Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/00985

 

 

Р.С-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2023/01157 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Р.С-ын хариуцагч Д.У-т холбогдуулан гаргасан 3,100,000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэн-Очир, хариуцагч Д.У-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч Д.У- нь 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр миний өмчлөлийн Тоёота ланд круйзер 100 маркийн УБЦ 70-30 улсын дугаартай автомашиныг худалдан авахаар гэрээ байгуулж 20,000,000 төгрөгөөр тохиролцож урьдчилгаа 16,000,000 төгрөг өгсөн. 10 гаруй хоногийн дараа манай найз Г.Ө-ын ажил дээр очиж, тэнд хадгалагдаж байсан 4 ширхэг дугуйг авсан байсан. Миний бие удаа дараа залгаж, Д.У-тай утсаар холбогдож үлдэгдэл төлбөрөө төлөх, яагаад зөвшөөрөлгүй дугуйнууд авсан талаар ярихад үлдэгдэл төлбөрийг удахгүй төлнө. Дугуй чинь машинаа дагаж надад ирэх ёстой гэсэн тайлбар хэлээд утсаа салгасан. Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст гомдол гаргасан боловч хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Гэрээгээр тохиролцсон автомашины үлдэгдэл төлбөр 1,100,000 төгрөг, 4 ширхэг дугуй 2,000,000 /тус бүр нь 500,000 төгрөгийн үнэтэй/ төгрөг, нийт 3,100,000  төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Автомашины үлдэгдэл төлбөр 1,100,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Анх автомашин худалдан авахад 4 дугуй дагалдуулж өгнө гэсэн нь худалдаж авах давуу тал болсон. Машины 4 запас дугуй өгснөө шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад гомдолтой байна. Гэрчээр оролцсон Г.Ө- нь худлаа зүйл ярьсан байна. Дугуйны үнийг зөвшөөрөхгүй гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.У-аас 2,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.С-т олгож, нэхэмжлэлээс 600,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,150 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 54,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. 2022 оны 04 дүгээр сард манай танил болох Г.Ө- гэх хүн намайг хөдөө орон нутагт унах жийп автомашин авах гээд хайж байх үед манай найзад хямдхан зарах машин байгаа, авна гэвэл 4 обудтай дугуй болон жижиг сажиг зүйлсийг нь дагалдуулж өгнө гэсэн. Ингээд машины эзэн Р.С-тай уулзаж 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 70-30 УБЦ улсын дугаартай, тээврийн хэрэгслийг 20,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед нэмэлтээр 4 дугуйг дагалдуулан өгсөн. Дугуйны үнэ нь автомашины үндсэн үнэ болох 20,000,000 төгрөгт багтсан. Гэтэл анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Р.С- болон гэрч Г.Ө- нар нь 4 дугуйгаа дагалдуулж өгчихөөд шүүхэд худал тайлбар гаргасан. 4 дугуйг дагалдуулж өгөөгүй байсан бол тухайн автомашинийг худалдаж авахгүй байсан. Дугуй авах үед надтай хамт очсон Г.Тулгаа гэх хүнийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг урьдчилан гаргахад шүүгчийн туслах нь хүлээж авалгүй, хурал дээрээ дагуулаад ир гэсэн боловч гэрч Г.Тулгаа нь шүүх хуралдаанд цаг агаарын нөхцөл байдлын улмаас ирж амжаагүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэн-Очир нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлээ нотолж чадахгүй байна дугуйныхаа үнийг тодорхой болгож ир гэж шүүхийн зүгээс шүүх хуралдааныг хойшлуулж байгаа нь хэтэрхий нэг талыг баримталсан, шударга ёс, бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Автомашин буюу тээврийн хэрэгсэл нь иргэний эрх зүйн харилцаанд хөдлөх эд хөрөнгө байдаг бөгөөд дугуйгүйгээр ямар нэгэн байдлаар хөдөлгөөн хийх буюу түүнийг зориулалтын дагуу ашиглах ямар ч боломжгүй юм. Автомашины дугуй нь бүрдэл хэсэгт хамаарах бөгөөд запас дугуй ч мөн адил яг тухайн автомашины тухайд тоо хэмжээ /размер/ ширхэгийн хувьд бүрдэл хэсэг, дагалдах зүйлсэд хамаарахаар байна. Гэтэл анхан шатны шүүх тухайн автомашины бүрдэл хэсэгт хамаарахгүй гэж дүгнэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй, хувь хүмүүсийн үнийн дүнгийн тодорхойлолтыг үндэслэн дугуйны төлбөрийг нэмж гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, дугуйны үнэ 1,400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Хариуцагч нь 4 дугуйг автомашины бүрдэл хэсэг буюу дагалдах зүйл гэж тайлбарладаг. Гэтэл 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээгээр энэ талаар тохиролцоогүй. Нэхэмжлэгч нь хариуцагчид 4 ширхэг дугуй болон запас 1 ширхэг нийт 5 ширхэг дугуйтай автомашин худалдсан. Маргаан бүхий 4 ширхэг дугуйг нэхэмжлэгч өвлийн улиралд хэрэглэхээр авсан ба худалдсан автомашины дагалдах зүйлд хамаарахгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Р.С- нь хариуцагч Д.У-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 2,200,000 төгрөг, автомашины дугуйны үнэд 2,000,000 төгрөг, нийт 4,200,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэлийг багасган, 3,100,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсний зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн байна.

4.Зохигчид 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Р.С- нь 70-30 УБЦ улсын дугаартай, Тоёота ланд круйзер маркийн автомашиныг 20,000,000 төгрөгөөр худалдах, хариуцагч Д.У- нь автомашиныг хүлээн авч, үнийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, худалдах, худалдан авах гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 6-р тал/

4.а.Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243.1 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээ гэж зөв дүгнэсэн байна. Тус гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг тул зохигчийн хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай.

4.б.Хариуцагч Д.У- нь автомашины төлбөрийн үлдэгдэл 1,100,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн байх тул түүнээс 1,100,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Р.С-т олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

5.Автомашины дугуйны үнэд 2,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэлд дурдсан 4 дугуйг автомашин худалдан авахад дагалдуулж өгсөн гэж хариуцагч тайлбарлажээ.

5.а.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч шаардлага, татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй ба хариуцагч Д.У- нь өөрийн татгалзлыг дээрх хуульд зааснаар баримтаар нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл, зохигчийн байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд 4 дугуй нэмэлтээр өгөх агуулга тусгагдаагүй, 4 дугуй нь худалдах, худалдан авах гэрээний зүйл байсан болох нь нотлогдоогүй, мөн гэрч Г.Ө- нь Д.У-ыг автомашины дугуй авах гээд ирэхэд би Р.С-аас асуулгүй өгч явуулсан нь буруу гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд хариуцагчийн татгалзлыг үндэслэлтэй гэж үзэхээргүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй. /хх-ийн 48-р тал/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Мөнх эрч моторс ХХК, Маргад-Эрдэнэ цогт ХХК, Долд ринчэн ХХК-ийн тодорхойлолтыг нотлох баримтаар гаргасан, дээрх тодорхойлолтоор Тоёота ланд круйзер маркийн авмашины дугуйны үнийг 480,000 - 620,000 төгрөг гэжээ. Хариуцагч Д.У-ын хувьд дээрх тодорхойлолтыг няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй байх тул 1 ширхэг дугуйг 350,000 төгрөгөөр тооцон эвлэрэх тухай нэхэмжлэгч Р.С-ын саналыг харгалзан нийт /4 х 350,000 = 1,400,000/ төгрөгийг хариуцагч Д.У-аас гаргуулж, нэхэмжлэгч Р.С-т олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй. Энэ талаар нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй болно.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг баримтлаагүй алдаа гаргасныг залруулах шаардлагатай. Тодруулбал, талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд дээрх 4 дугуйг нэмэлтээр өгөх тохиролцоо байсан гэдэг нь нотлогдоогүй, энэ тохиолдолд хариуцагч Д.У- нь бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр, үнэ төлбөргүй ашиглах эрхгүй юм. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт нэмсэн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2023/01157 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 ... гэсний дараа 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Г.ДАВААДОРЖ