Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 214/МА2023/00015

 

Э.А*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 132/ШШ2023/00156 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Э.А*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.М*******т холбогдох

3 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Ж.М*******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: “09-10 ОРХ улсын дугаартай, “sonata-6” маркийн авто машиныг 6 000 000 төгрөгөөр тохиролцож, 3 000 000 төгрөгийг бэлнээр авсан бөгөөд үлдэгдэл 3 000 000 төгрөгийг Ж.М*******ээс гаргуулна. Машин зарах гэж байхад Ж.М******* өдөржин шөнөжин гүйдэг байсан. 3 000 000 төгрөгийг өгье үлдсэнийг нь зөгийн балаар өгье гэж ярьсан. Машин авснаас хойш Ж.М******* манайх руу ирэхээ больсон. ...Сая урд талын хурал дээр муу машин байсан гэж ярьсан. Тэрэнд би их гомдсон. Би хуучин машин авч үзээгүй. Надтай хамаатан гэж байгаа ямар ч хамаагүй хүн. Одоо  3 000 000 төгрөгөө авмаар байна” гэжээ.

 

2. Хариуцагч Ж.М******* шүүх хуралдаанд тайлбарлахаа: “Би Хангал суманд зөгийн аж ахуй эрхэлдэг бөгөөд 3-4 жил болж байна. Анх Э*******аас sonata 6 маркийн авто машиныг 2019 онд авсан. Тухайн үед үнийг 6 000 000 төгрөг гэж хэлээгүй. Чамд хямдхан өгнө гэж байсан. Зөгий маллахаар хамтарч ажиллая гэж тохирсон. 2 бүл зөгий өгсөн. Өвөл зооринд хийсэн боловч үхсэн гарч ирсэн. Би одоогоор тодорхой эрхэлсэн ажил, орлогогүй тохирсон үнэд зөгийн бал өгье гэж хэлсэн. Одоо би 1 500 000 төгрөгт 8 дугаар сард зөгийн бал 1 литрийг 30 000 төгрөгөөр бодож өгөх боломжтой байна” гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.М*******ээс 3 000 000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.А*******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 /жаран хоёр мянга ёсөн зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 62,950 /жаран хоёр мянга ёсөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Ж.М******* давж заалдсан гомдолдоо: “...Бид хоёр анхнаасаа машины үнийг тохиролцоогүй. Ах нь дүү нартаа хямдхан өгнө л гэж байсан. Бэлэн мөнгөөр 3 сая төгрөг авсан. Дээр нь хоёр бүл зөгий авч хайрцаг дээр нь тэмдэглүүлсэн. Х.Э******* нь бусдад машинаа 4 саяд зарж байгаа гэж юм байна гэж ойлгож байсан. Хамаатан садан учир 1 500 000 төгрөгөөр тооцож 2 бүл зөгий өгсөн. 1 бүл зөгийний зах зээлийн үнэ 900 000 төгрөг байсан. Тухайн үед ах нь хадгалах газаргүй байж байг гээд зооринд минь хийлгэсэн. Тиймээс би гарсан эрсдэлийг нь хариуцах ёсгүй гэж бодож байна. Тухайн үед нэхэмжлэгч нь эхнэрийн хамт 2 бүл зөгийнөөсөө 10 литр бал хурааж авсан. Хэн нэгэн дэлгүүрээс талх худалдаж аваад манайх хадгалах хөргөгчгүй танайх хадгалж бай гээд дараа нь хатчихсан, муудчихсан гэж буцаадаггүй. Иймээс өөрсдийн сайн дураар үлдээсэн гэдэг нь тодорхой байна. Гэтэл шүүгч хэт нэг талыг баримталсан шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Анхнаасаа дээр нь мөнгө нэмж өгнө гэж бид тохиролцоогүй. Харин ч 10 литрийн саваар 2 удаа, 1.5 литрийн саваар 3 удаа 24.5литрийг 35 000 төгрөг, нийт 857 500 төгрөг, үүн дээр 850 граммын шилээр 3 удаа, 90 000 төгрөг, 850 граммын шилээр 4 удаа 100 000 төгрөгөөр тус тус тохиролцож бал авсан. Нийт үнийн дүн 1 047 000 төгрөгийн зөгийн бал өгсөн. Иймээс бидний дунд мөнгөний өгөө, аваа үлдээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьсан, хууль ёсны бус шийдвэр тул дахин хэлэлцүүлж өгнө үү” гэв.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2 машин зарах гэж байсан. Тэгээд Ж.М*******т машинаа 6 500 000 төгрөгөөс яриад 6 000 000 төгрөгөөр авбал ав гэж хэлсэн. Гэтэл надад 3 000 000 төгрөг бэлнээр нь өгье. Үлдсэн мөнгөнд нь зөгийн бал өгье гэж хэлсэн. Манай эхнэр 2010 онд хорт хавдар туссан. Тэгээд агаарт гарангаа ирж, очиж байя. Энэ хороонд зөгийн бал өгье гэж тохирсон. Ингээд 6 000 000 төгрөгөөр машина зарахаар тохирсон. 3 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Хариуцагч өглөө болгон манай гэрт ирдэг байсан. Байнга утсаар яриад манайд загас, сүү, зөгийн бал авч ирээд ахаа, эгчээ гээд сүрхий холбоотой байсан. Хөгшин бид хоёр хуурай дүү нартай боллоо гээд баярлаж, манай гэрт ирэхэд нь дайлаад л явуулдаг байсан. Харин машин авсанаасаа хойш буюу машин авсаны маргаашнаас зугтаагаад алга болсон. Очиж уулзахаар мөнгө өгнө гэдэг байсан. Бид хоёрыг хуурсан. Илүү мөнгө авах гээгүй. Энэ хоёрын хооронд би бараг 10 удаа явсан. Нааш цаашаа явсан шатахууны зардлаа гаргуулахгүй. Надад тийм сэтгэл байхгүй. Энэ хүн машин авахдаа сайхан аашилсан. Харин мөнгөө өгөх болсон чинь муу машин байсан гэж хэлсэн. Энэ хүн машинаараа их мөнгө олсон. Шарын гол явж алт ухсан, Дорноговь аймаг явж ямаа самнасан гэж байсан. Энэ хүн уг нь ажилд маш сайн. Суусан газраасаа шороо атгадаг хүн. Хөгшин бид хоёр хүнээс юм салгах гэж муу санаалж явдаггүй” гэв.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “...09-10 ОРХ улсын дугаартай, “sonata-6” маркийн авто машиныг 6 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, 3 000 000 төгрөгийг бэлнээр авсан, одоо үлдэгдэл 3 000 000 төгрөгийг гаргуулна.” гэж,

2а. Хариуцагч “...Тухайн үед машины үнийг 6 000 000 төгрөг гэж хэлээгүй. Хямдхан өгнө гэж байсан ба зөгий маллахаар хамтарч ажиллая гэж тохирсон тул 3 000 000 төгрөгийг бэлнээр үлдэгдэл төлбөрт 5 бүл зөгий өгөхөөр тохирч 2 бүл зөгий өгсөн. Өвөл зооринд хийсэн боловч үхсэн гарч ирсэн. Одоогоор тодорхой эрхэлсэн ажил, орлогогүй 1 500 000 төгрөгт 8 дугаар сард зөгийн бал 1 литрийг 30 000 төгрөгөөр бодож өгөх боломжтой” гэж талууд маргасан.

2б. Нэхэмжлэгч Э.А******* нь Ж.М*******т холбогдох машины үлдэгдэл төлбөр 3 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчийг бүрэн төлөөлөх эрхийг 3 жилийн хугацаатай олгосны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э******* нэхэмжлэгчийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зөрчөөгүй.

3. Анхан шатны шүүх зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хариуцагч Ж.М******* худалдан авсан эд зүйлийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан боловч үнийг бүрэн төлөөгүй тул гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

3а. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан автомашин худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд гэрээ хүчин төгөлдөр эсэхэд хэн аль нь маргаагүй, автомашины үнийн талаар маргаж байгаа гэж анхан шатны шүүх зөв тайлбарлан дүгнэсэн байна.

3б. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

4. Талууд автомашиныг 6 000 000 төгрөг гэж тохиролцсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Тухайлбал: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...бэлнээр 3 000 000 төгрөг авсан, үлдэгдэл төлбөрт 5 бүл зөгий өгье гэж тохирсон. 2 бүл зөгий зааж өгсөн. Тэр нь өвчтэй байсан. Зөгийн бал гараагүй. Варианы шилээр 2 хуруу бал гарсан. Манайд 3 литрийн савтай зөгийн бал авчирч ирж өгч байсан...” гэх мэдүүлэг, хариуцагчийн “...2 бүл зөгий өгсөн. Өвөл зооринд хийсэн боловч үхсэн гарч ирсэн. ...5 бүл зөгий өгье гэж байсан боловч тэр үед болохгүй байсан...” гэх мэдүүлгээр талуудын хооронд автомашиныг 6 000 000 төгрөгөөр тохиролцож, бэлнээр 3 000 000 төгрөг, үлдэх төлбөрт 5 бүл зөгий авахаар тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна. /хх 29-30/

5. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

6. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ.” гэж заасан тул 2 бүл зөгийг худалдан авагчид шилжүүлснээр эрсдэл түүнд шилжих ёстой гэсэн хариуцагч Ж. М*******ийн гомдол үндэслэл бүхий байна.  

7. Хариуцагч Ж.М******* автомашины үнийг 6 000 000 төгрөг гэж тохиролцоогүй гэх тайлбараа нотлоогүй бөгөөд зохигчдын дээрх тайлбараар няцаагдаж байгаа байдал, мөн хичнээн төгрөгийн хэдэн литр зөгийн бал өгсөн талаар шүүхэд баримт ирүүлээгүй байх тул түүнийг үлдэгдэл төлбөрийн үүргийг бүрэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй, үүргээс чөлөөлөх боломжгүй юм. Харин талуудын 2 бүл зөгий өгсөн. Зооринд хийгээд үхсэн гарч ирсэн гэсэн тайлбараас хариуцагчийг 3 000 000 төгрөг бэлнээр болон 1 200 000 төгрөгийн үнэ бүхий 2 бүл зөгий /1 бүл зөгий 600 000 төгрөгөөр тооцож/ өгсөн тул үүргийг 4 200 000 төгрөгийн хэмжээгээр гүйцэтгэсэн гэж үзнэ.    

8. Дээрхи үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 1 800 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 200 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, холбогдох улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг хуульд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 132/ШШ2023/00156 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 247 дугаар зүйлийн 247.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.М*******ээс 1 800 000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.А*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 200 000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг ...нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62 950 /жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 43 750 /дөчин гурван мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.А*******т олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Ж.М*******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 62 950 /жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Д.АЗЖАРГАЛ

 

 

                                            ШҮҮГЧИД                               Л.ЭРДЭНЭБАТ

 

                                                                                     

                                                                                          Л.АРИУНЦЭЦЭГ