Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 69

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, Б.Баттулга нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга  Э.Бат-Оргил

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч С.Ууганбаяр, түүний өмгөөлөгч Т.Саранчимэг

Шүүгдэгч Ц.Хатанбаатар, түүний өмгөөлөгч Э.Мандахнаран

Хохирогч П.Саранхүү, түүний өмгөөлөгч Б.Батчимэг

Гэрч Б.Гомбо

Иргэдийн төлөөлөгч Д.Сэлэнгэ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Балин тойн овгийн Сайнбаярын Ууганбаяр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Цогт-Эрдэнийн Хатанбаатар нарт   холбогдох эрүүгийн 201608000029 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 18-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

1. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1994 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг эх 2 дүүгийн хамт Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг Төвийн 05 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай. Балин Тойн овогт Сайнбаярын Ууганбаяр, РД ЗК 94072115

2. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 1986 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, ковшийн оператор мэргэжилтэй, ам бүл 2 дүүгийн хамт Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг Шивээгийн 1-02 тоотод оршин суух хаягтай, Говьхангай өрөм ХХК-нд ковшийн оператор ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлийн хувьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010.05.10-ны өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2010.07.01-ний өдрийн 493 дугаартай магадлалаар 4 жилийн хорих ялыг чанга дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэгдсэн, ухаан  мэдрэл бүрэн, хэрэг хариуцах  чадвартай. Боржигон овогт Цогт-Эрдэнийн Хатанбаатар, РД ЕВ 86012119

 

Холбогдох хэргийн талаар

/Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар /

Яллагдагч С.Ууганбаяр нь Ц.Хатанбаатартай бүлэглэн, давтан үйлдлээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн  Шивээговь сумын 1 дүгээр баг 6 дугаар байрны 4-47 тоотод оршин суух П.Саранхүүгийн гэрт 2016 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө, мөн 02 дугаар сарын 22-ны өдөр бусдыг илтэд үл хүндэтгэн үл ялих зүйлээр шалтаглан П.Саранхүүд хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчин, түшлэгтэй модон сандлыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн бусдын биемахбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан, 2016 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө иргэн Ч.Амарсанаагийн өмчлөлийн байрны төмөр хаалга болон сандлыг санаатайгаар гэмтээсэн, устгасан байна.

Яллагдагч Ц.Хатанбаатар нь ялтай байх хугацаандаа, С.Ууганбаяртай бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн  Шивээговь сумын 1 дүгээр баг 6 дугаар байрны 4-47 тоотод оршин суух П.Саранхүүгийн гэрт 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр бусдыг илтэд үл хүндэтгэн ямар ч шалтаг шалтгаангүйгээр П.Саранхүүд хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчин, түүний биемахбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэг.  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоос, гэрчээс

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч С.Ууганбаярын 2016 оны 02 дугаар сарын 21-ний орой 3 найзтайгаа хамт орой 9 цагийн үед Саранхүүгийн гэрт орсон. Бид нар 2 шил архи уусан. Тэр архийг нь уучихаад би унтаад өгсөн. Унтаж байгаад шөнө 2 цагийн үед сэрээд куртик, гар утас хоёроос болоод би П.Саранхүүтэй маргалдсан. Бид хоёр маргалдаж байгаад сандал нь дээр унаад сандлыг нь эвдсэн. Бид хоёр тэр шөнөдөө цагдаа дээр очсон. Гэтэл цагдаа өглөө ирээд асуудлаа шийд гээд эхлээд Саранхүүг явуулаад, дараа нь намайг явуулсан. Би араас нь Саранхүүгийнд очоод куртикээ авах гээд хаалгыг нь тогштол хаалгаа нээж өгөхгүй байхаар нь хаалгыг нь 2 удаа өшиглөсөн. Тэгээд хажуу талын айлд нь ороод унтаад өгсөн. Маргааш өглөө нь би Саранхүү ахынд ороод иртэл Саранхүү ахын нүднийх нь доор халцарсан байсан. Гэтэл Саранхүү ах ахдаа нэг шил архи аваад өгчих гэхээр нь би байсан мөнгөөрөө нэг шил архи авч өгөөд цуг хувааж уугаад унтчихсан. Унтаж байгаад сэрсэн чинь Хатанбаатар ах 3-4 хүнтэй, нэг шил архитай орж ирсэн. Би тэр архийг нь аягалж өгсөн. Гэтэл Саранхүү ах архи уучихаад надтай маргалдах гээд байсан. Би тэр өдөр архи уугаагүй. Хатанбаатар ах яах гэж муудалцдаг юм бэ эв зүйгээ ол гэхэд би дуугүй сууж байсан. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдаж Саранхүү ах над руу дайрахад Хатанбаатар боль гэсэн. Тэгээд бид нар гараад явсан гэсэн мэдүүлэг.

 

1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Ц.Хатанбаатарын 2016 оны 02 дугаар сарын 22-ны орой 19 цагийн үед би 3 найзтайгаа Саранхүүгийн гэрт нь орсон. Тухайн үед намайг Саранхүүгийн гэрт ороход 4 хүн архи уугаад байж байсан. Саранхүүгийн нүд нь хөхөрсөн байсан. Би Саранхүүгээс нүд чинь яасан юм бэ гэж асуухад Саранхүү Ууганбаяр бид 2 шөнө маргалдсан гэж байсан. Би тэгээд та хоёр эвлэрсэн юм уу гэхэд Саранхүү эвлэрсэн гэж байсан. Гэтэл удалгүй Саранхүү архи уугаад халчихаад ах шигээ хүн зоддог овоо муу бацаан гээд Ууганбаяртай маргалдаад байсан. Би дундуур нь орж салгасан. Гэтэл Саранхүү дайраад байхаар нь би Саранхүүг нэг өшиглөөд, 2 удаа алгадчихаад гараад явсан  гэсэн мэдүүлэг.

 

1.3. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч П.Саранхүүгийн 2016 оны 02 дугаар сарын 21-нд Чойроос Шивээговь сум руу унаанд суугаад орой 10 цаг болж байхад Шивээговь суманд очсон. Намайг Шивээговь суманд очсоны дараа надтай хамт ажилладаг Гомбо над руу залгаад бид нар подболд архи ууж байгаад цагдаад баригдчихлаа, танайд очоод ганц шил архи уучихая гэсэн. Би маргааш ажилтай боломжгүй гэж хэлсэн.  Гэтэл очлоо шүү гээд байсан. Орой 22 цаг өнгөрч байхад Гомбо 2 найзтайгаа хамт 2 Улаанбаатарын 0,75 грамтай архи аваад ороод ирсэн. Удалгүй гаднаас 0,75 грамтай хоёр шил архи аваад 6, 7 хүн орж ирсэн. Тэдгээр хүмүүс их эмх замбараагүй байсан учир би та нар одоо боль гарцгаа гэж хэлсэн. Гэтэл чи чинь юун сүртэй юм бэ? гээд бүгд дайраад байсан. Удалгүй Хатанбаатар гаднаас ороод ирэхээр нь би Хатанбаатар чи энэ найзуудаа аваад яваач би маргааш ажилтай гэж хэлсэн. Хатанбаатар гэрт байсан хүмүүсийг бүгдийг нь аваад гарсан. Ууганбаяр паарны дэргэд тасраад унтчихсан байсан. Би Ууганбаярыг чи яваач ээ найзууд чинь бүгд гараад явчихлаа гэж хэлээд сэрээх гэтэл Ууганбаяр сэрэхгүй байсан. Гомбо манай нөгөө өрөөнд ороод тасраад унтаад өгсөн байсан. Гэтэл Ууганбаяр шөнө 2 цагийн үед сэрээд миний куртик хаана байна гээд байсан. Би куртик чинь тэр байна гэж хэлтэл утас хаана байна гэсэн. Би утсыг чинь яаж мэддэг юм бэ? чи бусдыгаа дагаад гарахад яадаг юм бэ гэтэл чи юун олон юм ярьдаг юм бэ гээд толгой руу сандлаас саваад авсан, би өндийх гэтэл үсдэж аваад хана мөргүүлсэн. Би доошоо тонгойгоод орны хөлнөөс зууртал миний хөлнөөс татаад ортой хамт чирсэн. Би орны хөлнөөс тавиад дээшээ өндийтөл нүүр рүү өшиглөсөн. Би аллаа гээд Гомбыг дуудсан. Гэтэл Тогтохбуян гарч ирээд чи чинь зүгээр байгаа хүн яагаад зодоод байгаа юм бэ? гэж хэлээд салгасан. Тэгэхээр нь би цагдаа дээр очъё гээд Ууганбаярыг дагуулаад цагдаа дээр очсон. Гэтэл жижүүр цагдаа гомдол саналтай бол маргааш эмнэлэгт үзүүчихээд ир гээд явуулсан. Би гэртээ ирээд хаалгаа түгжээд хэвтээд өгсөн. Гэтэл Ууганбаяр араас ирээд хаалга нүдээд өшиглөөд байсан. Би хаалгаа тавьж өгөөгүй. Өглөө бас хаалга нүдээд байхаар нь би гэртээ оруулсан. Өглөө гэрт орж ирэхээр нь би чи одоо яасан гэж шөнө намайг зодож байгаа юм бэ? гэж хэлсэн. Гэтэл чи юундаа гоншгоноод байгаа юм бэ? гээд байсан. Тэгснээ ахын гомдлыг тайлна гээд нэг шил архи ууя гээд байсан. Би архи уухгүй надад нэг улаан касс авчих гэж хэлсэн. Тухайн өдөр би орон дээрээ хэвтсэн байдалтай байсан. Гаднаас хүмүүс орж ирээд архи уусан байдалтай байсан   гэсэн мэдүүлэг.

 

1.4  Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн гэрч Д.Гомбын  2016 оны 02 дугаар сарын 21-ний шөнө Ууганбаяр, Саранхүү нар маргалдсан талаар мэдэхгүй. Тухайн үед би тасраад унтчихсан байсан. Өглөө нь би Саранхүүг сэрээх гэтэл Саранхүүгийн толгой нь жоохон цус болчихсон, зүүн нүд нь хавдсан, сандал эвдэрсэн, хаалганы хавтас нь хонхойсон байсан. Толгойн оройн нь хагарсан, нүд нь хөхөрсөн, цээж хөндүүр байна гэж байсан. Саранхүү надад хэлэхдээ Ууганбаяр намайг зодчихлоо гэсэн. Маргааш нь  Саранхүү бид нар 2 шил архийг 4-5-уулаа хуваагаад уусан. Саранхүү Ууганбаяр руу ах шигээ хүн зодлоо гээд дайраад байхаар нь Хатанбаатар ах Ууганбаярыг авч гарах гэж байсан. Гэтэл Саранхүү араас нь дайраад босоод ирэхээр Хатанбаатар Саранхүүг өшиглөөд авсан. Саранхүү Ууганбаярыг чи муу бацаан намайг урьд шөнө зодсон, одоо үзчихье гээд байсан гэсэн мэдүүлэг.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 181.3 дахь хэсэгт заасан  гэмт хэргүүдийн талаар нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

 

2.1. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч П.Саранхүүгийн...Тэгээд намайг хувцас хаана байна гэхээр нь хувцас чинь тэр байна гэсэн чинь миний гар утас хаана байна гэхээр нь чамайг утастай байсан үгүйг би яаж мэддэг юм бэ гэсэн чинь юу гээд олон юм яриад байгаа юм гээд нүүр лүү цохиод авахаар нь чи одоо яаж байгаа юм бэ? яагаад зүгээр байхад хүн цохиод байгаа юм гэсэн чинь Ууганбаяр чи юу гээд байгаа юм бэ гээд гэрт байсан түшлэгтэй сандал аваад толгой нуруу луу  цохиод эхэлсэн. Би өндийхөөр л  нүүр лүү цохичих гээд байсан. Тэгээд би чи яагаад хүн зүгээр байхад зодож байгаа юм яасан овилгогүй бацаан бэ гэсэн чинь өшиглөөд л өндийхөөр үсдэж байгаад хана мөргүүлээд байсан. ...Хатнаа одоо ах нь чамд хүн яаж сорвигүй зоддогийг үзүүлье гээд намайг бос пиздаа минь гэж өшиглөж босгоод номхон зогс чи муу юун бааштай юм гээд элэгдээд тонгойхоор номхон зогссонгүй гээд гуя руу гараараа цохиод байсан. Тэгээд намайг тонгойхоор Ууганаа чамайг номхон зогс гээд байгаа юм биш үү? гээд элэгдээд авсан. Толгой хагарсан болон нүд хөхөрсөн гэмтлүүдийг Ууганбаяр учруулсан. Чихний болон гуянд учирсан зөөлөн эдийг гэмтлүүдийг Хатанбаатар учруулсан, ...Хатанбаатар намайг зодож байхад номхон зогс гээд байгаа юм биш үү гээд Ууганбаяр миний элэг рүү нэг удаа гараараа цохьсон. Миний эмчилгээний 80.000 төгрөгийг өгөөгүй. Би мөн өмгөөлөгч авсан 500.000 төгрөгөө нэхэмжилнэ. Нийт 580.000 төгрөг Ууганбаяр, Хатанбаатар нараас нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 22-23-р хуудас, 139-140-р хуудас/  

              2.2. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Ч.Амарсанаагийн ...би тооцоогоо хийхээр очсон чинь манай байрны хаалгыг эвдээд засаж янзлахын аргагүй болгочихсон байсан. Бас гэрт байсан модон сандал эвдчихсэн ханан дээгүүр цус болчихсон байхаар нь юу болсон талаар нь асуусан чинь гэрт нь хүмүүс архи ууж байгаад зодоод ингэсэн гэж надад хэлсэн.  Хаалгаа шинээр нь аваад суулгахад 500.000 таван зуун мянга/, сандлаа 50.000 /тавин мянга/, хананы обой авах мөнгө ажлын зардалтайгаа нийлээд 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг болно. Би гомдолтой байна гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 28-29-р хуудсанд/

2.3. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Б.Зоригтбаатарын..маргааш орой нь 17 цаг өнгөрч байхад Хатанбаатар, Ангараг, Батбаяр бид 4 нэг шил 0,75 литрийн Ерөөл нэртэй архи аваад өчигдөрийн уусан хэд эндээ байгаа байх гээд Саранхүүгийн хаалгыг тогшсон чинь Саранхүү хаалгаа нээхээр нь танай ороод ганц юм уучихья гэсэн чинь тэг тэг гээд бид нарыг оруулсан. ...Тэгсэн чинь Саранхүү Ууганаад зодуулчихсан гэчихсэн байж байсан. Тухайн үед Саранхүүгийн хоёр нүд хөхөрчихсөн, толгой нь хагарчихсан гэж байсан гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 31-р хуудсанд/

 

 2.4. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Д.Ариунаагийн ...Маргааш орой нь Саранхүүгийнд урьд шөнө архи дарс болоод та хэд унтуулсангүй гэж хэлэхээр ороход Саранхүүгийнд Ууганбаяр, Хатанбаатар хоёр байсан. Саранхүүгийн нүүр цус болсон мөн түшлэгтэй модон сандал эвдэрсэн, ханын обой нь цус болсон байсан. Саранхүү өөрөө Ууганбаяр урд шөнө намайг зодоод сандал эвдэлсэн, обой цус болгосон гээд зааж байсан. Ууганбаяр дуугүй хоол идээд сууж байсан гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 40-41-р хуудсанд/

2.5. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Д.Гомбын...Хаалга нь доогуураа дотогш хонхойсон, гадна хавтас нь дунд хэсэг хүртлээ хууларсан байсан. Урд өдөр нь Саранхүүгийн гэрт ороход хаалга зүгээр байсан. Маргааш өглөө босоход эвдэрсэн байсан. Ууганбаяр шөнө хаалга нүдэж байгаад эвдэлсэн гэж Саранхүү хэлж байсан. Сандлын хувьд урд нь орой нь зүгээр байсан. Маргааш өглөө нь босоод ирэхэд түшлэгтэй модон сандлынх нь урд талын нэг хөл хугараад салаад унасан байсан гэсэн мэдүүлэг.

 

2.6. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн шинжээч Л.Жаргалтогтохын Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.02.24-ний өдрийн 74 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд

...П.Саранхүүгийн биед  толгойн оройд няцарсан шарх, баруун чамархайд, баруун нүдний  дээд доод зовхинд, баруун чихний ард, урд хэсгээр, баруун чихний дэлбэгээр цус хуралтууд, нуруунд, зүүн далны дээд хэсгээр, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл учиржээ.

Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саниулах тул гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт. /ХХ-ийн 78-р хуудсанд/

1. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.04.22-ны өдрийн 007/039 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд

...Шинжилгээнд хүргүүлж байгаа түшлэгтэй бор шаргал өнгийн модон сандалны тавцангийн баруун доод түшлэг орчим эвдрэл учирсан байна. Уг эвдрэл нь физик хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Савах, цохих, дээрээс нь унах үед уг сандалд эвдрэл үүсэх боломжтой гэсэн дүгнэлт. /ХХ-ийн 91-93-р хуудсанд/

2. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.04.25-ны өдрийн 007/040 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд

- Хохирогч П.Саранхүүгийн амьдарч байсан Шивээговь сумын 1 дүгээр баг 6-4-47 тоот байрны гадна талын хаалганд эвдрэл учирсан байна. Гадны механик хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

  • Хаалганд учирсан гэмтэл гадна талаас цохих үед үүсэх боломжтой гэсэн дүгнэлт. /ХХ-ийн 95-96-р хуудсанд/

Гурав. Шүүхийн хэлэлцүүллэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд

3.1. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Эрүүгийн хэрэг үүсгэж байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол, Эрүүгийн хэрэг үүсгэж байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол, хэрэг учралын газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1, 2, 3, 14-19, 20-21, 162-163 дугаар хуудас/

 

3.2. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 148 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 493 тоот Магадлал, Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 186 тоот Хугацаанаас өмнө тэнсэн суллах тухай шүүрчийн захирамж, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 109-111,  117-120, 121, дугаар хуудас/,

 

3.3 Үнэ тогттох комиссын шийдвэр /хх-ийн 84 дүгээр хуудас/,

 

3.4. Говь хангай өрөм ХХК-ний 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 36/16 тоот тодорхойлт, сургалтын төвийн гэрчилгээ, өргөмжлжлүүдЭд зүйл таньж олуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 148-159 дугаар хуудас/ зэрэг болно.

 

          Говьсүмбэр Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Ууганбаярыг бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр танхайрах гэмт хэрэг үйлдсэнийг, сандлыг устгасан гэмтээсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь

улсын яллагч яллах дүгнэлтэдээ С.Ууганбаяр нь Ц.Хатанбаатартай бүлэглэн, давтан үйлдлээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн  Шивээговь сумын 1 дүгээр баг 6 дугаар байрны 4-47 тоотод оршин суух П.Саранхүүгийн гэрт 2016 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө, мөн 02 дугаар сарын 22-ны өдөр бусдыг илтэд үл хүндэтгэн үл ялих зүйлээр шалтаглан П.Саранхүүд хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчин, түшлэгтэй модон сандлыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан, 2016 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө иргэн Ч.Амарсанаагийн өмчлөлийн байрны төмөр хаалга болон сандлыг санаатайгаар гэмтээсэн, устгасан гэж ялласан байна.

Харин шүүх хуралдаанд шүүгдэгч С.Ууганбаяр нь согтуугаар, 2016 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө үл ялих зүйлээр шалтаглан, П.Саранхүүд хүч хэрэглэж, сандлыг зэвсгийн чанартай хэрэглэн, түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан,

Мөн 2016 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө иргэн Ч.Амарсанаагийн өмчлөлийн байрны төмөр хаалга болон сандлыг санаатайгаар гэмтээсэн, устгасан,

Мөн шүүгдэгч С.Ууганбаяр нь Хатанбаатартай бүлэглэж, согтуугаар, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг 6 дугаар байрны 4-47 тоотод үл ялих зүйлээр шалтаглаж, бусдыг илтэд үл хүндэтгэн, П.Саранхүүд хүч хэрэглэн, догшин авирлаж танхайрсан,

Мөн шүүгдэгч Ц.Хатанбаатар нь С.Ууганбаяртай бүлэглэж, согтуугаар, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг 6 дугаар байрны 4-47 тоотод үл ялих зүйлээр шалтаглаж, бусдыг илтэд үл хүндэтгэн, П.Саранхүүд хүч хэрэглэн, догшин авирлаж танхайрсан болох нь хавтаст хэргээс улсын яллагчийн хэлэлцүүлсэн нотлох баримт болон түүний санал, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн талуудын тайлбар зэргээр зөвтгөж, шүүгдэгч нарын эрх зүйн байдал нь дээрдсэн нөхцөл байдал үүсч байх тул шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин шүүгдэгч С.Ууганбаяр нь танхайрах явцдаа сандлыг зэвсгийн чанартай хэрэглэсний улмаас бусдын бие махбодид хөнгөн гэмтэл, эд хөрөнгөд (сандал) хохирол учруулсан тул сандлыг гэмтээсэн, устгасан гэх үйлдлийг,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Хатанбаатарыг С.Ууганбаяртай бүлэглэж, согтуугаар,

Мөн шүүгдэгч С.Ууганбаярыг Хатанбаатартай бүлэглэж, согтуугаар, давтан үйлдлээр, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг 6 дугаар байрны 4-47 тоотод үл ялих зүйлээр шалтаглаж, бусдыг илтэд үл хүндэтгэн, П.Саранхүүд хүч хэрэглэн, догшин авирлаж танхайрсан гэх үйлдлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Учир нь шүүгдэгч С.Ууганбаяр, Ц.Хатанбаатар нар нь 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Д.Саранхүүг зодсон талаар хохирогч П.Саранхүү нь мөрдөн байцаалтын шатанд ...Хатнаа, Ууганаа, Гомбоо бид хэд үлдсэн..., ...Хатнаа одоо ах нь чамд хүн яаж сорвигүй зоддогийг үзүүлье гээд намайг бос пиздаа минь гэж өшиглөж босгоод номхон зогс чи муу юун бааштай юм гээд элэгдээд тонгойхоор номхон зогссонгүй гээд гуя руу гараараа цохиод..., ...Тэгээд намайг тонгойхоор Ууганаа чамайг номхон зогс гээд байгаа юм биш үү гээд элэгдээд авсан..., ...тэр үед Гомбо нөгөө өрөөнөөс орж ирээд намайг миний хөгшөөн номхон зогсчих л доо тэгэхгүй бол наад хоёр чинь чамайг ална ш дээ гээд байсан..., ...Толгой хагарсан болон нүд хөхөрсөн гэмтлүүдийг Ууганбаяр учруулсан. Чихний болон гуянд учирсан зөөлөн эдийг гэмтлүүдийг Хатанбаатар учруулсан... /хх-ийн 23-р хуудас/ гэх мэдүүлдэг боловч гэрч С.Гомбо мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт ...Саранхүү Ууганбаяртай муудалцаад чи намайг өчигдөр орой зодсон одоо хоёулаа үзэх үү гэх зэргээр муудалцах гээд байсан. Хатанбаатар тэр хоёрыг боль та хоёр учир зүйгээ олсон биз дэ гэсэн. Тэгсэн Саранхүү Хатанбаатар луу чи одоо яах гээд байгаа юм бэ гээд дайрсан чинь Хатанбаатар 1 удаа хацар луу нь алгадаад шилбэ рүү нь өшиглөсөн миний санаж байгаагаар 1-2 удаа өшиглөсөн. Саранхүү, Хатанбаатар нарын хооронд болсон асуудал 1-2 минут болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 140-р хуудас/, гэрч Д.Ариунаагийн ...маргааш орой нь Саранхүүгийнд урд шөнө архи дарс болоод та хэд унтуулсангүй гэж хэлэхээр ороход Саранхүүгийнд Ууганбаяр, Хатанбаатар хоёр байсан. Саранхүүгийн нүүр цус болсон мөн түшлэгтэй модон сандал эвдэрсэн, ханын обой нь цус болсон байсан... Хатанбаатар, Ууганбаяр нар байсан. Мөн Гомбо нилээн согтсон байгаа харагдсан. Ууганбаяр, Хатанбаатар нар архи дарс уугаагүй шинжтэй харагдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/, шинжээч Л.Жаргалтогтохын мөрдөн байцаалтын шатанд ...Толгойн оройд учирсан няцарсан шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн баруун чамархай, баруун нүдний дээд доод зовхины цус хуралт гэмтлүүд нь мөн дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун чих орчимын болон дэлбэнгийн цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй юм...” гэх мэдүүлдэг /хх-ийн 79-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ууганбаяр, Ц.Хатанбаатар нарт ашигтайгаар шийдвэрлэж, бүлэглэн давтан үйлдлээр догшин авирлаж, танхайрсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосон болно.

 

Иймд шүүх шүүгдэгч С.Ууганбаярыг согтуугаар, 2016 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг, 6 дугаар байр, 4-47 тоотод үл ялих зүйлээр шалтаглаж, бусдыг илтэд үл хүндэтгэн, П.Саранхүүд хүч хэрэглэн, сандлыг зэвсгийн чанартай хэрэглэж, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг,

Мөн 2016 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө иргэн Ч.Амарсанаагийн өмчлөлийн байрны төмөр хаалгыг санаатайгаар гэмтээсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь

          Хохирогч П.Саранхүүгийн мөрдөн байцаалтын шатанд  ...Тэгээд намайг хувцас хаана байна гэхээр нь хувцас чинь тэр байна гэсэн чинь миний гар утас хаана байна гэхээр нь чамайг утастай байсан үгүйг би яаж мэддэг юм бэ гэсэн чинь юу гээд олон юм яриад байгаа юм гээд нүүр лүү цохиод авахаар нь чи одоо яаж байгаа юм бэ? яагаад зүгээр байхад хүн цохиод байгаа юм гэсэн чинь Ууганбаяр чи юу гээд байгаа юм бэ? гээд гэрт байсан түшлэгтэй сандал аваад толгой нуруу луу  цохиод эхэлсэн. Би өндийхөөр л  нүүр лүү цохичих гээд байсан. Тэгээд би чи яагаад хүн зүгээр байхад зодож байгаа юм яасан овилгогүй бацаан бэ гэсэн чинь өшиглөөд л өндийхөөр үсдэж байгаад хана мөргүүлээд байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

          Хохирогч Ч.Амарсанаагийн ..би тооцоогоо хийхээр очсон чинь манай байрны хаалгыг эвдээд засаж янзлахын аргагүй болгочихсон байсан. Бас гэрт байсан модон сандал эвдчихсэн ханан дээгүүр цус болчихсон байсан… гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,  

          Гэрч Б.Зоригтбаатарын ...Саранхүү хаалгаа нээхээр нь танай ороод ганц юм уучихья гэсэн чинь тэг тэг гээд бид нарыг оруулсан. ...Тэгсэн чинь Саранхүү Ууганаад зодуулчихсан гэчихсэн байж байсан.  гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/

          Гэрч Д.Ариунаагийн...Тухайн шөнө /би сар өдрийг нь санахгүй байна/ манай хажуу талын голын хаалгыг чанга нүдээд байсан. Тэгээд манай хаалгыг зөөлхөн нүдэхээр нь хаалга тайлсан чинь Ууганбаяр цээж нүцгэн цэнхэр жинсэн өмдтэй зогсож байсан... ...Маргааш орой нь Саранхүүгийнд урьд шөнө архи дарс болоод та хэд унтуулсангүй гэж хэлэхээр ороход Саранхүүгийнд Ууганбаяр, Хатанбаатар хоёр байсан. Саранхүүгийн нүүр цус болсон мөн түшлэгтэй модон сандал эвдэрсэн, ханын обой нь цус болсон байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/

          Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.02.24-ний өдрийн 74 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд...П.Саранхүүгийн биед  толгойн оройд няцарсан шарх, баруун чамархайд, баруун нүдний  дээд доод зовхинд, баруун чихний ард, урд хэсгээр, баруун чихний дэлбэгээр цус хуралтууд, нуруунд, зүүн далны дээд хэсгээр, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл учиржээ. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саниулах тул гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт./хх-ийн 78-р хуудас/

          Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.04.22-ны өдрийн 007/039 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд...Шинжилгээнд хүргүүлж байгаа түшлэгтэй бор шаргал өнгийн модон сандалны тавцангийн баруун доод түшлэг орчим эвдрэл учирсан байна. Уг эвдрэл нь физик хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Савах, цохих, дээрээс нь унах үед уг сандалд эвдрэл үүсэх боломжтой гэсэн дүгнэлт /хх-ийн 91-р хуудас/  

          Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.04.25-ны өдрийн 007/040 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд Хохирогч П.Саранхүүгийн амьдарч байсан Шивээговь сумын 1 дүгээр баг 6-4-47 тоот байрны гадна талын хаалганд эвдрэл учирсан байна. Гадны механик хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хаалганд учирсан гэмтэл гадна талаас цохих үед үүсэх боломжтой гэсэн дүгнэлт /хх-ийн 95-р хуудас/

          Гэрч Д.Гомбын..Хаалга нь доогуураа дотогш хонхойсон, гадна хавтас нь дунд хэсэг хүртлээ хууларсан байсан. Урд өдөр нь Саранхүүгийн гэрт ороход хаалга зүгээр байсан. Маргааш өглөө босоход эвдэрсэн байсан. Ууганбаяр шөнө хаалга нүдэж байгаад эвдэлсэн гэж Саранхүү хэлж байсан. Сандлын хувьд урд нь орой нь зүгээр байсан. Маргааш өглөө нь босоод ирэхэд түшлэгтэй модон сандлынх нь урд талын нэг хөл хугараад салаад унасан байсан гэсэн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх шүүгдэгч С.Ууганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байна гэж дүгнэн, түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нь тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

          Шүүгдэгч С.Ууганбаярын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг зэргийг харгалзан оногдуулсан хорих ялын дэглэмийг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч С.Ууганбаяр нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч П.Саранхүү нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Хэрэгт иргэний бичиг баримт ирээгүйг, шүүгдэгч С.Ууганбаяр нь цагдан хоригдсон хоноггүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн түшлэгтэй баруун урд талын хөл нь хугарч салсан сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283., 284., 286., 288, 290 дүгээр зүйлийн

290.3., 295-297., 298., 299 дүгээр зүйлүүдэд заасныг

тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1. Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Балин тойн овогт Сайнбаярын Ууганбаярыг бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр танхайрах гэмт хэрэг үйлдсэнийг, сандлыг устгасан гэмтээсэн үйлдлийг, шүүгдэгч Ц.Хатанбаатарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Балин тойн овгийн Сайнбаярын Ууганбаярыг бусдын эд зүйлийг санаатайгаар устгаж гэмтээсэн, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч Балин тойн овгийн Сайнбаярын Ууганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Ууганбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг буюу хөнгөн ялыг хүндэд нь багтааж түүний биечлэн эдлэх ялыг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай. 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ууганбаярт оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

6.  Шүүгдэгч С.Ууганбаяр нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн баруун урд талын хөл нь хугарсан сандлыг Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Хатанбаатарт урьд авсан Батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Ууганбаярын хорих ял эдлэх хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Ууганбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ц.Хатанбаатарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

        

                              ДАРГАЛАГЧ                                         Т.ЭНХМАНДАХ

                                  ШҮҮГЧИД                                         Ш.ГАНДАНСҮРЭН

                                                                                            Б.БАТТУЛГА