Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2021/0098

 

 

 

Н-ийн П-ын г-ын

нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын

Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн

 улсын байцаагч Ө.Зоригт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:         Х.Батсүрэн

            Шүүгчид:                         М.Батсуурь,

                                                 Д.Мөнхтуяа,

                                                 П.Соёл-Эрдэнэ,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Гомдлын шаардлага: Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 0245962 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дахин хийлгэхийг даалгуулах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18ы өдрийн 128/ШШ2020/0625 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 57 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О, хариуцагч Ө.З, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ш., өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулж,

Гомдол гаргагч Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “И-Э” ХХК-ийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0625 дугаар шийдвэрээр: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2.1, 2.5, 2.8, 2.9, 3.5 дугаар зүйлийн 1.2, 4.15 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1.1, Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 17 дугаартай дүгнэлтийг хангаж, Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 0245962 дугаар шийтгэлийн хуудсыг зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа хийж зөрчлийг шийдвэрлэх хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, гуравдагч этгээд И-Э ХХК-ийн гаалийн улсын байцаагчийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 0245962 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш тогтоосон хугацаанд зөрчлийг шийдвэрлээгүй бол гаалийн улсын байцаагчийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 0245962 дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 57 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0625 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “И-Э” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. 

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. “... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдсан Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.М-ын дүгнэлттэй захиргааны хэрэгт Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 57 дугаартай магадлалыг эс зөвшөөрч ЗХШХШТХ-ийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх үндэслэлээр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн зүгээс энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна.

4. Шүүхээс дараах хэдэн хэдэн үндэслэлээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэж байна.

5. Хариуцагчийн зүгээс тогтоосон гэх зөрчил болон ЗТХ-ийг хэрэглэж ногдуулсан зөрчлийн хооронд шалтгаант холбоо байхгүй бөгөөд өөрт хамааралгүй харилцаанд, өөрт олгогдоогүй эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргасанг, Мөн ЗШШТХ-д заасан журам илт зөрчигдсөнг, Хариуцагчийн санаатайгаар ЗШШТХ-д заасан журам зөрчсөн болон захиргааны актыг гаргахад нь зөрчил тооцох гэж буй зөрчилд нь Татварын улсын байцаагчаас шалгалт явуулсантай холбоотой баримтыг гуравдагч этгээдээс өгөөд байхад хүлээн авалгүйгээр, санаатайгаар хариуцлагагүй хандсан хариуцагчийн үйлдлийг зөвтгөх боломжийг олгосон ЗХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.3.11-ийг хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.

6. Хариуцагчийн үйлдлээс дараах хууль зөрчсөн үйлдлүүд тодорхой харагдаж байгаа бөгөөд зарим хууль зөрчсөн үйлдэл дээр нэхэмжлэгч, шүүх, гуравдагч этгээд нарын зүгээс санал нэгтэй байгаа гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байна. Хариуцагчийн бичгээр болон амаар гаргасан тайлбар дээр “компанийн орлого, зарлагын харьцаа тохироогүй буюу компаниас Хятад улсын шилжүүлсэн мөнгө буюу зарлагаас бага бараа бүтээгдэхүүн хилээр орж ирсэн” гэдэг зөрчлөөр гуравдагч этгээдийг буруутгадаг. Энэхүү орлого, зарлагын харилцаа тэнцэхтэй холбоотой асуудал нь компанийн дотоод санхүүгийн асуудал бөгөөд татварын улсын байцаагчийн шалган тогтоох эрх хэмжээний асуудал болно. Энэхүү тогтоосон гэх зөрчил дээр ЗТХ-ийн 11.21 дүгээр зүйлийн 1.2-т заасан Гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт ангилал, гарал үүслийг худал мэдүүлсэн” гэх зөрчлөөр торгууль ногдуулсан. Өөрөөр хэлбэл тогтоосон зөрчил, оногдуулсан зөрчил хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй, буруу хуулийг хэрэглэж зөрчил тогтоосон. Шилжүүлсэн мөнгөндөө л таарсан бараагаа авах ёстой буюу шилжүүлсэн мөнгөнөөсөө бага хэмжээний бараа авсан, эсхүл бараа орж ирээгүй байхад мөнгө шилжүүлсэн байгааг худал мэдүүлсэн гэж үзэх нь өөрөө ойлгомжгүй. Гаалийн улсын байцаагч бол мөнгөндөө таарсан бараа авсангүй гэж шалгах субьект биш юм.

7. Мөн энэхүү хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед гуравдагч этгээдийн зүгээс энэхүү асуудалтай холбоотойгоор татварын хяналт шалгалт хийгдсэн тухай баримтыг өгсөн боловч, зөрчилд холбогдох этгээдээс тухайн баримтыг санаатайгаар хүлээн аваагүй, түүнийг оролцуулалгүйгээр маргаан бүхий актыг гаргасан. Ийнхүү санаатай хууль зөрчиж гаргасан актыг анхан болон давж заалдах шатны шүүхээс хариуцагчид зөвтгөх боломжийг олгосон шийдвэрийг гаргахдаа ЗХШХШТХ-ийн 106.3.11 дэх заалтыг хэрэглэсэн.

8. Мөн нэхэмжлэгчийн зүгээс анх маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох шаардлагыг гаргасанг шүүхээс шийдвэрлэхдээ нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн атлаа ЗХШХШТХ-ийн 106.3.11-ийг хэрэглэсэн. Мөн хариуцагчийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байна гэж дүгнэсэн атлаа ЗХШХШТХ-ийн 106.3.11-ийг хэрэглэсэн.

9. Шүүх, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын зүгээс хариуцагчийг ЗШШТХ-д заасан журмыг зөрчсөн гэдэгтэй санал нэг буй. Гэтэл ЗХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэр гаргах ажиллагааны хууль зүйн үндэслэл нь захиргааны байгууллага нь акт гаргах явцдаа хөндлөнгийн гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөх болон зөрчигдөж болзошгүй байдлыг судлан шалгаагүй, хангалттай нотлох баримтанд үндэслээгүй, шийдвэр гаргахдаа нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тодруулаагүй байхдаа акт гаргасан тохиолдолд энэхүү заалтыг хэрэглэх ёстой.

10. Гэтэл шүүхээс хариуцагчийн хууль зөрчсөнийг тогтоосон атлаа дээрх агуулгаар хэрэглэгдэх ЗХШХШТХ-ийн 106.3.11 дэх заалтыг хэрэглэж, хууль хэрэглээний алдаа гаргасан. Хууль тогтоомж зөрчсөн байна гэж дүгнэсэн бол хүчингүй болгох шийдвэрийг гаргах үндэслэлтэй.

11. Анхан шатны шүүх нь “И-Э” ХХК-ийн 2016 оноос 2018 оны импортолсон барааны гаалийн татвартай холбоотой зөрчлийн хувьд хөөн хугацаа дуусаагүй гэж дүгнэсэн. Ийнхүү дүгнэхдээ Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 8-д “Зөрчлийг хөөн хэлэлцэх хугацааг өөр хуулиар тогтоосон бол тухайн хуулийг дагаж мөрдөх”-өөр заасан. Гаалийн татвар нь Монгол Улсын татварын нэг төрөл, гаалийн татварыг ногдуулж төлүүлэх, хураан барагдуулахтай холбоотой нарийвчилсан харилцааг Гаалийн тухай хуулиар зохицуулах ч татварын төрлийн хувьд тухайлбал хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой ерөнхий зохицуулалт нь Татварын ерөнхий хуульд хамаарна гэж дүгнэсэн. Гаалийн тухай хуулинд зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааг нарийвчлан заагаагүй тул Гаалийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т “Монгол Улсын гаалийн хууль тогтоомж нь Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль, энэ хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай, Хилийн боомтын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж заасныг удирдлага болгон Татварын ерөнхий хуулийг баримтлан тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй.” гэж заасан тул хөөн хэлэлцэх хугацааг 4 жил гэж үзсэн.

12. Хариуцагч нь “И-Э” ХХК-г гаалийн тухай хууль зөрчсөн хэмээн шийтгэл оногдуулсан. Тиймээс Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2-т “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг баримтлах ёстой. Учир нь Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2 дахь заалт нь хөөн хэлэлцэх хугацааны нарийвчилсан зохицуулалт байх тул Татварын тухай хуулийн хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт хамаарахгүй гэж үзэж байна. Учир нь ГТХ-ийн 290 дүгээр зүйлийн 290.2-т зааснаар зөрчилтэй холбоотой асуудлыг зөрчлийн тухай зохицуулна гэж шууд иш татсан эх сурвалж болгон нарийвчлан зохицуулсан бөгөөд ийм зохицуулалт байхгүй тохиолдолд татварын ерөнхий хуулийг хэрэглэж үндэслэлтэй. Иймд Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 57 дугаартай магадлалыг хүчингүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

13. Гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

14. Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газраас, “И-Э ХХК-ийн 2016-2018 онд импортолсон барааг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн эсэхэд гаалийн бүрдүүлэлтийн дараах хяналт шалгалтыг явуулж, 2016 онд 38,672,185 төгрөг, 2017 онд 110,363,973 төгрөг, 2018 онд 54,244,821 төгрөг, нийт 203,280,980 төгрөгийн барааны үнийг гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн” гэх зөрчил тогтоож, 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 0245962 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн, 31,508,552 төгрөгийн нөхөн татвар, 9,452,566 төгрөгийн торгууль, нийт 40,961,117 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

15. Анхан болон давж заалдах шатны шүүхээс, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаартай дүгнэлтийг хангаж, гаалийн улсын байцагчийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 0245962 дугаар шийтгэлийн хуудсыг, зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж зөрчлийг шийдвэрлэх хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, гуравдагч этгээд “И-Э” ХХК-ийн уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан  бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь дараах үндэслэлээр хуульд нийцсэн байна. 

           16. Учир нь, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж тодорхойлсон бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ: 1.1.зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол...” гэж заасан. Хуулийн дээрх  зохицуулалтаар тодорхойлсон “зөрчил ил тодорхой, түүнийг үйлдсэн этгээдийн гэм буруу нь эргэлзээгүйгээр, баримтаар нотлогдсон, мөн зөрчил, учирсан хохирлыг нотлох, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах шаардлагагүй тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэхээр хуульчилжээ.

 

17. Хэрэгт нотлох баримтаар авагдсан, прокурорын дүгнэлт, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар болон бусад нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч гаалийн улсын байцаагч нь гаалийн бүрдүүлэлтийн дараах хяналт шалгалтыг явуулж, “И-Э” ХХК-ийг 2016-2018 онуудад импортолсон барааны үнийг гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн гэх 203,280,980 төгрөгийн зөрчилд буруутган, төлбөр ногдуулсан боловч зөрчлийн талаар холбогдогчоос тайлбар, нотлох баримтыг гаргуулалгүй, нотлох ажиллагааг хийлгүйгээр, зөвхөн гаалийн хяналт шалгалтаар авагдсан, Голомт банкны дансны хуулга /2017 оны/, тус компанийн 2016-2018 онуудын гүйлгээний баланс, авлага өглөгийн товчоо гэсэн баримтуудад үндэслэн, Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2-т заасан, Гаалийн тухай хууль зөрчиж, гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлж, татвараас зайлсхийсэн зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзсэн байна.

18. Гэвч хяналт шалгалтаар тогтоогдсон буюу 2016-2018 онуудын нийт 203,280,980 төгрөгийн барааны үнийг гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн гэх зөрчлийн талаарх тооцоолол, үндэслэл тодорхойгүй, зөрчилд тооцсон үнийн дүнгийн зөрүү аль дүнгээс яаж үүссэн, санхүүгийн бүртгэлд ямар гүйлгээ алдаатай бүртгэгдсэн, гаальд хэрхэн худал эсхүл дутуу мэдүүлсэн нь тодорхойгүй байна. Энэ тохиолдолд гаалийн улсын байцаагч нь хуульд зааснаар зөрчлийн хэрэг нээн, хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж, зөрчлийн талаарх нотлох баримтыг цуглуулж, зөрчлийг шалган тогтоох шаардлагатай, иймд энэ үндэслэлээр буюу гаалийн улсын байцаагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасныг зөрчиж шийтгэл оногдуулсан гэсэн үндэслэлээр бичсэн Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаартай дүгнэлт хуульд нийцжээ.  

19. Иймээс “...зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар хийгдэх ажиллагааг шүүх хийх боломжгүй, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж дүгнэн, маргаан бүхий гаалийн улсын байцаагчийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 0245962 дугаар шийтгэлийн хуудсыг зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийж зөрчлийг шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлж, мөн “...зөрчлийг шалгаж тогтоох ажиллагаа хийгдээгүй байхад зөрчилд нөхөн татвар, торгууль оногдуулсан шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэлийг дүгнэх боломжгүй” гэсэн үндэслэлээр гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон 2 шатны шүүхийн шийдлийг буруутгах үндэслэлгүй байна гэж үзлээ. 

   20. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн “...шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах”-аар гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0625 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22ы өдрийн 57 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Х.БАТСҮРЭН

                                                                  ШҮҮГЧ                                      М.БАТСУУРЬ

                                                                                                            Д.МӨНХТУЯА           

                                                                                  П.СОЁЛ-ЭРДЭНЭ

  Б.МӨНХТУЯА