Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 06

 

Ц.Х, С.У нарт холбогдох
  эрүүгийн хэргийн тухай

  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахим хэлбэрээр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

Прокурор Э.Н,
Шүүгдэгч С.У,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э,
Шүүгдэгч Ц.Хын өмгөөлөгч Э.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,

       Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, Б.Баттулга нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ц.Х, С.У нарт холбогдох, эрүүгийн 201608000029 дугаартай, 2 хавтас, 340 хуудас бүхий эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцэл, шүүгдэгч С.У, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э нарын давж заалдсан гомдол зэргийг үндэслэн  давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

         Шүүгдэгч: У -т холбогдуулан Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар, 

         Шүүгдэгч: Х /-т холбогдуулан Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.  

Шүүгдэгч С.У нь Ц.Хтай бүлэглэн, давтан үйлдлээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, ***тоотод оршин суух П.Сгийн гэрт 2016 оны 02 дугаар сарын 21-22 нд шилжих шөнө, мөн 2 дугаар сарын 22-ны өдөр бусдыг илтэд үл хүндэтгэн, үл ялих зүйлээр шалтаглан П.Сд хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчин түшлэгтэй модон сандлыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн бусдын биемахбодид хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан, 2016 оны 02 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө иргэн Ч.Агийн өмчлөлийн байрны төмөр хаалга болон сандлыг санаатайгаар гэмтээсэн, устгасан,

Шүүгдэгч Ц.Х нь ялтай байх хугацаандаа С.Утай бүлэглэн согтууруулах ундааны зүйл  хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, ***тоотод оршин суух П.Сгийн гэрт 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр бусдыг илтэд үл хүндэтгэн ямар ч шалтаг шалтгаангүйгээр П.Сд хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчин түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

         Анхан шатны шүүх: Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Уыг бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр танхайрах гэмт хэрэг үйлдсэнийг, сандлыг устгасан гэмтээсэн үйлдлийг, шүүгдэгч Ц.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, 
Шүүгдэгч С.Уыг бусдын эд зүйлийг санаатайгаар устгаж гэмтээсэн, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм  буруутайд тус тус тооцож,
        Шүүгдэгч С.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг буюу хөнгөн ялыг хүндэд нь багтааж түүний биечлэн эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар тогтоож, 
     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ут оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,
            Шүүгдэгч С.У нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,
        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн баруун урд талын хөл нь хугарсан сандлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,
         Шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Хт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Уын хорих ял эдлэх хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолж,
Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
       Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Ут авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ц.Хт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 

       Шүүгдэгч С.У давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Улсын яллагч нь хохирогчийн мэдүүлгийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйчилсэн. Хохирогч П.С нь гомдол саналгүй байгаа. Би хохирогч П.Стэй маргалдаж ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж, гэмшиж байна. Иймд миний гомдлыг харгалзан үзэж хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэжээ.  

         Шүүгдэгч С.Уын өмгөөлөгч Г.Э давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үеийн нөхцөл байдал, гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, субъектив талын шинж, мөн үйлдэл, үр дагавар зэргийг харгалзаж үзэлгүйгээр түүнийг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан гэж үзэж ял шийтгэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. 
Учир нь хохирогч П. Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх 22-23/, гэрч Д. Өнөржаргал /хх-42/, гэрч Д. Ариунаа /хх-40/ нарын мэдүүлэг, анхан шатны шүүхийн 05 дугаартай хурлын тэмдэглэл, С.Уын сэжигтнээр өгсөн /хх 50-51/ мэдүүлэг зэргээс үзэхэд С. У, П. С нар нь анхнаасаа л гар утаснаас болж хоорондоо маргалдаж, харилцан зодолдсон, тухайн хэрэг нь хувийн сэдэлттэйгээр үйлдэгдсэн байхад шүүх танхайн сэдэлттэй гэж үзэн ял шийтгэл оногдуулсан нь ойлгомжгүй байна.  Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд С.У нь хохирогч Сгийн толгой руу сандлаар цохиж, үсдэж байгаад хана мөргүүлснийг харсан гэрч байхгүй, зөвхөн хохирогчийн мэдүүлгийг үндэслэж хэргийг шийдвэрлэснийг анхаарах нь зүйтэй, мөн хэргийн сэдэлтийг зөв тогтоохын тулд хохирогчийн хувийн байдлыг тогтоолгох нь зүйтэй. Хэргийн 11, 13, 31, 35 дугаар хуудсан дахь мэдүүлгүүдэд хэрэг гарсан өдрийг зөрүүтэй бичиж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн байна. Иймд тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 69 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн сэдэлт, хэргийн нөхцөл байдлыг үнэн зөв тогтоохын тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ. 

       Шүүгдэгч Ц.Хын өмгөөлөгч Э.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд зааснаар ашигтай байдлаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгосон. Хохирогч анх ээжийнхээ гаргасан гомдлын дагуу мэдүүлж байснаа мэдүүлэг нь хувьсдаг. Гэтэл  хохирогчийн мэдүүлэг нь өөрөө эх сурвалжтай байх ёстой. Эх сурвалжаа зааж  чадахгүй бол нотлох баримт болж чадахгүй гэсэн хуулийн заалт байгаа. Хохирогчийн ярьж байсан зүйлийг нотолсон нэг ч зүйл байдаггүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг хэрэглэсэн тохиолдолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйл буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалтыг хэрэглэсэн нь үндэслэлтэй.  шүүхийн шийдвэрийн Хт холбогдох хэсэг үнэн зөв шийдвэрлэгдсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

       Улсын яллагч Д.Ганчимэг эсэргүүцэлдээ: ...Шийтгэх тогтоолын 1 дэх заалтанд шүүгдэгч С.У, Ц.Х нарт холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24, 208 дугаар зүйлүүдийн аль нэгийг баримтлаагүй нь шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Түүнчлэн шүүгдэгч Ц.Х нь шүүгдэгч С.Утай бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр бусдыг илтэд үл хүндэтгэн ямар ч шалтаг шалтгаангүйгээр П.Сд хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчин, түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан хохирогч П.С /хх-22-23/, хохирогч Ч.А /хх-28-29/, гэрч Б.Зоригтбаатар /хх-31/, Д.Ариунаа  /хх-40-41/, Д.Гомбо /хх-ийн 140/ нарын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байхад түүнд холбогдох хэргийг илтэд үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.... прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг шүүх хянан хэлэлцээд зарим хэргийг буюу түүний бусадтай бүлэглэн давтан үйлдлээр танхайрсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу бөгөөд илтэд үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байна. Иймд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 69 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  хэргийг Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. 

Прокурор С.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүх С.У, Ц.Х нарт холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24, 208 дугаар зүйлүүдийн аль нэгийг баримтлаагүй байна. Мөн шүүгдэгч Ц.Х, У нар нь бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн ямар ч шалтаг шалтгаангүйгээр П.Сд хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчин танхайрсан болох нь хэрэгт цугларсан хохирогч П.С, Ч.А, гэрч Б.Зоригтбаатар, Д.Ариунаа, Д.Гомбын мэдүүлэг зэргээс нотлогдож байхад хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна. Түүнчлэн шүүх С.Ут  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг илтэд үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. 
                                             ТОДОРХОЙЛОХ НЬ:

          Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Уыг 2016 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө архидан согтуурсан үедээ Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг ***тоотод оршин суух П.Сгийн гэрт бусдыг илтэд үл хүндэтгэн үл ялих зүйлээр шалтаглан П.Сд хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, түшлэгтэй модон сандлыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн хөнгөн гэмтэл учруулсан,  2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр  Ц.Хтай бүлэглэн, догшин авирлаж, давтан үйлдлээр тус тус танхайрсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3, 2016 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө иргэн Ч.Агийн өмчлөлийн байрны төмөр хаалга болон сандлыг санаатайгаар гэмтээсэн, устгасан үйлдэлд Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1,

       Шүүгдэгч Ц.Хыг  2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр архидан согтуурсан үедээ Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг ***тоотод оршин суух П.Сгийн гэрт С.Утай бүлэглэн, догшин авирлаж бусдыг илтэд үл хүндэтгэн ямар ч шалтаг шалтгаангүйгээр П.Сд хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, 

        Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжилж, хохирогч П.Сгийн “...ахыгаа яаж хүн гэмтэлгүй зоддогийг хар гэхээр нь энэ чинь юу хэлчихвээ гээд бодож байтал бос ... гээд Х зүүн гуя руу хөлөөрөө өшиглөсөн. ... Намайг элэгдээд номхон зогс гэсэн. Тэгсэн хажуунаас У ирээд шанаа руу гараараа цохисон чинь Х чи байж бай хүний нүүр лүү цохиж болдоггүй юм, ах нь одоо чамд хүнийг яаж сорвигүй зоддогийг үзүүлнэ гээд миний цээж рүү 2-3 удаа гараараа цохиод хөлний кулказ руу гараараа нилээн хэдэн удаа цохисон” гэсэн мэдүүлгийг гэрч С.Гомбо болон шинжээч Л.Жаргалтогтохын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар үгүйсгэгдэж, улмаар шүүгдэгч нарыг 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр бүлэглэн, догшин авирлаж, хохирогч П.Сгийн бие эрх чөлөөнд  гэмтэл учруулан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь эргэлзээтэй гэж дүгнэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар,

        шүүгдэгч С.Уыг бусадтай бүлэглэн, догшин авирлаж, давтан үйлдлээр танхайрах гэмт хэрэг үйлдсэнийг, мөн хохирогч Ч.Агийн сандлыг устгасан гэмтээсэн гэх үйлдлийг, 

шүүгдэгч Ц.Хыг С.Утай бүлэглэн, догшин авирлаж танхайрсан гэх үйлдлийг тус тус хэрэгсэхгүй болгож, 

шүүгдэгч С.Уыг хохирогч Ч.Агийн эд хөрөнгө болох хаалгыг устгасан гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар ял шийтгэл оногдуулсан нь  хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ.

         Улсын яллагч эсэргүүцэлдээ хохирогч Ч.А /хх-28-29/, гэрч Б.Зоригтбаатар /хх-31/, Д.Ариунаа /хх-40-41/ нарын мэдүүлгийг үндэслэсэн байх боловч эдгээр хүмүүсийн мэдүүлгээр  гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байх ба харин гэмт хэргийн сэдэлт, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийн талаар нотлоогүй  байна.

       Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч нарын дээрх үйлдлийг хэрэгсэхгүй болгохдоо шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт удирдлага болгон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 248 дугаар зүйлийн 248.1.1-д заасныг баримталсан нь мөн хуулийн 286 дугаар зүйлийн 286.1.1, 286.1.2, 286.1.3, 294 дүгээр зүйлийн 294.2, 297 дугаар зүйлийн 297.1, 297.3-т заасан тогтоол үйлдэх журмыг зөрчөөгүй болно. 

       Дээрх үндэслэлээр улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд бүрэн нотлогдсон байх тул шүүгдэгч С.Уын өмгөөлөгч Г.Эын “... хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах тухай” давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй.

         Харин анхан шатны шүүх шүүгдэгч С.Уыг сандлыг зэвсгийн чанартай хэрэглэж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж, түүнд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл боллоо. 

         Учир нь шүүгдэгч С.У нь 2016 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө хохирогч П.Сгийн гэрт түүнтэй хувцас болон гар утсаа асууж, улмаар гар утас олдохгүй байна гэснээс болж хохирогч П.С уурлан чамайг утастай байсан үгүйг би яаж мэддэг юм бэ гэж, үүнээс шалтгаалан тэд маргалдсанаас шүүгдэгч С.У нь хохирогч П.Сгийн толгойн тус газар сандлаар цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан нь хохирогч П.С /хх-1-22-24/, сэжигтэнээр байцаагдсан Н.Тогтохбуян /хх-1-65-66/ нарын мэдүүлгээр тогтоогдсон байна.

       Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.У нь хохирогч П.Сгийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт үйлдэл нь танхайрах гэмт хэргийн шинжгүй тодорхой сэдэлттэй, хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн маргалдсанаас энэ гэмт хэрэг гарсан байх тул түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хөнгөрүүлэн өөрчилж 3 сарын баривчлах ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Улмаар шүүгдэгч С.У нь Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тул түүнд Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар буюу хөнгөн ялыг хүндэд нь багтааж ял шийтгэл оногдуулах үндэслэл болох ба анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан 3 сарын баривчлах ялыг багтааж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь үндэслэлтэй байна.

Анхан шатны  шүүх Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж шүүгдэгч С.Ут оногдуулсан хорих ялыг үндэслэлгүйгээр чангаруулан өөрчилсөн байх тул Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй болно. 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т зааснаар шүүгдэгч С.Уын анх удаа  гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан, хохирогч П.С нь гомдол саналгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.

Иймд энэ үндэслэлээр шүүгдэгч С.Уын “... ял хөнгөрүүлэх тухай” давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.4, 317 дугаар зүйлийн 317.1.2, 317.1.4, 319 дүгээр зүйлийн 319.1.4, 321 дүгээр зүйлийн 321.1.1, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “... бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан ...” гэснийг “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэж, 

         3 дугаар заалтын “... 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар ...” гэснийг “99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын баривчлах ялаар шийтгэсүгэй”  гэж,

        4 дүгээр заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын баривчлах ялыг буюу хөнгөн ялыг хүндэд нь багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай” гэж,  

       5 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ут оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй” гэж  тус тус өөрчилж, 

         8 дугаар заалтын “... үлдээж ...”  гэснийг” үлдээсүгэй” гэж өөрчилж “... шүүгдэгч С.Уын хорих ял эдлэх хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай” гэснийг хасч,

           10 дугаар заалтаас “...шүүгдэгч С.Ут авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ ... “ гэснийг хасч,

          9 дүгээр заалтад “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч С.Ут оногдуулсан 1 жилийн хорих ялыг  биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай” гэж шинээр нэмж, 9 дүгээр заалтыг 10, 10 дугаар заалтыг 11 гэж тус тус дугаарлан, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

         2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 300 дугаар зүйлийн 300.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Уыг шүүх хуралдааны танхимаас сулласугай. 

        3. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, цатгаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.   

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.САЙНТӨГС

                          ШҮҮГЧИД                                                     Г.ТЭГШСУУРЬ

                                                                                                Н.БАТЧИМЭГ