Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 15

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн

Улсын яллагч Ц.Сайнхүү

Шүүгдэгч С.Ц-н өмгөөлөгч Ж.Мөнхнасан

Шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч М.Энхзаяа

Хохирогч Б.Е хууль ёсны төлөөлөгч Б.Б

Гэрч Х.Ба, Б.М, Г.Э, Г.О, Н.Г

Гэрч Б.М-ын хууль ёсны төлөөлөгч Х.Б

Гэрч Г.Э-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Ба           

Шүүгдэгч С.Ц, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Сайнхүү Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Ц нарт холбогдох 1816001690082 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Х овогт С-ийн Ц.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Х овогт Б-ийн Б.

Шүүгдэгч С.Ц-н 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Алтай сумын Урт багийн нутаг дэвсгэр .............. гэх газарт Б.Б-г зодож, Б.Б, Б.Е нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэх” гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Б-н 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Алтай сумын Урт багийн нутаг дэвсгэр “................” гэх газарт С.Ц-г зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт  тус тус хамааруулан прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 07 сарын 14-ний  өдөр би хонио ноосолж дуусаад ноосоо машин дээрээ ачаад  байж байтал урдаас мал ирж байсан. Би тэр  малыг   оруулаад  явъя гэж бодоод явж байтал миний араас ирээд үг дуугүй үснээс татаж унагаад дээр гараад зодоод цустай нь хутгачихсан. Би залуу хүнийг хүчрэхгүй юм билээ. Гэтэл Ба нь ирээд элгээд хоёр удаа цагдаа гутлаар өшиглөөд би багтраад унасан. Тухайн үед М гэдэг хүүхэд яг хажууд байсан. Намайг элгээ тэврээд унахыг хараад Ба-с айгаад зугтаад явсан. Энэ хүүхэд аавын хамт ирсэн байна. Үнэн зөвөөр нь хэлэх байх гэж бодож байна. Манай мал  хашааны доод талд ил харагдаж байсан. Би О-н өмнөөс нь очиход намайг яасан талаар асуухад нь ингээд зодчихлоо гэдгийг нь хэлсэн. Ба нь цусаа угаа гээд халуун савтай хар цай бариад машин тойруулаад хөөгөөд байсан. Би нүүрээ угаагаад гэртээ очоод Алтай сумын цагдаад мэдэгдсэн. Ирэхгүй болохоор нь цаг болоод залгахад надад унаа олдохгүй байна.  Та өөрөө хүрээд ир гэсэн. Би тэр шөнөө бие өвдөөд байхаар нь Алтай суманд очсон. Би тухайн үед цагдаад  очсон боловч байхгүй байсан. Би  хүүхэд зодоогүй, Б.Б-г ч зодоогүй гэдгээ мэдүүлээд явсан. Би одоо гомдолтой байна. Б-г ч зодоогүй. Хүүхдээ тэврээд явж байгаа хүнийг зодохгүй. Ба нь 20 жил амьдарч байхдаа намайг зөндөө зодож байсан. Миний хавиргыг хүртэл хугалж байсан. Тэр болгонд  нь би цагдаад гомдол мэдүүлдэггүй байсан. Харин одоо бол хоёулаа нийлж зодсон болохоор гомдолтой байна ...  Би мэдэхгүй. Би хүн зодоогүй гар хүрээгүй, хүүхэд зодоогүй.  Би тэр энэ хүнд гэмтэл учруулсан зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 07 сарын 14-ний өдөр  малаа ноослохоор Өвөр зуслан толгой гэдэг газар  ирсэн. Хашаанд очих үед малтай байсан.  Тэр хүлээх хоорондоо  Бат-д очсон. Ба нь айл малаа ноослоод дуусаж байна. Малаа ойртуулаад ирье гээд явсан. Би араас нь охиноо тэврээд, М дүүгээ тэврээд малын хашаа руу явсан. Бид 2 мал ирж байхаар нь хашаа руу дөхөөд  явтал араас хүн дуудаад Б чамтай ярих юм байна гэхээр нь эргэж хартал нэг гараараа үснээс зулгаагаад нөгөө гараараа толгой руу цохисон. Тэр үед би хүүхдийн хамт  хойшоо  саваад унасан. Тэгээд миний  дээр  гараад зодсон. Тэр үед хажууд  бид хоёрыг салгачихаар том хүн байгаагүй. Охиныг минь зодоод гэмтээчихнэ гэж бодоод дүүгээ аваарай М-аа гэж дуудсан. Би энэ хүний дээр нь гарахын тулд сарвалзаж хөл рүү нь өшиглөж тийрээд  дээр нь гарч гарыг нь хумиж бариад байж байхад  Ба ирээд газрын гай минь яагаад зүгээр явж байгаа хүн зодоод байгаа юм. Нүдний булайнууд минь больцгоо наад нүд нүүрээ хар гээд салгасан. Тэгэхээр нь би гарыг нь тавихаар энэ хүн чинь намайг  зодох гээд байна гэхэд С.Ц одоо тавьчих ярилцья гэсэн. Миний гар, Ц-н нүүр цус болсон байсан ... Дээр нь гараад зодоогүй. Намайг цохих гээд байхаар нь хоёр гарыг нь хумиж дарсан. Бүүр дийлдэхгүй болохоор нь өвдгөөрөө дарсан. Тэр хооронд Ба нь ирээд салгасан ... Е унахдаа надаас тусдаа салаад  хол унасан... 1 ой 1 сартай байсан... Шидэгдэж унасан гэв.

Гэрч Х.Ба шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 07 сард  малаа ноослох гэж  очсон юм. Гэтэл  С.Ц нь малаа ноослоод байж байсан. Манай хүргэн Бат-ын гэр  нь ойрхон байдаг байсан. Би малынхаа цаагуур явж байтал Ц нь би ойртсон дээр энэ  Б-тай уулзаад явна  гээд явж байсан. Б.Б нь хүүхдээ тэврээд малын зах руу орж ирж байсан. Гэтэл хөөе Б-аа уулзая  гэж дуудаад нэг гараараа үсдээд цохиж байх шиг харагдсан. Тэгэхээр нь би мал дундуур гараад ирэхэд энэ хоёр зодолдоод дээр доороо ороод байж байсан. Тэгэхээр нь би салгаад С.Ц-г газрын гай хөсрийн хөө минь хүний нутагт ирчихээд яагаад зүгээр явж байгаа хүн зодоод байгаа юм боль, ямар ичдэггүй юм  гээд салгасан. Гэтэл С.Ц-н нүүр нь цус болсон байсан. Тэгээд машин дээр нь очиж цайгаар нүүрийг нь угаалгаад явсан ... Намайг очих үед нь  Б нь дээр нь гарчихсан дараад байж байсан. Нүүр нь цус болсон байсан. Би очоод хүмүүс харчих вий гээд ичээд хурдан салгасан. Зодоон бол удаан үргэлжлээгүй ... Тухайн үед Б нь охиноо тэврээд явж байсан. Араас нь М нь дүүгээ тэврээд явж байсан ... Б.Б-г хүүхдээ тэврээд ирж байхад нь С.Ц түргэн түргэн алхаад ирж байсан. Тэгээд хөөе Б.Б-аа уулзаадахья гээд дуудаж байсан. Би яг хажууд нь байгаагүй ч ойрхон зайтай байсан гэв.

Гэрч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр Ц эгч  үлдсэн хургаа ноослоод байж байхад нь Ба ах, Б эгч нар ирсэн. Тэгээд манайд байж байхад Э мал туугаад ирж байсан. Ба ах малаа туугаад ирье гээд явсан. Б эгч Е-г тэврээд мал хашаанд оруулаад ирье гээд явах гэтэл Мя араас дагаад байхаар нь Мя-ыг би тэврээд хамт явсан. Яг хашааны хажууд ирэх үед  нь Ц эгч хөөе Б гэж дуудаад цохиод үснээс нь татаж унагаад дээр нь гарч зодсон. Тэр үед би сандраад байж байтал Е газар унасан байсан. Б эгч дүүгээ аваад яв гэсэн. Би хоёр дүүгээ аваад явж байгаа эргээд харахад Ба ах Ц эгчийн гар дээр нь ус хийж өгч байсан  ... Б эгч доор нь дүүгээ аваад холд гэж байсан гэв.

Гэрч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг хонь эргүүлээд доороос ирэх үед зодоон болсон байсан.С.Ц гэдэг хүнийг цус нөжтэй нь хольсон байдалтай байсан. Ба нь халуун савтай цай барьчихаад цусаа угаа гээд машин тойруулаад хөөгөөд байсан ... Хороон дээр ирэх замдаа зодооныг алсаас л харж мэдсэн юм ... гэв.

Гэрч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр “............” гэдэг газар мал ноослохоор очсон. Тэгээд би Б.Б эгчийн хажууд морьтой зогсож байгаад би  малаа ойртуулаад ирэх үү гээд явсан. Малаа ойртуулаад  байж байтал  нэг багтай эгч ирээд Б эгчийн нүүр лүү нь цохиод унагасан. Б эгч Е-г тэвэрсэн байсан хамт газар унасан. Гэтэл  Б.Б эгч М-аа дүүгээ аваарай гээд нөгөө хүн үснээс нь татаад  дарсан байсан. Тэгээд би малаа ойртуулъя гэж бодоод морио унаад  явсан... Ба ахыг тэнд байхыг хараагүй ... Е газар унасан уйлж байсан ... гэв.

Гэрч Н.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр манайх хашаанд хонио ноосолсон юм.  Хонио ноосолж дуусаад  би айл руу  бензин авч ирэхээр явсан юм. Тэгээд 1 цаг болоод ирсэн чинь Х.Ба, Б.Б нар намайг зодчихлоо гээд нүүр нь цус болсон байсан. Яагаад зодсон юм гэхэд хоёулаа нийлээд зодчихлоо гэсэн.  Манай охин доод талд нь хонио эргүүлээд явж байсан .Тэгээд харсан юм билээ.  Холоос харахад өшиглөж зодоод байгаа харагдсан, халуун савтай цай барьчихаад машин тойруулаад хөөгөөд байсан  гэж надад ярьсан ... Зодоон болсны дараа очсон ... Ц ганцаараа сууж байсан... гэв. 

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч С.Ц нь 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Алтай сумын Урт багийн нутаг дэвсгэр .................. гэх газарт Б.Б-г зодож, Б.Б, Б.Е нарын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэм буруутай болох нь:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

Шүүгдэгч Б.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Ба нь айл малаа ноослоод дуусаж байна. Малаа ойртуулаад ирье гээд явсан. Би араас нь охиноо тэврээд, М дүүгээ тэврээд малын хашаа руу явсан. Бид 2 мал ирж байхаар нь хашаа руу дөхөөд  явтал араас хүн дуудаад Б чамтай ярих юм байна гэхээр   нь эргэж хартал нэг гараараа үснээс зулгаагаад нөгөө гараараа толгой руу цохисон. Тэр үед би хүүхдийн хамт  хойшоо  саваад унасан. Тэгээд миний  дээр  гараад зодсон. Тэр үед хажууд  бид хоёрыг салгачихаар том хүн байгаагүй. Охиныг минь зодоод гэмтээчихнэ гэж бодоод дүүгээ аваарай М-аа гэж дуудсан. Би энэ хүний дээр нь гарахын тулд сарвалзаж хөл рүү нь өшиглөж тийрээд  дээр нь гарч гарыг нь хумиж бариад байж байхад  Ба ирээд газрын гай минь яагаад зүгээр явж байгаа хүн зодоод байгаа юм. Нүдний булайнууд минь больцгоо наад нүд нүүрээ хар гээд салгасан. Тэгэхээр нь би гарыг нь тавихаар энэ хүн чинь намайг  зодох гээд байна гэхэд С.Ц одоо тавьчих ярилцья гэсэн. Миний гар, Ц-н нүүр цус болсон байсан.... Намайг цохих гээд байхаар нь хоёр гарыг нь хумиж дарсан. Бүүр дийлдэхгүй болохоор нь өвдгөөрөө дарсан. Тэр хооронд Ба нь ирээд салгасан ... Е унахдаа надаас тусдаа салаад  хол унасан... 1 ой 1 сартай байсан... Шидэгдэж унасан...”  гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Х.Ба-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “... 2018 оны 07 сард  малаа ноослох гэж  очсон юм. Гэтэл  С.Ц нь малаа ноослоод байж байсан. Манай хүргэн Бат-ын гэр  нь ойрхон байдаг байсан. Би малынхаа цаагуур явж байтал Ц нь би ойртсон дээр энэ  Б-тай уулзаад явна гээд явж байсан. Б.Б нь хүүхдээ тэврээд малын зах руу орж ирж байсан. Гэтэл хөөе Б-аа уулзая  гэж дуудаад нэг гараараа үсдээд цохиж байх шиг харагдсан. Тэгэхээр нь би мал дундуур гараад ирэхэд энэ хоёр зодолдоод дээр доороо ороод байж байсан. Тэгэхээр нь би салгаад С.Ц-г газрын гай хөсрийн хөө минь хүний нутагт ирчихээд яагаад зүгээр явж байгаа хүн зодоод байгаа юм боль, ямар ичдэггүй юм гээд салгасан. Гэтэл С.Ц-н нүүр нь цус болсон байсан... Б.Б-г хүүхдээ тэврээд ирж байхад нь  С.Ц нь түргэн түргэн алхаад ирж байсан. Тэгээд хөөе Б.Б-аа уулзаадахья гээд дуудаж байсан. Би яг хажууд нь байгаагүй ч ойрхон зайтай байсан ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Б.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Б эгч Е-г тэврээд мал хашаанд оруулаад ирье гээд явах гэтэл Мя араас дагаад байхаар нь Мя-ыг би тэврээд хамт явсан. Яг хашааны хажууд ирэх үед  нь Ц эгч хөөе Б гэж дуудаад цохиод үснээс нь татаж унагаад дээр нь гарч зодсон. Тэр үед би сандраад байж байтал Е газар унасан байсан. Б эгч дүүгээ аваад яв гэсэн.... гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “... Б эгч Е-г тэврээд би Бат ахын охин М-ыг тэврээд малын хашааруу явж байтал Ц эгч ирээд Б гэж дуудаад үснээс нь татаад унагаасан. Б эгч намайг дүүгээ аваарай гэхээр нь Е-г аваад Мя-тай хамт бид 3 гэрлүүгээ явж байгаад эргээд харахад Ц эгчийн гар дээр Ба ах ус хийж өгч байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-141-142/,

Гэрч Г.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Тэр өдөр “_..............” гэдэг газар мал ноослохоор очсон.Тэгээд би Б.Б эгчийн хажууд морьтой зогсож байгаад би  малаа ойртуулаад ирэх үү? гээд явсан. Малаа ойртуулаад  байж байтал  нэг багтай эгч ирээд Б эгчийн нүүр лүү нь цохиод унагасан. Б эгч Е-г тэвэрсэн байсан хамт газар унасан... гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Г.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Б эгчийн араас нэг баг өмссөн эгч Б дүү уулзая гээд нүүр лүү нь гараа атгаад цохьсон чинь Б эгч Е 2 газар унасан.Тэгээд тэр хүн Б эгчийн дээр гараад үсдэж байсан. Б эгч М-аа дүүгээ аваарай гэхэд М Е-г аваад явсан. Би морио унаад хонь руу явсан....хонио туугаад эргээд ирэхэд Е-ийн хацар хөхрөөд зулгарсан байсан....Ц гэх хүн Б эгчийг цохиж унагаад дээр нь гараад үсдэж байсан өөр зүйл хараагүй...” гэсэн мэдүүлэг/ХХ-12-13/,

Шинжээч эмч Т.Алтайбаатарын 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 203 дугаартай “... 1. Б.Б-н биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт /ХХ37-38/,

 Шинжээч эмч Т.Алтайбаатарын 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 202 дугаартай “... 1. Б.Е-ийн биед тархи доргилт, духанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт /ХХ42-43/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөх болон яллах талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр, түүнээс дээш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулаж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Ц нь “...Би мэдэхгүй. Би хүн зодоогүй гар хүрээгүй, хүүхэд зодоогүй...” гэж мэдүүлж байгаа боловч тэвэрч явсан хүнийг нь татаж унагаасны улмаас хохирогч  Б.Е /1нас 1сартай/ унаж эрүүл мэндэд нь хохирол учирсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Шүүгдэгч С.Ц өөрийн энэ үйлдлийн улмаас бага насны хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсэн, мэдэх боломжтой байсан хэдий ч зориуд ухамсарлаж үйлдсэн тул уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “.... Би энэ хүний дээр нь гарахын тулд сарвалзаж хөл рүү нь өшиглөж тийрээд  дээр нь гарч гарыг нь хумиж бариад байж байхад  Ба ирээд газрын гай минь яагаад зүгээр явж байгаа хүн зодоод байгаа юм. Нүдний булайнууд минь больцгоо наад нүд нүүрээ хар гээд салгасан....” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Х.Ба-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Гэтэл хөөе Б-аа уулзая  гэж дуудаад нэг гараараа үсдээд цохиж байх шиг харагдсан. Тэгэхээр нь би мал дундуур гараад ирэхэд энэ хоёр зодолдоод дээр доороо ороод байж байсан.  Тэгэхээр нь би салгаад С.Ц-г газрын гай хөсрийн хөө минь хүний нутагт ирчихээд яагаад  зүгээр явж байгаа хүн зодоод байгаа юм боль, ямар ичдэггүй юм  гээд салгасан. Гэтэл С.Ц-н нүүр нь цус болсон байсан......” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Б.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Яг хашааны хажууд ирэх үед  нь Ц эгч хөөе Б гэж дуудаад цохиод үснээс нь татаж унагаад дээр нь гарч зодсон. Тэр үед би сандраад байж байтал Е газар унасан байсан....” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “... Б эгч Е-г тэврээд би Бат ахын охин М-ыг тэврээд малын хашааруу явж байтал Ц эгч ирээд Б гэж дуудаад үснээс нь татаад унагаасан. Б эгч намайг дүүгээ аваарай гэхээр нь Е-г аваад М-тай хамт бид 3 гэрлүүгээ явж байгаад эргээд харахад Ц эгчийн гар дээр Ба ах ус хийж өгч байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-141-142/, 

Гэрч Г.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Тэр өдөр “.................” гэдэг газар мал ноослохоор очсон.Тэгээд би Б.Б эгчийн хажууд морьтой зогсож байгаад би  малаа ойртуулаад ирэх үү? гээд явсан. Малаа ойртуулаад  байж байтал  нэг багтай эгч ирээд Б эгчийн нүүр лүү нь цохиод унагасан. Б эгч Е-г тэвэрсэн байсан хамт газар унасан... гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Г.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Б эгчийн араас нэг баг өмссөн эгч Б дүү уулзая гээд нүүр лүү нь гараа атгаад цохьсон чинь Б эгч Е 2 газар унасан.Тэгээд тэр хүн Б эгчийн дээр гараад үсдэж байсан. Б эгч М-аа дүүгээ аваарай гэхэд М Е-г аваад явсан. Би морио унаад хонь руу явсан....хонио туугаад эргээд ирэхэд Е-ийн хацар хөхрөөд зулгарсан байсан....Ц гэх хүн Б эгчийг цохиж унагаад дээр нь гараад үсдэж байсан өөр зүйл хараагүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-12-13/,

Шинжээч эмч Т.Алтайбаатарын 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 193 дугаартай “... 1. С.Ц-н биед баруун бугалага, зүүн гуя, зүүн шагайнд цус хуралт, зүүн хацар, хүзүү, зүүн дал, баруун тохойд сорви  гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт /ХХ32-33/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөх болон яллах талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Алтай сумын Урт багийн нутаг дэвсгэр “Урд зуслан толгой” гэх газарт С.Ц-н бодит довтолгоон, халдлагаас өөрийгөө хамгаалах түүнийг эсэргүүцэх явцдаа түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан шүүгдэгч Б.Б-н үйлдэл хөдөлбөргүй тогтоогдож байна.

Үүнийг шүүх гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу аргагүй хамгаалалт хийж уг хохирлыг бий болгосон гэж үзэн түүнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь:

  1. Аргагүй хамгаалалт нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан “... амьд явах, халдашгүй чөлөөтэй байх ...” болон бусад эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах чухал ач холбогдолтой хууль цаазын хэрэгсэл бөгөөд хууль зүйн мөн чанарын хувьд Эрүүгийн хуулиар зөвшөөрөгдсөн, түүнчлэн уг хуулиар хамгаалагдсан ямар ч хохирол, хор уршигт хүргэж болох боловч гэмт хэрэгт тооцдоггүй, гэмт хэргийг үгүйсгэдэг онцгой нөхцөл байдал юм. Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхийг хуульчилсан бөгөөд аргагүй хамгаалалт нь халдагч этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдэгдэж буй хариу довтолгоон, эсрэг дайралтаар илэрдэг шууд санаатай үйлдэл байдаг. Хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу өөрийн амь нас эрүүл мэндийг хууль бус халдлагаас хамгаалж довтлогч этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Б.Б-н үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэм хорыг учруулсан боловч бодит агуулгаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа аргагүй хамгаалалт мөн байна.
  2. Өөрийн болон төрсөн охин хохирогч Б.Е-ийн эрүүл мэндэд хохирол учруулахуйц аюултай, бодитойгоор эхэлсэн, үргэлжилсэн С.Ц-н хууль бус халдлага, довтолгооны эсрэг дээрх үйлдлийг хийж Эрүүгийн хуульд заасан хохирлыг учруулсан нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2-т “аливаа хүн аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй” гэж тус тус заасан хуулийн дээрх шаардлагад нийцсэн байна гэж шүүх дүгнэв.
  3. Халдлага дууссаны дараа буюу зогссоноос хойш  шүүгдэгч Б.Б нь шүүгдэгч С.Ц-н эсрэг ямар нэгэн үйлдэл хийсний улмаас түүнд гэмтэл учруулсан байж болохыг тогтоосон нотлох баримт хавтаст хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
  4. Шүүгдэгч С.Ц-н биед олон тооны шарх, гэмтлүүд үүссэн тул аргагүй хамгаалалт гэж үзэх боломжгүй гэх улсын яллагчийн тайлбар үндэслэлгүй байна. Гэнэтийн халдлагын эсрэг хамгаалалт хийж буй хүн өөрийн үйлдлийн улмаас тухайн этгээдэд учирч болох гэмтэл эрсдлийг урьдчилан тооцох боломжгүй бөгөөд учирсан хохирлын шинж чанар, тоо зэрэг нь уул эрхийг нь үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Мөн Монгол Улсын Эрүүгийн хууль тогтоомжинд аргагүй хамгаалалтын хэр хэмжээг хэтрүүлэх гэсэн ойлголт хуульчлагдаагүй  байна.

  Шүүгдэгч Б.Б-д холбогдох үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул хэргийг прокурор болон хэрэг бүртгэлтэнд буцаах шаардлагагүй гэж үзлээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, гэрч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг нь тогтвортой байсан мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч С.Ц болон түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан нар нь Х.Ба, Б.Б нь нийлж С.Ц-н биед гэмтэл учруулсан шүүгдэгч Б.Б нь ганцаараа энэ гэмтлийг учруулах боломжгүй гэж маргаж байгаа боловч прокурорын зүгээс зөвхөн шүүгдэгч С.Ц, Б.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн бөгөөд өөрөөр хэлвэл Х.Ба-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэгдээгүй болохыг тайлбарлах нь зүйтэй байна.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүхээс шүүгдэгч С.Ц-д торгох ял  оногдуулах тухай прокурорын санал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон дээрх хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн орлого олох боломжоос нь хамааран шүүх оногдуулсан торгох ялыг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хугацаа тогтоон шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Малчны хөлс өгсөн баримт, гэрч Х.Ба-ийн зорчсон 4 ширхэг тасалбар нь уг хэрэгт хамааралгүй бөгөөд зорчсон тасалбаруудын огноо нь шүүх хуралдаанд дуудсан огноотой таарахгүй байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж үзэх боломжгүй, шатахуун худалдаж авсан баримтууд нь уг хэрэгт хамааралтай болох нь тогтоогдохгүй байна. Мөн Б.Б-н зорчсон 4 ширхэг тасалбар нь яллагдагч, шүүгдэгч нар нь шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэх үүрэгтэй байдаг тул үүнийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох боломжгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй, хохирогч Б.Е-н эмчилгээнд хэрэглэсэн гэх эмийн баримт нь давхар бичвэртэй, хоёр өөр огноотой байгаа тул нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Иймд хохирогч Б.Б-н нэхэмжилсэн нийт 2.331.900 /хоёр сая гурван зуун гучин нэгэн мянга есөн зуун/ төгрөгийн дүн бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах  нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэгт заасныг  баримтлан Говь-Алтай аймгийн ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Сайнхүүгийн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1816001690082 дугаартай эрүүгийн хэргээс шүүгдэгч Х овогт Б-ийн Б-д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Х овогт С-ийн Ц-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-д шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө бүрэн төлж барагдуулахаар хугацаа тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Ц-д сануулсугай.

6. Хохирогч Б.Б-н нэхэмжилсэн 2.331.900 /хоёр сая гурван зуун гучин нэгэн мянга есөн зуун/ төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч С.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайхуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА