Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 08

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            Б.Б, С.Ц нарт холбогдох

                                              Эрүүгийн хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Жаргалсайхан даргалж, ерөнхий шүүгч Ш.Баттогтох, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Ц.Сайнхүү,

Шүүгдэгч С.Цгийн өмгөөлөгч Ж.М,

Цагаатгагдсан этгээд Б.Бын өмгөөлөгч .М.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Цгийн өмгөөлөгч Ж.Мгийн давж заалдах гомдлоор, Б.Б, С.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 26-ны хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, халх, 1970 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт сумд төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн Алтай сумын Урт багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ДМ70111503 регистрийн дугаартай, Харнууд овогт С.Ц.

 Монгол улсын иргэн, халх, 1980 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай сумд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй, Алтай сумын бүрэн дунд сургуульд монгол хэлний багш ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн Алтай сумын Баян-Овоо багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ДН80102601 регистрийн дугаартай, Харнууд овогт Б.Б.

Шүүгдэгч С.Ц нь 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Алтай сумын Урт багийн нутаг дэвсгэр Урд зуслан толгой гэх газарт Б.Быг зодож, Б.Б, Б.Есүй нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт,

 

2.

 

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Алтай сумын Урт багийн нутаг дэвсгэр Урд зуслан толгой гэх газарт С.Цг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдожээ.

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэгт заасныг  баримтлан Говь-Алтай аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1816001690082 дугаартай эрүүгийн хэргээс шүүгдэгч Харнууд овогт Б.Бд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож. Шүүгдэгч Харнууд овогт С.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Хохирогч Б.Бын нэхэмжилсэн 2.331.900 /хоёр сая гурван зуун гучин нэгэн мянга есөн зуун/ төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэч С.Цгийн өмгөөлөгч Ж.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол тайлбартаа: Б.Бд холбогдох үйлдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Б нь С.Цг зодож түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хавтаст хэргийн материалд авагдсан шинжээчийн дүгнэлт болон бичгийн бусад баримтуудаар тогтоогдож байгаа. Б.Бын үйлдлийг шүүхээс аргагүй хамгаалалт гэж үзсэн байгааг хүлээн зөшөөрөхгүй байна. Иймд Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч С.Ц нь 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Алтай сумын Урт багийн Урд зуслан гэдэг газарт бага насны буюу 1 нас 1 сартай охин Б.Есүйг тэвэрч явасан  Б.Быг үснээс нь татаж, гараараа толгойд нь цохиж Б.Б, Б.Есүй нар газарт унахад Б.Бын дээр гарч сууж зодсон байна.

3.

Б.Б нь Б.Мт Б.Есүйг  аваарай гэж хэлээд дээр нь сууж байсан С.Ц-ийн зүүн хацар, хүзүү, дал, баруун тохойг нь гарынхаа хумсаар маажиж, баруун гарын бугалга, зүүн гуя, зүүн шагайнд нь гар хөлөөрөө цохиж, өшиглөсөн байна.

С.Ц-ийн үйлдлүүдийн улмаас Б.Бын биед тархи доргилт, Б.Б-ын үйлдлийн улмаас С.Ц-ийн биед  баруун бугалга, зүүн гуя, зүүн шагайнд цус хуралт, зүүн хацар, хүзүү, зүүн дал, баруун тохойд сорви гэмтэл учирсан нь тус тус  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна.

Б.Е нь газарт унасны улмаас духны хэсэгт цус хурж, тархи нь доргиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна.

Эдгээр үйл баримтууд нь:

Арван найман насанд хүрээгүй гэрч Б.Мын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Б.Быг охин Е-гээ тэврээд явж байхад нь Ц.Ц “хөөе Б” гэж дуудаад үснээс нь татаж, цохиж унагаад дээр нь гарч зодсон. Тухайн үед Есүй газарт унасан байхад Б.Б дүүгээ аваад яв гэсний дагуу Есүйг авч явсан”  тухай мэдүүлэг,

Арван найман насанд хүрээгүй гэрч Г.Э мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Нэг баг өмссөн эгч Б дүү уулзая гэж хэлээд Б.Б эгчийг гараараа цохиод Б.Б , Есүй хоёр газарт унахад Б.Б-ын дээр гарч үсдэж зодсон. Энэ үед Б.Б Мөнхбаатараа дүүгээ аваарай гэхэд Мөнхбаатар Есүйг авч явсан” тухай мэдүүлэг,

Гэрч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Б.Быг хүүхдээ тэврээд хонины захруу орж ирж байх үед С.Ц Б.Быг нэг гараараа үсдээд нэг гараараа цохиж харагдсан бөгөөд хонин дундуур яваад очиход нь тэр хоёр зодолдоод дээр, доороо ороод байж байсан.” тухай мэдүүлэг, шинжээч эмч Т.Алтайбаатарын дүгнэлтүүд зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт “Намайг охин Есүйгээ тэврээд явж байхад С.Ц үснээс татаж, цохиж унагаагаад дээр гарч зодсон. Охиныг минь зодоод гэмтээчихнэ гэж бодоод дүүгээ аваарай Мөнхбаатараа гэж хэлээд энэ хүний дээр нь гарахын тулд сарвалзаж, хөл рүү нь өшиглөж, тийрч дээр нь гараад гарыг нь хумиж бариад байж байхад Баянмөнх ирж салгасан” гэж мэдүүлж байгаа нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг бусад нотлох баримтаар давхар нотлогдож байна.

Харин шүүгдэгч С.Ц нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт Б.Б эхлээд намайг үснээс  зулгааж доош нь дараад зодсон. Дараа нь Баянмөнх ирээд намайг хэд хэд өшиглөж зодсон. Хоёулаа нийлж зодсон” гэж  мэдүүлж байгаа боловч энэ байдал нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

 

4.

Гэрч Г.Одонтуяа нь мөрдөн байцаалтад анх мэдүүлэг өгөхдөө “Би хонио эргүүлчихээд харьж явахад Б.Б нь С.Ц-ийн хойноос явж байгаад С.Ц-ийн үснээс нь татаж унагаад өшиглөж байсан” гэж мэдүүлсэн нь учир зүйн хувьд эргэлзээтэй, Б.Б нь хүүхдээ тэвэрч явсан талаар гэрчүүд нэгэн зэрэг мэдүүлсэн ба хүүхэд тэвэрч явсан Б.Б нь С.Цг зодсон гэдэг нь эргэлзээ төрүүлж байгаагаас гадна  шүүхийн хэлэлцүүлэгт энэ мэдүүлгээ үгүйсгэж хорооны тэнд хүмүүс дээр доороо ороод байхаар нь гайхаад очсон чинь зодоон болоод  дууссан, Цэцэгээг цус нөжтэй нь хольсон байсан. Баянмөнх нь цусаа угаа гээд Цэцэгээг машин тойруулаад хөөсөн” талаар мэдүүлсэн байна.

Түүнчлэн шүүгдэгч С.Ц-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “Би Одонтуяагийн өмнөөс очиход намайг яасан талаар асуухад нь ингээд зодчихлоо гэдгийг хэлсэн” гэж мэдүүлсэн нь гэрч Г.Одонтуяагийн мэдүүлэгтэй тохирч байгаа бөгөөд Г.Одонтуяа уг үйл явдал болж өнгөрсний дараа ирсэн, үйл явдлын талаар тодорхой мэдээгүй, уг үйл явдлын талаар С.Цгээс сонсож мэдсэн болох нь тогтоогдож байна.

Тиймээс гэрч Г.Одонтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн Б.Б нь  Цэцэгээгийн хойноос явж байгаад үснээс нь татаж унагаад өшиглөсөн гэсэн мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэх боломжгүй байна.

Б.Быг үснээс нь татаж гараараа цохиж унагаасан санаатай, гэм буруутай үйлдлийн улмаас Б.Бын биед хөнгөн зэргийн хохирол учруулсан шүүгдэгч С.Ц-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байгаа бөгөөд шүүгдэгч С.Ц нь тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна.

Харин С.Ц-ийн Б.Быг үснээс нь татах, цохих зэрэг санаатай үйлдлийн улмаас бага насны хүүхэд болох Б.Есүй газарт унаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байгаа боловч энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байна.

Шүүгдэгч С.Ц нь Б.Есүйгийн биед санаатайгаар хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй бөгөөд Б.Быг үснээс нь татаж толгойруу нь цохих явцад Б.Есүй нь газарт унаж С.Ц нь Б.Есүйгийн эрүүл мэндэд болгоомжгүйгээр хохирол учруулсан байна.

Өөрөөр хэлбэл С.Ц-ийн санаа зорилго Б.Есүйгийн биед учирсан хор уршгийн хооронд шууд шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь хохирогч бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх шинжийг шаардаж байна.

 

5.

Мөн эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байх шинжийг агуулдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй байхаар заасан байна. 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдохоор заажээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 2.4 дүгээр зүйлд санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэмт хэргийн шинж, оногдуулах ялын төрөл, хэмжээг тусгайлан заахаар тусгасан байна.

Эрүүгийн хуульд гэм буруугийн холимог хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцоогүй байна.

Тиймээс С.Ц нь Б.Есүйгийн биед хөнгөн хохирол учруулсан гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, үүнтэй холбоотойгоор хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж  үзлээ.

Мөн С.Ц-ийн зүүн хацар, хүзүү, дал, баруун тохойг нь гарынхаа хумсаар маажиж, баруун гарын бугалга, зүүн гуя, зүүн шагайнд нь гар хөлөөрөө цохиж, өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Б.Бын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байна.

  Шүүгдэгч С.Ц-ийн зүгээс гаргасан хууль бус довтолгооны эсрэг самардах, цохих, өшиглөх үйлдэл хийх явцдаа түүний биеийн зүүн хацар, хүзүү, дал, баруун тохойг нь гарынхаа хумсаар самрдаж, баруун гарын бугалга, зүүн гуя, зүүн шагайнд нь гар хөлөөрөө цохиж, өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Б.Бын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан санаатай, идэвхтэй, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл боловч, агуулгаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа нийгэмд ашигтай, аргагүй хамгаалалтын үйлдэл байна.

Анхан шатны шүүхээс аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд өөрийн, хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөг С.Ц-ийн хуулиар хориглосон нийгэмд аюултай, хууль бус халдлагаас хамгаалах явцдаа халдагч этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шүүгдэгч С.Ц-ийн өмгөөлөгчийн Ж.Мгийн гаргасан “Б.Бын үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэж холбогдох үйлдлийг нь  хэрэгсэхгүй болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шийтгэх тогтолыг  хүчингүй болгож өгнө үү”

6.

гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/15 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дор дурдсан өөрчлөлт оруулсугай.

А. Шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг:

“Шүүгдэгч Харнууд овогт С. Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилж,

Б. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтын:

“11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт” гэснийг “11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт” гэж өөрчилж,

В. Шийтгэх тогтоолын 6 дахь заалтын:

“хэрэгсэхгүй болгож” гэсний дараа “Б.Е-д учирсан хохирлын талаар эрх бүхий этгээд иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдаж” гэсэн нэмэлт оруулж,

Г. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8, 8, 9 гэж давхардуулан дугаарласны сүүлийн 8 гэснийг 9 гэж, 9 гэснийг 10 гэж өөрчлөн тогтоолын бусад зүйл заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч С.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.  Гомдол, Эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                          ДАРГАЛАГЧ                                 Т.ЖАРГАЛСАЙХАН

                              ШҮҮГЧИД                                 Ш.БАТТОГТОХ

                                                                              Ч.ЭНХТӨР