Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2017/01751

 

     2017 оны 08 сарын 22 өдөр

          Дугаар 183/ШШ2017/01751

                  Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа  даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 16а, Засгийн газрын 9-р байранд байрлах Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах Монгол нэхмэл ХК /РД:2075024/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 132 578 051.50 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Ү.Алтаншагай, Ш.Мөнхцоож, С.Рэгзэдмаа, хариуцагчийн өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нэргүй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын Их Хурлаас 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр баталсан Засгийн газрын бүтцийн  тухай хууль болон Монгол улсын засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах журмаар аж үйлдвэрийн яамны чиг үүрэгт байсан хөнгөн үйлдвэрийн бодлогын асуудал нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны чиг үүрэгт ирсэн. Үүнтэй холбоотойгоор Монгол нэхмэл ХК-тай холбогдох иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд манай Хүнс, хөдөө аж ахуйн яам оролцож байна. 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам дамжуулан зээлдүүлэх гэрээг  хөдөлмөрийн яамтай байгуулж, салбаруудад тодорхой хэмжээний төсвийг батлан гаргаж өгсөн байдаг. 250 дугаар тогтоолын чиг үүрэг нь үндэсний  үйлдвэрлэлийг дотоодын үйлдвэрлэгчээр үйлдвэрлүүлэх бодлогыг дэмжсэн төрийн бодлогын ажил байсан. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан "Оёдол, нэхмэл, сүлжмэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхэд зээлийн бодлогоор дэмжиж, борлуулалтад нь дэмжлэг үзүүлэх" бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Монголын оёдлын нэгдсэн холбоо", "Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо"-ноос санаачлан "Сурагчийн дүрэмт хувцсыг кластераар үйлдвэрлэх", "Монгол ноосон даавуу" үйлдвэрлэх төслүүдийг дэмжихийг хүсч төслөө ирүүлсэн. Үүний дагуу эдгээр төсөл нь хэрэгжих боломжтой, дотоодын захиалагч, зах зээл нь баталгаатай гэж үзэн дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдөр "Сурагчийн дүрэмт хувцасны үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай" 250 дугаар тогтоолоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас арван долоон тэрбум төгрөг, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд байршиж байгаа ноос, ноолуурын зээлийн эргэн төлөлтөөр хуримтлагдсан хөрөнгийн эх үүсвэрээс 6 тэрбум төгрөг, нийт 23 тэрбум төгрөгийг сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл эрхлэгчдэд 2013 онд багтаан эргэн төлөгдөх нөхцөлтэй хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргасан бөгөөд сурагчийн дүрэмт хувцасны захиалга, үйлдвэрлэл, нийлүүлэх, зээлийг ашиглах болон эргэн төлөх зэрэг арга хэмжээг Засгийн газрыг төлөөлж гэрээ байгуулан зохион байгуулж хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, Хөдөлмөрийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд нарт даалгасан.

Ийнхүү дээрх тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам /хуучнаар/, Хөдөлмөрийн яам хооронд байгуулсан өдрийн ҮХААЯ-20130716-001, ХЯ-9/2013/02" тоот "Дамжуулан зээлдэх гэрээ"-ний нөхцлийн дагуу 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас “Монгол нэхмэл” ХК-д оёдлын үйлдвэрүүдэд нийлүүлэх сурагчийн дүрэмт хувцасны нэмэлт иж бүрдэл болох сүлжмэл майк, кардиган үйлдвэрлэх зориулалттай хонины ноосон ээрмэл утсанд шаардагдах санхүүжилтэд нь зориулж 99 000 000 төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг аливаа хөрөнгийн барьцаагүйгээр 2013 оны 7 дугаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй олгох үндсэн нөхцөлтэй ХҮГСДХ-1/13 тоот зээлийн гэрээг байгуулжээ. Зээлийн гэрээний дагуу Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас /хуучнаар/ 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдөр тус компанийн ХААН БАНК-ны 5022036264 дансанд зээлийн төлбөрийг бүрэн шилжүүлсэн байна. Ингэснээр зээлдэгч нь тус зээлийн гэрээний 2.2.2-д "зээлийг гэрээний хавсралт 2-т заасан хуваарийн дагуу эргэн төлөх", 2.2.11-д "үндсэн зээл, зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн өдөр тутамд нийт зээлийн үлдэгдлээс 0,01 хувиар тооцож алданги төлөх", 3.3-д "зээлдэгч тал өөрийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан үүссэн аливаа зардлыг бүрэн хариуцах" гэсэн үндсэн үүргийг тус тус хүлээсэн боловч өнөөг хүртэл зээлдэгч нь авсан зээл, хүү, алдангийг төлөхгүй, Төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, улсыг хохироосоор байна. Зээлдэгч нь зээл түүний үндсэн хүүг зээлийн гэрээний хавсралт 1-т заасан хуваарийн дагуу төлж барагдуулахаар заасан.

 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн ахуйн яам /хуучнаар/ “Монгол нэхмэл” ХК-ийн хооронд байгуулсан ХҮГСДХ-1/13 дугаар “Зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй “Монгол нэхмэл” ХК-аас зээлийн үлдэгдэл 99 000 000 төгрөг, зээлийн хүү 22 235 676.50 төгрөг алданги 11 342 375 төгрөг нийт 132 578 051.50 төгрөгийг гаргуулж улсыг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч “Монгол нэхмэл” ХК-ийн хариу тайлбар татгалзлыг дэмжиж өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй 2-3 үндэслэл байна. Зээлийн гэрээний хариуцагч биш гэж үзэж байгаа. Хэдийгээр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай гэрээ байгуулсан боловч мөнгийг “Оёдлын нэгдсэн холбоо”-оос авсан. Оёдлын нэгдсэн холбооны өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн. Авсан зээлийн мөнгөөр утас үйлдвэрлээд сүлжмэл үйлдвэрт нийлүүлсэн. 99 000 000 төгрөгөөс илүү утас нийлүүлсэн байгаа. Манай утсаар майк, кардегианаа хийгээд оёдлын нэгдсэн холбооны үйлдвэрт нийлүүлсэн. Бүх 21 аймаг 9 дүүргийн сургуулиудтай гэрээ байгуулсан. Тэр гэрээний дагуу бүтээгдэхүүнээ нийлүүлээд Монгол улсын сурагчдыг дүрэмт хувцсаар хангаад тэр дүрэмт хувцасныхаа мөнгийг оёдлын нэгдсэн холбооны 509 999 9690 гэсэн дансандаа төвлөрүүлж байгаа. Анх Засгийн газрын бодлого зөв байсан. Яагаад гэвэл сурагчдын дүрэмт хувцсыг дандаа гадаадаас авдаг. Үндэсний үйлдвэрлэгчид маань өөрсдөө сурагчдын дүрэмт хувцсыг үйлдвэрлээд сурагчдыг хангая гээд хөнгөлттэй зээл олгосон. Бодлогын хувьд бол сарын 7%-ийн хүүтэй. Энэ үйл ажиллагааг удирдахын тулд төсвийн нэгж  байгуулаад 1%-иар цалинжуулсан. Энэ бол 2-3 тэрбум төгрөгийн зээлийн асуудал яригдаж байгаа. 230 000 000 төгрөгөөр хориод хүн энэ цаас үйлдвэрлэсэн  ажил хийдэг. Энэ гэрээ бол тэр хүмүүсийн зохиосон гэрээ. Энэ ажил бодлогынхоо хувьд зөв байсан боловч хэрэгжилтийнхээ шатанд үндэсний үйлдвэрлэгчдийг дампууруулсан. Монгол нэхмэл гэх мэт олон жижиг үйлдвэрүүд байгаа. Энэ хүмүүс бүгдэд нь мөнгийг тарааж өгсөн. Олон байгууллагуудтай харьцахгүйн тулд төвлөрүүлээд явж байгаа. Хамгийн гол борлуулалт хариуцаж байгаа оёдлын нэгдсэн холбоог барьж авсан. Хамтран ажиллах гэрээ хийж, батлан даалт гаргуулж, оёдлын нэгдсэн холбооны дэргэд данс нээсэн. Гэрээн дээр зээлийг бид нар Оёдлын нэгдсэн холбоо хариуцна гээд заасан, батлан даалт гаргасан байгаа. Оёдлын нэгдсэн холбооноос 99 000 000 төгрөг авсан нь үнэн. Гэхдээ оронд нь  бараа өгчихсөн. Бид нар нэхэмжлэлийн хариуцагч биш учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдэг нь нэгдүгээр үндэслэл.  Хоёр дахь үндэслэл, өмнө нь бичээд тайлбар өгч байсан. 2013 оны 8 дугаар сарын 23-нд сарын дараа хурал хийсэн. Оёдлын нэгдсэн холбооны бүх үйлдвэрүүд, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны төслийн нэгж болон төрийн нарийн бичгийн дарга нар хурал хийсэн. Оёдлын нэгдсэн холбооны үйлдвэрүүд  төвлөрсөн дансанд мөнгөө хийхээ болъё, өөрсдөө зохицуулъя  гэсэн санал тавьсан. Энэхүү саналыг зөвшөөрсөн. 9 сард бүх бүтээгдэхүүнээ борлуулаад тэр дамжуулан зээлдэх данс руу мөнгөө хийхээр гэрээгээр тохирсон байсан. Гэтэл 2.1.5 дахь заалтыг зөрчсөн. Хурал дээр нэг ч сүлжмэлийн үйлдвэр, утасны үйлдвэрийн төлөөлөгч байхгүй. Зөвхөн Оёдлын нэгдсэн холбооны төлөөлөгч нарыг оролцуулаад төрийн нарийн бичгийн дарга, төслийн нэгжүүд оролцож байгаад энэ мөнгийг энэ дансаар авахгүй гээд шийдчихсэн. 2.1.5 дахь заалт зөрчигдчихөөр зээл яаж төлөгдөх вэ? Зээл хаана очих вэ гэхээр гэрээ хийгээд бараагаа зарчихсан учраас Оёдлын нэгдсэн холбооны халаасанд орж байгаа. ингээд өөрсдөө гэрээнийхээ заалтыг зөрчсөн. Бидэнд данс хааж, мөнгөний урсгал хаагдсаныг мэдэгдээгүй. Бид нар бараагаа нийлүүлчихсэн, Оёдлынхон борлуулаад мөнгийг нь төлж байгаа гэж бодож байсан. Бид нар өөрсдөө ч авлагатай, юу болж байгааг мэдэхгүй хохироод сууж байна. Үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө үүргээ зөрчвөл хохирлоо өөрсдөө арилгах ёстой. Өөрөөр хэлвэл, Иргэний хуулийн 223.2 гэсэн заалт бий. Зээл төлөх хугацаа хэтэрчихсэн. 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 30-ны  өдөр хүртэл 96 хоногийн хугацаатай зээлдүүлсэн. Хүү нь 1 078 407 төгрөг байх ёстой. Хугацаандаа төлөгдөөгүй шалтгаан нь өөрсдөө бүх дансаа хаасантай холбоотой. 2017 оны 08 дугаар сарын 22-ний өдрийн байдлын 22 235 676 төгрөг нэхэж байна. 1 078 407 төгрөгийг хасахаар 21 157 269 төгрөг хүүн дээрээс илүү нэхэж байна. Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.2 дахь заалтаар үүрэг гүйцэтгүүлэгч биелүүлэх ёстой үүргээ биелүүлээгүй. Үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө үүрэг хүлээж байсан. “Оёдлын нэгдсэн холбоо”-оор дамжуулаад бид нар мөнгөө авна гэж үүрэг хүлээсэн. Ийм учраас хүүгээ авах эрх байхгүй. Мөн Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3 заалтаар анз авах эрх байхгүй. Үүний улмаас хүү болон алданги авах эрхгүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Гуравдагч этгээд “Оёдлын нэгдсэн холбоо”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нэргүй шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Аж үйлдвэрийн яамны эрх залгамжлагч Хүн хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам нь хариуцагч Монгол нэхмэл ХК-аас зээлийн гэрээний үүргийн биелэлт үндсэн зээл 99 000 000 төгрөг, зээлийн гэрээнд заасан хугацааны хүү 22 235 676.50 төгрөг, алданги 11 342 375 төгрөг нийт 132 578 051.50 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбар гаргаж байна.

Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын дагуу Үйлдвэр хөдөө аж ахуйн яам /хуучнаар/ Хөдөлмөрийн яамны зарим эрх, үүргийг шилжүүлэн авсны үндсэн дээр шинээр үүсгэн байгуулагдсан, Аж үйлдвэрийн яам нь нэхэмжлэл гаргасан бөгөөд уг яам өөрчлөгдөн байгуулагдаж, оноосон нэр нь өөрчлөгдсөнөөр 2016 оны 11 сарын 16-ны өдрийн 183/ШЗ2016/05869 шүүгчийн захирамжаар эрх залгамжлан авсан нэхэмжлэгч Хүн хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон өөрчлөгдсөн.

Хариуцагчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, гэрээ байгуулах үндэслэл болсон “ажил гүйцэтгэх гурван талт гэрээ”-нд хариуцагч компани оролцоогүй, мөн гэрээгээр хүлээсэн үүрэг болох ээрмэл утас нь сүлжмэлийн үйлдвэрт гэрээ ёсоор очсон, харин бид нийлүүлсэн утасны мөнгөө төвлөрсөн данснаас авч чадахгүй хохирсон, зээлийн данс өөрчлөгдсөнөөс хойш мэдэгдээгүй, 99 000 000 төгрөгийг Оёдлын нэгдсэн холбооны данснаас шилжүүлсэн болохоос яамнаас шилжүүлээгүй, тус холбоо баталгаа гаргасан зэрэг үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн болно.

Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдов.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдөр "Сурагчийн дүрэмт хувцасны үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай" 250 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам /хуучнаар/, Хөдөлмөрийн яам хооронд ҮХААЯ-20130716-001, ХЯ-9/2013/02" тоот "Дамжуулан зээлдэх гэрээ"-г байгуулж, уг гэрээгээр Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцасыг батлагдсан жишиг загвар, стандартын дагуу үйлдвэрлэх, нийлүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахад зориулсан хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийг үйлдвэрлэгчдэд дамжуулан зээлдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахаар шийдвэрлэжээ. /хэргийн 9-12 дугаар хуудас/

Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас “Дамжуулан зээлдэх гэрээ”-ний дагуу  сурагчийн дүрэмт хувцасны нэмэлт иж бүрдэл болох сүлжмэл майк, кардиган үйлдвэрлэх зориулалттай хонины ноосон ээрмэл утсанд шаардагдах санхүүжилтэд нь зориулж 99,000,000 төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 2013 оны 7 дугаар сарын 24-нөөс 11 дүгээр 29-ний өдөр хүртэл хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй, хяналтын зардалд 1 хувийг нэмж төлөх үндсэн нөхцөлтэй олгохоор 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ХҮГСДХ-1/13 тоот зээлийн гэрээг “Монгол нэхмэл” ХК-тай байгуулсан байна. /хэргийн 17-23 дугаар хуудас/

Хариуцагчаас дээрх гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэж маргаж буй хэдий ч Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээдэг ба гэрээний зүйл нь ажлын үр дүн байдаг. Харин зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд гэрээгээр тохирсон мөнгө буюу эд зүйлийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд төлөх үүргийг хүлээдэг. 

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас /хуучнаар/ 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “Монгол нэхмэл” ХК-ийн Хаан банкны 5022036264 дансанд шилжүүлсэн /24-р хуудас/ 99,000,000 төгрөгний зээлийг зээлдэгч нь гэрээгээр тохирсон хугацаанд хүү, алдангийн хамт буцаан өгөх үүргийг хүлээснээс биш ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүрэг хүлээгээгүй байна. Өөрөөр хэлбэл зээлдэгчийг “Ашид нэхмэл” ХХК-тай хонины ноосон ээрмэл утас нийлүүлэх гэрээ байгуулсан байх үүргийг гэрээний 2.2.1-н заалтад тусгаж, хавсралтад заасан ч уг үүргийн үр дүн, биелэлтийг гэрээнд тусгаагүй байгаагаас гэрээг тодорхойлох үндсэн үүрэг болохгүй байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан зарчимд нийцсэн, хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, зээлдэгч, зээлдүүлэгч талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн байх тул мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан “Зээлийн гэрээ байгуулагдсан” гэж дүгнэх үндэслэлтэй байна. 

Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагчийн өмгөөлөгчөөс зээл төлөх дансыг 2013 оны 8 сарын 28-ны өдөр өөрчилж, мэдэгдээгүй бөгөөд зээлээ төлөх боломжгүй болсон нь хурлын тэмдэглэлээр нотлогддог, мөн гэрээний үндэслэл болсон ажил гүйцэтгэх гурван талт гэрээнд оролцоогүй, зээлийн мөнгийг Оёдлын холбооны данснаас шилжүүлэн авсан гэж тус тус тайлбарлаж байх боловч энэ нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх болон үүргээ гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүй юм.

Мөн гэрээний дагуу үүргээ биелүүлж, Аж үйлдвэрийн яамнаас зээлж авсан 99,000,000 төгрөгөөр “Ашид нэхмэл” ХХК-д 107, 651 877.30 төгрөгийн хонины ноосон ээрмэл утас нийлүүлсэн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан ба Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, “Монгол нэхмэл” ХК-ны хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт “Монгол нэхмэл” ХК, “Ашид нэхмэл” ХХК-тай байгуулсан 2013 оны 7 сарын 23-ны өдрийн хонины ноосон ээрмэл худалдах худалдан авах гэрээний /139-141-р хуудас/ үүргийн биелэлтийг тооцуулах үндэслэлгүй байх ба энэ маргаанаа жич шийдвэрлүүлэх нь зүйтэй.

Шүүх хуралдаанд хариуцагч нь зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанаас илүү хэмжээгээр тооцон нэхэмжилснийг төлөхгүй гэж маргасан нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөр дуусгавар болсон байхад, нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон хугацаанаас хойш 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөр зээлийн хүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Хариуцагч үүргээ гүйцэтгээгүйн улмаас алдангийг төлөх үндэслэлгүй гэж маргасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.2.12-д зааснаар зээлдэгч нь "үндсэн зээл, зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн өдөр тутамд нийт зээлийн үлдэгдлээс 0,01 хувиар тооцож алданги төлөх" үүргийг хүлээсэн бөгөөд нэхэмжлэгчээс алданги шаардах эрхээ алдаагүй байх тул 2013 оны 11 дүгээр сарын 29-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөр, үндсэн зээлийн хэмжээнээс тооцон 10 800 900 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй гэж үзлээ.

Зээлдэгч нь зээлийн гэрээ болон зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу 2013 оны 7 сарын 25-ны өдрөөс 2013 оны 11 сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны үйлдвэрлэлд олгосон зээлийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн ажлын тайлан зэргээр нотлогдож байх тул хариуцагч “Монгол нэхмэл” ХК-аас үндсэн зээл 99 000 000 төгрөг, зээлийн хүү 2 430 246.5 төгрөг, алданги 10 800 900, нийт 113 221 146.5 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 19 356 905 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч байгууллага нь төсвийн байгууллага тул хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч “Монгол нэхмэл” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 724 056 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Монгол нэхмэл ХК-аас зээлийн төлбөрт нийт 113 221 146.50 төгрөг гаргуулан Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд олгож, нэхэмжлэлээс үлдэж буй 19 356 905 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Монгол нэхмэл ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 724 056 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 ШҮҮГЧ                               Ц.УРАНГУА