Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 1379

 

Хны нэхэмжлэлтэй

   иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/04201 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Хны нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХ-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 120 304 529 төгрөг гаргуулах тухай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Хны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарт:

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан "Оёдол, нэхмэл, сүлжмэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхэд зээлийн бодлогоор дэмжиж, борлуулалтад нь дэмжлэг үзүүлэх" бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Монголын ХХХХХХХ", "Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо"-ноос санаачлан "Сурагчийн дүрэмт хувцсыг кластераар үйлдвэрлэх", "Монгол ноосон даавуу" үйлдвэрлэх төслүүдийг дэмжихийг хүсч төслөө ирүүлсэн. Үүний дагуу эдгээр төсөл нь хэрэгжих боломжтой, дотоодын захиалагч, зах зээл нь баталгаатай гэж үзэн дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2013 оны 7 дугаар сарын 06-ны өдөр "Сурагчийн дүрэмт хувцасны үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай" 250 дугаар тогтоолоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 17 000 000 000 тэрбум төгрөг, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд байршиж байгаа ноос, ноолуурын зээлийн эргэн төлөлтөөр хуримтлагдсан хөрөнгийн эх үүсвэрээс 6 000 000 000 төгрөг, нийт 23 000 000 000 төгрөгийг сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл эрхлэгчдэд 2013 онд багтаан эргэн төлөгдөх нөхцөлтэй хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргасан бөгөөд сурагчийн дүрэмт хувцасны захиалга, үйлдвэрлэл, нийлүүлэх, зээлийг ашиглах болон эргэн төлөх зэрэг арга хэмжээг Засгийн газрыг төлөөлж гэрээ байгуулан зохион байгуулж хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, Хөдөлмөрийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд нарт даалгасан.

Ийнхүү дээрх тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөрийн яам хооронд байгуулсан ҮХААЯ-201З0716-001 ХЯ-9/2013/02 тоот "Дамжуулан зээлдэх гэрээ"-ний нөхцлийн дагуу 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас “ХХ” ХХК-д оёдлын үйлдвэрүүдэд нийлүүлэх сурагчийн дүрэмт хувцасны нэмэлт иж бүрдэл болох сүлжмэл майк, кардиган үйлдвэрлэх зориулалттай хонины ноосон ээрмэл утсанд шаардагдах санхүүжилтэд нь зориулж 99 000 000 төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг аливаа хөрөнгийн барьцаагүйгээр 2013 оны 7 дугаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй олгох үндсэн нөхцөлтэй ХҮГСДХ-1/13 тоот зээлийн гэрээг байгуулсан. Зээлийн гэрээний дагуу Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдөр тус компанийн ХААН банкны 5022036264 дансанд ззэлийн төлбөрийг бүрэн шилжүүлсэн. Ингэснээр зээлдэгч нь зээлийн гэрээний 2.2.2-д "зээлийг гэрээний хавсралт 2-т заасан хуваарийн дагуу эргэн төлөх 2.2.11-д "үндсэн зээл, зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн өдөр тутамд нийт зээлийн үлдэгдлээс 0,01 хувиар тооцож алданги төлөх 3.3-д "зээлдэгч тал өөрийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан үүссэн аливаа зардлыг бүрэн хариуцах" гэсэн үндсэн үүргийг тус тус хүлээсэн боловч өнөөг хүртэл зээлдэгч нь авсан зээл, хүү, алдангийг төлөхгүй байна. Зээлдэгч нь зээл түүний үндсэн хүүг зээлийн гэрээний хавсралт 1-т заасан хуваарийн дагуу төлж барагдуулахаар заасан.

2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн ахуйн яам "ХХ" ХХК-ийн хооронд байгуулсан ХҮГСДХ-1/13 дугаар "Зээлийн гэрээ"-гээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй "ХХ" ХК-иас зээлийн үлдэгдэл 99 000 000 төгрөг, зээлийн хүү 14 790 329 төгрөг, алданги 6 615 200 төгрөг, нийт 120 304 529 төгрөгийг гаргуулж улсыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч "ХХ" ХК-ийн өмгөөлөгч ХХХ шүүхэд гаргасан тайлбартаа:

Сурагчийн дүрэмт хувцасыг үйлдвэрлэх төслийн явцад 5 гэрээ байгуулагдсан байдаг. Хөдөлмөрийн яамнаас үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд дамжуулан зээлдүүлэх гэрээ, үйлдвэр хөдөө аж ахуйн яам нь үндэсний үйлдвэрлэгч ээрмэлийн үйлдвэр, сүлжмэлийн үйлдвэр, даавууны үйлдвэрүүдтэй зээлийн гэрээ байгуулсан. "ХХХХХ" ХХК гэх мэт сүлжмэлийн үйлдвэр нь "Оёдлын бүтээлч үйлс", "ХХХХХХ" ХХК-тай сурагчдийн дүрэмт хувцасыг нийлүүлэх хамтын гэрээ байгуулсан, цогц үйл ажиллагаа юм. Энэ гэрээг зээлийн гэрээ биш, ажил гүйцэтгэх гэрээ гэж үздэг. Хөдөлмөрийн яам нь үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд 23 тэрбум төгрөг зээлэхдээ 4 янзын гэрээ байгуулах үүрэг өгсөн байдаг. Түүний нэг нь нэхэмжлэгч талын зээлийн гэрээ юм. Эдгээр гэрээнүүдийг байгуулсны үндсэн дээр дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулж хөдөлмөрийн яамнаас 23 тэрбум төгрөг өгсөн. Зээлийн гэрээний 2.1.5, 5.3, 5.1-р зүйл, ажил гүйцэтгэх 3 талт гэрээний 2.2.7-р зүйл заалтуудаас үзэхэд ажил гүйцэтгэх гэрээ гэдэг нь харагдаж байна. Хөдөлмөрийн яамнаас дамжуулан зээлдүүлэх гэрээгээр Үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд, Монголын оёдолын нэгдсэн холбооны дэргэдэх сурагчдийн дүрэмт хувцас үйлдвэрлэх төслийн Хаан банкны 5099999690 тоот дансанд 23 тэрбум төгрөгийг шилжүүлсэн. Шилжүүлсэн 23 тэрбум төгрөгөө буцаагаад энэ дансаараа авна гэж гэрээндээ заасан байдаг. Тиймээс зээлийн гэрээний 2.1.5-д зааснаар бүх бүтээгдэхүүнээ борлуулаад төвлөрсөн мөнгөө аваад, зээлийн хүүгээ авна, хариуцагч тал боловсролын байгууллагад бүтээгдэхүүнээ нийлүүлэх л үүрэгтэй, мөнгө буцааж авна гэсэн заалт байхгүй. Харин ажил гүйцэтгэх 3 талт гэрээн дээр сурагчдийн дүрэмт хувцасны мөнгийг "ХХ" ХК-ийн Хаан банкны дансанд төлнө гэж заасан. Тиймээс Хаан банкны төвлөрсөн данснаас нэхэмжлэгч тал мөнгөө авах ёстой байж манай компаниас нэхээд байгааг ойлгохгүй байна. Манай зүгээс нэхэмжлэгч талтай эвлэрэн хэлэлцэх гэсэн боловч бидний хүсэлтийг дэмжээгүй. Иймд алдангийн хэмжээг бууруулж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд ХХХХХХ"-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХХХХий тайлбарт:

Зохион байгуулалтын ажлыг хамтарч ажиллахаар гэрээ байгуулж төлбөрийн асуудал нь ХХХХХХХны төвлөрсөн дансаар шилжүүлэхээр заасны дагуу орсон мөнгийг аж ахуйн нэгжүүд рүү дансаар шилжүүлсэн нь дансны хуулгаар харагдаж байгаа. Хугацаа хэтрэлт үүсэх, аж ахуйн нэгжүүдийг эргэн төлөлтөө хийж чадахгүй байдалд орсон нь нэхэмжлэгчийн үйл ажиллагаатай шууд холбоотой. Тиймээс хариуцагч талын гаргасан алдангийг төлөх боломжгүй гэдэг тайлбарыг дэмжиж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар "ХХ" ХК-иас зээлийн төлбөрт нийт 107 811 542 төгрөг гаргуулан "Х"-нд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 12 492 987 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч "ХХ" ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 69 700 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХХХ, өмгөөлөгч ХХХ нарын давж заалдах гомдолд:

Нэхэмжлэгч Х нь зээлийн гэрээний нөгөө тал болох "ХХ" ХК-ийн төлөөлөгчийг оролцуулалгүй дангаараа шийдвэр гаргаж борлуулалтын орлогыг төвлөрүүлэх ёстой ХААН банкны 509 9999 690 дугаартай дансыг өөрсдөө өөрчилсөн. Данс өөрчилсөн талаар нөгөө талдаа мэдэгдээгүй, улмаар зээлийн гэрээний 2.1.5 дахь заалтад өөрчлөлт оруулаагүй. Үүнээс шалтгаалж ээрмэл утасны үйлдвэрлэлд олгосон зээл, зээлийн хүү хугацаандаа төлөгдөөгүй, хариуцагч дээрх гэрээгээр бусдад нийлүүлсэн утасны мөнгөө одоог хүртэл олж авч чадаагүй хохирсоор байна. Нэхэмжлэгч Х нь ээрмэл утас үйлдвэрлэгч компаниуд, ээрмэл утсаар сүлжмэл хувцас үйлдвэрлэгч компаниуд, даавуу нийлүүлэгч компани, оёдлын компаниудтай зээлийн гэрээ хийж, сурагчдын дүрэмт хувцас буюу майк, кардиган, оёмол хувцсыг зөвхөн нэр бүхий 7 оёдлын компаниудаар "Ажил гүйцэтгэх 3 талт гэрээ" хийлгүүлэн борлуулж, борлуулсан мөнгийг өөрийн дансанд төвлөрүүлэн, түүнээс үндсэн зээл, хүүгээ авахаар зохион байгуулж, гэрээ хийсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс үүргийн гүйцэтгэлд саад учруулсан тул хариуцагч алданги төлөх ёсгүй гэж үзэж байна. Иймд 6 514 200 төгрөгийн алдангийг хасаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч "Х" нь хариуцагч "ХХ" ХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 120 304 529 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байх бөгөөд шүүх хэргийн оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд оролцуулах, нотлох баримт шүүхийн журмаар бүрдүүлэх хүсэлтийг шийдвэрлээгүй байхын зэрэгцээ хэргийн оролцогчийн шаардлага, татгалзлаа нотлохоор ирүүлсэн, хэрэгт ач холбогдолтой байж болох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь өгөх, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн шаардлагыг хангаагүй байхад шийдвэрийн үндэслэл болгож хэргийг шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаатай холбоотой гэж тайлбарладаг бөгөөд талуудын гэрээний хугацаанд гүйцэтгэх үүрэг болон гэрээний үүрэг зөрчигдөхөд нөлөөлсөн үйл баримтын талаар хэргийн 69-78, 164-191 дүгээр тал дахь Хны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 4 дүгээр сарын 72 тоот тушаал, уг тушаалын хавсралтууд, ажил гүйцэтгэх 3 талт хамтын гэрээ, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны үйлдвэрлэлд олгосон зээлийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн ажлын тайлан, зээлийн судалгаа зэрэг баримтуудад хэрэгт хамааралтай этгээд болох хариуцагч байгууллага өөрийнхөө тэмдгийг дарж ирүүлсэн байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан журмын дагуу залруулан хэргийг шийдвэрлээгүй нь буруу байна.  

 

Мөн хэргийн 93-130 дугаар талд дахь баримтууд буюу 127-130 дугаар тал дахь хариуцагчийн нэхэмжлэлд дурдсан алдангитай холбоотой шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тайлбараа үндэслэсэн хурлын тэмдэглэл зэрэг хэрэгт ач холбогдолтой байж болох баримтуудыг хэн, хаанаас хуулбарлаж өгсөн нь тодорхойгүй, хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн байх тул давж заалдах шатны шүүх эдгээр баримтад үндэслэж хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.

 

Хариуцагчийн хэрэгт ач холбогдолтой гэж үзсэн баримтуудыг шүүх түүний хүсэлтээр холбогдох газруудаас гаргуулахаар 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШЗ2016/11453 дугаар захирамжаар шийдвэрлэсэн боловч уг захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэж, хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан журмыг зөрчжээ.

 

 Хариуцагч ХХ нь гуравдагч этгээдээр ХХХХХХХг оролцуулах хүсэлт гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасан журмын дагуу  гуравдагч этгээдээр татсан захирамж гаргаж шийдвэрлээгүй атлаа шүүх хуралдаанд оролцуулжээ.

 

Анхан шатны шүүхийн гаргасан дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж  байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/04201 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                            ШҮҮГЧИД                            А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                          А.МӨНХЗУЛ