Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 106

 

 

 

 

 

 

 

 

   2019          01          30                                    106

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Ядмаа, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч: Д.Н,

шүүгдэгч: Г.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н, А нарт холбогдох эрүүгийн 1805 0290 51198 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1996 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, ах, эгч, дүү нарын хамт Н.

 

Монгол улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Аса циркийн уран нугараач ажилтай, ам бүл 3, ах, эгч нарын хамт А.

 

Шүүгдэгч Г.А нь Д.Нтай бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай” зочид буудлын нойлын өрөөнд цэнэглэж байсан иргэн Л.Баянбатарын эзэмшлийн “Huawi p-10 plus” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1 120 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

       ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Г.А мэдүүлэхдээ:

Прокурорын уншиж танилцуулсан яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед мөнгө хэрэгтэй байсан тул хохирогчийн гар утсыг нь авчих уу гэж Нтай ярилцаад, Н надад гар утсыг авч өгсөн. Тэгээд тэр өдрөө бид 2 “Теди” төв дээр очоод гар утсыг 400 000 төгрөгөөр зарсан. 400 000 төгрөгөөс би 280 000 төгрөгөөр нь евро худалдаж авсан. Хохирогчид гар утсыг нь буцааж өгсөн. Иргэний нэхэмжлэгчид төлөх 400 000 төгрөгөөс би өөрийн ашигласан 280 000 төгрөгийг ойрын хугацаанд төлж барагдуулна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Д.Н мэдүүлэхдээ:

Тухайн хэрэг болохын өмнөх өдөр “Пайр” нэртэй баарнаас гараад явж байгаад хохирогчтой танилцсан. Буудлаас гарахдаа “гар утсыг нь авчих уу” гэж Атай ярилцахад, тэр гар утсыг нь авсан. А визний мөнгөө үрсэн байсан тул 280 000 төгрөгөөр евро худалдаж авсан. Үлдсэн мөнгийг ойр зуурын зүйлд зарцуулсан. Хохиргчоос хулгайлж авсан гар утсыг буцааж өгсөн. Иргэний нэхэмжлэгчид төлөх 400 000 төгрөгөөс өөрт ноогдох 120 000 төгрөгийг 1 сарын хугацаанд төлж барагдуулна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Л.Б мэдүүлэхдээ:

2018 оны 5 дугаар сарын 15-ны өглөө 05 цагийн үед “Скай” буудалд 2 эмэгтэй хүний хамт ороод гар утсаа нойлд цэнэглэж тавьчихаад амарч байхад надтай хамт буудалд орсон хоёр эмэгтэй буудлаас гарахдаа миний гар утсыг аваад явсан байсан. Надтай хамт буудалд орсон тэр хоёр эмэгтэйг би танихгүй, хороололд танилцсан юм. Миний гар утас “Huawi p-10 plus” маркийн гар утас. Уг гар утсыг би Теди төвөөс 1 750 000 төгрөгөөр худалдан авч байсан.

Би уг утсыг худалдаж аваад 5 сар орчим барьсан болохоор шинэ биш бага зэрэг эдлэгдсэн утас байсан юм. Намайг тус буудалд унтаж байх хооронд тэр хоёр охин миний гар утсыг аваад сим картыг нь авч хаяад ченжид зарчихсан байсан ба би миний гар утсыг худалдсан гэх ченжийг нь заалгаж байж гар утсаа буцааж авсан. Миний хохирол барагдсан тул Н, А гэх хоёр охинд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. (хэргийн 7-8 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч-Ш.К мэдүүлэхдээ:

Миний бие Теди төвийн гадаа хувиараа гар утас худалдан авч, зарж борлуулах ажил хийдэг юм. 2018 оны 5 дугаар сарын 15-ны өглөө намайг “Теди” төвийн гадаа ажлаа хийгээд зогсож байхад 09 цаг 50 минутын орчим нэг банди, 2 охинтой хамт ирээд хамт яваа банди нь надаас гар утас авах уу гэж асуухаар нь би тэр утсыг үзэхэд “Huawi p-10 plus” маркийн цэвэрхэн эдлэсэн утас байсан ба уг утсыг 500 000 төгрөгөөр зарна гэхээр нь ярьж байгаад 400 000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед надад бэлэн 400 000 төгрөг байгаагүй учраас ах Баярсайханаасаа 280 000 төгрөг түр зээлж аваад би 400 000 төгрөг болгож өгсөн юм. Мөр тэр үед уг утсыг хэний утас юм бэ гэж асуухад тэр банди миний утас гэж хэлж байсан болохоор хулгайн утас гэж мэдээгүй. Гэтэл тэр гар утсыг худалдаж авсан өдрийн орой нь Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтан намайг сураглаж ирж уулзаад таны худалдаж авсан гэх гар утас хулгайн утас байна гэхээр нь би тэр гар утсыг цагдаагийн ажилтанаар дамжуулан гар утасны эзэн гэх хохирогчид нь буцааж хүлээлгэж өгсөн. Надад “Huawi p-10 plus” маркийн гар утас зарсан Д.Н, Г.А болон хамт явсан гэх бандийг нь би танихгүй, урд нь харж байгаагүй, эдгээр охидууд цагдаад баригдсаны дараа А гэдэг охиных нь ах хамт ирчихсэн дүүгээ загнаад чи Нтай нийлэхээрээ асуудал үүсгэдэг гэж хэлж байсан. Тэр хоёртой хамт утас зарах гээд явж байсан банди нь тэдний танил гэж дуулсан. Тэр утсыг худалдаж авсны улмаас би 400 000 төгрөгөөрөө хохирсон тул Н, А гэх хоёр охиноос 400 000 төгрөгөө нэхэмжилж байна. Нэхэмжилж байгаа мөнгөө гаргуулаад авчихвал гомдол саналгүй гэжээ. (хэргийн 10 дугаар хуудас)

 

“Дамно” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд:

Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1 120 000 төгрөгөөр үнэлэгдэв гэжээ. (хэргийн 17 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Д.Н ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (хэргийн 52 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Г.А ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (хэргийн 53 дугаар хуудас)

 

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

             Шүүгдэгч Г.А нь Д.Нтай бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай” зочид буудлын нойлын өрөөнд цэнэглэж байсан хохирогч Л.Баянбатарын эзэмшлийн “Huawi p-10 plus” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1 120 000 төгрөгийн хохирол учруулсан,

             шүүгдэгч Д.Н нь Г.Атай бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай” зочид буудлын нойлын өрөөнд цэнэглэж байсан хохирогч Л.Баянбатарын эзэмшлийн “Huawi p-10 plus” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1 120 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Б, иргэний нэхэмжлэгч Ш.К нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

           

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Н, Г.А нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгч нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа учруулсан хохирлоо нөхөн төлнө гэж илэрхийлж байгааг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Хохирогч Л.Б нь “хулгайд алдсан гар утсаа буцааж авсан, миний хохирол барагдсан тул Н, А гэх хоёр охинд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Иргэний нэхэмжлэгч Ш.Кт учирсан гэм хорын 400 000 төгрөгийн хохирлоос шүүгдэгч Д.Н 120 000 төгрөг, шүүгдэгч Г.А нь 280 000 төгрөгийг тус бүр 1 сарын дотор төлөхөө илэрхийлсэн болно.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Н, Г.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, өөрсдийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдлаа. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Н, А нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Нд хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар,

Шүүгдэгч Г.Ад хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Д.Н, Г.А нарт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5-д зааснаар Д.Н, Г.А нар нь гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газраа өөрчилсөн бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэдэнд хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар Д.Н, Г.А нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар  шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,

тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Д.Н, Г.А нар нь хохирогч Л.Бт төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Д.Нгаас 120 000 төгрөг, Г.Агаас 280 000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Ш.Кт олгосугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н, Г.А нарт авсан хувийн баталгаа гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.ОЮУН