Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2015/0988/З |
Дугаар | 221/МА2019/0213 |
Огноо | 2019-04-11 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2019/0213
2019 оны 04 сарын 11 өдөр |
Дугаар 221/МА2019/0213 |
Улаанбаатар хот |
П.М, Б.Б нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийг
хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч П.М, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Г, Л.Д, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөлөөгч С.О, гуравдагч этгээд А.Ч, Г.Г, гуравдагч этгээд М.О итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 128/ШШ2018/0783 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд А.Ч, гуравдагч этгээд М.О итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, гуравдагч этгээд Н.Ц итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А нарын давж заалдах гомдлоор, П.М, Б.Б нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч П.М, Б.Б нар 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
“Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаар захирамжийн Н.Ц холбогдох хэсэг, 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 354 дүгээр захирамжийн А.Ч холбогдох хэсэг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 171 дүгээр захирамжийн А.Ч холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 62 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 62 дугаар захирамжид үндэслэн Н.Ц олгосон 2004 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн .......дугаартай газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгуулах, П.М, Б.Б нараас Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандаж гаргасан газар хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар хүссэн өргөдлийг шийдвэрлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 128/ШШ2018/0783 дугаар шийдвэрээр:
“Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 32 дугаар зүйл 32.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1.5.1, 20.3.3, 21 дүгээр зүйлийн 21.1-т заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2005 оны 186 дугаар захирамжийн Н.Ц холбогдох хэсэг, 2006 оны 354 дүгээр захирамжийн А.Ч холбогдох хэсэг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 171 дүгээр захирамжийн А.Ч холбогдох хэсэг, 2003 оны 62 дугаар захирамжийн Н.Ц холбогдох хэсэг, уг захирамжид үндэслэн Н.Ц олгосон 2004 оны ........дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ актыг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж;
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2005 оны 186 дугаар захирамжийн Н.Ц холбогдох хэсэг, 2006 оны 354 дүгээр захирамжийн А.Ч холбогдох хэсэг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 171 дүгээр захирамжийн А.Ч холбогдох хэсэг, 2003 оны 62 дугаар захирамжийн Н.Цогмаад холбогдох хэсэг, уг захирамжид үндэслэн Н.Ц олгосон 2004 оны ........ дугаартай газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болсонд тооцож” шийдвэрлэжээ.
Гурав. Гуравдагч этгээд А.Ч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдагдсан Бэлхийн ...... тоот газрыг гуравдагч А.Ч 1999 оноос Мод үржүүлгийн газрыг хашиж, хамгаалах зорилгоор Нийслэлийн Хот байгуулалтын хүрээлэн /хуучин нэрээр/ 38 ажилчдын хамт 780 м хашааг өөрсдын хөрөнгөөр шинээр “Ойн задгай” нэртэй гудамж үүсгэн, 1 айлд 20х40 м хашааны газрыг ашиглаж ирсэн. /1 дүгээр хавтас 70, 137 дугаар тал, гэрч Д.Х мэдүүлэг 1 дүгээр хавтас 81 дүгээр тал/
2004 онд Нийслэлийн хэмжээнд гэр хорооллын хашааны газрын кадастрыг Дэлхийн банкны хөрөнгөөр “Г” ХХК гүйцэтгэж, Нийслэлийн мэдээллийн санд актаар шилжүүлсэн байдаг. Хавтаст хэрэгт энэ гудамжны кадастрын зураг нь зөв хийгдсэн боловч, тамга тэмдэггүй, нэгж талбарын дугаар буруу, баталгаажаагүй кадастрын зураг өгсөн байна. Шүүхэд үнэн зөвөөр нь гаргаж өгөх үүргийг Газар зохион байгуулалт, зураг зүйн газар, Нийслэлийн Барилга, хот төлөвлөгөөний газар гаргаж өгөх ёстой. /Хашааны тойм зураг нь зөв, хаяг, гарын үсгийн хэсэг нь тохирохгүй байна/
Гуравдагч этгээд А.Ч нь газар эзэмших өргөдөлд хувь хүнээс бүрдүүлж өгөх бүх материалыг гүйцэд өгсөн ба 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 171 дүгээр захирамжаар тус хашааны газрыг эзэмшиж эхэлсэн байдаг. Тус Ойн задгай гудамж нь 2006 онд Бэлхийн ..... гудамж нэртэй болсон. /Гэрч Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Засаг дарга асан н.Х мэдүүлэг, Газар зохион байгуулагчаар ажиллаж байсан П.Б мэдүүлэг/
Газар эзэмшүүлэх гэрчилгээ нь ....... тоот дугаартай, 2006 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Бэлхийн ........ тоот хаягаар нэгж талбарын дугаар нь ........бүхий Сүхбаатар дүүргийн Газрын албаар баталгаажсан кадастртайгаар олгогдсон. А.Ч 2005 оны 5 дугаар сарын 22-ны өдөр энэ хашааны 700 м.кв газраа өмчилж авах тухай өргөдлийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад гаргаж, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” 354 дүгээр шийдвэрээр өмчилж авсан байдаг.
Сүхбаатар дүүргийн Газрын албанаас хашааны тоотыг журамлан 2006 оны сүүлээр өөрчилж, нэгж талбарын дугаар өөрчлөгдөөгүй Бэлхийн 37 тоот хаяг нь Бэлхийн ....... тоот хаягтай болж өөрчлөгдсөн. /Газрын албаны мэргэжилтэн П.Б цохолттой тус гудамжны кадастрын зураг, П.Б мэдүүлэг, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 1/1198 дугаар албан бичиг/
Гэтэл шүүх үүнийг буруу дүгнэж, одоогийн хаягаар Бэлхийн 32-1-37 тоотод Б.Лувсандаш гэдэг айл оршиж байгаа мэтээр алдаатай дүгнэсэн байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2007 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр А.Ч Бэлхийн ......... тоот хаягт байрлах 700 м.кв ...... нэгж талбарын дугаартай, ...... дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байдаг.
А.Ч 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр “Газар бэлэглэх гэрээ”-ээр өөрийн дүү М.О тус газраа нэр шилжүүлж, тэрээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2010 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Бэлхийн ........ тоот хаягт байрлах 700 м.кв ........... нэгж талбарын дугаартай, ........ дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээ авч, хууль ёсны өмчлөгч болсон. /Газар бэлэглэх гэрээ/
Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 1/1198, 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1/318, 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 1/586, 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1/1104 дүгээр албан бичгүүд болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим сангаас авсан М.О үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа;
П.М, түүний хүү Б.Б нар М.О хууль ёсоор өмчилсөн газар, хөрш Н.Ц газарт 2010 оны сүүлээр зөвшөөрөлгүй буусан тул /гэрч н.Б мэдүүлэг/ өмчилсөн газраа чөлөөлүүлэх нэхэмжлэлийг 2011 онд Сүхбаатар дүүргийн шүүхэд өгч, хурал 5 удаа хойшилсны эцэст хавтаст хэргээс “2 хуудас материал алга болсон” гэх зохиомол эрүүгийн хэрэг 2012 онд үүсгэн, прокурорын газраар 2015 он хүртэл шалгуулсан байдаг.
Энэ хугацаанд 3 мөрдөн байцаагчийн санал, 3 прокурорын тогтоолуудаар П.М нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон ба 700 м.кв ....... нэгж талбарын дугаар бүхий энэ хашааны газар нь А.Ч өмчилж авсан газар мөн гэдгийг тогтоосон байдаг. /2 дугаар хавтас 203-208 дугаар тал/
М.О ........ нэгж талбарын дугаартай өмчилсөн газраа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 1087 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 770 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 727 дугаар тогтоол, мөн 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 001/ШТ2016/00296 дугаар тогтоолуудаар тус тус хэлэлцэж, М.О .........нэгж талбарын дугаартай өмчилсөн газраас П.М, Б.Б нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, улмаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж гарсан байдаг. /2 дугаар хавтас 205-220 дугаар тал/
М.О .......... нэгж талбарын дугаартай өмчилсөн газраа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шүүх, прокурорын байгууллагаар шалгагдаж байх явцад Нийслэлийн Хот байгуулалтын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.М, 2009 он хүртэл тус Бэлхийн ........ тоотод амьдарч байсан Б.Т, Сүхбаатар дүүргийн Газрын албаны мэргэжилтэн Ц.Т, Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэргэжилтэн н.У, Нийслэлийн Газрын албаны мэргэжилтнүүд, шүүгчийн туслах, шүүгч, мөрдөн байцаагч нарыг гэрчээр байцааж мэдүүлэг авч байсан болно. Тус шүүхээс Сүхбаатар дүүргийн Газрын албаны архивт үзлэг хийхэд П.М Сүхбаатар дүүргийн Газрын албанд 2012 онд хандсан тус газрыг эзэмших өргөдөл, 2012 онд өгсөн хариу нь гарч ирсэн байдаг. Мөн шүүхийн албан бичгийн хариунд гуравдагч этгээд А.Ч 2014 онд “...П.М нь дураараа аашилж, бусдын өмчилсөн газар байшин барьж байгааг таслан зогсоож өгнө үү” гэсэн хүсэлт гарсан бөгөөд Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 919 дүгээр албан бичгээр “...бусдын эзэмшиж, өмчилж буй газарт газар олголт хийх нь Газрын тухай хуулиар хориглосон...” тухай хариу өгсөн байдаг. /2 дугаар хавтас 224 дүгээр тал/
Түүнчлэн П.М, Б.Б нар Бэлхийн ....... тоот хашаанд ......... гэсэн хаяг хадаж, энэ хаягаар мөн тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Сүхбаатар дүүргийн Газрын албаны 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 14/935, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 71688 дугаар албан бичигт “...Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 32-1 дүгээр гудамжинд 60, 60А тоот хашааны хаягууд байхгүй” гэсэн байдаг. /4 дүгээр хавтас 140 дүгээр тал/
Гэтэл ийм хаяг албан ёсоор байхгүй, нэхэмжлэгч П.М 2005 онд Өвөрхангай аймгийн Дэлгэрэх суманд бүртгэлтэй, 2010 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүрэг 13 дугаар хороонд Рашааны ......... тоотод бүртгэлтэй байснаа 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр “Бэлхийн ........ тоотод оршин суудаг” гэж иргэний үнэмлэх авсан байдаг. Нэхэмжлэгч Б.Б 2000 оны 1 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Рашааны ......... тоотод бүртгэлтэй байснаа 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр “Бэлхийн ........ тоотод оршин суудаг” гэж иргэний үнэмлэх авсан. Иймд Хорооны Засаг дарга н.Х, н.О, Б.Э нар хуурамч хаяг бүхий иргэдийг бүртгэн авч, улмаар шүүхэд хууль бус тодорхойлолт хийж өгч байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзнэ. Улмаар шүүхийн шийдвэрт тухайн хаяг дээр буюу Бэлхийн ........, ........ гэх хаяг бүхий газар 2009 оноос Л.Б, П.М, Б.Б нар өнөөг хүртэл амьдарч байгаа бөгөөд энэ хаяг бүхий газар нь 2009 онд хаягжилт хийхээс өмнө “Бэлхийн 33-ын Задгай” нэртэй байсан тогтоогдож байгаа мэтээр алдаатай дүгнэжээ.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсэгт “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан байдаг. П.М, Б.Б нар Бэлхийн .......... тоот хашааны газрыг эзэмших, ашиглах ямар ч эрх үүсээгүй.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 186 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 231 дүгээр тогтоолд “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3-д зааснаар нэхэмжлэгч П.М, Б.Б нарын нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 9134 дүгээр захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан атлаа ямар учраас дахин хүлээн авч, шийдвэрлэснийг тодруулан шалгах...” гэж заасан байдаг.
Гэтэл дээд шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд заасныг тодруулах талаар шүүх ажиллагаа хийгээгүй бөгөөд хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөөгүй орхигдуулсан. Тус өмчилсөн газрыг чөлөөлөх Улсын Дээд шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 727, 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 001/ШТ2016/00296 дугаар тогтоолууд гарсан байхад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд бусад шүүхээр хэлэлцэгдсэн, нотлогдсон, хөөн хэлэлцүүлэх хугацаа дууссан, хэн нэгэн этгээдийг хохироогүй 2005, 2006 оны эерэг актуудыг дахин хэлэлцүүлэхээр 2016 онд нэхэмжлэл гаргаж байгааг тус шүүх хүлээн авч хууль зөрчиж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Дөрөв. Гуравдагч этгээд М.О итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э мөн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...1.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэргийн нөхцөл байдалд хэт нэг талыг барьсан явцуу тайлбар хийж шийдвэр гаргасан гэж үзэж байна.
2.Нэхэмжлэгч нарын хүчингүй болгуулахыг хүсч буй захиргааны актууд нь 2003 он, 2005 он, 2006 оны захиргааны актууд байгаа бөгөөд уг захиргааны акт гарснаас хойш 10 гаруй жил өнгөрсөн байна. Иймд 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар гуравдагч этгээд, хариуцагч нар тайлбар хийхэд дээрх хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийгээгүй.
3.Шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ талуудын маргаж буй захиргааны акт нь илт хууль бус акт эсэх, ямар үндэслэлээр хүчингүй болгож байгаа талаар дүгнэлт хийгээгүй шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.
4.Мөн Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын захирамжууд нь нэхэмжлэгч нарын ямар эрх ашгийг зөрчсөн талаар дүгнэлт хийгээгүй мөртлөө, Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг баримталж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж, буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
5.Шүүхийн шийдвэрийн 24 дүгээр талд “....нэхэмжлэгч П.М, Б.Б нараас 2004-2006 оны хооронд маргаан бүхий газартай холбогдуулан, газар хүссэн өргөдлийг дүүргийн Газрын алба болон Засаг даргад хандаж гаргасан гэх үйлдэл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна...“ гэж дүгнэсэн мөртлөө 2005 оны Сүхбаатар дүүргийн Засаг даргын 171 дүгээр захирамжаар олгогдсон гуравдагч этгээд А.Ч, М.О нэртэй Сүхбаатар дүүргийн Газрын албаар баталгаажсан ....... нэгж талбарын дугаар бүхий кадастр, газар эзэмших гэрчилгээ, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” 354 дүгээр шийдвэрээр өмчлөх эрхийн гэрчилгээтэй байхад шүүхээс нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн нь тухайн газарт анх хүсэлт гаргаж байсан болохыг захиргааны байгууллагаас шалгаж тогтоож, дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актыг 6 сар хүтэл хугацаагаар түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн нь илт нэг талыг барьсан гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээр байна. Үүнээс үзэхэд тухайн газар дээр 2004-2006 онуудад анх эхэлж А.Ч өргөдөл гаргаж, эзэмшиж, өмчилж авсан болох нь ногтлогдож байхад хэргийг түдгэлзүүлэх шаардлагагүй байсан.
6.Мөн шүүх Газрын албаны баримт бичгүүдийн техникийн алдааг ашиглаж, хаягийн дугаар, он сар өдөр, хаягийн нэр зөрүүтэй гэх шалтгаанаар “нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн зарчмыг зөрчсөн.
7.Нэхэмжлэгч П.М тухайн маргаж байгаа газрыг хууль бусаар эзэмшиж байгаа болох нь иргэний шүүхийн 3 шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор батлагдсан ба Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Сүхбаатар дүүргийн Газрын албанаас өгсөн 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 14/935, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 7/608 дугаар албан бичгээр “Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн ......, .......... тоот хаягууд газрын нэгдсэн мэдээллийн санд байхгүй” гэсэн нотлох баримтыг шүүхээс үнэлээгүй мөртлөө нэхэмжлэгч П.М хувийн компаниар хийлгэсэн нэгж талбарын дугааргүй кадастрын зургийг үнэлсэн /шийдвэрийн 22 дугаар тал/ нь хуулийн шаардлага хангаагүй баримтыг үнэлсэн гэж үзэж байна.
8.Иймд дээрх үндэслэлүүдээр хэргийг хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Тав. Гуравдагч этгээд Н.Ц итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А мөн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...1.Нэхэмжлэгчийн хууль ёсны ямар эрх, ашиг сонирхлыг маргаан бүхий захиргааны актууд зөрчиж байгаа талаар дүгнэлт огт хийгээгүй;
2.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж, нэхэмжлэгчид ашигтай гэх өөр хоорондоо зөрүүтэй нотлох баримтуудыг түүвэрлэн авч дүгнэлт гаргасан байх боловч иргэний хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр тогтоогдсон үйл баримт, Улсын Дээд шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 231 дүгээр тогтоолд дурдагдсан өмнө нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан атлаа ямар учраас дахин хүлээн авсан эсэхийг тодруулах тухай асуудал, зарим гэрчийн мэдүүлгүүд зэргийг хэрхэн үгүйсгэж байгаа талаар дүгнэлтийг хийгээгүй;
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт дурдсан дүгнэлтээс үзэхэд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд дурдсан газрууд нь хариуцагчийн гаргасан захиргааны актад хамааралгүй мэт, эсхүл хамааралтай мэт, өөр хоорондоо ойлгомжгүй дүгнэлтийг хийсэн;
4.Хавтаст хэрэгт болон шүүхээс үзлэг хийхэд нэхэмжлэгч нар нь өөрсдийн хууль бусаар амьдарч байгаа газар дээрээ буюу гуравдагч этгээд нарын эзэмшил, өмчлөлийн газарт хүсэлт гаргасан гэдэг үйл баримт тогтоогдоогүй, түүнтэй холбоотой гомдлыг холбогдох захиргааны байгууллага албан тушаалтанд гаргаж байгаагүй нь тогтоогдсоор байтал Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1, Захиргааны ерөнхий хуулийн 94, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-т заасныг хэрэглэлгүй хэргийг шийдвэрлэсэн;
5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...гуравдагч этгээд Н.Ц газар хүсэж гаргасан өргөдөл, холбогдох баримт бичиг архивын баримт бичиг байхгүй, хадгалагдаагүй” гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.5, 34.6 дахь хэсэгт зааснаар иргэнтэй газар эзэмших гэрээ байгуулах, улсын бүртгэлд бүртгэх, тухайн газартай холбогдсон хувийн хэргийг хадгалах үүргийг төрийн байгууллага, албан тушаалтанд хүлээлгэсэн байх бөгөөд дээрх нөхцөл байдалд гуравдагч этгээд Н.Ц буруугүй бөгөөд тэрээр хохирох ёсгүй юм. Нөгөө талаас шүүх хэн нэг хууль бусаар газар эзэмшиж Монгол Улсын хуулийг зөрчсөөр байгаа этгээдийн нэхэмжлэлээр хүчин төгөлдөр эзэмших болон өмчлөх эрхийн гэрчилгээтэй иргэний эзэмших, өмчлөх эрхэд халдаж болдог шүүхийн буруу практик бий болгож байгаад харамсаж байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 128/ШШ2018/0783 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын Дээд шүүхийн тогтоолын хүрээнд анхан шатны шүүхээс хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг хангалттай цуглуулсан ч, шийдлийн хувьд маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт өгөөгүй, мөн Газрын тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан, гэтэл нэхэмжлэгч П.М, Б.Б нарын хувьд “…2004 онд одоогийн газраа заалган авч, 2005 оноос хойш газар эзэмших хүсэлтээ Сүхбаатар дүүргийн Засаг даргад удаа дараа гаргасан…” гэх боловч тус дүүргийн Газрын албаны 2017 оны 11/847, 16 дугаар хорооны Засаг даргын мөн оны 51 дүгээр албан бичгүүд болон дүүргийн Газрын албаны архив, бичиг хэрэгт хийсэн үзлэгээр энэхүү нөхцөл байдал тогтоогдоогүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа маргаан бүхий захиргааны актуудыг шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасан “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актын зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэсэн зохицуулалтад нийцээгүй байна.
Иймд “…нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн нь тухайн газарт анх хүсэлт гаргаж, эзэмшсэн болох…”-ыг хариуцагчаар бус харин хэрэгт авагдсан баримтад үндэслэн шүүхээс тогтоох боломжтой гэж дүгнэв.
Тухайлбал цаг хугацааны хамаарлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 62 дугаар захирамжийг үндэслэн гуравдагч этгээд Н.Ц 400 м.кв газрын эзэмших гэрчилгээг 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр олгож, нийслэлийн Засаг даргын 2005 оны 186 дугаар захирамжаар 700 м.кв газар өмчлүүлсэн байх бөгөөд эдгээр захирамжаар олгогдсон Н.Ц эзэмшиж байгаа газрын байршлын 2005.04.22, 2005.05.09, 2006.06.22, 2012.09.11-ний өдөр тус тус хийгдсэн /1-р хх-ийн 54-55, 172-173 дахь талд/ нэгж талбарын дугаар бүхий 898.30 м.кв, 700 м.кв газрууд нь хэмжээний хувьд зөрүүтэй ч, байршлын хувьд нэг төдийгүй эдгээр газар нь нэхэмжлэгч Б.Б эзэмшихийг хүссэн газартай;
-мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 171 дүгээр захирамжаар гуравдагч этгээд А.Ч 400 м.кв газар эзэмшүүлж, улмаар нийслэлийн Засаг даргын 2006 оны 354 дүгээр захирамжаар 700 м.кв газар өмчлүүлсэн байх бөгөөд эдгээр захирамжуудаар олгогдсон гуравдагч этгээд А.Ч эзэмшиж байгаа газрын байршлын 2004.12.07, 2006.06.19-ний өдөр тус тус хийгдсэн /1-р хх-ийн 57, 2-р хх-ийн 46 дахь талд/ нэгж талбарын дугаар бүхий 872.52 м.кв, 700 м.кв газрууд нь хэмжээний хувьд зөрүүтэй ч, байршлын хувьд мөн нэг төдийгүй эдгээр газар нь нэхэмжлэгч П.М эзэмшихийг хүссэн газартай тус тус давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн баримтууд, газрын кадастрын зургаар тогтоогдож байна.
Иймд хаягын зөрүүтэй байдлаас үл хамааран гуравдагч этгээд нарт эзэмшүүлж, өмчлүүлсэн газар нь нэхэмжлэгчийн эзэмшихийг хүссэн гэх газартай бүхэлдээ давхцаж байх тул хаягын өөрчлөлтүүд энэхүү маргаанд төдийлөн ач холбогдолгүй болно.
Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2006 оны архивын зурган мэдээллийг 2005-2007 оны агаарын зурагтай давхцуулсан байдлаас үзэхэд нэгж талбарын дугаар бүхий одоогийн маргаан бүхий газруудад ямар нэгэн барилга баригдаагүй, хоосон байх бөгөөд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 1365 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн мөн оны 895 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2012 оны 34 дүгээр тогтоолоор Бэлхийн 32-1-38 тоот 700 м.кв газрыг одоогийн нэхэмжлэгч П.М хууль бус эзэмшлээс чөлөөлж, газрыг нэхэмжлэгч Н.Ц хүрээлгэн өгөхийг үүрэг болгосон буюу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа 2014 оноос эхлэн тухайн газарт байшин барьсан болох нь 3-р хх-ийн 141-142 дахь талд авагдсан баримтаар тогтоогдож байна.
Иймд цаг хугацааны хувьд нэхэмжлэгчдээс түрүүлж газар эзэмших эрх үүссэн, нэгж талбарын дугаар бүхий газрууд нь газрын мэдээллийн нэгдсэн санд тус тус бүртгэгдсэн, газрын маргаантай асуудал үүссэн болохыг, мөн шүүхийн шийдвэрээр газраа чөлөөлөхийг үүрэг болгосон байхад суурьшил үүсгэн, байшин барьсан нөхцөл байдлуудаас үзэхэд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосноор нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1087 дугаар шийдвэр, нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн мөн оны 779 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн мөн оны 727 дугаар тогтоолоор Бэлхийн ........ тоот 700 м.кв талбай бүхий М.О өмчлөлийн газрыг хариуцагч П.М хууль бус эзэмшлээс чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байгааг тэмдэглэв.
М.О тухайд гуравдагч этгээд А.Ч эзэмшлийн газрыг шилжүүлж авсан, үндсэндээ Газрын тухай хуульд зааснаар маргаан бүхий газарт гуравдагч этгээд нарт газар эзэмших, өмчлөх эрх хуулийн дагуу үүссэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг үндэслэл болгон,
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 128/ШШ2018/0783 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.М, Б.Б нарын Нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаар захирамжийн Н.Ц, 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 354 дүгээр захирамжийн А.Ч, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 171 дүгээр захирамжийн А.Ч холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 62 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, энэхүү захирамжийг үндэслэн Н.Ц олгосон 2004 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн .......... дугаартай газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгуулах, П.М, Б.Б нараас Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандаж гаргасан газар хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар хүссэн өргөдлийг шийдвэрлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, гуравдагч этгээд А.Ч, гуравдагч этгээд М.О итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, гуравдагч этгээд Н.Ц итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А нарын давж заалдах гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн тус бүр 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН