Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01101

 

Б.Т-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг, даргалж, шүүгч Д.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/00844 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Т-ийн хариуцагч М- ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 142,355,332 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй, гуравдагч этгээд Б.Ц-ийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Б.Т-, хариуцагч М- ХХК-ийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай бие даасан шаардлагатай иргэнийг хэргийг гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Б.Т- нь М- ХХК-тай 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 80,000,000 төгрөгийг, сарын 3,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. Мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, М- ХХК нь өөрийн өмчлөлийн 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөр, хүүг төлөөгүй. Хариуцагч нь зээлийн хүүгийн төлбөрт нийт 19,218,000 төгрөг төлсөн. Талууд анх зээлийн гэрээг 2019.02.26-ны өдрөөс 2019.08.26-ны өдрийг хүртэл байгуулж, дараа нь 2019.08.26-ны өдрөөс 2020.08.26-ны өдөр хүртэл, мөн үүний дараа 2020.08.26-ны өдрөөс 2021.08.30-ны өдөр хүртэл гэрээг тус тус сунгасан байдаг. Гэрээний 2 дахь заалтаар зээлийн хүүг сарын 3.5 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцсон байна. Иймд гэрээний тус заалтын дагуу хариуцагчаас дараах мөнгөн дүнг нэхэмжилж байна. Үүнд: үндсэн зээлийн төлбөрт 80,000,000 төгрөг, 2019.09.26-ны өдөр төлөх хүүгийн үлдэгдэл 382,000 төгрөг 2019.10.26-ны өдрөөс 2021.08.30-ны өдрийг хүртэлх хугацааны хүүд нийт 65,155,332 төгрөг нийт 145,155,332 төгрөг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа мэтгэлцээний явцад 2,500,000 төгрөгөөр багасгасан учраас М- ХХК-аас нийт 142,355,342 төгрөгийг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулаад шүүхийн шийдвэрт тусгуулах гэж эцсийн байдлаар тодруулж байна гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Үндсэн зээлийн төлбөр 60,782,000 төгрөг, зээлийн хүү 14,419,720 төгрөг, нийт 75,201,720 төгрөгийг гаргуулах хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч байна. Зээлдэгч 7 удаа нийт 21,701,720 төгрөгийг зээлийн төлбөрт эргүүлж төлсөн. Зээлийн гэрээний нэмэлт гэх зүйлийг хариуцагч татгалзаж байна. Зээлийн гэрээний 5 дахь заалтын дагуу энэ гэрээнд алданги тооцохгүйгээр талууд тохирсон байх тул зээлдэгч алданги шаардах эрхгүй. Хууль ёсны дагуу төлөх ёстой мөнгөө төлнө. М- ХХК бусдаас буюу С.Золчимэгээс 70,258 ам.доллар, Б.Ц-аас 31,446 ам.долларын авлагаа авч чадаагүйгээс зээлээ төлөхгүй удсан. 2019 оны 09 дүгээр сарын 07-нд зээлийн гэрээг 12 сар сунгах хүсэлт өгсөн боловч тухайн үед зөвшөөрөөгүй. Зээлийн гэрээний хугацааг сунгасан гэх зүйлийг зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээг бичгээр байгуулах ёстой, мэйл илгээгч нь гэрээний оролцогч биш тул зээлийн гэрээний шаардлага хангахгүй. Хүү тохироогүй тул шаардах эрхгүй. М- ХХК нь 2010 оны 10 дугаар сарын 26-нд Б.Ц-тай орон сууц захиалгаар бариулах 73 тоот гэрээг байгуулж, 5 тоот 79,19 м.кв талбайтай гурван өрөө байрыг нийт 63,352 ам.доллараар худалдсан. Өнөөдрийн байдлаар захиалагч нь 31,906 ам.доллар төлсөн, 31,446 ам.долларын төлбөр дутуу байна гэжээ.

 

3.Гуравдагч этгээдийн шаардлагын агуулга: Б.Ц- нь М- ХХК-тай 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдөр орон сууцны байр захиалгаар бариулах 73 тоот гэрээ байгуулсны үндсэн дээр уг байр баригдаж төлбөр төлөгдөж эхэлсэн. Гэрээний 2.2-д захиалагч нь 3 өрөө байрны төлбөр нийт 63,352 ам.долларын эхний 50 хувь болох 31,676 ам.долларыг 2009 оны 10 дугаар сарын 26-нд, үлдэх 50 хувийг 2010 оны 12 дугаар сарын 28-нд түлхүүр хүлээлгэж өгөхөд 31,676 ам.долларыг төлж дуусгахаар, мөн гэрээний 5.5-д гүйцэтгэгч нь улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэхэд өөрт байгаа материалыг гаргаж өгөх, албан бичиг үйлдэх зэргээр туслалцаа үзүүлнэ гэж тус тус харилцан тохиролцсон. Энэ гэрээний дагуу захиалагч төлбөрийг төлж дуусгасан. Тухайн үед уг компани нь татварын төлбөрөөс зайлсхийх асуудлаар бүх төлбөрийг бэлнээр авч төлж дуусгасан. Энэ үндсэн дээр орон сууцыг 2010 оны 12 дугаар сарын 28-нд ашиглалтад оруулж захиалсан байрыг хүлээлгэн өгсөн бөгөөд өнөөдрийг хүртэл 13 дахь жилдээ эзэмшиж байна. Өнгөрсөн хугацаанд Ц.О- нь янз бүрийн тайлбар хэлж Б.Ц- болон хүү Ц.Э- нарыг хуурч мэхлэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөлгүй 12 жил өнгөрсөн. Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсоны үр дагавар нь Б.Ц-т орон сууцны төлбөрийг бүрэн төлж дуусгасан үндэслэлээр уг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж авах үр дагаврыг үүсгүүлэхээр шаардаж байгаа болно гэжээ.

 

4.Гуравдагч этгээдийн шаардлагад гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулах болон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх гэсэн шаардлага тавигдсан. Энэ шаардлагын хүрээнд гэрээ хийгдсэн учраас хүчин төгөлдөр юм. Хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж тодорхойлсон нь ойлгомжгүй. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах байдлаар гуравдагч этгээд өмчлөх эрхээ өөрөө олж авах боломжгүй. Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Гуравдагч этгээдийн шаардлагад гаргасан хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Төлбөрийн үлдэгдэлтэй нөхцөлд орон сууцны өмчлөх эрх нь гэрээний дагуу М- ХХК-д байна. Төлбөрөө бүрэн төлж дууссанаар өмчлөх эрх захиалагчид шилжинэ гэж зохицуулсан тул өнөөдрийг хүртэл уг ул хөдлөх хөрөнгө нь компанийн өмчлөлд бүртгэлтэй байгаа ба захиалагч тал өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй, гэрээ дуусгавар болоогүй байна. Өнөөдрийн байдлаар захиалагч гүйцэтгэгчид 31,906 ам.доллар төлсөн, 31,446 ам.долларын төлбөр дутуу байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй холбоотой татгалзаж байна гэжээ.

 

6.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М- ХХК-аас нийт 108,355,280 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Т-өд олгож, үлдсэн 34,000,052 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Ц-ийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М- ХХК энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5 хороолол, нарны зам, 41 байр, 5 тоот орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Т-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1,051,417 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 769,926 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Т-өд олгуулахаар шийдвэрлэжээ.

 

7.Гуравдагч этгээд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Иргэн Б.Ц- нь М- ХХК-тай 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдөр орон сууцны байр захиалгаар бариулах гэрээ байгуулж, 2009 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн нийтдээ 41 удаагийн төлөлтөөр бүгд 65,192 ам.долларыг 2011 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төлж дуусгасан. Энэ үндсэн дээр 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 5 тоот 79,19 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг ашиглалтад оруулж Б.Ц-т түлхүүрийг гардуулж хүлээлгэн өгч өнөөдрийг хүртэл 13 жил уг байрыг эзэмшиж байгаа болно. Иймд хариуцагч нь тус байрыг барьцаанд тавих эрхгүй байсан.

 

7.а.Ц.О- нь байрны төлбөрт нийт 31,906ам долларыг Б.Ц-аас хүлээж авсан гэсэн баримтад ач холбогдол өгч Б.Ц-ийг хуурч, хохироож байгаа асуудлыг огт асууж тодруулаагүй. Мөн гэрч н.Уранчимэгийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулж шүүхэд гаргаж өгсөн 41 санхүүгийн баримтад тулгуурлан нотлуулах хүсэлтийг хүлээж авалгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч Ц.О- нь Б.Ц-ийг уг байрны төлбөрийг бүрэн төлөөгүй байхад бүтэн 13 жил ямар нэг асуудал үүсгэлгүйгээр орон сууц эзэмшүүлэх үндэслэлгүй байх бөгөөд Ц.О- нь элдэв янзын тайлбар хэлж үл хөдлөхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй хуурч мэхэлж, хуурамч баримт үйлдэж байсныг шүүх асууж тодруулаагүй. Шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөгдөж хохирч байгаа асуудлыг асууж тодруулалгүй, гаргаж өгсөн нотлох баримтыг судлаагүй, гол гэрчийг дуудаагүй, бие даасан шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч байгааг анхаараагүй, зэрэг эдгээр бүр асуудалд дүгнэлт хийж энэ хэргийг эрх бүхий зохигчоор оролцсон бие даасан шаардлага гаргасан Гуравдагч этгээдийг хохироосон шийдвэр гаргасан гэж үзэх тул дээр дурдсан бүх асуудалд үнэлэлт дүгнэлт хийж шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх боломж олгохыг хүсэж гомдол гаргаж байгааг шийдвэрлэнэ үү гэжээ.

 

8.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч тал анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг улсын бүртгэлд бүртгэгдсэнээр тооцдог. Нэхэмжлэгч Б.Т- хариуцагч Монголтравел сервис ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулах тухайн цаг үед маргаан бүхий орон сууцны өмчлөгч Монголтравел сервис ХХК байсан, мөн одоо ч хэвээр байна. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд зааснаар хууль ёсны өмчлөгч буюу хариуцагч компанитай өөрийн өмчлөлийн зүйлийг захиран зарцуулах эрхтэй учраас 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчтэй барьцааны гэрээ байгуулсан. Иймд тухайн барьцааны гэрээ хүчин төгөлдөр. Гуравдагч этгээд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай шаардлагын үндэслэлээ хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж тодорхойлдог. Гэвч хэлцэл хийж буй нэг тал хэлцэлд хамаарах мэдээллийг зориуд худал мэдээлэх, хэлэх ёстой байсан мэдээллийг хэлээгүй тохиолдлыг ойлгодог. Хариуцагч болон гуравдагч этгээд нарын хооронд орон сууц захиалгын гэрээ байгуулах үед хууран мэхлэх ямар үйл баримт болсон талаар тогтоогдсон зүйл байхгүй тул анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Шүүх Г.Уранчимэгээс гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гуравдагч этгээдийн талаас Г.Уранчимэгийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулж, 41 удаагийн санхүүгийн баримтыг тулгаж, нотлуулах хүсэлт гаргасан. Гэвч гэрчийг шүүх хуралдаанд биечлэн буюу зохигчийн түвшинд оролцуулах боломжгүй. Шүүх өмнө нь Г.Уранчимэгээс гэрчийн мэдүүлэг авсан тул дахин биечлэн оролцуулах хүсэлтийг хангаагүй нь хууль зүйн үндэслэлтэй. Анхан шатны шүүх талуудын хоорондын маргааны зүйл болоод бодит үйл баримтад үндэслэн хууль ёсны дүгнэлт гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

9.Хариуцагч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Б.Т- хариуцагч М- ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 142,355,332 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Ц- нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Б.Т-, хариуцагч М- ХХК-ийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг тус тус гаргажээ.

 

3.Зохигчид 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Б.Т- нь 80,000,000 төгрөгийг, сарын 3,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэх, хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд мөнгийг буцаан төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 80,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ, Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна. /хх-ийн 6, 10-р тал/

 

3.а.Мөн өдөр талууд барьцааны гэрээ байгуулж, хариуцагч М- ХХК нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, /14252/, Нарны зам, 41 дүгээр байр, 5 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022981 дугаарт бүртгэлтэй, 79,19 м.кв талбай бүхий, гурван өрөө орон сууцыг барьцаалжээ. /хх-ийн 11-р тал/

 

3.б.Улмаар талууд харилцан тохиролцож, 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр дээрх зээлийн гэрээний хугацааг 12 сараар сунгасан байна. /хх-ийн 50-51-р тал/

 

3.в.Анхан шатны шүүх талуудын байгуулсан зээл болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасанд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ болох талаар зөв дүгнэжээ.

 

3.г.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул талуудын хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай.

 

3.д.Анхан шатны шүүх үндсэн зээл, хүүгийн төлбөрт нийт 130,073,280 төгрөгийн үүрэг үүссэнээс хариуцагч М- ХХК нь 21,718,000 төгрөг төлсөн гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан банкны дансны хуулга, төлбөрийн баримт зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна.

 

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх зээлийн нийт үүрэг 130,073,280 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 21,718,000 төгрөгийг хасаж, хариуцагч М- ХХК-аас 108,355,280 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Т-өд олгож, нэхэмжлэлээс 34,000,052 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгахгүй бөгөөд шийдвэрийн энэ хэсэгт зохигчийн хэн аль нь гомдол гаргаагүй. Иймд иргэний эрх зүйн диспозитив зарчмын хүрээнд гомдол гаргаагүй асуудлаар дүгнэлт хийхгүй болно.

 

3.е.Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Учир нь талуудын байгуулсан барьцааны гэрээ нь бичгээр байгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх зэрэг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг бүрэн хангасан байна.

 

3.ё.Түүнчлэн, барьцаалуулагч буюу хариуцагч М- ХХК-ийн өмчлөх эрх Иргэний хуулийн 183 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлээр баталгаажсан, энэ тохиолдолд өмчлөгч бус этгээдийн хөрөнгийг барьцаалсан гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, орон сууцны үнийг М- ХХК-д бүрэн төлсөн гэх гуравдагч этгээдийн тайлбар нь хуульд заасан журмын дагуу олж авсан барьцааны эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Иймд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай гуравдагч этгээд Б.Ц-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг зөв гэж үзнэ.

 

3.ж.Гуравдагч этгээд Б.Ц-ийн хувьд үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахтай холбоотойгоор хохирсон гэж үзвэл зохих этгээдэд холбогдуулан шаардлага гаргах эрхийг энэ шийдвэр хөндөөгүй болно.

 

4.Нэгэнт барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн тул хөрөнгийг барьцаалах эрхгүй, орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн нөхцөл байдалд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэх гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

5.Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг буруу баримталсан, мөн барьцаа хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаарыг орхигдуулсан зэрэг алдаа гаргасныг залруулах шаардлагатай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/00844 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дахь заалтын Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 гэснийг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 гэж,

3 дахь заалтын 5 тоот гэсний дараа эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022981 дугаарт бүртгэлтэй гэж нэмж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид гуравдагч этгээдээс төлсөн 557,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Г.ДАВААДОРЖ