Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2017/0440

 

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2017/0440

Улаанбаатар хот

 

 

 

Т.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 40 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Т.Б-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны дарга буюу аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 40 дүгээр шийдвэрээр: Орон сууц хувьчлан тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5, 7 дугаар зүйлийн 1, 11 дүгээр зүйлийн 2, 161 дүгээр зүйлийн 1, 2, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б-гаас Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчоо буюу аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны 1997 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 4 дүгээр тогтоолын хавсралтын Ганхуягийн Т-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 40 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Т.Б-ийн өмгөөлөгч Ө.Ө би давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гуравдагч этгээдээр Г.Т-г татан оролцуулж шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт түүнээс тайлбар авахуулах, мөн нэхэмжлэгч Т.Б нарыг шүүх хуралдаанд оролцуулах нь зүйтэй, хэрэгт ач холбогдолтой байж болох нотлох баримт гаргаж өгөх цуглуулах зэрэг санал хүсэлт тавьсан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй хэмээн үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч Т.Б өөрийн өмчлөх эрх зөрчигдсөнийг мэдээгүй байдлаас өмч хувьчлал явагдаж байх үед эрхээ зөрчигдсөн гэж гомдол гаргаагүй байсныг харгалзан үзээгүй. Түүний байранд түр амьдран сууж байсан Н.Г нь Т.Б-д мэдэгдэлгүйгээр өөрийн төрсөн хүү Г.Т-т шилжүүлснийг мэдээгүй, Г.Т ч энэ талаар нууж явсан төдийгүй саяхныг хүртэл ус дулааны мөнгө нэхэж авдаг байсан учраас тухайн байрыг өөрт байгаа гэж бодож явдаг байсан.

Гэтэл өмч хувьчлалыг тухайн үед маш замбараагүй явуулж бүхэл бүтэн Төрийн шагналтан Т.Б гэж хүнд олгогдсон байсан нь Орон сууц ашиглалтын карт зэрэг нотлох баримтаар тодорхой байхад насанд хүрээгүй байсан эрхийн чадамжгүй хүүхэд Г.Т-т хувьчилж өгсөн нь буруу байдаг.

1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Н.Г гэр бүлийн хамт ашиглаж байгаад Н.Г нас барсан тул түүний хүү Г.Т-т эзэмшүүлсэн гэдэг ч энэ талаар Н.Г нас барсан гэрчилгээ нотлох баримт байдаггүй.

Орон сууц хувьчлах асуудлыг шийдэж иргэдээс өргөдөл хүлээн авахдаа Төрийн шагналтан хэмээн Орон сууц ашиглалтын картанд тэмдэглэгдсэн сууц ашиглагч Т.Б-д мэдэгдээгүй бусдад шилжүүлсэн нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, Орон сууц хувьчлах тухай хуульд нийцээгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэгч Т.Б-ийн гомдлыг хүлээн авч Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны 1997 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 4 дүгээр тогтоолын хавсралтын Г.Т-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 40 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Дархан-Уул аймаг дахь Орон сууц хувьчлах товчооны 1997 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгох тухай 4 дүгээр тогтоолоор 163 иргэнд эзэмшиж байгаа орон сууцыг нь өмчлүүлж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн бөгөөд уг тогтоолын хавсралтаар Г.Т-т Дархан-Уул аймгийн Дархан сумын  дүгээр багийн дүгээр хорооллын  дүгээр байрны  тоот  өрөө орон сууцыг хувьчилж, 00000 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.

            Нэхэмжлэгч Т.Б нь ... 1972 оноос Дархан хотод өрмийн мастераар ажиллаж байх үед ажлын амжилтыг харгалзан үзэж, 1986 онд БНМАУ-ын Төрийн шагналыг олгон, 1987 онд уг орон сууцыг шагнал болгон өгсөн бөгөөд уг байранд 1991 он хүртэл амьдарч байгаад өөрийн туслах ажилтан байсан шавь Г-ийг түр амьдруулсан. Гэтэл надаас зөвшөөрөл авалгүй уг байрыг өөрийн хүү Г.Т-ын нэр дээр хувьчлан авсан. Насанд хүрээгүй хүүхдэд ямар хуулийн зохицуулалтаар орон сууц өмчлөх шийдвэр гаргасан нь ойлгомжгүй байна хэмээн маргаж, Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны 1997 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 4 дүгээр тогтоолын хавсралтын Ганхуягийн Т-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

            Уг орон сууцыг Дархан хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас Н.Г-т 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эзэмшүүлэхээр олгосон 00000 дугаартай орон сууц эзэмших эрхийн бичиг, Н.Ганхуяг нас барсны дараа хүү Г.Т-т эзэмшүүлэхээр олгосон 00000 дугаартай орон сууц эзэмших эрхийн бичиг, эзэмшилтийн зөрчилгүй, хөлс төлөлтийн тооцоогүй гэсэн орон орлогын нягтлан бодогч, салбарын инженер, орон сууц ашиглалтын байцаагчийн гарын үсэг бүхий тодорхойлолт, тус байранд Г.Т ганцаараа амьдардаг тухай Дархан сумын дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, сууцны талбай, үнэлгээг тогтоосон баримт зэрэг нь дээрх хувьчлах шийдвэрийн үндэслэл болжээ.

Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5-д сууц эзэмшигч гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц /нэг буюу нэгээс дээш өрөө/-ыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа иргэн, түүний гэр бүлийн гишүүдийг ойлгоно гэж заасан, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 1, 16/1 дүгээр зүйлийн 1-ийн 1, 17 дугаар зүйлийн 1-д зааснаар хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа эзэмшигч хувьчлан авах эрхтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Дархан-Уул аймгийн Дархан сумын  дүгээр багийн дүгээр хорооллын дүгээр байрны тоот  өрөө орон сууцыг нэхэмжлэгч Т.Б гэр бүлийн хамт 1987 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс эзэмшиж, амьдран сууж байсан боловч цаг хугацааны хувьд хойно буюу 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Н.Г нь гэр бүлийн хамт эзэмшсэн, улмаар Н.Г нас барсны дараа хүү Г.Т-т эзэмших эрхийн бичиг олгон, түүний өргөдөл, холбогдох баримтуудад үндэслэж, Орон сууц хувьчлах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тус орон сууцыг Г.Т-т өмчлүүлсэн хариуцагчийн шийдвэр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Т.Б-г маргаан бүхий байрыг эзэмшиж байсан талаар хэргийн оролцогчид маргаагүй, харин нэхэмжлэгчээс өөрийн эзэмшиж байсан байрыг Г.Т-т хувьчилсан нь хууль бус гэх боловч Г.Т нь Т.Б-ийн дараа Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5-д заасны дагуу орон сууцыг эзэмшиж байгаад хуульд заасан журмын дагуу хувьчилж авсан байх тул уг орон сууцыг өмнө нь Т.Б эзэмшиж байсан гэдэг үндэслэлээр түүнд хувьчлан өгч, өмчлүүлэх ёстой гэж дүгнэх боломжгүй юм.

Түүнчлэн Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1764 дүгээр шийдвэрээр Дархан сумын  дүгээр баг,  дүгээр хорооллын  дүгээр байрны  тоот  өрөө орон сууцны өмчлөгч Г.Т-ыг өмчлөх эрхийг сэргээсэн болохыг дурдах нь зүйтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Т.Б-г нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж шүүх хуралдаанд тайлбарлах боловч Дархан-Уул аймгийн Захирагчийн албаны 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн албан бичгээр Дархан сумын дүгээр баг, дүгээр хороолол, дүгээр байрны тоот өрөөг Орон сууц хувьчлах товчооны 1997 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор иргэн Г.Т-т хувьчилсан нь Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлд нийцсэн талаар дурдаад, зохих байгууллагад хандан гомдлоо шийдвэрлүүлэх боломжтой гэжээ.

Үүний дагуу Т.Б нь 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбар, шүүхийн үзлэгийн тэмдэглэлд үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймд, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 40 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                               Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                               Д.БААТАРХҮҮ