Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/01184

 

 

  

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/01184

 

 

МОРЛ ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2023/01878 дугаар шийдвэртэй, МОРЛ ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй Б.А, Д.Б нарт холбогдох орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, орон сууцны хөлс 44,520,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Г, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: МОРЛ нь Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, **дугаар байрны **-** тоот, нийт 5 орон сууцыг 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ОХУ-ын Хилийн чанад дахь өмчийг удирдах газар Улсын үйлдвэрийн газартай 922 тоот түрээсийн гэрээ байгуулж, орос багш нараа суулгах зорилгоор түрээсэлсэн. Улсын бүртгэлийн 0076**** дугаар гэрчилгээтэй ** дугаар байр бүхэлдээ ОХУ-ын өмч. Түрээсийн гэрээ анх 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байгуулсан ба нэмэлт гэрээгээр хугацаагүйгээр сунгасан. Түрээсийн гэрээнд дурдсан 8 дугаар байрны 16-20 тоот орон сууцыг сургуульд ажиллаж байгаа багш, ажилчиддаа эзэмших зориулалтаар олгох үед Д.Б энэ сургуульд ажиллаж байсан учир нийтийн аж ахуй үйлчилгээ үзүүлэх тухай гэрээг 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулахдаа 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаатай байгуулсан. Энэ хугацаанд Д.Б нь зохих журмын дагуу түрээсээ төлсөн тул 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл түрээсийн гэрээг сунгасан. Гэрээний хугацааг сунгасны дараа Д.Б түрээсийн төлбөр төлөхгүй АНУ руу явж, байранд өөрийн дүү Д.Б, түүний охин Б.А нарыг амьдруулсан. Энэ хугацаанаас хойш эдгээр оршин суугчид төлбөрөө манай сургуулиар төлүүлж энэ байранд амьдарч байна.

2015 оны 04 дүгээр сараас хойш түрээсийн төлбөр төлөгдөөгүй. Нийтийн аж ахуй хөлслөх гэрээ 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болж 7 жилийн хугацаа болж, манай сургуульд түрээсийн төлбөрт 44,520,000 төгрөгийн өртэй байна. Иргэн Д.Б, Б.А нар манай сургуультай гэрээ байгуулаагүй, тэдгээрээс орон сууцыг чөлөөлөхийг удаа дараа шаардсан боловч татгалзаж, төлбөргүй оршин сууж байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4 дэх хэсэгт заасны дагуу Д.Б, Б.А нарыг Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, ** хороолол, ** дугаар байр, ** тоот орон сууцнаас албадан гаргуулж, нийт 84 сарын түрээсийн төлбөрт 44,520,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга: МОРЛ болон ОХУ-ын Хилийн чанад дахь өмчийг удирдах газрын хооронд 2012 онд түрээсийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр Баянзүрх дүүрэг, ** дугаар хороолол, ** дугаар байрны **-** тоот, орон сууцыг орос багш нарыг суулгах зорилгоор түрээсэлсэн гэдэг. Хариуцагч Д.Б-ийн эгч Д.Б дээрх түрээсийн гэрээ байгуулагдахаас өмнө буюу 2008 онд ОХУ-д ажиллаж амьдарч байгаад Монгол Улсад ирэхдээ ОХУ-ын Төрийн өмчийн Монгол дахь төлөөлөгчийн газраас ** дугаар байрны ** тоотыг амьдрах эрхтэйгээр, сар бүр байрны төлбөрөө төлөхөөр тохиролцож тус байранд амьдарч эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд орон сууцны өмчлөгчийн төлөөлөгч буюу ОХУ-ын хилийн чанадад байгаа Төрийн өмчийн хөрөнгийг удирдах байгууллагад цахилгааны төлбөр, байрны мөнгийг өгсөөр ирсэн. Ийнхүү төлбөрийг тухай бүр гүйцэтгэсээр байсан боловч өмчлөгчийн зүгээс тухайн орон сууцыг бусдад түрээсэлсэн талаар мэдэгдэж байсан удаагүй. Дээрх орон сууц нь ОХУ-ын өмч бөгөөд МОРЛ болон ОХУ-ын Хилийн чанад дахь өмчийг удирдах газрын хооронд байгуулагдсан гэрээнд дээрх орон сууцыг хэнд хэрхэн түрээслэх зорилгын дурдаагүй. Гэрээний 4.1.1-д заасан зориулалтын болзол ёсоор түрээслэгчид түр хугацаагаар ашиглуулна гэж заасныг үзвэл дээрх гэрээгээр гагцхүү ашиглах эрхийг л тус сургуульд олгожээ. Мөн гэрээний 4.5-д түрээслэгчийн эрх, үүргийн тухай тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, эд хөрөнгийн өмчлөгч ОХУ-аас нэхэмжлэгчид орон сууцыг давхар түрээслэх тухай албан зөвшөөрөл өгсөн эсэх тодорхойгүй ба энэ талаар баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нь өмчлөгчийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрх түүнд ямар ч хэлбэрээр олгогдоогүй байна. Д.Б тус орон сууцны бүх төлбөр тооцоог өгсөөр ирсэн ба тийнхүү төлбөр шилжүүлдэг болох үеэс өмнө уг төлбөрийг хэд хэдэн байгууллага хариуцаж хураан авдаг байсан. Тухайлбал, 2010 онд Ш ТББ нь ** дугаар байрыг түрээслэн авч хариуцах болсон гэж ТББ-ын захирал болон сантехник хариуцсан инженер хоёр ирж, байрны түрээсээ бэлнээр хурааж тооцооны хуудас өгдөг байсан. Удалгүй Б-Ү сургууль ТББ, одоо МОРЛ ** дугаар байрны ** байрыг мэдэлдээ авч сургуулийн дансанд төлбөрийг хийлгэдэг болсон.

Тус сургууль энэ байрны засвар үйлчилгээ, сантехник, цахилгаан гээд бүх үйлчилгээг үзүүлнэ гэж мэдэгдэж байсан тул Д.Б нь байрны төлбөрөө сар бүр хийдэг байсан. 2010-2015 оныг дуустал зохих төлбөрийг тушаасаар байсан. 2016 оноос байрны оршин суугчид нийлж энэ хоёр байгууллагад түрээсийн төлбөр өндөр байна, байранд юу ч сайжруулах ажил хийгдэхгүй байна, тиймээс түрээсээ бууруулах ёстой гэх хүсэлт бүхий албан бичиг хүргүүлсэн боловч хариу өгөх хугацаа өнгөрсөн тул төлбөрөө Улаанбаатар хотын Цахилгаан Ус сувгийн ТӨК-д тушаадаг болсон. Мөн Д.Б ** дугаар байрны ** тоотод байр хариуцаж ажилладаг ажилтан ОХУ-ын иргэн Верад сар бүр байрны төлбөрөө төлж хуудсаа авдаг байсан. Дээрх хоёр ТББ нь байрыг орхиж явсан ба үүний дараа Д ХХК төлбөр тооцоог өрх бүрээс авч байгаад алга болсон, энэ хүмүүс ОХУ-ын талд мөнгөө тушаахгүй явсаар асуудал үүсгэж байсан удаатай. Үүний дараа Оросын байгууллагын дарга Харчинко, орлогч Белезеров гэх хүмүүс 8 дугаар байрны гадаа хурал хийж айл өрхүүдийн тооцоог м.кв-р тооцоолоод төлбөрийн хуудас өгдөг болсноор тэдний дансанд төлдөг болсон. 2016 оноос Билгийн үүдэн ТББ нь манайд төлбөр өг, бид Москвад гэрээ хийгдсэн **-** тоотод оросоос багш ирж ажиллах зориулалтаар энэ байруудыг ашиглана гэсэн. Цаашлаад төлбөр төлөхгүй бол байр суллаж өг гэж утсаар манайхыг дарамталдаг байсан. Д.Б байранд амьдран суух эрхээ өмчлөгчөөс авсан төдийгүй, төлбөр тооцооны асуудалгүй явсаар өдийг хүрсэн тул орон сууцны өмчлөгч биш тус байгууллагын шаардлагыг хүлээн авах боломжгүй байсан.

Нэхэмжлэгч нь Д.Б-г 2015 оноос хойш тус байранд оршин суухгүй байгаа гэж нэхэмжлэлд дурдсан. Гэтэл Д.Б 2008 оноос хойш хоёр хүүхдийн хамт тус байранд бүртгэлтэйгээр оршин суусаар ирсэн. Харин 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр АНУ-д түр хугацаанд очсон боловч цар тахлаас болж АНУ-ын хууль дүрмийн дагуу хүлээлэгт орсон ба өнөөдрийг хүртэл уг нөхцөл байдал арилаагүй тул нутаг буцаж чадахгүй байна. АНУ руу явахдаа түр хугацаанд гэрээ харуулахаар өөрийн төрсөн дүү Д.Б-ийг байрандаа үлдээсэн ба зохих ёсоор төлбөр тооцоогоо холбогдох газарт нь төлсөөр ирсэн. Дээрх орон сууцтай холбоотой маргаан үүсэх болсон гол шалтгаан нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах ОХУ-ын өмчлөлийн **, **, ** дугаар байрууд өнгөрсөн онд оршин суугч нартаа хувьчлагдсан. Гэтэл манай амьдардаг байрыг мөн хувьчлагдах сураг гармагц МОРЛ сургууль, мөн ** дугаар байрны сантехник хариуцсан компанийн ажилтан гэх хүмүүс тус бүрдээ биднийг байрнаас гарахыг шаардаж, танхайрах үйлдэл гаргахад хүрсэн. Д.Б-гийн хувьд улс хоорондын, аливаа байгууллага хооронд хохирол учруулаагүй, сар бүрийн төлбөрөө төлсөөр ирсэн. Монголд байгаа ОХУ-ын дарга нар нь солигдож байдаг болохоор асуудлыг шийдэж чаддаггүй. Энэ сургууль Москватай гэрээ хийсэн болохоор бидэнд мэдэх юм алга, байр гарахаар эсвэл хувьчлагдах асуудал яригдахаар танай байрыг сольж өгч байр олгоно гэж хэлсээр ирсэн. Д.Б нь 2008 оноос хойш хуульд заасны дагуу 15 жил ашигласан тул тэргүүн ээлжид байрны өмчлөх эрхийг авах эрх нээгдсэн, улсын бүртгэлд хүсэлтээ өгчвөл хувьдаа авах гэж байгаа. Нэхэмжлэгчээс ирүүлсэн орон сууцны мөнгийг орон сууцны өмчлөгчид шилжүүлсэн банкны гүйлгээний баримтад заасан үнийн дүн нь түрээсийн гэрээний үнийн дүнгээс зөрж байх бөгөөд аль байрны түрээсийн төлбөрийг шилжүүлсэн нь харагдахгүй байна. МОРЛ нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш байна. Хариуцагч нар тухайн байранд оршин суудаггүй, эгчийнхээ байрыг харж байгаа юм. Хэрэглээний төлбөрийг Д.Б, Д.Б, Б.А нар төлж байсан нь харагдана.

Нэхэмжлэлийн 44,520,000 төгрөгийг хариуцагч нар төлөх үндэслэл байхгүй. Өнгөрсөн 7 жилийн хугацаанд энэ байранд амьдраагүй, түрээсийн төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** дугаар байрны ** тоот орон сууцыг хариуцагч Д.Б, Б.А нарын хууль бус эзэмшлээс чөлөөлөн албадан гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас ** тоот орон сууцны 84 сарын түрээсийн төлбөрт нийт 44,520,000 төгрөгийг хариуцагч Д.Б, Б.А нараас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 70.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 450,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б, Б.А нараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнгийн улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МОРЛ ГХО ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна. ...Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын эгч Д.Б маргаан бүхий орон сууцыг 2008 оноос хойш эзэмшиж буй бөгөөд эзэмших эрхтэй болох нь хэрэгт авагдсан орон сууцны ашиглалтын төлбөрийн баримг, хорооны тодорхойлолт, зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.

Нэхэмжлэгч тал ОХУ-ын Хилийн чанад дахь өмчийг удирдах газартай 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн түрээсийн гэрээг байгуулахдаа тухайн орон сууцны эзэмшигч буюу Д.Б-д мэдэгдээгүй, түүний зөвшөөрлийг аваагүй байна. Өөрөөр хэлбэл, зохих этгээдийн зөвшөөрөлгүй, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхгүйгээр үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаас тодорхой болсон билээ.

4.1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан байхад нэхэмжлэгч нь 2012 онд түрээсийн гэрээ байгуулахдаа орон сууцыг 4 жилийн хугацаанд шууд эзэмшиж байсан Д.Б-д мэдэгдэлгүй, хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн түрээсийн гэрээг байгуулсан. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгч болон ОХУ-ын Хилийн чанад дахь өмчийг удирдах газрын 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр гэрээ хэмээн дүгнээд улмаар хууль зөрчиж байгуулагдсан тус гэрээг үндэслэн маргаан бүхий орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарахад нөлөөлжээ.

4.2 Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д заасны дагуу нэхэмжлэгчийг орон сууцны шууд эзэмшигч учраас орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж дүтнэжээ. Гэтэл нэхэмжлэгч болон ОХУ-ын хилийн чанад дахь өмчийг удирдах газрын 2012 оны 12 дугаарр сарын 17-ны өдрийн түрээсийн гэрээний 4.1.1, 10.3-д зааснаас үзэхэд 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн түрээсийн гэрээгээр орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч талд олгоогүй, харин ч түрээсийн гэрээний байгуулагдсан нь түрээслүүлэгчийн өмчлөх эрхийг хөндөхгүй, маргаан гарсан тохиолдолд түрээслүүлэгчид мэдэгдэж маргааныг шийдвэрлүүлэхээр зохицуулсан байна. Шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг үндэслэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн буюу өмчлөгчийн өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, шаардах эрх олгогдоогүй этгээдийг өмчлөгчийн нэгэн адил үзэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Хэрэгт хариуцагч нарыг орон сууцнаас албадан гаргуулах талаар өмчлөгчийн ямар ч шийдвэр авагдаагүй, энэ талаар өмчлөгчийн хүсэл зориг тодорхойгүй байна. Нөгөөтэйгүүр, 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн түрээсийн гэрээг байгуулахдаа тухайн орон сууцны шууд эзэмшигч Д.Б-д мэдэгдээгүй, тэрээр гэрээний дагуу орон сууцыг нэхэмжлэгч талд суллаж өгөх үүрэг хүлээгээгүй. Иргэний хуулийн 318 дугаар 318.1 дэх хэсэгт зааснаар Д.Б болон хариуцагч нар орон сууцны түрээслүүлэгч биш бөгөөд хөрөнгө шилжүүлэх үүрэггүй. Харин нэхэмжлэгч нь эд хөрөнгийн эрхийн болон биет байдлын доголдлын талаар ОХУ-ын Хилийн чанад дахь өмчийг удирдах газарт холбогдуулан нэхэмжлэл гаргах боломжтой юм. 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн түрээсийн гэрээнд гуравдагч этгээдээс эд хөрөнгө маргаан гаргах тохиолдол бүрийг түрээслүүлэгчид нэн даруй мэдэгдэнэ гэж заасныг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.

4.3. Нэхэмжлэгч нь Д.Б, Б.А нарыг хариуцагчаар татсан. Гэтэл Д.Б, Б.А нар орон сууцны жинхэнэ эзэмшигч Д.Бгийн дүү нар бөгөөд тухайн орон сууцанд амьдардаггүй, эзгүй хойгуур нь орон сууцыг эргэж тойрч байсан, одоо Д.Б Монголд ирснээр орон сууцанд очих шаардлагагүй болсон. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Д.Б нь Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, Зүүн баян уул ** дугаар гудамж, 55 тоот, Б.А нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, ** дугаар хороолол, *** байрны ** тоот хаягт тус тус амьдардаг болох нь иргэний үнэмлэхний хуулбар, хорооны тодорхойлолтоор нотлогдсон. Харин Д.Б Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, ** дугаар байрны ** тоот орон сууцанд 2008 оноос хойш амьдарч байгаа нь олон баримтуудаар нотлогдсон билээ. Шүүх маргаан бүхий орон сууцанд оршин суудаггүй хүмүүсээс орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т зааснаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...Баянзүрх дүүрэг, **-рхороо, **-рхороолол, ** дугаар байрны ** тоот орон сууцыг хариуцагч Д.Б, Б.А нарын хууль бус эзэмшлээс чөлөөлөн албадан гаргуулах... гэснийг хүчингүй болгох байдлаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Орон сууцны өмчлөлийн талаар талууд маргаагүй, өмчлөгч нь ОХУ-ын Хилийн чанад дахь өмчийг удирдах газар болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаагаар тогтоогдоно. Талууд тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Д.Б мөн эсэх, эсхүл МОРЛ ГХО ХХК эсэх талаар маргасан. Шүүгчийн захирамжаар ОХУ-ын хилийн чанад дахь өмчийг удирдах газраас авсан лавлагаанд албан ёсны гэрээг МОРЛ-тай байгуулсан болохоос Д.Б, Д.Б, Б.А нарын хэн алинтай байгуулаагүй бөгөөд төлбөрийн даалгаварыг тэдэнд илгээгүйг тусгасан. Маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь ОХУ-ын Хилийн чанад дахь өмчийг удирдах газар юм. Нэхэмжлэгч эхлээд маргаан бүхий орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг Д.Б-д холбогдуулан шүүхэд гаргасан. Шүүгчийн захирамжаар Д.Б-тай байгуулсан гэрээ дуусгавар болсон тэрээр тус орон сууцанд оршин суухгүй АНУ руу явсан тул оршин сууж байгаа этгээдийг тодруулж нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан.

Иймд бид Баянзүрх дүүргийн цагдаагийн байгууллагын оролцоотойгоор орон сууцанд оршин сууж байгаа Д.Б, Б.А нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Шүүх хариуцагч нарыг тус орон сууцанд ямар нэгэн гэрээгүй, хууль бусаар оршин сууж байгаа тул чөлөөлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн гэв.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 2. Нэхэмжлэгч МОРЛ ГХОХХК нь хариуцагч Б.А, Д.Б нарт холбогдуулан тэдний хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, орон сууцны хөлс 44,520,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шаардлагын үндэслэлээ Монгол-Оросын Русский лицей сургууль нь ** дугаар байрны **-** тоот нийт ** орон сууцыг ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газартай түрээсийн гэрээ байгуулж, багш нараа суулгах зорилгоор түрээсэлсэн. Д.Б нь тус сургуульд ажиллаж байсан учир нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан. Гэрээний хугацааг сунгасны дараа Д.Б нь түрээсийн төлбөр төлөхөө больж АНУ руу явж, байрандаа өөрийн дүү Д.Б, түүний охин Б.А нарыг суулгасан. Гэрээ дуусгавар болсноос хойш 7 жилийн хугацаанд түрээсийн төлбөрт 44,520,000 төгрөгийн өртэй. Д.Б, Б.А нар манай сургуультай ямар нэгэн гэрээ байгуулаагүй. гэж тодорхойлжээ.

Хариуцагч Б.А, Д.Б нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч Хариуцагч Д.Бийн эгч Д.Б нь 2008 онд ОХУ-ын Төрийн өмчийн Монгол дахь төлөөлөгчийн газартай гэрээ байгуулж тухайн байранд амьдарч эхэлсэн бөгөөд тус байгууллагад сар бүр цахилгааны төлбөр, байрны мөнгийг өгсөөр ирсэн. МОРЛ болон ОХУ-ын Хилийн чанад дахь өмчийг удирдах газрын хооронд байгуулагдсан гэрээний 4.5-д түрээслүүлэгчийн зөвшөөрлөөр давхар түрээслэхээр тодорхойлжээ. Эд хөрөнгийн өмчлөгч болох ОХУ-аас нэхэмжлэгчид орон сууцыг давхар түрээслэх зөвшөөрөл өгч байсан эсэх нь тодорхойгүй. Нэхэмжлэгч нь өмчлөгчийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй байна гэж тайлбарлан мэтгэлцсэн байна.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газар Холбооны төрийн өмчит нэгдлийн газар нь Билгийн үүдэн сургуультай 2012 оны 12 дугаар сарын 17ы өдрийн 922 дугаартай түрээсийн гэрээг байгуулж, гэрээгээр Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороололд байршилтай ***, *** байр, ** дугаар хороонд байршилтай ** дугаар байрны **-** тоот орон сууцнуудыг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай хөлслөхөөр тохиролцсон, уг гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2 дугаартай гэрээгээр 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тодорхойгүй хугацаагаар сунгасан.

3.2. Билгийн үүдэн бүрэн дунд сургууль нь нийтийн аж ахуйн үйлчилгээг үзүүлэх гэрээг 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Д.Бтай байгуулж, гэрээгээр 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийтийн аж ахуйн цогц үйлчилгээг сарын 530,000 төгрөгийн хөлстэйгөөр үзүүлэхээр тохиролцсон, гэрээг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар сунгасан.

3.3. Билгийн үүдэн бүрэн дунд сургууль нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр МОРЛ ГХОХХК болж нэр, хэлбэрээ өөрчлөн улсын бүртгэлд бүртгүүлсэн.

4. Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол /13343/, Ж.Лхагвасүрэнгийн гудамж, ** дугаар байр, 3,300.80 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Оросын Холбооны Улс болох нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 00076**** дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй боловч тус байрны 19 тоот орон сууцны эзэмшлийн талаар талууд маргаантай байна.

4.1. Нэхэмжлэгч нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газар Холбооны төрийн өмчит нэгдлийн газартай түрээсийн гэрээ байгуулсан гэж тайлбарласан бол хариуцагч нар нь төрсөн эгч Д.Бгийн байрыг эзэмшиж байгаа, Д.Б нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газар Холбооны төрийн өмчит нэгдлийн газартай гэрээ байгуулсан гэж мэтгэлцсэн байна.

4.2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгчийн ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газар Холбооны төрийн өмчит нэгдлийн газартай байгуулсан гэрээний зүйл нь орон сууц байх бөгөөд орон сууцанд багш нараа суулгах зорилгоор гэрээ байгуулсан гэж нэхэмжлэгч тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч гэрээний зүйлийг аж ахуйн зориулалтаар бус, харин орон сууцны зориулалтаар ашиглахаар гэрээ байгуулсан байх тул уг гэрээг орон сууц хөлслөх гэрээ гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус гэх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

4.3. Орон сууц хөлслөх гэрээний дагуу өмчлөгч нь нэхэмжлэгчид эзэмших эрхээ шилжүүлсэн бөгөөд нэхэмжлэгч маргаан бүхий орон сууцыг хууль ёсоор эзэмшдэг тул түүнийг Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах эрхтэй гэж үзнэ.

4.4. Мөн нэхэмжлэгч нь Д.Б-д дамжуулан хөлсөлсөн, дамжуулан хөлслөх гэрээний хугацаа дуусгавар болсон үйл баримт тогтоогдсон байна. Иймээс хариуцагч Б.А, Д.Б нарын бодит эзэмшил хууль бус байх тул хариуцагч нарын эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт нийцжээ.

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2023/01878 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Бөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 Д.БЯМБАСҮРЭН