Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 111/2018/0033/З |
Дугаар | 221/МА2019/0278 |
Огноо | 2019-05-16 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2019/0278
Б.И-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэйгээр, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 111/ШШ2019/0006 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу Б.И-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 111/ШШ2019/0006 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.1, 4.2.5, Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/774 дугаартай захирамжийг хүчингүй болгон, Б.И-г урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.И-ийн ажилгүй байсан хугацааны цалин болох 3.014.476 /гурван сая арван дөрвөн мянга дөрвөн зуун далан зургаа/ төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-аас гаргуулан нэхэмжлэгчид олгож, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг баримтлан хууль бус актын улмаас учирсан хохирол болох 5.000.000 /таван сая/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Авлигын эсрэг хуулийн 10.3-т “Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор,... шинэчлэн гаргаж энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.3-т “Албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор шинэчлэн гаргаж, энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар Б.И нь тухайн албан тушаалд эгүүлэн томилогдсоноос хойш 30 хоногийн дотор ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргах үүрэгтэй байна. Б.И нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр аймгийн Засаг даргын Б/673 дугаар захирамжаар 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон 11 дүгээр сарын 02-ны өдөр ажлаа хүлээн авсан байдаг. ...Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын дарга, эрх бүхий албан тушаалтны 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 362 дугаар албан бичгээр ирүүлсэн “Б.И нь хөрөнгө орлогын мэдүүлэг болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ хуулийн хугацаанд албан ёсоор мэдүүлээгүй буюу баталгаажилтын хуудсаар мэдүүлж, бүртгүүлээгүй” гэсэн албан бичиг, томилогдсон захирамж гарсан өдөр буюу 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн албан тушаалын цалингаа авсаныг цалингийн хавтгай болон ажил хүлээлцэх ажлын хэсгийн тэмдэглэл зэргээр нотлох бөгөөд тэмдэглэлд “цалингаа авах ёстой гэж бодож байна” гэж өөрөө хэлсэн нь дээрх өдрөөс эхлэн ажилдаа орсон гэдгийг өерөө нотолж байгаа нь хөрөнгө орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд гаргаж өгөх бүрэн боломжтой байсан. Өөрөөр хэлбэл Б.И нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ажилд томилогдсон буюу сонгогдсон өдөр бөгөөд хөрөнгө орлогын мэдүүлгээ 11 дүгээр сарын 09-ний дотор гаргаж болохоор байсан. Иймд Б.И нь 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөөгүй нь үндэслэлтэй байх тул Авлигын эсрэг хуулийн 13.8.4-т “Нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29.2.4-т “.... 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, энэ хуулийн 29.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах” заалтыг тус тус үндэслэн аймгийн Засаг дарга ажлаас нь халсан болно. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.4 дэх заалтын дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын Хүний нөөц хариуцсан мэргэжилтэн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Б.И-тай утсаар сонсох ажиллагаа явуулсаныг Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хуудсаар нотлогдож байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Б.И нь Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдуулан “Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/774 дүгээр захирамжийг хүчингүй болгож Баянхонгор сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах, хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирол 5.000.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “маргаан бүхий захирамжид баримталсан хуулийн заалтууд төрийн албанд анх удаа томилогдож байгаа албан тушаалтанд хамааралтай ба өмнө нь эрхэлж байсан албан тушаалдаа эгүүлэн томилогдсон этгээдэд хамааралгүй” гэж тайлбарласныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Б.Ишмаа нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ажилд томилогдсон бөгөөд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ 11 дүгээр сарын 09-ний дотор гаргаж өгөөгүй хууль зөрчсөн” гэх үндэслэлээр эс зөвшөөрч, маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч ийнхүү шийдвэрлэсэн үндэслэл хуульд нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой гэж үзлээ.
Маргаан бүхий Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/774 дүгээр захирамжид Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан, “албан тушаалд томилогдсоноос хойш хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуулийн хугацаанд гаргаж өгөөгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Ишмааг 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас халжээ.
Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хааж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “Албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн албан тушаалыг хашиж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж, энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй” гэж тус тус заасныг Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан албан тушаалд шинээр сонгогдсон буюу томилогдсон этгээд ийнхүү сонгогдсон буюу томилогдсон өдрөөс 30 хоногийн дотор, цаашид жил бүр гаргах үүргийг хуулиар хүлээлгэсэн зохицуулалт гэж ойлгоно.
Нэхэмжлэгч Б.И-г өмнө нь Баянхонгор сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлсөн Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/199 дүгээр захирамжийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгож, ажилд нь эгүүлэн тогтоосон байх ба Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 11/ШШ2017/0029 дүгээр шийдвэр болон Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасныг баримтлан Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/673 дугаар захирамжаар түүнийг Баянхонгор сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр эгүүлэн томилсон байна.
Шүүхийн шийдвэрээр төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлсөн захиргааны актыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосныг төрийн албанд шинээр сонгогдсон буюу томилогдсон гэж үзэхгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс өмнөх байдлыг шүүх сэргээн тогтоосон гэж ойлгох бөгөөд энэ тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчийг ажилд томилсон захиргааны акт дахин гаргах шаардлагагүй.
Ийнхүү Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасан “албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах” үндэслэл бүрдээгүй байхад нэхэмжлэгч Б.И-г ажлаас халсан маргаан бүхий акт Захиргааны Ерөнхий хуулийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх” зарчмыг зөрчсөн гэж үзнэ.
Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Авлигын эсрэг болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ гүаргаж өгөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь дээрх хуулийг буруу тайлбарласанд тооцогдох боловч шийдвэрлэсэн нь зөв тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж чадахгүй.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн удирдлага болгосон хуулийн заалтад материаллаг хууль болох Захиргааны ерөнхий хуулийг баримталсан алдаа гаргасныг тэмдэглэж, Тогтоох хэсэгт хэрэглэх ёсгүй хууль хэрэглэснийг зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 111/ШШ2019/0006 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6”, “4.2.5” гэснийг хасч, 2 дахь заалтын “11.5” гэснийг “11.6” гэж, 3 дахь заалтын “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1” гэснийг хасч тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ О.НОМУУЛИН