Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2021/0106

 

 

 

  Ч.Д-ны нэхэмжлэлтэй,

Өвөрхангай аймгийн Засаг дарга, тус аймгийн

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын

газарт холбогдох  захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Танхимын тэргүүн, шүүгч:  Ч.Тунгалаг

Шүүгчид:                              Д.Мөнхтуяа

                                             П.Соёл-Эрдэнэ

                                             Ц.Цогт

Илтгэгч шүүгч:                     Х.Батсүрэн

Нарийн бичгийн даргаар:   Г.Гантогтох   

Нэхэмжлэлийн шаардлага: “Өвөрхангай аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/643 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамж болон захирамжийн хавсралт дахь Ч.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай”

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 121/ШШ2020/0021 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, гуравдагч этгээд Д.Д, түүний өмгөөлөгч Д.Э нарыг оролцуулж,

Гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 121/ШШ2020/0021 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 4 дүгээр зүйлийн 4.2.5 дугаарт зааснуудыг баримтлан нэхэмжлэгч Ч.Д-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Өвөрхангай аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/643 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжийн нэр бүхий иргэдээс хавсралтын иргэн Ч.Дэлгэрсайханаас Д.Д-д эзэмших газрыг шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаар магадлалаар: Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 121/ШШ2020/0021 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 4 дүгээр зүйлийн 4.2.5” гэсний дараа “Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.6, 61 дүгээр зүйлийн 61.1” дэх заалтыг нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээн, гуравдагч этгээд Д.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол:     

3. Гуравдагч этгээд Д.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь Өвөрхангай аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/643 дугаар захирамжаар газар эзэмших болсон ... тус газар дээр барилга барих боломжгүй тул ... миний өөр газраар солих тухай хүсэлт гаргасны дагуу ... аймгийн Засаг дарга хүлээж аваад ... 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/299 дугаар захирамж гаргаж надад дуудлага худалдаагаар худалдан авсан газраас урагш 1400 м.кв газар олгосон. Энэ захирамжийн дагуу гэрчилгээ гарахгүй байсаар 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ... 6216031771 нэгж талбарын дугаар бүхий 1400 мкв газрыг амины орон сууцны зориулалтаар өгч, гэрчилгээ олгосон.

4. Хариуцагчийн “... Ч.Д нь 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/643 дугаар захирамжаар 400 м.кв газар эзэмшиж улмаар тухайн газарт газар доогуур холбооны шилэн кабель байгаагаас зориулалтын дагуу барилга барих боломжгүй болсон тул тухайн газрын эзэмшлийг шилжүүлсэн” гэх тайлбарууд хэрэгт хууль ёсны дагуу цугларсан нотлох баримтуудаар тогтоогддог. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “анх 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/242 дугаар захирамж гарган нэгж талбарын 6216000388 дугаар бүхий 1400 мкв газрыг 150 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн 000438572 дугаартай гэрчилгээ олгож, тус газарт шилэн кабелийн шугам таарсан тул 30 орчим метрийн зайд аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/299 дүгээр захирамжаар Ч.Д-ны эзэмшилд, худалдаа үйлчилгээний зориулалттай 1400 м.кв газрын зориулалтыг амины орон сууцны зориулалттай болгон өөрчилж, 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн 13 дугаар баг, Төв-4, 432 тоот хаягт 6216031771 нэгж талбарын дугаар бүхий 1400 мкв газрыг “Амины орон сууцны” зориулалтаар 10 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр эрхийн улсын бүртгэлийн Э-1018000190 дугаарт бүртгэлтэй газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна гэж дүгнэсэн. Энэ нь тухайн захиргааны хэрэгт авагдсан нотлох баримтууд болоод бодит нөхцөл байдалтай тохирдог. Гэвч шүүхээс гуравдагч этгээд Д.Д-д шилжүүлсэн газар, нэхэмжлэгч Ч.Д-ны эзэмшиж байсан газрын байршил солбицлууд зөрүүтэй байгаа нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна” гэсэн нь агуулгын хувьд зөрүүтэй, шүүхийн шийдвэр ойлгомжгүй, утга агуулга хийгээд бодит байдлын хувьд алдаатай шийдвэр гарсан. Арвайхээр сумын 13 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтод зааснаар маргаан бүхий газар нь хуучнаар Арвайхээр сумын 5 дугаар баг, Шинэ төв гэсэн хаягтай байсан ба сүүлд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын дагуу тухайн газрын албан ёсны хаяг нь Арвайхээр сумын Онги 13 дугаар баг төвийн 4-р гудамж, 432 тоот гэсэн хаягтай болж нэгж талбарын 6216031771 дугаартай болсон байдаг.

5. Нэхэмжлэгч Ч.Д нь анх эзэмшсэн газраа өөрийн хүсэлтээр ашиглах  боломжгүй болсон тул шилжүүлэх хүсэлт гаргаж улмаар аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/299 дүгээр  захирамж гарснаар өмнөх газрын хувьд хүчингүй болсон.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өмнөх газарт дуудлага худалдаа явуулах боломжгүй, тухайн газар нь дээрх захирамжаар хүчингүй болсон тул миний дуудлага худалдаагаар авсан газарт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь хуулийн дагуу болсон. Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн гол үндэслэл нь тухайн маргаж буй газар нь хоёр өөр газар болох нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон гэж үзэж дүгнэлт хийсэн. Харин Ч.Д-ны өөрийн хүсэлтээр өмнөх газраа ашиглах боломжгүй болсон тул шилжүүлж, өөр газар болгох тухай хүсэлтийг Засаг даргаас хүлээн авч шийдвэрлэсэн гэдэгт дүгнэлт өгөөгүй. Энэ талаар нэхэмжлэгч маргаагүй байдаг.

6. Ч.Д нь 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 11ГШ2016/00153 дугаартай шүүгчийн захирамж биелүүлээгүй. Хаан банкны хүсэлтээр 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 145/ШЗ2016/01302 дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүхийн захирамж гарснаас хойш, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шүүгчийн захирамж гарсан байтал 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр газрын зориулалтыг өөрчлүүлж А/299 дүгээр захирамж гаргуулсан, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол” гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлснээс хойш буюу 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр газар эзэмших захирамж гаргуулж байршлыг шилжүүлсэн, 2019 оны 05 дугаар сард барилга барих зөвшөөрөл авсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

7. Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ч.Д, Ц.Ү нар нь тус тусдаа өөр шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байдаг. Ч.Д нь Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ болон Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах 09/22 тоот тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Ц.Ү-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон  үндэслэлээ “Ц.Ү-д эрх үүрэг танилцуулаагүй” гэдэг үндэслэл бөгөөд зөвхөн түүнд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхнээс нь явуулах талаар заасан үйл баримт юм. Ч.Д-ны дан ганц нэг иргэний эзэмших эрхтэй газрыг гэр бүлийн дундын өмч болгох Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гарган Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 1715210, 1715211 тоот тогтоолуудыг хамтад нь оруулж шийдвэрлүүлсэн нь илт хууль бус юм. Харин Ч.Д-ны газартай холбоотойгоор явуулсан албадан дуудлага худалдааг хүчингүй болгох талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэргийн шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 145/ШШ2020/00599 дүгээр шийдвэрийн 2 дахь заалтаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Ч.Д-ны газрыг хураасан, тухайн газрыг албадан дуудлага худалдаа явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль ёсны дагуу байсан гэдгийг тогтоосон гэсэн үг. Гэтэл Захиргааны шатны шүүхэд зөвхөн Ч.Д-ны нэхэмжлэлтэй гомдол гаргасан байхад Ц.Ү /иргэний хэрэг/-тэй холбоотой гарсан шийдвэрийг үндэслэн Ч.Д /захиргааны хэрэг/-д хамаатуулан дүгнэлт хийсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтад илтэд буруу үнэлэлт өгсөн, нотлох баримт хийгээд Захиргааны ерөнхий хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл юм. Аль ч шүүх нь Ч.Д-ны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй буюу хэргийн бодит байдлыг буруу үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ч.Д-ны эзэмших эрхтэй газартай нь холбоотой хийсэн ажиллагаанууд, ялангуяа газрын дуудлага худалдаа явуулсан ажиллагааг хүчингүй болгоогүй.

8. Газрын дуудлага худалдаа хийсэн ажиллагааг хүчингүй болгоогүй байгаа тул түүний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ирүүлсэн албан бичгийг үндэслэж гарсан аймгийн Засаг даргын захирамж хууль ёсны дагуу юм. Шүүхээс дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй болно. Шүүх нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 4.2.5-д заасныг баримталж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Энэ заалтууд нь стандарт заалт бөгөөд хууль бус актыг тодорхойлсон. Шүүх яагаад хууль бус гэж үзэж байгаагаа тайлбарлаж чадаагүй. Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн ямар зүйл заалт, Газрын тухай хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн учраас хууль бус Захиргааны акт гэж үзэж байгаагаа үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй. Эрх зүйн дүгнэлт өгөөгүй атлаа тухайн захирамжийг хууль бус гэж үзсэн нь буруу байна. Хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг дарга нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан хүсэлтийг үндэслэн захирамж гаргасан байхад шүүхээс энэ хуулийг хэрэглээгүй. Энэ хуулийн талаар тайлбар гаргаж, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.6-д заасан агуулга нь талуудын тэгш эрхийн хүрээнд, газар эзэмшигч хийгээд, газар эзэмших эрх хүлээн авагч талуудын хооронд хийгдсэн сайн дурын үндсэн дээр хийгддэг харилцааг зохицуулсан заалт юм. Харин маргаан бүхий актын хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заагдсан зохицуулалт үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, төрийн албадлагын арга хэмжээ хэрэглэгдэж байгаа тул Газрын тухай хуулийн дээрх зохицуулалт үйлчлэхгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс дээрх хуулийг хэрэглэж шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэл юм.

9. Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа, улсын тэмдэгтийн хураамжийн талаар хуульд заасан журам зөрчсөн. Маргаан бүхий газартай холбоотой Ч.Д-ны газрыг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хурааж улмаар хоёр удаа дуудлага худалдаа явуулахдаа тухай бүрт нь мэдэгдэж, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хоёр дахь дуудлага худалдаа болсон талаар нэхэмжлэгч мэдэж байсан. Гэтэл шүүхэд 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Захиргааны актыг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэсэн байтал нэхэмжлэгч мэдсэн хугацаанаасаа хойш 57 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг алдсан. Мөн улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй. Хэдийгээр улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргасан хэдий ч энэ хүсэлтийг шүүх үндэслэлгүйгээр хангаж тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д нэхэмжлэгч төлбөрийн чадваргүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар бусад нотлох баримтаар нотлогдвол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэсэн байх ба нэхэмжлэгчээс энэ талаар хангалттай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байдаг. Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа, улсын тэмдэгтийн хураамжийн талаар буруу дүгнэлт хийсэн нь шүүхээр тухайн нэхэмжлэлийг хянан хэлэлцэх, шүүхийн эцсийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзнэ. Анхан шатны шүүхээс тухайн захирамжийг мэдэгдсэн эсэх талаар баримт шалгаагүй, нэхэмжлэгч энэ талаар мэдсэн гэдэг нь түүний өөрийнх нь аман тайлбараар тогтоогдсон байхад энэ тухай аль ч шүүх баримттайгаар дүгнэлт хийгээгүй.

10. Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 121/ШШ2020/0021 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаартай магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Шүүхийн шийдвэр, магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

12. Өвөрхангай аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/643 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.6 дахь заалтыг үндэслэн “...нэр бүхий газар эзэмшигчийн ... гаргасан хүсэлтийн дагуу Арвайхээр сумын инженерийн шугам сүлжээ бүхий газарт байрлалтай буюу ... 13 дугаар баг, Төв-4 гудамж, 432 тоотод байрлалтай газрын эзэмшигч Ч.Д-ны амины орон сууцны зориулалттай 1400 м.кв газрыг зориулалтын дагуу эзэмших эрхийг Д.Доржсүрэнд шилжүүлж шийдвэрлэжээ.

13. Нэхэмжлэгч Ч.Д-аас дээрх А/643 дугаар газар эзэмших эрхийг шилжүүлсэн захирамж болон Ч.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... анх авсан болон шилжүүлэн авсан газрууд өөр, анх авсан газрыг банкны барьцаанд тавьсан байхад байршлаа өөрчлөн авсан газрыг шилжүүлсэн нь хууль бус, мөн шилжүүлэх хүсэлт гаргаагүй, хариуцагчаас мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэж, харин хариуцагчаас “.. нэхэмжлэгчийн газрын байршил, зориулалтыг өөрчилж олгосноос биш шинээр газар олгоогүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын албан бичгийг үндэслэн газрыг шилжүүлсэн” гэж тус тус маргасан, энэ тохиолдолд анхан шатны шүүхээс уг зөрүүтэй тайлбарыг тодруулан холбогдох баримтуудыг цуглуулж, эрх зүйн дүгнэлтүүд өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

14. Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж зааснаар тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтыг цуглуулж, эргэлзээгүй талаас үнэлэх нь шүүхийн үүрэг бөгөөд анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийн үйл баримт эргэлзээтэй байхад хэргийг шийдвэрлэсэн; давж заалдах шатны шүүхээс уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг залруулаагүй нь буруу байх тул хяналтын шатны шүүхээс хууль хэрэглээний асуудлаар эцэслэн дүгнэлт хийх боломжгүй.

15. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбаруудаас үзвэл, нэхэмжлэгч Ч.Д нь анх 2014 онд газрын дуудлага худалдаанд оролцож, 2014 оны а/242 дугаар захирамжаар Арвайхээр сумын шинэ төвд худалдаа үйлчилгээний зориулалтаар 1400 м.кв газрыг 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгож,  нэгж талбарын 6216000388 дугаартай, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000438572 дугаартай гэрчилгээ олгогдсон хэдий ч уг газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүйтэй холбоотой мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн эзэмшил газрын байршлыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас нэхэмжлэгч надтай тохиролцон шилжүүлсэн гэж тайлбарлах боловч газрын байршлыг ямар шийдвэрээр хэрхэн өөрчилсөн талаар тодорхойгүйгээс гадна нэхэмжлэгчид анх үйлдвэрийн зориулалтаар олгосон шугам сүлжээ давхцалтай гэх газрын эзэмших эрх шилжсэн, эсхүл байршлыг өөрчлөн олгосон газарт шинээр эзэмших эрх үүссэн зэрэг нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай.

16. Түүнчлэн нэхэмжлэгчийн нэр дээрх 1400 м.кв газар болон гуравдагч этгээдэд олгосон газруудын байршлыг давхцуулж, эрх бүхий байгууллагаас агаарын зургийг гаргуулж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх газрын мэдээллийн санд хэрхэн өөрчлөгдсөн зэрэг баримтуудыг цуглуулахаас гадна иргэн Д.Д нь маргаан бүхий газар дээр барилга барихаар нэхэмжлэгчтэй хэлцэл байгуулсан, барилга баригдаж буй газрыг шүүхийн шийдвэрийн дагуу дуудлага худалдаанд оруулахад журмын дагуу оролцож дуудлага худалдааны үнийг төлсөн зэрэг үйл баримтуудтай холбогдуулан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох гуравдагч этгээдийн эрх зүйн байдалд анхан шатны шүүхээс огт дүгнэлт хийгээгүй нь буруу, энэ талаар дүгнэлт хийсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ” гэж заасан, энэ тохиолдолд нэхэмжлэгчээс Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрыг хариуцагчаар тодорхойлсон боловч тус газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байхад анхан шатны шүүх энэ талаар тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

18. Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 121/ШШ2020/0021 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН, ШҮҮГЧ                                     Ч.ТУНГАЛАГ

                                ШҮҮГЧИД                                                                        Д.МӨНХТУЯА

                                                                                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                                        Ц.ЦОГТ

                                                                                                                        Х.БАТСҮРЭН