Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 225/МА2023/00019

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 225/МА2023/00019

 

 

Д.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийж,

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 155/ШШ2023/00432 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Шинэ Мөрөн худалдааны төв төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох

Шинэ Мөрөн худалдааны төвийн 2-В-21 павильоныг чөлөөлж, цаашид үргэлжлүүлэн лангуу түрээслэхийг даалгах, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд олох байсан орлого 30,000,000 (гучин сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баасанбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ууганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гэрэлтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ууганбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Г.******* нь Шинэ мөрөн худалдааны төвийн 2 давхарт метрийн бараа болон бусад барааг зарах 2-В21 павильон, лангууг уг үйлчилгээний төв анх 2017 онд ашиглалтад орсон цагаас түрээслэн хувиараа хөдөлмөр эрхлэн амьдарч эхэлсэн. ...2022 оны 6 дугаар сард эрүүл мэндийн байдлаас Улаанбаатар хотод эмчлүүлэх шаардлагатай болсон тул Шинэ мөрөн худалдааны төвийн захиргаанд 2 сарын хугацаатай павильон, лангууг суллаж, энэхүү ажиллаагүй хугацааны түрээсийг төлж байхаар хүсэлт бичиж өгөөд явсан.

...түрээсийн гэрээг Шинэ мөрөн худалдааны төвийн санаачлагаар ... 1-т 2-В21 павильоны өмнө хоосон зай болох ил лангууны түрээсийг 2 сар төлөөгүй, 2-т түрээсийн гэрээний 7.9 дэх заалт буюу ... давхар түрээслэх болон бусад нөхцөлөөр ашиг олсон нь ... гэсэн заалтыг зөрчсөн хэмээн үзэж түрээсийн гэрээг цуцалсан талаар хэлсэн. 2022 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн павильоны болон лангууны түрээсийн гэрээг дээрх үндэслэлээр цуцалж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээг цуцлахдаа гэрээний 7.10 дахь хэсэгт зааснаар Гэрээг цуцлах саналаа ажлын 3 хоногийн өмнө нөгөө талдаа бичгээр мэдэгдэнэ хэмээн заасан заалтаа зөрчиж нэхэмжлэгчид бичгээр мэдэгдсэн зүйл огт байхгүй юм.

...Иймд Шинэ Мөрөн худалдааны төвийн 2-В21 павильоныг чөлөөлж, цаашид үргэлжлүүлэн лангуу түрээслэхийг даалгах, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд олох байсан орлого 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гэрэлтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* нь 2018 оны 01 сараас Шинэ Мөрөн худалдааны төвийн 2 дугаар давхар В-21 павильон түүний нэмэлт талбайг түрээсэлж эхэлсэн. ...******* нь түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байсан учир Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1-д зааснаар нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар түрээсийн гэрээг цуцалж болно гэх заалтыг үндэслэн мөн түрээсийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2, 7.9 дэх хэсгүүдэд заасныг үндэслэн нэхэмжлэгчийн түрээсийн гэрээг манай зүгээс дангаар цуцалсан байдаг. Гэрээнд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэгчийн түрээсийн гэрээг цуцалсан тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Мөн олох байсан орлого нэхэмжилсэн нь үндэслэлгүй, баримтгүй байгаа учир зөвшөөрөхгүй гэв.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 155/ШШ2023/00432 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 318 дугаар зүйлийн 318.1-д тус тус заасныг баримтлан Шинэ Мөрөн худалдааны төв төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2 дугаар давхар В-21 тоотод байрлах пивильоныг чөлөөлж, цаашид үргэлжлүүлэн түрээслүүлэхийг хариуцагч Шинэ мөрөн худалдааны төв төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компанид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд олох байсан орлого 30,000,000 (гучин сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 378,150 (гурван зуун далан найман мянга нэг зуун тавьтөгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шинэ мөрөн худалдааны төв төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн шийдвэр гаргалаа.

Хэргийн бодит байдал нь ******* нь Шинэ мөрөн худапдаа үйлчилгээний төвд 2 ширхэг лангуу буюу В21 тоот лангуу /павьилон/-г нэмэлт лангууны хамт түрээсэлдэг байх бөгөөд түрээсийн гэрээний хугацаанд уг лангууны түрээсийн төлбөр болон нэмэлт лангууны түрээсийн төлбөрийг төлөөгүй ирсэн, хоёр сар түүнээс дээш хугацаагаар төлбөрийг хожимдуулж төлж иржээ. Энэ бүх баримтууд хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ч мөн адил нэхэмжлэгч тал хугацаа хожимдуулж төлж ирсэн талаар болон нэмэлт лангууны түрээсийн төлбөрийг 2 сараар төлөөгүй ирсэн талаараа тайлбарладаг.

...******* нь В21 лангууны төлбөрийг 7, 8 сард түр чөлөө авахаас өмнө сар бүр хожимдуулж ирсэн байх ба энэ талаар түрээслүүлэгч талаас мэдэгдлийг өгч ирсэн, бүр гэрээг цуцлах талаар мэдэгдлийг авч цуцлах талаар өөрөө мэдэж байж түр чөлөө авч явсан байх бөгөөд энэ хүртлээ түрээсийн төлбөрийг хожимдуулж төлж ирсэн, 7, 8 сарын нэмэлт лангууны төлбөрийг төлөөгүй юм.

...Гэвч харамсалтай нь гэрээ цуцлах талаарх гэрээгээр тодорхойлсон зүйл заалтуудыг анхаарсангүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бодит байдлаас өөр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хэргийн байдалд нийцсэн дүгнэлт хийгээгүй, нэг талд орж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн шийдвэр гаргасан.

...Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ...шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

Нэхэмжлэгч Д.******* нь Шинэ Мөрөн худалдааны төвийн 2-В21 павильоныг чөлөөлж, цаашид үргэлжлүүлэн лангуу түрээслүүлэхийг даалгах, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд олох байсан орлого 30,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...түрээслэгч түрээсийн төлбөрийг удаа дараа хугацаа хожимдуулж төлдөг байсан, 2022 оны 7, 8 дугаар сарын нэмэлт талбайн түрээсийн төлбөр 100,000 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй, талбайгаа бидний зөвшөөрөлгүй өөр хүнд давхар түрээсэлсэн учир түрээсийн гэрээг цуцалсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцжээ.

Шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хуулийг агуулга, зорилгод нь нийцүүлэн, оновчтой зөв хэрэглэсэн нь шийдвэр хууль ёсны байх шаардлага хангасан гэж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангасан гэж үзэх үндэслэл болно.

Зохигч нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Шинэ мөрөн худалдааны төв-ийн 2 дугаар давхрын В-21 тоот павильон лангуу түрээсийн гэрээг бичгээр байгуулсан байх ба уг гэрээг түрээслүүлэгчийн санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцалсан нь Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.4 дэх заалт, түрээсийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.10 дахь заалтыг тус тус зөрчсөн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Түрээсийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.10-т Талууд гэрээг цуцлах саналаа ажлын 3 хоногийн өмнө нөгөө талдаа бичгээр мэдэгдэнэ. гэж заасан байх ба түрээслүүлэгч уг заалтыг биелүүлснээ баримтаар нотлоогүй байна.

Тодруулбал, Хариуцагч нь түрээсийн гэрээг цуцлах талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн хэмээн тайлбарлаж, нотлох баримтаар 2022 оны 05 дугаар сарын 08, 06 дугаар сарын 08-ны өдрийн мэдэгдэх хуудас ирүүлсэн байх боловч уг баримтад нэхэмжлэгчид гэрээ цуцлах үндэслэлээ мэдэгдсэн, танилцуулж гарын үсэг зуруулсан байдал тусгагдаагүй зөвхөн Шинэ Мөрөн худалдааны төвийн эрх бүхий ажилтнууд гарын үсэг зуржээ. Энэ нь түрээслүүлэгч түрээсийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлахдаа түрээслэгчид заавал бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

Иймд Шинэ Мөрөн худалдааны төв төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2 дугаар давхар В-21 тоотод байрлах павильоныг чөлөөлж, цаашид үргэлжлүүлэн түрээслүүлэхийг хариуцагчид даалгасан нь үндэслэл бүхий гэж үзнэ.

Мөн нэхэмжлэгч Д.*******гийн түрээсийн гэрээг цуцалсны улмаас учирсан хохирол 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд олох байсан орлого 30,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж дүгнэв.

Учир нь гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал учирсан хохирлоо шаардах эрхтэй ч энэ эрхээ эдлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баасанбаярын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 155/ШШ2023/00432 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                                Л.ЭРДЭНЭБАТ

Б.СОСОРБАРАМ