Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/01064

 

     2023          05          24                                           210/МА2023/01064   

                                               

 

 

Ж.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2023/01016 дугаар шийдвэртэй, Ж.Д-гийн нэхэмжлэлтэй НШШГГ-т холбогдох 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 22410255/01, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай 22410255/03 дугаар тогтоолуудын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Н.Н, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Б, К.Т, Я.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/1032 дугаартай шийтгэх тогтоолын 11-д зааснаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөнгө битүүмжилсэн шийдвэрийг хүчингүй болгож, “Г” ХХК-ийн Баянзүрх дүүрэг, ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1330900302 дугаарт бүртгэлтэй, Амар амгалан 2 хотхоны 1,594 м.кв талбай бүхий газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч нарын хувьд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулахаар тогтоож, даалгасан байдаг. Харин энэ газар дээр байрлах иргэн Ж.Д миний өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-220411**** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол /13341/, Энхтайвны өргөн чөлөө гудамж, *** тоот хаягт байрлах орон сууц, үйлчилгээний зориулалттай, 6 давхар дуусаагүй үл хөдлөх хөрөнгөөр аливаа этгээдийн өр, төлбөрийг барагдуулах талаар дээрх шийтгэх тогтоолд шийдвэрлээгүй, ямар нэгэн шүүхийн шийдвэр, тогтоол байхгүй болно. Өөрөөр хэлбэл, Ж.Д нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш, төлбөр төлөгч биш, түүний энэхүү үл хөдлөх хөрөнгөөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах хуулийн үндэслэл байхгүй болно. Ж.Д-гийн өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж, шийдвэр гүйцэтгэгч Н.Н нь хууль бусаар 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 22410255/02 тоот тогтоолоор битүүмжилж, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 22410255/03 тоот тогтоолоор хураан авсан байна. Шийдвэр гүйцэтгэгч Н.Н нь аливаа шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудасгүй хууль бус ажиллагаа явуулж, иргэн Ж.Д-гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг зогсоож, хураан авч, битүүмжилсэн нь хууль зөрчсөн байна.

Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана гэж заасан. Шийдвэр гүйцэтгэх газар хуулийн дагуу төлбөр авагч, төлбөр төлөгчийн хүрээнд л шүүхийн шийдвэрийн дагуу ажиллах байтал Ж.Д-гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, хураан авсан нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байна. Дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь Чингис хаан банкны зээлийн барьцаанд байдаг, уг банктай байгуулсан 3 тэрбум төгрөгийн зээлийн гэрээний хөрөнгөнөөс тодорхой хэмжээгээр орсон. Гэтэл эрүүгийн журмаар шийдэгдсэн хохирогч нарын хөрөнгөөр уг барилга боссон гэх өрөөсгөл зүйл ярьж, бусад хүмүүсийг орхигдуулан ийм ажиллагаа явуулах нь хууль зөрчсөн байна. Шүүхийн шийдвэрт тусгагдсан хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулан дансан дахь мөнгөнөөс тодорхой хэмжээгээр хохирогч нарт хуваарилагдаж, ажиллагаа хуулийн дагуу явагдаж байхад 6 давхар барилга руу орж ажиллагаа хийсэн хууль бус гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 22410255/02 тоот тогтоол болон 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 22410255/03 тоот тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1032 дугаар шийтгэх тогтоолоор Д.Г, Д.О, Д.Б нараас 7,265,839,273 төгрөгийг гаргуулж, хохирогч 393 иргэнд олгохоор шийдвэрлэсэн. Уг шийтгэх тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс явуулж төлбөр төлөгч Д.Г, Д.О, Д.Б нарын хохиролд тооцуулахаар заасан “Г” ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 133090**** дугаарт бүртгэлтэй 1594 м.кв талбай бүхий газрыг, түүний дээрх 6 давхар дутуу баригдсан барилгын хамт 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 22410255/01, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 22410255/02 тоот тогтоолоор битүүмжилж, хураасан. Дээрх газар нь Чингис хаан банкны барьцаат зээлийн гэрээнд бүртгэлтэй, барьцаанд байгаа газарт баригдсан дуусаагүй барилгын гэрчилгээтэй Ж.Д-гийн өмчлөлийн хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10 дахь хэсэгт заасны дагуу хураан авч, битүүмжилсэн. Уг барилга нь газартай салшгүй холбоотой, газраас салгамагц бие даан хэрэгжиж үл чадах, газрын бүрдэл хэсэг гэж үзсэн.

Бусдын барьцаанд бүртгэлтэй байсан газар дээр ямар арга, журмаар тухайн өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон гэдэг асуудал гарч ирнэ. Уг барилгыг газрын хэвлийгээс үл салгаж болох хөрөнгө гэж үзсэн учраас хураан авч, битүүмжлэх ажиллагаа хийгдсэн. Захиалгын гэрээний дагуу оруулсан хөрөнгөөр баригдсан гэж маргаж буй 6 давхар дутуу баригдсан барилгад 20-80 гаруй сая төгрөгийн урьдчилгаа өгсөн хүмүүсийн хөрөнгөөр энэ өмчлөлийн барилга боссон байдаг. Гэтэл хүмүүсийн хөрөнгөөр боссон барилгыг Ж.Д өөрийн өмчлөлд бүртгүүлсэн мөртлөө шүүхэд болон шийдвэр гүйцэтгэх газарт өөрөө ирдэггүй, өөрийн өмнөөс өмгөөлөгч оруулан миний өмчлөлийнх, шийтгэх тогтоолд нэрлэн заагаагүй гэж хэлж болохгүй гэж үзэж байна. Түүний өмчлөлийн талаар холбогдох газарт хандсан.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч Ж.Д-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Б-гийн тайлбарын агуулга: “Г” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулахдаа газрыг үзэхэд газар шорооны ажил дөнгөж эхэлж байсан. Уг барилгыг Ж.Д өөрийн хөрөнгөөр бий болгоогүй, зөвхөн хохирогч бидний дээрх компанитай байгуулсан гэрээний дагуу төлбөрт төлсөн хөрөнгөөр босгосон. Гэрээ байгуулснаас хойш газар дээр очиж барилгын явцтай танилцсан бөгөөд Д.Гүрсоронз, Д.Одгэрэл, Д.Батбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон. Шүүхийн шийдвэрийн дагуу 17,000,000 төгрөгийн хохирол олгогдохоор шийдвэрлэгдсэн, одоогийн байдлаар 1,390,000 төгрөг болон 290,000 төгрөгийг өгсөн. Иймд Ж.Д-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я.Р-гийн тайлбарын агуулга: Энэ барилга бидний оруулсан хөрөнгөөр боссон. Ж.Д өөрийн хөрөнгөөр босгосон бол шүүх хуралдаанд оролцож тайлбар хэлэхгүй байгаад гайхаж байна. Тэрээр “уг байрны дээвэр, сантехникийн асуудлыг шийдээд битүүлээд, хохирлыг барагдуулаад өгнө, миний хоёр хүүхдийг энэ хэргээс салгаад өгөөч” гэж телевизээр уйлаад ярьж байсан, одоо хохирол барагдуулах ёсгүй, миний байр гэж хэлэхээс ичих хэрэгтэй. Бид орон гэрээ зарж мөнгө өгсөн, одоо айлын хашаанд амьдарч байна. Энэ байранд орно гэж байхгүй, гагцхүү хохирол барагдвал оршуулгын зардалдаа хэрэглэх байх, өвчин зовлонгүй сэтгэл амар хорвоогоос явмаар байна. Ж.Д өөрт байгаа хөрөнгөө зараад 400 гаруй хүний өрийг барагдуулах талаар боддоггүй юм байх даа гэж хэлмээр байна.

Шүүхийн шийдвэрээр хохирол төлүүлэхээр шийдсэнээс хойш 33 данстай байсан, гэтэл 6 данстай, 44 хөрөнгө байсан чинь дуудлага худалдаанд орохоор 10 гаруй байр болж байна. Хохирлын 31,600,000 төгрөгөөс 2,400,000 төгрөг болон 600,000 төгрөг авсан. Иймд үнэн зөв шийдвэр гаргаж, Ж.Д-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К.Т-гийн тайлбарын агуулга: Ц.Б, Я.Р нарын тайлбарыг дэмжиж байна. Эрүүгийн хэрэгт хохирогчоор оролцсон, хохирол барагдаагүй өдий хүрч байгаа бид зөвхөн төлөөлөл болохоос биднээс гадна маш олон хохирогч нар шүүхийн шийдвэрийг хүлээж байна. Хохирлын 15,000,000 төгрөгөөс 800,000 төгрөг болон 1,000,000 төгрөг авсан, өөр зүйл аваагүй. Иймд Ж.Д-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.5-д тус тус заасныг баримтлан хариуцагч НШШГГ-т холбогдох, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 22410255/02 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 22410255/03 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.Д-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

7. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараахь үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

7.1. Төлбөр төлөгчөөс төлбөр гаргуулах тохиолдолд тухайн төлбөр төлөгч этгээдэд холбогдуулан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байх, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдолд гүйцэтгэх хуудас зайлшгүй бичигдсэн байх, хэрэв шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудас байхгүй тохиолдолд хууль бусаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг тус тус хориглосон байна. Иргэн Ж.Д-гийн хувьд бусдад төлбөр төлөх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болон гүйцэтгэх хуудас байхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч тал биш байхад шийдвэр гүйцэтгэгч нь Ж.Д-тай холбоотой аливаа шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудасгүйгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглосон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 5 дугаар зүйлийн 5.1, 8 дугаар зүйлийн 8.1.4-д заасныг ноцтой зөрчиж, Ж.Д-гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-220411***** дугаарт бүртгэлтэй, БЗД, **-р хороо, **-р хороолол /13341/, энхтайвны өргөн чөлөө гудамж *** тоот хаягт байрлах орон сууц, үйлчилгээний зориулалттай, 6 давхар дуусаагүй үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар битүүмжилж, хураасан байхад анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагааг хуульд нийцэж байна гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хэрэглэх ёстой дээрх хуулийн  заалтыг хэрэглээгүй, энэ талаар мэтгэлцэж буй талуудын тайлбарт огт үнэлэлт, дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байж чадахгүй байна.

7.2. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дах хэсэгт “газрын үндсэн бүрдэл” хэсгийг зохицуулсан болохоос, шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудасгүйгээр төлбөр төлөгч бус этгээдийн өмчлөх эрхэд хууль бусаар халдахыг зөвшөөрсөн зохицуулалт биш. Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт тусгагдсан “Г” ХХК-ийн эзэмшлийн газраар хохирол барагдуулах ёстой болохоос тухайн газар дээр байгаа тусдаа өмчлөх эрхийн гэрчилгээтэй, улсын бүртгэлд бүртгэгдсэн, иргэний эрх зүйн харилцаанд бие даасан байдлаар объект болж оролцдог үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн эрхийг зөрчин хууль бусаар битүүмжилж, хураан авсан шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагааг “газрын бүрдэл хэсэг”-ийг зохицуулсан хуулийн зүйл заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэж зөвтгөж шийдвэрлэсэн нь хууль бус юм.

Анхан шатны шүүхийн энэ шийдвэрээр цаашид ямар ч этгээдийн өмчлөлийн барилга, байгууламж, орон сууц байхад “газрын бүрдэл” хэсэг гэх хуулийн зохицуулалтаар шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудасгүйгээр хууль бусаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж болох нөхцлийг бүрдүүлсэн, Үндсэн хууль болон Иргэний хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд хууль бусаар халдсан, буруу жишиг тогтоосон, нийгэмд ноцтой сөрөг үр дагавар бий болгох шийдвэр болохыг давж заалдах шатны шүүхээс зайлшгүй анхаарч үзэхийг хүсэж байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10 дах хэсэгт худалдан борлуулах зорилгоор зөвхөн төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэхээр зохицуулсан, өөр бусад этгээдийн өмч хөрөнгийг битүүмжлэхээр зохицуулаагүй. Ингэж битүүмжлэхдээ тухайн хөрөнгө болон түүний зарим бүрдэл хэсгийг зөвхөн хураан авахаар зохицуулсан байхад анхан шатны шүүх энэ хуулийн заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэж, шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй шийдвэр болсон.

7.3. Шийдвэр гүйцэтгэгчийн хууль бусаар битүүмжилсэн Ж.Д-гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөд Чингис хаан банкнаас авсан зээлийн мөнгөн хөрөнгө болон иргэний хэргийн шүүхийн шийдвэртэй орон сууц захиалагч нарын хөрөнгө мөнгө орсон байдаг. Шүүхийн шийдвэрээс болж өмчлөгч болон бусад хөрөнгө, мөнгө оруулсан этгээдүүд давхар хохирох нөхцөл байдал үүсэж байгааг анхаарч үзэхийг хүсэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

8. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: НШШГГ-т Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 389 иргэний хохирол 4,1 тэрбум төгрөг байсан. Шийтгэх тогтоолд нэрлэн заасан Баянзүрх дүүрэгт байрлах 1,598 м.кв газрыг, тухайн газар дээр байрлах 6 давхар барилгын карказыг битүүмжилж, хураасан. Учир нь, уг барилгад эрүүгийн хэргийн 389 хохирогч орон сууц захиалгын гэрээ хийсэн, эрүүгийн хэргийн хохирогч нар салшгүй холбоотой. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10 дахь хэсэгт заасныг тодорхой дурдаж, тайлбарласан. Тухайн барилга Ж.Д-гийн өмчлөлд шилжсэн асуудлыг цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа бөгөөд газрын барьцаалагч “Чингис хаан банк” ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлд зааснаар манай байгууллагатай хамтран дуудлага худалдаанд оролцож орлогоос газрын төлбөрөө авах хүсэлтээ өгсөн. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд 6 давхар карказыг битүүмжилж, хураан авч, дуудлага худалдаанд оруулахгүй бол хохирогч нарын хохирлыг барагдуулахад хүндрэлтэй юм. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

9. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Б гийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үнэн зөв. “Г” ХХК-ийн дансанд 389 хохирогчийн мөнгө орж 6 давхар карказ баригдсан. Мөн шийтгэх тогтоолд орон сууц гэж дурдаагүй ч тухайн орон сууцанд төлсөн мөнгө хамаарч байгаа бөгөөд 5 жилийн хугацаа өнгөрч маш их хохирч байна гэжээ.

10. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я.Ргийн гаргасан тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэрээр буруутай этгээдэд ял оногдуулсан байхад тухайн этгээдийн төрсөн эх нь орон сууцыг өөрийн өмчлөлийнх гэх үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байна. Ж.Д нь тэтгэврийн хүн тул тухайн барилгыг барих боломжгүй, 6 давхар барилгыг иргэдийн мөнгөөр барьсан ба гэрээ байгуулсан байдаг. Гэтэл орон сууцыг өөрийн мэт тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

11. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К.Тгийн гаргасан тайлбарын агуулга: Энэ хэргийн улмаас 389 иргэн, тэдгээрийн ах, дүү нарын 3,000-4,000 хүн гудамжинд гарсан байна. Ж.Д-гийн мөнгөөр биш 389 иргэний мөнгөөр тухайн орон сууц баригдсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тухайн хөрөнгөөр бидний хохирлыг барагдуулна гэдэгт итгэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Ж.Д нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан эд хөрөнгө битүүмжлэх болон хураах тогтоолуудын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/1032 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2020/МШМ/145 дугаар магадлалаар шүүгдэгч Д.Г, Д.О, Д.Б нараас 7,265,839,273 төгрөг гаргуулж нэр бүхий 389 хохирогч иргэнд олгох, “Г” ХХК-ийн, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А2” хотхоны барилгын талбай бүхий газрыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гаргуулах зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шүүгдэгч нарын хувьд ногдох хэсгээс төлбөрийг албадан гаргуулахыг даалгаж шийдвэрлэжээ.

3.2. Дээрх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу ....2021 оны ....06 сарын ...25-ны өдөр уг газар дээр баригдаж буй орон сууц, үйлчилгээний зориулалттай 4,704 м.кв талбайтай 40 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр нэр бүхий шүүгдэгч нартай хамаарал бүхий этгээд болох нэхэмжлэгч Ж.Д улсын бүртгэлд бүртгүүлсэн.

3.3. НШШГГ нь шийтгэх тогтоол, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 770 дугаартай гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 27ы өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, дээрх газар болон уг газар дээр байршилтай 40 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр битүүмжилж, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хураан авсан байна.

 4. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 08 дугаар сарын 08ы өдрийн 22410255/02 тоот, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 22410255/03 тоот тогтоолуудын дагуу явагдсан эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт нийцсэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

4.1. Нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууц, үйлчилгээний зориулалттай 4,704 м.кв талбайтай 40 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн 1,594 м.кв талбайтай газрын бүрдэл хэсэг болох талаар анхан шатны шүүх Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10 дахь хэсэгт зааснаар шаардлагатай бол иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгийг битүүмжлэх, барьцаалахдаа тухайн хөрөнгө болон түүний зарим бүрдэл хэсгийг хураан авч болно. Хариуцагч гүйцэтгэх баримт бичигт заасан газрыг хураан авахдаа түүний бүрдэл хэсэг болох үл хөдлөх эд хөрөнгийг хураан авсан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

4.3. Түүнчлэн нэхэмжлэгч Ж.Д нь газар дээрх 40 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүртгүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт гүйцэтгэх баримт бичгийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор барьцаалсан, битүүмжилсэн, хураан авсан хөрөнгийг бусдад шилжүүлсэн тохиолдолд уг хөрөнгө хэний эзэмшилд шилжсэнээс үл хамааран гаргуулан төлбөрт суутгах зохицуулалтад хамаарах үндэстэй.

Иймд шүүх Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх гомдол үндэслэлгүй.

4.4. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд “Ч” ХХК-аас авсан зээлийн мөнгөн хөрөнгө болон орон сууц захиалагч нарын хөрөнгө мөнгө орсон талаар дурджээ. Эдгээр этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргах эрхтэй бөгөөд хариуцагч дээрх газар болон үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр гаргуулахаар хураасан нь тухайн этгээдүүдийн гомдол гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2023/01016 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ              

                                           ШҮҮГЧИД                                     Д.ЗОЛЗАЯА                

                                                                                               Д.БЯМБАСҮРЭН