Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2021/0092

 

                                                                                                     

“С б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                 Б.Мөнхтуяа,

Танхимын тэргүүн, шүүгч:   Ч.Тунгалаг,

Шүүгчид:                                      Х.Батсүрэн,

                                                     П.Соёл-Эрдэнэ,

Илтгэгч шүүгч:                      М.Батсуурь,

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/220 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”,

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 09ий өдрийн 128/ШШ2020/0574 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, Б.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ү нарыг оролцуулан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09ий өдрийн 128/ШШ2020/0574 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/220 дугаар захирамжийг дахин шинэ акт гартал зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/220 дугаар захирамж хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
  1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2020/0574 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “С б” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/220 дугаар захирамжийг хүчингүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.3, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, 3 дахь заалтыг хасч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

  1. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ү хяналтын гомдолдоо: “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Үүнд: Нэг. Магадлалын хяналтын хэсэгт /хуудас-6/ “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т заасан өөрийн эрх хэмжээгээ хэрэгжүүлэн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/250 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэж газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж, гэрээ байгуулан баталгаажуулжээ” гэж буруу дүгнэсэн байна.

 

  1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасан инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт хамаарч байгаа тул тухайн газарт газар эзэмших, ашиглуулах эрх олгох асуудлыг Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх байтал Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга хуулиар өөрт олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлж газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн шийдвэр болсон. Улмаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 3/10 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.6-д Хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээнд холбогдох болон шугам сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад дүүргийн Засаг дарга нарын хууль зөрчсөн захирамжуудыг хүчингүй болгох” гэсэн хэсэг болон Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасан заалтыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 220 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 467 дугаар захирамжийн Сутайн буян ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Гэтэл тухайн хүчингүй болсон захирамжийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/606 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацаа сунгасан нь хууль бус хүчингүй байсан.
  2. Хоёр. Мөн магадлалын хяналтын хэсэг /хуудас-7/ “... Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-д хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан” гэж заасан үндэслэлд шууд хамаарахгүй юм. Түүнчлэн маргаан бүхий акт болох А/220 дугаар захирамжийг нэхэмжлэгчид мэдэгдэх буюу Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулаагүй нь илэрхий” гэж маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/220 дугаар захирамжийг тухайн үед батлагдаж, хэрэгжих эхлээгүй 2015 онд батлагдаж 2016 оноос хэрэгжиж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийг хэрэглэж шийдвэр гаргах ёстой мэтээр дүгнэсэн нь давж заалдах шатны шүүх бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн байна.
  1. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.  

ХЯНАВАЛ:

  1. Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
  1. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/220 дугаар захирамжаар ““С б” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Барилгын цэргийн 158 дугаар ангийн хашааны урд талд агуулахын зориулалтаар 3328 м.кв газрыг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийг зөрчиж, хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр эзэмшүүлсэн” гэсэн үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 467 дугаар захирамжийн “С б” ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн; нэхэмжлэгчээс дээрх Нийслэлийн Засаг даргын А/220 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... манай компани тухайн газар эзэмших эрхийг шинээр аваагүй, 2010 онд бусдаас шилжүүлж авсан тул хуульд зааснаар дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгогдох шаардлага байхгүй, 2016 онд газар эзэмших хүсэлтээ сунгуулах хүсэлт гаргахад газар хүчин төгөлдөр, ямар нэг хүчингүй болгосон шийдвэргүй байсан ...” гэж тодорхойлжээ.
  1. Хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд: Маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд байрлах уг газрын эзэмших эрхийг анх 1994 онд Барилгын цэргийн 158 дугаар ангид олгосон бөгөөд Барилгын цэргийн газраас 2003 онд Барилгын цэргийн 158 дугаар ангийн хашааны урд талд байрлах агуулахыг иргэн Ө.Төмөрт худалдсан[1] учир тус дүүргийн Засаг даргын 2003 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 120 дугаар захирамжаар агуулахын зориулалтаар 3328 м.кв газар эзэмших эрхийг иргэн Ө.Төмөрт шилжүүлж, 051247 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан[2]; мөн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 467 дугаар захирамжаар иргэн Ө.Төмөрөөс дээрх газар эзэмших эрхийг нэхэмжлэгч “С б” ХХК-д шилжүүлж, 0229847 дугаар гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан[3]; улмаар дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/250 дугаар захирамжаар тус газар эзэмших эрхийн хугацааг 15 жилийн хугацаагаар сунгаж, 000318735 дугаар гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан[4]  зэрэг үйл баримт тогтоогдсон байна. 
  1. Түүнчлэн, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 03/2381 дугаартай албан бичиг, түүнд хавсаргаж ирүүлсэн Хот байгуулалт, хөгжлийн газраас Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 09/1710 дугаартай албан бичиг болон “Хот байгуулалтын мэдээллийн менежментийн систем”[5] гэх баримтаас үзэхэд тухайн газарт дулаан, цэвэр ус, холбоо, цахилгааны шугам байгаа талаар дурдсан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас энэ асуудлыг тодруулахад “... зураг дээр харагдаж байгаа шугам бол ... манай хашаалсан хэсгээс гадна буюу авто замын хэсэг болон явган хүний замын хашаа хатгаагүй, доогуур явж байгаа ...”[6], “... инженерийн шугам сүлжээтэй холбоотой асуудлыг сонсголонгийн шинэ замыг барихдаа шийдсэн асуудал ...” гэснээс өөрөөр энэ нотлох баримтыг бүрэн үгүйсгээгүй зэргээс дүгнэхэд маргаан бүхий газар нь хотын суурьшлын инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар болох нь тогтоогдож байна.
  1. Газрын тухай хуулийн дүгээр зүйлийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 21.2.3-т “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна;”, 21 дүгээр зүйлийн 21.5-д “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 21.5.3-т “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “Энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж тус тус зааснаар хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад Нийслэлийн Засаг дарга, харин бусад газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг дүүргийн Засаг дарга  шийдвэрлэхээр хууль тогтоогч тусгайлан заасан байна.
  1. Гэхдээ энэхүү хэргийн хувьд, маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/220 дугаар захирамжаар хамгийн анх бусдад газар эзэмшүүлсэн захиргааны акт (1994 онд Барилгын цэргийн 158 дугаар ангид олгосон)-ыг бус, харин газар эзэмших эрх үүссэн этгээдээс дамжиж ирсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан буюу Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасныг үндэслэж гарсан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 467 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Тодруулбал, нэхэмжлэгч “С б” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 467 дугаар захирамжаар бусдын газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан учир газар эзэмших эрхийн гэрчилгээг анх авахад тавигдах Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан “дуудлага худалдаа”, “төсөл сонгон шалгаруулалт”-ын зарчим хамаарахгүй байхын зэрэгцээ мөн тухайн газарт газар эзэмших эрх нь 2002 оны Газрын тухай хууль үйлчилж эхлэхээс өмнө буюу 1994 онд үүссэн байх бөгөөд хожим инженерийн шугам, сүлжээ тавигдсан нь түүнээс өмнө уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл биш юм.      
  1. Мөн үүний зэрэгцээ, нэхэмжлэгчийн шилжүүлэн авсан газар нь дангаараа шилжиж ирсэн бус, харин түүн дээр байрлаж байсан агуулахын барилгыг худалдан авснаар дагалдан шилжиж ирсэн байх тул Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т заасан “... газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж нь газрын үндсэн бүрдэл хэсэг” гэж заасан эрх зүйн зарчмыг шүүх анхаарах учиртай.
  1. Нэгэнт дээр дурдсанаар хэргийн үйл баримт тодорхой, нэмж тодруулах нотлох баримт шаардлагагүй байхад анхан шатны шүүх “нэхэмжлэгчийн эзэмшиж буй газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3-т заасныг зөрчөөгүй, ... хариуцагч Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгч “С б” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 467 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг “бусдад эзэмшүүлж болохгүй газар” гэсэн үндэслэлээр хүчингүй болгоогүй, харин өөрийн эрх хэмжээний хүрээнд эзэмшүүлэх газар гэж үзсэн байна ...” гэсэн дүгнэлтийг хийж, дахин шинэ акт гартал Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/220 дугаар захирамжийн биелэлтийг түдгэлзүүлж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн; давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, “... маргаан бүхий захиргааны актын үндэслэл нь бодит байдалд нийцээгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн ...” гэсэн үндэслэлээр түүнийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын нэг дэх хэсэг үгүйсгэгдэнэ.
  1. Харин давж заалдах шатны шүүх 2003 оны захиргааны актад 2006 онд хүчин төгөлдөр болсон Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг буцаан хэрэглэж, “... захиргааны байгууллагын шийдвэр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна ... , тодруулбал Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно:”, 48.2.1-д “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан” гэж заасан үндэслэлд шууд хамаарахгүй юм. Түүнчлэн маргаан бүхий акт болох А/220 дугаар захирамжийг нэхэмжлэгчид мэдэгдэх буюу Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулаагүй нь илэрхий ...” гэх зэргээр дүгнэсэн нь буруу; энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй боловч магадлалын шийдлийг бүхэлд нь үгүйсгэж, улмаар хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох боломжгүй.
  1. Иймд, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ү-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ү-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
  1.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Б.МӨНХТУЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН, ШҮҮГЧ                                        Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                                           Х.БАТСҮРЭН

                                                                                            П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                            М.БАТСУУРЬ

 

 

[1] I хавтаст хэргийн 31 дэх тал

[2] I хавтаст хэргийн 221-225 дахь тал

[3] I хавтаст хэргийн 198-203 дахь тал

[4] I хавтаст хэргийн 194-197 дахь тал

[5] I хавтаст хэргийн 227-229 дэх тал

[6] II хавтаст хэргийн 120 дахь тал