Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2021/0102

 

                                                                                                      

“Н н” ХХК-ийн гомдолтой,

Багануур дүүргийн Татварын хэлтсийн

татварын улсын байцаагч нарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч,        Танхимын тэргүүн, шүүгч Ч.Тунгалаг,

Шүүгчид:           Х.Батсүрэн,

                                П.Соёл-Эрдэнэ,

                                  Ц.Цогт,

Илтгэгч шүүгч: М.Батсуурь,

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Гомдлын шаардлага: ... татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 271720007 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 22ы өдрийн 128/ШШ2020/0674 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 33 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У, Б., гомдол гаргагчийн өмгөөлөгч С.С, хариуцагч Т.Б, Э.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э нарыг оролцуулан,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22ы өдрийн 128/ШШ2020/0674 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.5, Татварын ерөнхий хуулийн (2008 оны) 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг тус тус үндэслэн Багануур дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 271720007 дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий 271720007 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
  1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 33 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2020/0674 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

  1. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Нэг... (1.1) Шийтгэлийн хуудасны Олсон нь хэсгийн 1-т 2013 онд 1,438,716.9 төгрөгийн, 2014 онд 1,117,328.6 төгрөгийн, нийт 2,556,045.5 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төлбөл зохих хуулийн хугацаанд төлөөгүй 144-265 хоногийн хугацаа хожимдуулж төлсөн зөрчил нь Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу бараа ажил үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн сангийн дансанд шилжүүлж, тайлагнах гэж заасныг зөрчсөн гэжээ. Шийтгэлийн хуудасны хавсралт Дотоодын бараа үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварт торгууль, алданги ногдуулсан тооцооны Маягт ХШ-08-д татвар төлөлтийн илүү, дутуу зөрүүг тооцож гаргаагүй, хугацаа хэтэрсэн хоног 2013 онд 8-50 хоног, 2014 онд 6-30 хоног гэж тооцсон атлаа 144-265 хоногийн хугацаа хожимдуулж төлсөн гэдэг нь ойлгомжгүй. Мөн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 1.339.700 төгрөг төлснийг татварын тооцоололд оруулаагүйгээс мөн өдрөөс хойш 2014 оныг дуусталх хугацаанд сар бүр илүү төлөлттэйгээр 2015 оны 02 дугаар сарын 10-ны байдлаар 993,534.50 төгрөгийн илүү төлөлттэй байхад татварыг хугацаа хэтрүүлж төлсөн мэтээр алданги, торгууль тооцсон нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3 дахь заалтаар алданги торгууль ногдуулах үндэслэлгүй байна.
  1. (1.2) Шийтгэлийн хуудасны Олсон нь хэсгийн 2-т 2014 онд 1,364,760.0 төгрөгийн, 2016 онд 2,390,520.0 төгрөгийн, нийт 3,755,280.00 төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг төлбөл зохих хуулийн хугацаанд төлөлгүй 7-224 хоногийн хугацаа хожимдуулж төлсөн нь Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.3-т заасны дагуу татвар төлөгчийн орлогоос суутган авсан албан татварыг дараа сарын 10-ны өдрийн дотор холбогдох төсөвт шилжүүлэх гэж заасныг зөрчсөн гэжээ. Шийтгэлийн хуудасны хавсралт Цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогоос суутгасан (Суутган-1) албан татварт торгууль, алданги ногдуулсан тооцооны Маягт ХШ-08-д татвар төлөлтийн илүү, дутуу зөрүүг тооцож гаргаагүй, төлсөн хугацааг тодорхойлоогүйгээр хугацаа хэтэрсэн хоног 2014 онд 8-9 хоног, 2016 онд 48-124 хоног гэж тооцсон атлаа 7-224 хоногийн хугацаа хожимдуулж төлсөн гэсэн нь үндэслэлгүй байна. “Н н” ХХК нь тайлангийн хугацаанд татвараа 10-74 хоногийн өмнө илүү төлсөн байхад Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-т заасны дагуу илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах эрхтэй байтал энэ тооцооллыг хийгээгүйгээр Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3 дахь заалтаар алданги торгууль ногдуулсан.
  1. (1.3) Шийтгэлийн хуудасны Олсон нь хэсгийн 3-т 2013 онд 561,000.0 төгрөгийн, 2014 онд 381,000.0 төгрөгийн, нийт 942,000.0 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн албан татварыг зохих хугацаанд төлөлгүй 81-188 хоногийн хугацаа хожимдуулж төлсөн зөрчил нь Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлнө гэж заасныг зөрчсөн гэжээ. Шийтгэлийн хуудасны хавсралт Үл хөдлөх хөрөнгийн албан татварт торгууль, алданги ногдуулсан тооцооны Маягт ХШ-08-д татвар төлөлтийн илүү,  дутуу зөрүүг тооцож гаргаагүй, төлсөн хугацааг тодорхойлоогүй, хугацаа хэтэрсэн хоног 2013 онд 41-73 хоног, 2014 онд 81 хоног гэж тооцсон атлаа 81-188 хоногийн хугацаа хожимдуулж  төлсөн гэж тооцсон. Мөн 2013 оны эхний үлдэгдэлд 180,000 төгрөгийн илүү төлөлттэй, тайлангийн хугацаанд 381,00 төгрөгийн татвар төлөх ногдол үүссэнээс 561,000 төгрөг төлж жилийн эхнээс татварыг урьдчилж төлснөөр 360,000 төгрөгийн илүү төлөлттэй байхад татвар төлсөн 561,000 төгрөгийг зөрчил гэж алданги, торгууль ногдуулсан. 2013 оны жилийн эцсийн тооцоогоор 360,000 төгрөгийн илүү төлөлттэй байхад 2014 оны жилийн эхний тооцоололд уг илүү төлөлтийг тооцоонд оруулаагүй, оны эхнээс татварыг 2014 оны 05 дугаар сарын 21-нээс 10 дугаар сарын 30-ны хооронд 380,250 төгрөгийг урьдчилж төлснөөр жилийн эцэст 359,250 төгрөгийн илүү төлөлттэй гарсан байхад 750 төгрөгийн дутуу төлөлттэй гэж тооцож, жилийн эцэст 81 хоног хугацаа хэтрүүлж тооцсон гэсэн нь үндэслэлгүй байна.
  1. (1.4) Шийтгэлийн хуудасны Олсон нь хэсгийн 4-т 2014 онд 16348684 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын 608,450.0 төгрөгийн падааныг давхар тайлагнаж төсөвт төлөх татвараа бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 4.1.1-д заасны дагуу үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа гүйцэтгэсэн ажил үзүүлсэн үйлчилгээнд төлсөн татварыг хасч тооцно гэсэн заалтыг зөрчсөн гэжээ. “Н н” ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0016348684 дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын падаанаар “Номун кондитор” ХХК-иас 669,295.50 төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Хэдийгээр дээрх зөрчилтэй холбоотой нэг дугаартай падаан боловч үнийн дүн зөрүүтэй байхад татварын улсын байцаагч нар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.4 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу холбогдох падааны талаарх мэдээлэлтэй холбоотой нотлох баримтыг дээрх нэр бүхий компаниас болон татварын албан мэдээллийн сангаас авч эцэслэн шийдвэрлэгдээгүй учир хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
  1. (1.5) Шийтгэлийн хуудасны Олсон нь хэсгийн 5, 6 дугаар хэсэгт 2013 онд 111,066,233.8 төгрөгийн, 2014 онд 77,236,659.0 төгрөгийн, 2015 онд 76,056,830,9 төгрөгийн, 2016 онд 69,583,574.3 төгрөгийн, нийт 333,963,298.00 төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тус тус дутуу тайлагнаж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, нэмэгдсэн өтгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1 дэх заалтыг зөрчсөн гэжээ. Татварын улсын байцаагч нар шалгалтын ажиллагааг явуулахдаа татвар төлөгчийн санхүү, татварын тайланг гаргасан нягтлан бодогч нас барсан, холбогдох тайлангийн тоон үзүүлэлттэй холбоотой тайлбарыг хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулахдаа, өөрсдийн хуулиар хүлээсэн эрх, үүргийн хүрээнд татвар төлөгчийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг үндэслэн татварын ногдлын үнэн зөв эсэхийг тодорхойлж, татвар төлөгч татварын хуулиар тогтоосон эрхээ эдлэх, үүргээ биелүүлэхэд туслах, зөрчил дутагдлыг арилгах зорилгод нийцүүлэн нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй атлаа татварын улсын байцаагч Э.Б шийтгэлийн хуудсыг танилцуулах өдрийн 10 цаг 50 минутаас 12 цаг 15 минутын хугацаанд тус компанийн менежер (нягтлан бодогч 3 сарын өмнө нас барсан тул түр орлож байсан) ажилтай Ц.Уянгаас, 12 цаг 05 минутаас 12 цаг 15 минутад, захирал З.Нарангалягаас (хугацаа давхацсан) зөвхөн татвар, санхүүгийн тайланд тусгагдсан тоо мэдээллийн мөн эсэхийг лавлаж мэдүүлэг авсныгаа баримтаар нотлогдсон гэж мөн өдрийн 13 цаг 50 минутаас 14 цаг 05 минутын хооронд 271720007 дугаарын “Шийтгэлийн хуудас”-ыг үйлдэж танилцуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд холбогдогчийг зөрчил үйлдсэн болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардах, албадахыг хориглоно...” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.
  1. (2) “Н н” ХХК нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.13-т заасны дагуу татварын улсын байцаагчийн шаардсанаар нягтлан бодогчийн үдэж, хавтасласан санхүүгийн болон бусад баримт бичгийг гарган өгч татварын хяналт шалгалтад хамрагдах үүргээ биелүүлсэн. Шалгалтын явцад тайлантай холбогдох анхан шатны баримтыг нягтлан бодогчоос авч чадаагүй, тайлан гаргасан, нягтлан бодогч нас барсан гэдгийг ч татварын байцаагчид мэдэж байсан. 2006 онд батлагдсан тухайн үед мөрдөгдөж байсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 12 дугаар зүйлд “... 12.1. Дараахь зардлыг албан татварын орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно”, 12.1.1. түүхий эд, үндсэн болон туслах материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, уур, ус, эрчим хүч, түлш, шатахуун, сэлбэг хэрэгсэл, сав, баглаа боодлын зэрэг бүх төрлийн материалын зардал; ... 12.1.4. ажиллагчдад олгосон шагнал, урамшуулал, байр, орон сууцны хөлс болон унаа, хоол, түлшний үнийн хөнгөлөлт; 12.1.6. урсгал засварын зардал; 12.1.9. бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлс; 12.1.19. албан томилолтын зардал; 12.1.21. тээврийн зардал; 12.1.22. бага үнэтэй, түргэн элэгдэх зүйлийн зардал; ...” гэж хуульчилсан.
  1. Гэтэл тус компаниас шалгалтад хамрагдсан баримт материалаас зөрчлийг үгүйсгэх баримтыг анхан шатны шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн бөгөөд тус компанийн нягтлан бодогч асан санхүү, татварын тайлангийн борлуулсан бүтээгдэхүүний өртөгт удирдлага борлуулалтын үйл ажиллагааны татвар ногдох орлогоос хасагдах зардал болох цахилгаан, дулаан, цэвэр ус, холбоо, бичиг, хэрэг шатахуун, хөдөлмөр хамгаалал, цэвэрлэгээ, ажилчдын шагнал, урамшил, засвар үйлчилгээний зардлыг тусгасан нь анхан шатны баримт, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, санхүүгийн тайлан, түүний тодруулгаар нотлогдсон байхад тэдгээрийг борлуулж орлого олсон мэтээр тооцоолол хийж, зөрчлийн дүнг өсгөж шийтгэл ногдуулсанд татварын байцаагч нар тайлбар гаргаж өгөөгүй бөгөөд шалгалтын үйл ажиллагааны явцад шийтгэлийн хуудасны олсон нь хэсгийн 5, 6 хэсгийн зөрчлийн дэлгэрэнгүй жагсаалт, болон түүнтэй холбогдох тайлбар тодруулгыг гаргуулах зэргээр зөрчлийг баримтжуулах ажиллагааг хийгээгүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж заасныг зөрчсөн.
  1. Мөн Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/03 дугаарын тушаалаар батлагдсан “Татварын албаны Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 1 дүгээр зүйлд “... 1.3-т “Татварын улсын байцаагч нь ... үйл ажиллагааны зарчим, эрх үүргийг чандлан сахиж, татвар төлөгч эрхээ хэрэгжүүлэх, үүргээ биелүүлэх боломжоор хангаж гүйцэтгэнэ. Мөн журмын 6 дугаар зүйлийн 6.4, 6.4.2, 6.4.3, 6.4.4-т заасны дагуу татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны гүйцэтгэх үе шатанд хяналт шалгалтын явцад үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан татвар төлөгчдийн харилцагчдаас асууж тодруулах, тооцоо нийлэх, баримтын тулгалт хийх ажлыг гүйцэтгэж, нэмэлт баримт бичиг тооцоо судалгаа мэдээг татвар төлөгчөөс болон төрийн байгууллага, татвар төлөгчтэй харилцагч байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүнээс гаргуулан авах, мэдээллийн сангийн мэдээллийн үнэн зөв эсэхийг нотлох, шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг баримтжуулах, тодруулах зэрэг асуудлаар холбогдох хүмүүстэй хэдэн ч удаа ярилцлага хийж болох бөгөөд тухай бүр ярилцлагын тэмдэглэл хөтлөх, татвар төлөгчийн ирүүлсэн баримт бичиг, шалгалтын явцад төрийн захиргааны болон бусад байгууллага, иргэнээс авсан мэдээ, мэдээлэл зэрэг холбогдох бүх баримт бичигт үндэслэн татварын хяналт шалгалтыг хийж, илэрсэн зөрчил бүрт дэлгэрэнгүй жагсаалт, тэмдэглэл хөтлөх, шаардлагатай баримт бичгийг хувилан авах, тайлбар тодруулгыг гаргуулах зэргээр зөрчлийг баримтжуулна” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.
  1. (3) Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ: 18.1.1. татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойл, тогтоосон хугацаанд төлөх, 18.1.2. татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх, 18.1.3.анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах;” гэж тус тус хуульчилсан. Татвар төлөгч аж ахуйн нэгжийн удирдлага өөрийн санхүүгийн тайланг мэргэжлийн нягтлан бодогчоор гаргуулсан хэдий ч, тэдний мэдлэг, чадварын дутмаг байдлаас холбогдох тайлан алдаатай гардаг тохиолдол байнга л тохиолддог. “Н н” ХХК-ийн хувьд ч санхүү, татварын тайлан нь зөрүүтэй, санхүүгийн тайлангийн тодруулга дутуу хийгдсэн хэдий ч төрийн сан баталгаажуулсан. Татварын тайлан ч баталгаажсан гэдэгтэй хэн ч маргахгүй.
  1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 6.4, 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээнэ” гэж заасан. Хэрэв зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээж хэргийг хянан шийдвэрлэсэн бол татварын улсын байцаагч нарын зөрчил гэж үзэж байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон нэмэгдсэн өртгийн албан татварын татвар ногдох орлого бууруулсан дүнг “Н н” ХХК хэрхэн тооцож гаргасныг шаардах, холбогдох мэдээллийг хавтас хэрэгт авахуулах тодорхой ажиллагаа явуулах байсан.
  1. (4) Татварын улсын байцаагч нар тус компанийн 2013-2016 оныг дуусталх хугацааны санхүүгийн баримтад иж бүрэн шалгалт хийхдээ Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад “Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасны дагуу Татварын ерөнхий хуульд 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өөрчлөлт орж, 2017 оны 07 дугаар сарын 01-нээс хүчин төгөлдөр болсон тус хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэсэн заалтыг тус тус үндэслэн шалгалтаар илрүүлсэн татварын зөрчилд алдангийг 20 хувиас хэтрэхгүйгээр ногдуулах байтал 2013-2015 оны зөрчлүүдэд Татварын ерөнхий хуулийн хүчингүй болсон 74 дүгээр зүйлийн 74.3 дахь заалтыг үндэслэн 50 хүртэл хувиар алданги тооцож, татвар төлөгчийн эрх ашгийг хохироосон байна.
  1. Хоёр. “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийг хэрэгжүүлсэн талаар: Багануур дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар Монгол Улсын Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дахь хэсэгт “энэ хуулийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн хүн гэдэгт 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө ... захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна” гэсэн заалтыг хяналт шалгалтын үйл ажиллагааны үр дүнгээр гарсан зөрчилд хариуцлага ногдуулахдаа огт хэрэглээгүй, 2015 онд илрүүлсэн гэх зөрчлийг тус хуулийн хугацаагаар салгаж тодорхой тусгаж өгөөгүй зэргээс тус хуулийг шийтгэлийн хуудасны зөрчилд бүхэлд нь хэрэглэх боломжгүй нөхцөл үүссэн. Ийнхүү татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудастай холбоотой шүүхэд гаргаж өгсөн бичгийн нотлох баримтууд болон хяналт шалгалтын тооцоололтой холбоотой маргааныг шүүхийн шатанд шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэн анхан шатны шүүх захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
  1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Улсын Дээд шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 234 дүгээр шүүх хуралдааны тогтоолд заасан ажиллагааг хийж, нотлох баримтыг дахин шинэчлэн судалж, шийдвэр гаргах боломжтой гэж хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Иймд, ... магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

  1. Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
  1. Багануур дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нараас “Н н” ХХК-ийн 2013-2016 оныг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалтыг хийж, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 271720007 дугаар шийтгэлийн хуудсаар “1. 2013 онд 1,438,716.9 төгрөгийн, 2014 онд 1,117,328.6 төгрөгийн, нийт 2,556,045.5 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төлбөл зохих хуулийн хугацаанд төлөлгүй 144-265 хоног хугацаа хожимдуулж төлсөн, 2. 2014 онд 1,364,760.0 төгрөгийн, 2016 онд 2,390,520.0 төгрөгийн, нийт 3,755,280.0 төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг төлбөл зохих хуулийн хугацаанд төлөлгүй 7-224 хоног хугацаа хожимдуулж төлсөн, 3. 2013 онд 561,000.0 төгрөгийн, 2014 онд 381,000.0 төгрөгийн, нийт 942.000.0 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн албан татварыг төлбөл зохих хугацаанд төлөлгүй 81-188 хоног хугацаа хожимдуулж төлсөн, 4. 2014 онд 16348684 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын 608,450.0 төгрөгийн падааныг давхар тайлагнаж төсөвт төлөх татвараа бууруулсан, 5. 2013 онд 111,086,233.8 төгрөгийн, 2014 онд 77,236,659.0 төгрөгийн, 2015 онд 75,056,830.9 төгрөгийн, 2016 онд 69,583,574.3 төгрөгийн, нийт 333,963,298.00 төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дутуу тайлагнасан, 6. 2013 онд 111,086,233.8 төгрөгийн, 2014 онд 77,236,659.0 төгрөгийн 2015 онд 75,056,830.9 төгрөгийн, 2016 онд 69,583,574.3 төгрөгийн, нийт 333,963,298.00 төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тайлагнасан” нь холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн гэж үзэн, нийт 675,788,371.52 төгрөгийн зөрчилд 66,853,504.60 төгрөгийн нөхөн татвар, 25,446,958.80 төгрөгийн торгууль, 13,572,263.00 төгрөгийн алданги, 79,313.90 төгрөгийн хүү, нийт 105,952,040.30 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.
  1. Гомдол гаргагч “Н н” ХХК-аас дээрх 271720007 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргаж, “... татварын улсын байцаагч нар хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулахдаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн борлуулалт, худалдан авалттай холбоотой тоон мэдээллүүдийг буруу тооцож гаргасан, ... нягтлан бодох бүртгэлийн санхүүгийн тайлан болон татварын тайлангийн тоон мэдээллийн зөрүүг тооцон борлуулалтын орлогын дүн, худалдан авалт, АПУ компанийн шимтгэлийн орлого гэсэн мэдээллийг үндэслээд арифметик үйлдэл хийж шийтгэл ногдуулсан, ... торгууль оногдуулахдаа өршөөлийн хууль, алданги тооцох хуулийн заалтыг буруу хэрэглэсэн, ... бараа материалын борлуулалттай холбоотой ашиглалт, хэрэглээний зардлыг хасаж тооцоогүй, ... ногдох татварыг тодорхойлохдоо акт үйлдээгүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн, хэвлэмэл хуудас бус хуурамч хуудас хэрэглэсэн, эрх бүхий этгээдээс хянан баталгаажуулж гарын үсэг зураагүй ...” гэсэн үндэслэлээр маргасан. 
  1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2020/0124 дугаартай шийдвэрээр гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож; Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 248 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 234 дүгээр тогтоолоор “... шүүхүүд ... маргаан бүхий актад заасан зөрчил тус бүрт буюу нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл бүрт дүгнэлт хийлгүйгээр зөвхөн хариуцагчийн зөвшөөрсөн хэсэгт буюу үндсэндээ Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах хэсэгт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь буруу, ийнхүү хэргийн үйл баримтыг бүрэн дүгнээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна, ... гомдол гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь татварын хяналтын шалгалтын үед байсан эсэх, цаг хугацааны хувьд маргаан бүхий актад /актад дурдсан зөрчилтэй/ хамааралтай эсэхийг нягталж шалгалгүйгээр “... зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй, сүүлд нөхөн бүрдүүлж өгсөн баримтуудыг шүүх үнэлэхгүй” гэсэн үндэслэлээр бүхэлд нь үгүйсгэсэн нь буруу ...”[1] гэсэн дүгнэлт хийж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн юм.
  1. Гэтэл анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 674 дүгээр шийдвэрээр[2] хэргийг дахин хянан шийдвэрлэхдээ өмнөх хяналтын шатны шүүхийн тогтоолд дурдсан ажиллагааг бүрэн гүйцэд хийлгүйгээр “... татварын хяналт шалгалт хийсэн тооцоололтой холбоотой маргааныг хянан шийдвэрлэх явцад шүүхийн санаачилгаар мэргэжлийн шинжээч томилон дүгнэлт гаргуулах байдлаар шийдвэрлэх боломжтой ч энэхүү маргааны хувьд хариуцагч эрх бүхий албан тушаалтнууд дахин шинэ акт гаргаж маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ, ... хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчилд шийтгэл оногдуулахдаа нөхөн татвар, торгууль, алданги, хүүгийн тооцооллыг хэрхэн тооцсон нь тодорхойгүй, энэ талаар зөрчилд холбогдсон этгээдэд ойлгомжтой тайлбарлаагүй, зөрчлийн талаар тайлбар баримт гаргах эрхээр хангаагүй, зөрчил нь ил тодорхой байсан гэх үндэслэлээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон, санхүүгийн зөрчлийн тооцооллыг шүүх хуралдааны явцад үндэслэлтэй гаргах боломжгүй бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн ...” гэх үндэслэлээр маргаан бүхий 271720007 дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу; өөрөөр хэлбэл, өмнөх хяналтын шатны шүүхийн тогтоолоор анхан шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд шаардлагатай нотлох баримтыг нэмж цуглуулан, зөрчил тус бүрд эрх зүйн дүгнэлт өгсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж, хэргийг тус шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан байтал шүүх тогтоолд дурдсан ажиллагааг хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэхийн оронд шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ.
  1. Нэгэнт анхан шатны шүүх хяналтын шатны шүүхийн тогтоолд дурдсан ажиллагааг хийгээгүй, өмнө нь тогтоогдсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил арилаагүй, аль ч (анхан болон давж заалдах) шүүх маргаж буй “шийтгэлийн хуудас”-тай холбоотой асуудлаар эрх зүйн дүгнэлт өгөөгүй байхад хяналтын шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй; давж заалдах шатны шүүхийн “... маргааныг тодруулж болох бүхий л эрх зүйн болон бусад эх сурвалжуудыг ашиглах боломжтой, гомдол гаргагчийн гаргасан 6 зөрчлийг хариуцагч ямар баримтаар тогтоосон болохыг тодруулах, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 234 дүгээр тогтоолд заасан ажиллагааг хийж, нотлох баримтыг дахин шинэчлэн судалж шийдвэр гаргах боломжтой байсан”[3] гэсэн дүгнэлтийг үгүйсгэж, магадлалыг хүчингүй болгож, хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэх бөгөөд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасны дагуу өмнө нь дурдсан, хэргийн оролцогчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад маргаж буй үндэслэл тус бүрд хамаарах, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтуудыг цуглуулж, зөрчил тус бүрт эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгөх замаар хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.
  2. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 33 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гомдол гаргагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН, ШҮҮГЧ                                    Ч.ТУНГАЛАГ  

                        ШҮҮГЧИД                                                                                    Х.БАТСҮРЭН

                                                                                                             П.СОЁЛ-ЭРДЭНЭ                                                                                                                                                                Ц.ЦОГТ

                                                                                                              М.БАТСУУРЬ

 

 

[1] 2 дахь хавтаст хэргийн 112-119 дүгээр хуудас.

[2]  2 дахь хавтаст хэргийн 197-217 дугаар худаас.

[3] 2 дахь хавтаст хэргийн 246-250 дугаар хуудас.