Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 214/МА2023/00020

 

 

Н.А*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 132/ШШ2023/00187 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.А*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.М*******од холбогдох,

2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 92 удаагийн шилжүүлгээр нийт 11 270 000 төгрөг, бэлнээр өгсөн 6 000 000 төгрөг, машин авахад төлсөн 2 250 000 төгрөг, нийт 19 280 000 төгрөг гаргуулах, хувийн хөрөнгө болох угаалгын машин 2 ширхэг, тахилын зүйлс болох чонын арьс 2 ширхэг, үнэгний арьс 2 ширхэг, тахилгын ширээ 1 ширхэг, тахилгын мөнгөн аяга 10 ширхэг, 43 инчийн зурагт 1 ширхэг, морин хуур 1 ширхэг, охин Д.И*******ий унадаг дугуй 3 ширхэг, хүү М.М*******ийн унадаг дугуй 1 ширхэг, бид нарын өмсөж байсан хувцас зэрэг, мөн 7 тооны адууг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжавын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Г.М*******, хариуцагчийн өмгөөлөгч Н.Мандах /цахим/, Э.Нарангарав /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Н.А*******ын нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Н.А******* би 2013 оны сүүлээр Г.М*******той танилцаж хамтран амьдарч улмаар 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүү М.М******* төрсөн. Бид хоёрын хувьд гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд Г.М******* бид нар Булган аймагт амьдарч байсан сүүлдээ би 2017 оны сүүлээр Орхон аймаг руу ирж ажилладаг болсноор тус тусдаа амьдрах эхлэл тавигдсан. Би Орхон аймагт амьдарч байгаад Г.М*******ыг Булган аймагт өөр эхнэр хүүхэдтэй болсон гэж 2021 оны 8 дугаар сард сонссон юм, надад тэр хүүхний найз Д******* гэдэг хүн ирээд танай нөхөр М******* чинь манай найз хүүхэнтэй яваад байна, таныг хуурч танаас зөвхөн мөнгө төгрөг авах зорилготой өнөөдрийг хүртэл амьдарч байгаа гэж хэлснээс хойш би Г.М*******ыг эхнэртэй болсон гэж мэдсэн. Г.М*******од би 2020 оны 01 дүгээр сарын 5-наас 2022 оны 02 сарын 20-ны өдөр хүртэл 95 удаагийн шилжүүлгээр нийтдээ 11,270,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Г.М******* нь надаас 2021 оны 8 дугаар сарын 01-нээс 22-н хүртэл 6,000,000 төгрөгийг бэлнээр цувуулж авсан ба тухайн үед Г.М******* ломбарданд мөнгө хэрэгтэй байна би чамд 4 хувийн хүүтэй буцааж өгнө гэж хэлсэн боловч ганц удаа 240,000 төгрөгийг 2021 оны 9 дүгээр сарын 22-нд хийсэн өөр мөнгө өгөөгүй юм. Ер нь бол Г.М******* ломбарданд мөнгө хэрэгтэй байна гээд надаас мөнгө төгрөг их авсан боловч тэр бүрийг би нэхэмжлэхгүй гэж бодож байна. Мөн би Г.М*******од 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдөр машин авмаар байна гээд байхаар нь Б.О*******эс 15,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлж аваад өгсөн ба би Б.О*******д хүүнд 2,250,000 төгрөг, үндсэн 15,000,000 төгрөгийг нэмээд нийтдээ 17,500,000 төгрөг төлсөн. Г.М*******оос би энэ машинаа 2021 оны 11 сард буцаагаад авсан ба тухайн үед машиныг маш их муутгаж, эвдрэл ихтэй болгосон байсан. Г.М*******оос хүүнд төлсөн 2,250,000 төгрөг гаргуулж авмаар байна. Мөн би Г.М*******той хамтран амьдарч байхдаа өөрийнхөө мөнгөөр худалдаж авсан угаалгын машин 2 ширхэг, тахилын зүйлс болох 2 чонын арьс, 2 үнэгний арьс, тахилын ширээ, тахилын 10 ширхэг мөнгөн аяга, 43 инчийн зурагт, морин хуур, охин Д.И*******ий 3 ширхэг унадаг дугуй, хүү М.М*******ийн 1 ширхэг дугуй, миний болон 2 хүүхдийн хувцас зэрэг зүйлсээ буцааж авмаар байна. Би эдгээр зүйлсээ авах гэхээр Г.М******* өгөхгүй гээд байгаа учир шүүхээр гаргуулж авмаар байна.

Мөн миний ламын уншлага номны барьц гэж хүмүүс бэлгэнд өгсөн 4 морь, би өөрөө 3 морь худалдаж авсан нийт 7 морь Г.М*******од байгаа түүнийгээ авна. Би Б******* ахаас 2015 оны үед сартай дөш тамгатай хар зүстэй даага, охин даага нийт 2 даага авсан ба одоо хар даага нь азарга болсон байгаа, охин даага нь гүү болсон байгаа. Б******* гэдэг хүн надад 2015 оны үед мөн халтар зүсний даага өгсөн ба тэр нь одоо азарга болсон байгаа, би өөрийнхөө хүргэн ах болох Т******* ахаас давхар гуурстай хар халтар зүсний морийг 2014 онд авсан ба энэ морийг Г.М******* хүнд 3 гүүгээр худалдаж сольсон, 2 хүүхдэд бэлгэнд ирсэн 2 морь байгаа Д.И*******ий нэртэй шаргал зүстэй гүү байгаа, М.М*******эд хар зүстэй морь байгаа нийтдээ 7 адуугаа буцааж авмаар байна. Эдгээр адуунаас үр төл их гарсан боловч надад үр төлийг нь нэхэмжлэх шаардлагагүй Г.М******* авна биз би өөрийн нэртэй морьдоо авна гэжээ.

 

2.Хариуцагч Г.М******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2014 оны 4 дүгээр сард Н.А*******тай танилцаж, 2014 оны 7 дугаар сараас хамтран амьдарч, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүү М.М******* төрсөн. 2016 оны 5 дугаар сараас хүү М.М*******ийг 5 сартай байхад Н.А******* нь Орхон аймагт эмээгийндээ очиж үзмэрч хийнэ гэж явсан ба хүү бид хоёр тэр цаг үеэс хойш Булган аймгийн 6 дугаар баг. ухаарал 17 дугаар гудамжны 1704 тоот хаягт тусдаа амьдрах болсон ба 2016 оны 5 дугаар сараас хойш 2022 оны 7 дугаар сарыг хүртэл хүний гар харуулахгүйгээр ганцаараа өсгөж байсан. ...Н.А*******ыг мөнгө нэхэх бүрт түүний 5076117364 дугаар дансанд 2016 оноос 2017 оны 12 сар хүртэл 19,273,000.00 төгрөгийг шилжүүлсэн байдаг ба нэмээд Н.А******* төрсөн ах Н.Эдаа 9,000,000 төгрөгийн өртэй, өрөө дармаар байна Солонгос улсад ажиллана 8,000,000.00 төгрөг, найз Т нь салон түрээслэн ажиллуулах гэж байгаа 5,000,000 төгрөг хэрэгтэй байна, хүүтэй нь эргүүлээд өгнө гэж хэлээд миний үеэл ах Б.Бгаас 22,000,000.00 төгрөгийг надаар дамжуулж зээлж авсан нийтдээ 41,273,000 төгрөг шилжүүлсэн, үеэл ах Б.Бгийн 5114021607 дугаартай дансанд Б.Бгаас өмнө нь Н.А*******д шилжүүлсэн 22,000,000 төгрөгийг хүүгийн хамтаар нийт 41,273,000 төгрөгийг Н.А*******ын өмнөөс би төлсөн.

Түүнээс гадна Н.А*******ын эгч Н.Днь сүлжээний бизнес хиймээр байна гэж 4,900,000 төгрөг, түүний хамаатан гэх н.Солонго гэх эмэгтэйд орох оронгүй байна гэхээр нь 5 ханатай гэрийг 1,500,000 төгрөгөөр тооцож өгсөн, Н.А*******ын төрсөн ах Н.Эд өмнө төлсөн 9,000,000 төгрөгөөс гадна 28 граммтай солонгос монетон /алт/ гинжээ өгч Н.А*******ын өрийг төлж дуусгасан, ээжид нь бүрэн автомат угаалгын машин, Н.А*******д хаштай, алтан нуухтай гал шувуун сийлбэртэй цагаан шүрэн хөөрөг, луун кулонтой 999 сорьцтой алтан гинж хүртэл авч өгч байсан ба хүүгийн минь ээж, хамт амьдарч байснаа бодож өөрийн өгсөн зүйлсийг нэхэж байгаагүй ба бүх зүйлээ тооцвол Н.А******* нь надад өр төлбөртэй болохоос нэхэх ямар ч эрх байхгүй юм. Нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:

2020 оны 01 дүгээр сарын 5-наас 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 92 удаагийн шилжүүлгээр нийтдээ 11,270,000 төгрөг шилжүүлсэн гэх мөнгийг Б.Бгаас авсан өрийг төлөхөөр дамжуулж төлж байсан ба тусдаа амьдралтай болсон хүн надад ямар учраас зүгээр мөнгө өгөх учиргүй, нөгөөтэйгүүр миний хувьд ломбарданд юм тавьж амьдрал ахуйгаа залгуулдаг хүн биш юм. Бэлнээр өгсөн гэх 6,000,000 төгрөгийг би авах нь битгий хэл харж байгаагүй, хүнийг гүтгэх шаардлагагүй бөгөөд 15,000,000 төгрөгийг тухайн үед өр төлбөртөө гэж тооцуулан өгсөн атлаа удалгүй өр зээлтэй байна машинаа авна гээд аваад явсан. Тухайн 15,000,000 төгрөгийг зээлийн хүүг хариуцах хариуцагч би биш бөгөөд надтай Н.А******* ямар нэгэн байдлаар хүү тооцсон зээлийн гэрээ байгуулж байгаагүй тул машин авахад төлсөн хүү гэх 2,250.000 төгрөг надад хамааралгүйгээс гадна тухайн автомашиныг ах Доржоо нь унаж байгаа болно.

Г.М*******оос миний хувийн хөрөнгө болох угаалгын машин 2 ширхэг, тахилын зүйлс болох чонын арьс 2 ширхэг, үнэгний арьс 2 ширхэг, тахилын ширээ 1 ширхэг, тахилын мөнгө аяга 10 ширхэг, 43 инчийн зурагт 1 ширхэг, морин хуур 1 ширхэг, охин Д.И*******ий унадаг дугуй 3 ширхэг, хүү М.М*******ийн унадаг дугуй 1 ширхэг, бид нарын өмсөж байсан хувцсыг гаргуулах тухайд: манай гражид байгаа тахилын ширээ, 43 инчийн зурагт, морин хуур, хүүгийнхээ унадаг дугуйг өгөхөд татгалзах зүйлгүй, бусад эд хэрэглэлийн тухайд би харж байгаагүй, надад байхгүй эд зүйлс учраас хариу тайлбар гаргах боломжгүй байна

Миний худалдаж авсан, хүмүүс өгсөн нийт 7 адууг Г.М*******оос гаргуулах гэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд миний хувьд Н.А*******аас хүлээж авсан, Н.А*******ын гэх морь мал авч байгаагүй, нэхэмжлэгчийн өмнө түүний мал хөрөнгийг маллах, тэжээх, харах, хариуцах үүрэг хүлээгээгүй учраас дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байхын сацуу нэхэмжлэлд дурдсан сартай, дөш тамгатай адуу миний адуунд огт байдаггүйгээс гадна Н.А*******ын төрсөн дүү Н.Амартүвшин хүний адуунаас Г.М*******ын адуу нь хаана байна, аль аль нь вэ заагаадах гэж нутгийн хүмүүстэй уулзаж явж байсныг дуулсан ба үзсэн, харсан адуугаа /гэхдээ тэдгээр адуу нь минийх биш/ сургаар нэхэж болдог эсэхийг шүүх, хууль хариулт өгөх бизээ гэж ойлгож байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагч Г.М*******оос М.М*******ийн унадаг дугай 1 ширхэг, морин хуур 1 ширхэг, тахилын ширээ 1 ширхэг, 43 инчийн зурагтыг гаргуулж, нэхэмжлэгч Н.А*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19,280,000 /арван есөн сая хоёр зуун наян мянга/ төгрөг, угаалгын машин 2 ширхэг, чонын арьс 2 ширхэг, үнэгний арьс 2 ширхэг, тахилын мөнгөн аяга 10 ширхэг, охин Д.И*******ий унадаг дугуй 3 ширхэг, өмсөж байсан хувцас, 7 адуу гаргуулах тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 451,500 /дөрвөн зуун тавин нэгэн мянга таван зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.А******* хариуцагч Г.М*******оос 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 92 удаагийн шилжүүлгээр нийтдээ 11 270 000 төгрөг, бэлнээр өгсөн 6 000 000 төгрөг, машин авахад төлсөн 2 250 000 төгрөг, нийтдээ 19 280 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Г.М******* нь Б.Бгийн данс руу 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 6 900 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 22 520 000 төгрөгийг шилжүүлж өгсөн ба энэ нь Н.А*******ын зээлж авсан 13 000 000 төгрөгийг Г.М*******оор дамжуулан төлж дуусгасан гэж үндэслэлгүй дүгнэжээ.

Н.А******* зээлээ төлөх байсан бол Г.М*******оор дамжуулах ямар ч шаардлагагүй бөгөөд Г.М*******од зээл төлөх зорилгоор биш түүний хүссэн үед хүссэн хэмжээний мөнгийг зээлж шилжүүлж байсан ба тэр мөнгөө л нэхэмжилсэн юм. Энэ хэрэгт Б.Б гэх хүн хэргийн оролцогч биш, гуравдагч этгээдээр оролцоогүй байхад тэр хүн рүү Г.М*******ын шилжүүлж байсан мөнгийг Н.А*******ын өмнөөс төлсөн гэж хийсвэрээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгчээс Г.М*******од үлдээсэн хувийн хөрөнгө болох угаалгын машин 2 ширхэг, тахилын зүйлс болох чонын арьс 2 ширхэг, үнэгний арьс 2 ширхэг, тахилын ширээ 1 ширхэг, тахилын мөнгөн аяга 10 ширхэг, 43 инчийн зурагт 1 ширхэг, морин хуур 1 ширхэг, охин Д.И*******ий унадаг дугуй 3 ширхэг, хүү М.М*******ийн унадаг дугуй 1 ширхэг, бид нарын өмсөж байсан хувцсыг гаргуулах шаардлагын хувьд зарим хэсгийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн хэмжээнд анхан шатны шүүх хангасан. Гэтэл Г.М*******ыг өөр эхнэртэй болсныг мэдээд очиж юмаа авч чадалгүй өдий хүрсэн. Г.М******* өөрт хэрэгтэй гэсэн зүйлээ авч үлдээд бусдыг нь өгнө гэсэн төдийхнөөр нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэж байгаа нь үндэслэлгүй юм.

7 тооны адуу гаргуулах тухай шаардлагын хүрээнд Г.М******* 4 тооны адуу нь өөрт байгаа гэдгийг хүү М.М*******ийн нэртэй адуу байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөөд байхад анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх 2014, 2015 онд хариуцагчийн адуунд нэмэгдсэн нь тодорхойгүй байна гэжээ. Энэ оны малын дансыг аваагүй мөртлөө адуу нэмэгдсэн хасагдсан эсэхийг анхан шатны шүүх хэрхэн дүгнээд байгаа нь тодорхойгүй. Хариуцагчаас хүүгийнхээ нэртэй адууг өгнө гэдгээ илэрхийлээд байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй нь хэтэрхий нэг талыг барьж асуудалд өрөөсгөл хандаж байна гэж үзэж байна.

Анхан шатны шүүх зөвлөлдөх тасалгаанд ороод зөвлөлдсөний эцэст гарч ирэнгүүтээ улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд үлдээж шийдвэрлэлээ. 14 хоногийн дотор давж заалдах эрхтэй, хурал дууссаныг мэдэгдье гэж хэлээд хурлаа хаасан. Энэ үед хариуцагчийн өмгөөлөгч бид хоёр бие бие рүүгээ хараад гайхаж дохисон, би аргагүйн эрхэнд шүүгчээ шийдвэр маань тодорхойгүй үлдлээ гэхэд шүүгчээс 1 нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, шийдвэр дээрээс танилцаарай гэж хэлээд гараад явсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлд шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулан, бусад шаардлагатай асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана гэсэн заалтыг анхан шатны шүүгч зөрчсөн. Түүнчлэн шүүгч тус хуулийн Арваннэгдүгээр бүлэгт заасан шийдвэр түүнийг гаргах журмыг бүхэлд нь зөрчсөн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгч Э.Нарангарав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой танилцсан. Гомдлын агуулгын дарааллын дагуу тайлбараа хэлье. Гомдлын 1, 2 дахь хэсэгт анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж байна. Яагаад үндэслэлгүй гэж үзсэнээ тайлбарлахдаа ганцхан үндэслэлгүй гэдэг үг бичсэн. Тодорхой үндэслэл бичээгүй тул бид нарын хувьд энэ хэсэгт тайлбар хийхэд хүндрэлтэй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгч талаас хангалттай хүсэлт гаргаж түүнийг шүүхээс хангаж шийдэж байсан. Гомдлын 3, 4 дэх хэсэг мөн шийдвэрийг үндэслэлгүй гэж бичсэн. Яагаад шийдвэрийг үндэслэлгүй гэж үзсэнээ тайлбарлаагүй. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан үүргийг хүлээх ёстой. Гэтэл ямар нэгэн байдлаар төлөөлөн оролцох талаар нотлох баримт аваагүй. Шүүхээс эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэг танилцуулаад нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулсан. Гомдлын 5 дахь хэсэгт дурдсанаар нэхэмжлэгч тал яг юу хүсээд байгаа нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч талын ямар эрхийг зөрчсөн. Эсвэл процессийн алдаа гарсан гэж үзээд байгаа эсэх нь тодорхойгүй. Гомдлыг уншихаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулна гэсэн атлаа анхан шатны шүүхэд хэргийг буцааж, дахин хэлэлцүүлж өгнө үү гэсэн байна. Нэхэмжлэгчийн хүсэл зориг нь аль нь вэ?. Хэрвээ хэргийг анхан шатны шүүхэд буцааж, дахин хэлэлцүүлнэ гэж байвал процессийн алдаа гарсан тохиолдолд ингэж шийднэ. Гэтэл процессийн алдаа харагдахгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэж байсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгч Н.Мандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг шүүгч товч байдлаар тайлбарлаж хэлсэн. Шүүхийн шийдвэрт тодорхой бичнэ гэж хэлээд улсын тэмдэгтийн хураамжийн хувиарлалтыг дурдаж хэлсэн. Энэ нь процессийн зөрчилд хамаарахгүй. Зээлийн гэрээний 19 сая төгрөг гаргуулах асуудлыг шүүхийн шийдвэрт маш тодорхой бичсэн байдаг. Энэ талаар шийдвэрт тодорхой дурдаж өгсөн. Бгаас авсан зээлийг Г.М*******оор дамжуулан төлсөн. Энэ асуудлыг шүүх тодорхой шийдвэрлэсэн. Мөн 7 толгой адууны асуудал яригддаг. Хурал дээр энэ талаар хангалттай ярьж, хангалттай мэтгэлцсэн. М*******ын малын А дансны хуулгыг авсан. Шүүх хуралдаан даргалагчаас хангалттай тодруулж асуусан. Энэ асуудлыг гэрчлэх гэрч байна уу, энэ талаарх нотлох баримт байна уу гэж асуухад нэхэмжлэгч талаас байхгүй, хуралдааныг хийе гэж хэлсэн. Нэхэмжлэгчээс 7 адууг Г.М*******од хэзээ өгсөн гэдэг нь тодорхойгүй. Аав нь хүүдээ адуу өгсөн нь энэ 7 адуунд хамааралгүй юм. Яланг нэхэмжлэгч талаас адуу өгснийг хариуцагч зөвшөөрсөн гэж үзээд байгаа нь үндэслэлгүй юм. Эд зүйлс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн зүгээс тодорхой эд зүйлс нь надад байгаа тэдгээрийг би өгнө гэж хэлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Тиймээс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Н.А******* нь хариуцагч Г.М*******од холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 92 удаагийн шилжүүлгээр нийт 11 270 000 төгрөг, бэлнээр өгсөн 6 000 000 төгрөг, машин авахад төлсөн 2 250 000 төгрөг, нийт 19 280 000 төгрөг гаргуулах, хувийн хөрөнгө болох угаалгын машин 2 ширхэг, тахилын зүйлс болох чонын арьс 2 ширхэг, үнэгний арьс 2 ширхэг, тахилгын ширээ 1 ширхэг, тахилгын мөнгөн аяга 10 ширхэг, 43 инчийн зурагт 1 ширхэг, морин хуур 1 ширхэг, охин Д.И*******ий унадаг дугуй 3 ширхэг, хүү М.М*******ийн унадаг дугуй 1 ширхэг, бид нарын өмсөж байсан хувцас зэрэг, мөн 7 тооны адууг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

3. Хариуцагч Г.М******* унадаг дугуй 1 ширхэг, морин хуур 1 ширхэг, тахилын ширээ 1 ширхэг, 43 инчийн зурагт байгаа тул өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин зөвшөөрснөөс бусад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж мэтгэлцжээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-т Шүүх хуралдаан даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана. гэж заасан.

4а. Шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүх хуралдааны бичлэгээр шүүх хуралдаан даргалагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож... ...шийдвэрлэв гэж шүүхийн шийдвэрийн агуулгыг танилцуулаагүй, шүүх хуралдааныг хаасан болох нь нотлогдож байна.

5. Анхан шатны шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх хуулийн шаардлагад нийцэхгүй байгаа нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцэхгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 132/ШШ2023/00187 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Н.А*******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 63 430 /жаран гурав мянга дөчин зуун гуч / төгрөг, 131 750 /нэг зуун гучин нэгэн мянга долоон зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРХҮҮ

 

 

ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

 

 

Д.АЗЖАРГАЛ