөн *******гээр өөрөөр нь бичүүлж өгдөг байсан. Бид урьдны танил дотно харьцааны үндсэн дээр итгэж зээлдэг байсан. Тэр болгон гэрээ хэлцэл хийж гарын үсэг зуруулаад байдаггүй. ******* өөрийн гараараа бичиж өгсөн бичвэрүүдийг шүүх нотлох баримт болохгүй гэж үзсэнд гомдолтой байна. Мөн шүүх зөвхөн *******гийн мэдүүлж хүлээн зөвшөөрсөн төдийгөөр хэргийг шйидвэрлэсэн. Би энэ хүнээс өгсөн барааныхаа үнэ мөнгөө нэхэмжилж байгаа болохоос биш өгсөн юмыг өгөөгүй мэтээр илүү нэхсэн зүйл огт байхгүй. ******* надад картаа үлдээсэн, бараг сар болгоны цалинг авч байсан мэтээр бичсэн байна. Үнэхээр тийм бол банкны дансны хуулгаар хэдэн төгрөгийг надад өгснөө нотлох ёстой гэж би ойлгож байна. Би бол бэлэн бараа зээлдүүлж байсан мөн бэлнээр мөнгө зээлдүүлж байсан. Тэр болгонд хар дэвтэртээ бичиж мөн өөрөөр нь бичүүлж тэмдэглэж байсан. Хуульд зааснаар бол жижиг тасалбар байсан ч нотлох баримт болдог юм билээ. Гэтэл *******гийн өөрийнх нь бичиж өгсөн юм байсаар байтал түүнийг нотолгоо биш гэж үзсэнд гомдолтой байна. Иймд би хэргийг дахин шийдвэрлүүлж, *******гийн өөрийнх нь гарын үсэг мөн бишийг шинжилгээ хийлгэмээр байна. Би хөдөө амьдарч жижиг дэлгүүр ажиллуулж амьдрал ахуйгаа залгуулж байдаг хүн. 7 сая гаруй төгрөг бол надад их мөнгө, би өөрөөр ажил хөдөлмөр эрхэлж цалин мөнгө авдаггүй. Иймд би *******гээс мөнгөө бүрэн авмаар байна. Мөн энэ хүнтэй уулзаж мөнгөө нэхэх гэж араас нь өчнөөн чирэгдэл болсон учир замын зардалд гарсан мөнгийг тодорхой хэмжээгээр ч гэсэн авахыг хүсэж байна. Шүүхийн шйидвэрийг хянан үзэж миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч *******д бараа зээлэхдээ хар дэвтэр дээр өөрөөр нь бичүүлээд өгдөг байсан. Энэ бол амьдрал дээр байдаг асуудал. Заавал хүнд зээлээр юм өгөхдөө худалдах, худалдан авах гэрээ хийж, хоорондоо бичгээр хэлцэл хийдэг зүйл байхгүй. Дэлгүүрт ороод юм авахдаа дэвтэр дээр нь тэмдэглүүлээд гардаг. Ийм байдлаар зээлсэн. Би хэргийн материалтай танилцахад хар дэвтрийн хуулбарууд байсан. Түүний заримыг ******* өөрөө бичиж өгсөн гэдэг. *******ий авсан эд зүйлийг тэмдэглэсэн байхад үүнийг нотлох баримтаар үнэлсэнгүй гомдол гаргаж байна. Яагаад гэвэл *******гийн өөрийнх нь бичиг байсаар байтал нотлох баримт гэж үзсэнгүй гэж гомдсон. Хөдөө орон нутагт таван сая төгрөг их мөнгө. Шүүхэд өгсний дараахан ******* төлнө гэдгээ хэлж байсан. Одоо бид юу хүсэж байна вэ гэхээр дахин шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Гаргаж өгсөн нотлох баримтыг өөрөө бичсэн юм уу? *******гийн гарын үсэг мөн үү, биш үү гэдэгт шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэв.

 Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага маш тодорхойгүй. 5.000.000 төгрөгийн бараа зээлсэн гэдэг. Ямар бараа зээлсэн гэдэг нь тодорхойгүй. Үүнийг шүүхээс 2 удаа тодруулахаар шүүх хуралдааныг хойшлуулаад, хурал дээр тодруулаад явсан. Хар дэвтэрийн асуудалд ******* гарын үсэг зурсан асуудал байхгүй, Нэхэмжлэгч өөрөө бичилт хийсэн байдаг. Түүнээс ******* ямар нэгэн байдлаар өөрөө бичээд, гарын үсэг зурсан асуудал байхгүй. ... Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чаддаггүй. Зээлсэн гэх бараануудаа огт нотолж чаддаггүй. Амаараа л хэдэн төгрөгийн бараа зээлсэн гэж хэлээд байдаг. Хариуцагч өөрийнхөө авсан барааг хэлж байж бараа авсан гэдгийг нотолдог. Үүнийг шүүх гаргаж байгаа нь зөв л дөө. Хэрэв хариуцагч юу ч аваагүй гэвэл нэхэмжлэгч нотолж чадхааргүй. Л.Цуурай өмгөөлөгчийн анхны тайлбараар бүх мөнгийг нь өгнө гэж хэлээгүй. Хариуцагчийн өөрийнхөө тооцолсноор авсан зүйлүүдээ мэдүүлсэн тул шүүх үүнийг гаргаж шийдвэрлэсэн байгаа. Нэхэмжлэгч хайж яваагүй хоёр удаа хүүхэд нь очиж уулзсан. Отгонсзрэн ажлаа хийгээд байж л байсан. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

 1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй П.ийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 2.Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч П. нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн дэлгүүрээс хариуцагч О.*******д цахилгаан бараа, эд зүйл худалдаж үнийг дараа тооцон авахаар тохиролцсон боловч барааны үнийг төлөхгүй удаасан тул анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг нэхэмжлэгч П. эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

 3.Нэхэмжлэгч П.ээс ...Миний хувьд *******д бараа, мөнгө зээлэхдээ дандаа өөрийн хар дэвтэр дээрээ тэмдэглэж мөн *******гээр өөрөөр нь бичүүлж өгдөг байсан. Бид урьдны танил дотно харьцааны үндсэн дээр итгэж зээлдэг байсан. Тэр болгон гэрээ хэлцэл хийж гарын үсэг зуруулаад байдаггүй. ******* өөрийн гараараа бичиж өгсөн бичвэрүүдийг шүүх нотлох баримт болохгүй гэж үзсэнд гомдолтой байна. Мөн шүүх зөвхөн *******гийн мэдүүлж хүлээн зөвшөөрсөн төдийгөөр хэргийг шийдвэрлэсэн. Би энэ хүнээс өгсөн барааныхаа үнэ мөнгөө нэхэмжилж байгаа болохоос биш өгсөн юмыг өгөөгүй мэтээр илүү нэхсэн зүйл огт байхгүй.... Иймд би хэргийг дахин шийдвэрлүүлж, *******гийн өөрийнх нь гарын үсэг мөн бишийг шинжилгээ хийлгэмээр байна. Би хөдөө амьдарч жижиг дэлгүүр ажиллуулж амьдрал ахуйгаа залгуулж байдаг хүн. 7 сая гаруй төгрөг бол надад их мөнгө, би өөрөөр ажил хөдөлмөр эрхэлж цалин мөнгө авдаггүй. Иймд би *******гээс мөнгөө бүрэн авмаар байна. Мөн энэ хүнтэй уулзаж мөнгөө нэхэх гэж араас нь өчнөөн чирэгдэл болсон учир замын зардалд гарсан мөнгийг тодорхой хэмжээгээр ч гэсэн авахыг хүсэж байна. Шүүхийн шйидвэрийг хянан үзэж миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

 4.Хэрэгт авагдсан нотлох баримтаар: Нэхэмжлэгч буюу худалдагч П. нь цахилгаан бараа эд зүйлийг хариуцагч О.*******д худалдсан гэх боловч яг ямар нэр төрлийн хэдэн төгрөгний барааг хүлээлгэн өгсөн эсэх нь тодорхойгүй, өөрийн гар дансны хуулга гэх баримт гарган ирүүлсэн боловч уг баримтанд барааг жагсаан бичсэн гар бичвэр байх ба уг барааг О.*******д хүлээлгэн өгсөн гэж үзэхэд учир дутагдалтай, анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийж хариуцагч О.*******гийн өөрийн хүлээн авсан гэж зөвшөөрч буй хэмжээнд 2.550.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 5.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтанд тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 6.Гэвч нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд үүссэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож эрх зүйн харилцааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч худалдагч талаас дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж, өөр орон нутаг руу шилжин явсан хариуцагч О.*******гийн оршин сууж буй алслагдсан сум руу удаа дараа зорчин явсан болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон байхад гэрээнээс үүдэлтэй хохирлыг шууд учруулсан хохирол гэж үзэхгүй гэж тайлбарлан замын зардлын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа юм.

7.Иймд нэхэмжлэгч талаас ирүүлсэн бинзен худалдан авсан баримтуудыг үнэлэн үзэж шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнөх огноотой бинзен худалдан авсан баримтууд нь уг орон нутаг руу зорчин явахад шаардагдах зардал гэж үзэн 634.670 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 53 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч П.ийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 53 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

 1 дэх заалтыг:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 261 дүгээр зүйлийн 261.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ээс 3.184.670 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* овогт Пэрэнлэйн /РД:*******/-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,273,956 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 2 дахь заалтыг:

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,010 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О.*******гээс 65,905 төгрөгийг гаргуулсугай гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

 2.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

  

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

 Б.ЭРДЭНЭХИШИГ