Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01138

 

 

  

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01138

 

 

 О.Н, Д.О нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2023/00797 дугаар шийдвэртэй, О.Н, Д.О нарын нэхэмжлэлтэй Ш-д холбогдох тэтгэмжийн зөрүү О.Н-д 63,598,608 төгрөг, Д.О-д 77,074,740 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, О.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч О.Н 63,598,608 төгрөг, Д.О 77,074,740 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч О.Н нь Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны Иргэний хэргийн шүүхэд ерөнхий шүүгчээр, Д.О нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр тус тус ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 39 дүгээр, 07 дугаар сарын 05-ны өдрийн 134 дүгээр зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн. Зарлиг гарсны дараа хуульд зааснаар Ш-ийн даргын Нэг удаагийн тэтгэмж олгох тухай 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 67 дугаар тушаалаар О.Н-д 108,000,000 төгрөг, мөн даргын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 165 тоот тушаалаар Д.О надад 97,200,000 төгрөгийн тэтгэмж өгсөн. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасныг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөнө. Дээрх заалт нь мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын нэмэгдлээс бүрдэнэ, мөн хуулийн 47 дугаар зүйлийн шүүгчийн нийгмийн баталгаа гэсэн зохицуулалтад хамаарах болно. Ш-ийн даргын тушаалаар төсөвлөж, олгосон тэтгэмж нь шүүгчийн албан тушаалын төрийн тусгай албан хаагчийн цалингийн сүлжээ цалингаар тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй, ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны цалинг оруулан тооцоогүй байна.

1.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заажээ. Мөн Хөдөлмөр, Нийгэм хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1.3 дахь хэсэгт ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүн Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал, урамшуулал орно, 2.1.1 дэх хэсэгт сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хуваана гэжээ. Өмнө хүчинтэй мөрдөгдөж байсан Шүүхийн тухай хууль дахь шүүгчийн нийгмийн баталгаа хэсгийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед олгох 36 сарын цалинг үндсэн цалин буюу албан тушаалын цалингаар олгохоор хуульчилж, мөрдөж байсан бөгөөд хууль тогтоогч ижил утгатай гэж үзсэн бол тэтгэмжийн заалтыг хэвээр байлгах байсан бөгөөд санхүүгийн холбогдолтой заалтыг 3 дугаар сарын 01-нээс биш 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөхөөр заасан нь төсвийн жилд дээрх заалтыг бэлтгэх болон өмнө хуульд түүний авч байсан сарын дундаж цалингаар гэж тодотгон оруулсан нь шүүгчийн албан тушаалыг тодорхой эрхийн хязгаартайгаар хашиж байсны хувьд үзүүлж байгаа тусгайлсан нийгмийн баталгаа бөгөөд Төрийн албан хаагчийн хувьд авах тэтгэмж адил гэж үзэх бол дээрх заалтыг Төрийн албаны тухай хуулийн зохицуулалт үйлчилнэ гэх байдлаар томьёолох байсан. Нэхэмжлэгч Д.О хариуцагчаас 13,894,740 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна

Иймд Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын тэтгэмж олгох заалтыг хэрэгжүүлээгүй тул О.Н-д зөрүү 63,598,608 төгрөг, Д.О-д 77,074,740 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Д.О, О.Н нар өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны дээд хязгаарт хүрсэн тул Ш-өөс тэднийг албан тушаалаас нь чөлөөлүүлэхээр санал гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгч 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 39 дүгээр, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 134 дүгээр зарлигаар шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлсөн. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасныг Ш зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч нарт тэтгэмжийг олгосон болно.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт ...сарын дундаж цалин... гэснийг хэрхэн ойлгохоос хамаарч байгаа тул албан тушаалын цалин, нэмэгдэл, тэтгэмж гэснийг хэрхэн ойлгож хэрэглэснийг дурдах нь зөв гэж үзлээ.

2.1. Албан тушаалын цалин Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3 дахь хэсэгт зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг Ш-ийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог. Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолын хавсралтаар тогтоосон байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн ...сарын дундаж цалин... гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм. 3.2. Нэмэгдэл, тэтгэмж: Нэмэгдэл болон тэтгэмжийг Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт цалин хөлс гэсэн ойлголтыг бүрдүүлнэ. Албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Шүүгчид нэмэгдэл олгох журам-аар баталсан бөгөөд уг тогтоолд дурдсанаар шүүгчид дараах нэмэгдлийг олгохоор хуульчилсан байна. Үүнд: УИХ-ын 2021 оны 04 дүгээр тогтоолын 2 дугаар заалтаар докторын зэргийн нэмэгдэл, шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл /УИХ-ын 04-р тогтоолын 1 дүгээр хавсралт/, Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл /УИХ-ын 04 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт/-ийг тус тус баталсан.

Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид нэг удаа олгох талаар Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн л албан тушаалын цалингаас тооцдог. Нэхэмжлэгч нь шаардлагадаа дурдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн ...авч байсан сарын дундаж цалин... нь УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм. 36 сарын тэтгэмжийг албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлээс тооцох үндэслэлгүй. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасныг Шөөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш-өөс шүүгчид нэг удаа олгох тэтгэмжийн зөрүү 63,598,608 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Н-д, 63,180,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.О-д олгож

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Шөөс 13,894,740 нэхэмжлэгч Д.О татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж, хариуцагч Шөөс 791,843 төгрөгийг гаргуулж улсын орлогод олгосож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Шүүх Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн ...сарын дундаж цалин.. гэснийг хэрхэн ойлгохоос хамаарч байгаа тул албан тушаалын цалин, нэмэгдэл, тэтгэмж гэснийг хэрхэн ойлгож хэрэглэснийг дурдах нь зүйтэй. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3 дахь хэсэгт зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг Ш-ийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог. Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолын хавсралтаар тогтоосон. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн ...сарын дундаж цалин... гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм. Нэмэгдэл болон тэтгэмжийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог. Тодруулбал, нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгоно. Нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт цалин хөлс гэсэн ойлголтыг бүрдүүлнэ.

4.2. Албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Шүүгчид нэмэгдэл олгох журам-р баталсан бөгөөд уг тогтоолд дурдсанаар шүүгчд дараах нэмэгдлийг олгохоор хуульчилсан байна. Үүнд: УИХ-ын 2021 оны 04 дүгээр тогтоолын 2 дугаар заалтаар докторын зэргийн нэмэгдэл; Шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 1 дүгээр хавсралт/; Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 2 дугаар хавсралт/-ийг тус тус баталсан. Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид нэг удаа олгох талаар хуульд заасан бөгөөд энэ нь Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн л албан тушаалын цалингаас тооцдог. Нэхэмжлэгч нь шаардлагадаа дурдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт "... авч байсан сарын дундаж цалин... нь УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм. Иймд 36 сарын тэтгэмжийг албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлээс тооцох үндэслэлгүй.

4.3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасныг Шөөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгосон нь хууль зөрчөөгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-ийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өндөр насны тэтгэвэрт гарах насны болзол хангасан гэж үзэн шүүгчийн албан тушаалаас өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдөх үед төрөөс олгож буй 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг нэг удаа олгохдоо тооцож буй цалинг шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээгээр тооцссон нь буруу гэж зөрүүг шаардаж байгаа тул иргэний хэргийн шүүхэд хандсан, хэргийн харьяаллын болон зохигч хэн аль нь албан тушаалын цалин нэмэгдэлийг хуульд зааснаар ажиллах хугацаанд авсан талаар маргаагүй. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа албан тушаалын цалин нь сар бүр олгогдсон нэмэгдэлийн хамт цалин хөлс гэсэн ойлголтыг бүрдүүлнэ гэх тайлбар гаргасныг нэхэмжлэгч маргаагүй.

Нэхэмжлэгч нарт 36 сарын тэтгэмжийг олгохдоо албан тушаалын цалин, нэмэгдэл орсон дүнгээр, дундаж цалин олгох журмын дагуу зөрүүг тооцох ёстой гэж, хариуцагч тал албан тушаалын цалингаар тооцно гэж тооцоолол болон, хууль хэрэглээний талаар маргаж байгаа. Анхан шатны шүүх албан тушаалын цалин, албан ажлын онцгой нөхцөлийн 40, төрийн алба хаасан хугацааны 25 хувийн нэмэгдэлийг тооцсон цалинг шүүгчийн авч байсан цалин гэж гэж үзэн, 36 сараар тэтгэмжийг хасаж зөрүүг өсгөн тооцож, хариуцагчаас гаргуулах талаар хийсэн дүгнэлт шийдвэрийг нэхэмжлэгч нар хүндэтгэн үзэж байгаа болно.

36 сарын тэтгэмж тооцох цалин буюу тэтгэвэрт гарсан шүүгчийн авч байсан сарын цалингаар тооцсон үндэслэлийн талаар, 2022 оны 01 дүгээр сарын 01 нээс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заасан сарын дундаж цалин гэдэг нь хариуцагч талын тайлбарт дурьдсанаар албан тушаалын цалин, нэмэгдэлийн хамт авч байсан цалин хөлс гэдэгт хамаарна. Өмнө мөрдөж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8 дэх хэсэгт заасан бөгөөд энэ заалт 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэгдэн, 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон. Энэ тохиолдолд шүүгчид олгох 36 сарын тэтгэмжийг Төрийн албаны тухай хуулийн заалтыг баримтлан албан тушаалын цалингаар тооцон олгосныг үгүйсгэхгүй. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт үндсэн цалин-гаас, Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр гэж заасан нь хууль зүйн хувьд өөр ойлголт болно. Хэрэв адил хэрэглэнэ гэсэн бол хууль тогтоогч хоёр өөр байдлаар томъёолох шаардлагагүй бөгөөд бүх төрийн албан хаагч нарын тэтгэмжийг Төрийн албаны хуулиар зохицуулна гэх байсан. Гэтэл шүүгч нарын Шүүхийн тухай хуулийн зохих заалтаар зохицуулагдах учиртай. Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 4 дүгээр бүлэгт бусад хуульд зааснаар нэг удаагийн тэтгэмж олгохыг зохицуулсан бөгөөд 4.4 дэх хэсэгт заасан нь төрийн албан хаагч нарын тухайлан зохицуулсан хуульд өөрөөр тусгасан тохиолдол гарч болох бөгөөд энэ тохиолдолд шийдвэрлэх зохицуулалт болно. Ш нь Шүүхийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4-д зааснаар шүүгчийн нийгмийн болон эдийн засгийн баталгааг зөвөөр тогтоож, ашигтай байдлаар хуульд зааснаар тайлбарлаж, хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.

Шүүхийн тухай хуульд 36 сарын тэтгэмжийг өөрөөр тогтоосон гэж үзэж буй үндэслэл нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж байгаа Шүүхийн тухай хуулийн 50, 53 дугаар зүйл шүүгчийн иргэний эрхэд тавих хязгаарлалт болон шүүгчийн албан тушаал хаших явцад хориглолт, хязгаарлалтаас гадна хориглосон зүйл, ёс зүй, мөн иргэний хувьд эдлэх эрх үүрэгт тодорхой эрхийг хязгаарлуулж байсан, тангараг өргөсөн хариуцлагатай албан тушаалыг хашиж байсны хувьд дээрхи заалтыг бидэнд олгосон нийгэм, эдийн засгийн баталгаа гэж үзэж байгаа. Сарын дундаж цалингийн хэмжээ гэдэгт албан тушаалын цалин, нэмэгдэл хөлс орох ёстой бөгөөд хуулийн заалтад хөлс гэсэн үгийг хамт хэрэглээгүй гэж үзэх тохиолдолд Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.8, Монгол Улсын шүүхийн тухай хууль 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт тус тус зохицуулсан байна. Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.3 дахь хэсэгт зааснаар Улсын их хурлаас баталснаар цалинг авч байсан бөгөөд ажиллаж байсан шүүгчийн тухайд дан ганц албан тушаалын цалин авч байсан шүүгч байх боломжгүй. Учир нь шүүгчийн тангараг өргөсөнөөр бүрэн эрхээ хэрэгжүүлж буй шүүгч нь шүүгчээр хэдэн жил ажилласан эсэхээс үл хамааран албан ажлын онцгой нөхцөлийн 40 хувийн нэмэгдэлийг шууд авч, төрийн албанд хэдэн жил ажилласанаас хамааран төрийн алба хаасан хугацааны нэмэгдэлийг зохих хувиар авч байгаа бөгөөд энэ бүгд шүүгчийн авч байсан сарын цалин болно. Мөн өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль, цалингийн шатлалаар шүүгчээр ажилласан 5 жил тутамд 2 хувийн нэмэгдэл өсгөн тооцож цалинг олгож байсан үед, зарим шүүгчийн тухайд эхний 5 жилд зөвхөн албан тушаалын цалин авч байсныг дурдаж байна. Иймд 36 сарын тэтгэмж тооцох сарын дундаж цалин нь албан тушаалын цалин байна гэсэн үндэслэл заасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Шүүхийн тухай хууль нь шүүх засаглалыг хэрэгжүүлэгч байгууллагын болон түүнд хамааран ажиллаж буй албан тушаалтны эрх ашиг, нийгмийн болон эдийн засгийн баталгааг хангах, хүлээлгэх хариуцлагыг тодорхойлон тусгайлсан хууль болно.

Иймд анхан шатны шүүх Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 4.4 дэх заалтыг хэрэглэсэн нь хууль зөрчөөгүй. Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1- 50.1.40-д заасан нийт 40 гаруй зүйлээр шүүгч нар нийгмийн амьдралд аливаа үйл ажиллагаанд хязгаартай хоригтой ажиллаж байсан, өндөр насны тэтгэвэрт гарсны дараа өмгөөллийн үйл ажиллагаа хийх эрхгүй болсон хязгаарлалтууд байгаа, 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэгт заасан ч 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдсөн санхүүтэй холбоотой заалтаар авч байсан цалин буурч тогтоогдон, өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүртэл авч байсныг дурдах нь зүйтэй.

Иймд давж заалдах шатны шүүх дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянах эрхтэй ч, талуудын маргаан бүхий татгалзалын хүрээнд хариуцагчийн давж заалдах гомдолыг хэрэгсэхгүй болгон шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасан үндэслэл тогтоогдсон тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгов.

2. Нэхэмжлэгч О.Н, Д.О нар нь хариуцагч Ш-д холбогдуулан нэг удаагийн тэтгэмжийн зөрүү О.Н-д 63,598,608 төгрөг, Д.О-д 77,074,740 төгрөг тус тус гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ Нэхэмжлэгч нар нь шүүгчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. О.Н-д 108,000,000 төгрөг, Д.О-д 97,200,000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгосон... тэтгэмж нь шүүгчийн албан тушаалын цалингаар тооцсон нь үндэслэлгүй, албан ажлын онцгой нөхцлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг оруулан тооцоогүй. гэжээ.

3. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, агуулгаас үзвэл нэхэмжлэгч нар нь Ш буюу захиргааны байгууллагад холбогдуулан нийтийн эрх зүйн хэм хэмжээ болох Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг үндэслэн маргасан байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд хувийн эрх зүйн маргаан үүсээгүй, харин нэхэмжлэгч нар нь захиргааны үйл ажиллагааны улмаас өөрсдийнх нь нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр олгогдсон субъектив эрх нь зөрчигдсөн гэж үзэж, эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд ханджээ.

Гэтэл анхан шатны шүүх тухайн нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харъяалал зөрчсөн бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах журмыг зөрчсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт Энэ хуулийн ... 65.1.1... -д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. гэж заасан.

Иймд шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгохоор тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2023/00797 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч О.Н, Д.О нарын нэхэмжлэлтэй хариуцагч Шд холбогдох нэг удаагийн тэтгэмжийн зөрүү гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 Д.БЯМБАСҮРЭН