Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 32

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 114/2017/0026/З

          Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Оюунчимэг би нэхэмжлэгч Г.Сүхбаатарын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/443 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч Г.Сүхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Дархан-Уул аймаг Дархан сум 10 дугаар баг 25 дугаар хороололд амины орон сууцны газар эзэмшихээр хүсэлтээ өгснөөр Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А\275 тоот захирамж гарч эзэмшлийн гэрчилгээ авсан. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А\443 дугаар захирамжаар уг газрыг хүчингүй болгосон байна. Уг хүчинггй болгосон захирамжийг Газрын харилцаа хот байгуулалтын газраас 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдсэн.

Миний бие Засаг даргын дээрх захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг, Ц.Чулуунцэцэг, Д.Элдэвсайхан  нараас 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Г.Сүхбаатарын нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох  Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/443 дугаар захирамжаар Г.Сүхбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн  шаардлагад  дурьдсан  эрх,  хууль  ёсны  ашиг  сонирхол  хөндөгдөж  байгаа   этгээдэд  Захиргааны  ерөнхий  хуулийн  дагуу  сонсгох,  мэдэгдэх, хувийн  хэрэг  хөтлөх үйл  ажиллагааг явуулаагүйгээр захиргааны шийдвэр гаргасан буруутай байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Дээрх алдаагаа засаж залруулан хуулийн дагуу дахин арга хэмжээг авч ажиллах тул хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг, Ц.Чулуунцэцэг, Д.Элдэвсайхан  нар нь  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

       Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрснийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2  дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

     1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Сүхбаатарын нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/443 дугаар захирамжийн Г.Сүхбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн 50 хувь болох 35100 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид  олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурьдсугай.

 

     

                  ШҮҮГЧ                                                 Ж.ОЮУНЧИМЭГ