Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01203

 

 

  

 

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01203

 

 

 Б-Ө-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 104/ШШ2023/00180 дугаар шийдвэртэй, Б.Ө-ийн нэхэмжлэлтэй Н-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие Н-д 10 гаран жил ажилласан. Би 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шөнийн 02 цагт дуудагдах хуваарийн дагуу ирээгүй, гамшгийн бэлэн байдал алдагдуулсан гэх үндэслэлээр 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ажлаасаа халагдсан. Уг ажлаас чөлөөлөх тухай даргын тушаалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Миний зүгээс ямар нэг нь алдаа дутагдал, зөрчил гаргаж байгаагүй.

Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, 27 сар 5 хоног ажилгүй байсан хугацааны цалин 40,467,554 төгрөг гаргуулах эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Тус Э-ийн Халдварт Сүрьеэгийн тасагт ахлах сувилагчаар ажиллаж байсан Б.Ө нь үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, 2021 оны 01 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Н дүүргийн ** дугаар хорооны Элстэйн авто тээврийн шалган нэвтрүүлэх дамжин өнгөрсөн коронавируст халдвар батлагдсан тохиолдлын хавьтал болох жижүүрийн алба хаагчдыг яаралтай тусгаарлах зорилгоор эм тариа, хамгаалах хувцас, хэрэгслийн бэлэн байдлыг хангаагүй, өндөржүүлсэн бэлэн байдлын үед үзүүлэх яаралтай тусламж үйлчилгээний цаг алдагдуулсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 7 бүлгийн 38.1.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 7 дугаар бүлгийн 34.2.4, Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2018 оны А/274 дүгээр тушаалын хавсралтын 4 дүгээр бүлгийн 4.2.4 дэх заалт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын Дөрөвдүгээр бүлгийн 4.2.4, Долоодугаар бүлгийн 7.9-д заасныг тус тус үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөр тасалбар болгон байгууллагын санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай 238 дугаар тогтоол гарч, тогтоолын хэрэгжилтийг Нийслэлийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, Улсын онцгой комиссын 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Халдвар хамгааллын дэглэм, ажлын хариуцлагыг өндөржүүлэх тухай 01 тоот албан даалгавар гарч коронавируст халдварын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх түвшинд чангатгах, халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар чиглэл өгсөн онцгой нөхцөл байдал, халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн үед Халдварт, сүрьеэгийн тасгийн ахлах сувилагч Б-Ө үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, албаны бэлэн байдлыг алдагдуулж, дуудаад байхад ажилд ирээгүй асуудал гаргасан.

Эийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийг томилох тухай А/03 дугаар тушаалаар эмнэлзүйн багт нэр заагдсан ажилтнаас гадна Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт "Албан тушаалын тодорхойлолтын маягт"-д зааснаар ахлах сувилагчийн албан тушаалын тодорхойлолтын Албан тушаалын зорилтын 1-т "тасаг, нэгж, төвийн хэмжээнд сувилахуйн тусламж үйлчилгээний өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах", 1 дүгээр зорилтын 1.2-т "Шаардлагатай багаж тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлын хангалтыг зохион байгуулж, хяналт тавих", 4 дүгээр зорилтын 5-д "Сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн ээлжийн амралтыг зохицуулах, өвчтэй, чөлөөтэй үед зохицуулалт хийх", Албан тушаалд тавигдах тусгай шаардлагын 3-т Гамшгийн үед дайчлагдах, бэлэн байдлыг хангаж ажиллах", "Олон улсын хөл хориот өвчний голомт, гамшгийн үед дайчлагдан ажиллах" гэсэн тодорхой заалтын хүрээнд авч үзэхэд удирдлагаас өгсөн үүргийн дагуу Б.Ө нь хэдийгээр хотод байсан ч онцгой нөхцөл байдлын үед хотоос зайлшгүй ирэх ёстой байсан боловч үүргээ биелүүлээгүй.

Халдварт сүрьеэгийн тасгийн ахлах сувилагч Ө нь гарсан тушаалыг тасгийн ажилчдадаа танилцуулж, бэлэн байдлыг хангах ёстой байсан. Тухайн үед ажиллах ёстой байсан сувилагч хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тул ахлах сувилагч Б.Ө ажиллах ёстой байсан. Бид Б.Ө-д өөр тасагт сувилагчаар ажиллах боломжийг олгосон. Тухайн үед Б.Ө би ядарч байна, 2-3 сарын хугацаанд амаръя гээд тойрохоо зуруулж явсан. Манай байгууллагын зүгээс Хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан тодорхой журмын дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Гэхдээ Б.Ө- тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болохоос биш түүнийг ажлаас халсан зүйл байхгүй, хуульд заасны дагуу тушаал гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

Тухайн үед Налайх дүүрэгт ковид-19-ийн 2-3 тохиолдол бүртгэгдсэн, халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн үед халдварт сүрьеэгийн тасгийн ахлах сувилагчийг тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлын хангалтыг зохион байгуулж, хяналт тавих албан тушаалд тавигдах тусгай шаардлагын 3-т гамшгийн үед дайчлагдах, бэлэн байдлыг хангаж ажиллах тодорхой үүрэг чиглэл өгсөн. Харин Б.Ө үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандаж, албаны бэлэн байдал алдагдуулсан тул ажлаас халсан гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б овогт Б.Ө-г Н-ийн Халдварт сүрьеэгийн тасгийн ахлах сувилагчийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н-өөс ажилгүй байсан хугацааны цалин хөлс 39,573,565 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б-Ө д олгож, 893,989 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан Б-Ө-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг Нд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Нөөс тэмдэгтийн хураамжид 355,817 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараахь 2 үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1. Шийдвэрт хариуцагч талыг буруутган, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Нийн 2021 оны 01 сарын 01-ний өдрийн 01 тоот албан даалгаврын төлөвлөгөөний хуулбарыг тухайн маргаанд ач холбогдолтой нотлох баримтаар үнэлсэн /1хх-216-218/ атлаа хариуцагч нэмэлт өөрчлөлт бүхий албан даалгаврын төлөвлөгөө /1хх-31-32/ нэхэмжлэгчид сонсгох мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн байгууллагын дотоод журмын 4.5.4, хөдөлмөрийн гэрээний 7.5.5-д тус тус заасан Гамшгийн болон цар таал хорио цээрийн дэглэмийн үеийн бэлэн байдал алдагдуулсан гэх ноцтой зөрчил гаргасан гэх хариуцагчийн буруутгал үндэслэлгүй болно. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт авагдсан Халдварт сүрьеэгийн тасгийн ахлах сувилагчийн албан тушаалын тодорхойлолтыг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр эрх бүхий албан тушаалтан баталсан байх тул уг тодорхойлолтоор Б.Ө-ийн ажил үүргийн тодорхойлох боломжгүй. Хариуцагчийн татгалзлаа нотлох зорилгоор гаргаж өгсөн бүхий л баримтыг өөрийнх нь эсрэг нотолгоонд ашиглаж, дүгнэлт хийсэн. Хариуцагч нь Б-Ө-ийн хувийн хэрэг материал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт нь хаана, хэнд байгааг тогтоолгох зорилгоор гэрч ХНАлбаны дарга н.Т, ХНАжилтан н.Г нарын мэдүүлгээр Б.Ө 2017 онд хүний нөөцийн албанаас өөрийн ногоон хавтастай хувийн хэрэг баримтуудаа авч яваад, буцааж өгөөгүй нь тогтоогдсон. Дараа нь байгууллага ажилтнуудын гэрээ болон АБТодорхойлолтыг шинэчлэх зорилгоор дахин баримтжуулах үед Б.Ө нь гэрээ тодорхойлолтоо Хүний нөөцийн ажилтнаас цаасаар авсан атлаа баталгаажуулж, гарын үсэг зурж буцаан өгөх үүргээ биелүүлээгүй нь мөн тогтоогдсон. Шүүхийн ажиллагаанд саад учруулахгүй байх болон магадлалд тусгагдсан ажиллагааг зайлшгүй хийлгэх зорилгоор хариуцагч талаас Халдвар сүрьеэгийн тасгийн ахлах сувилагч болон эрүүл мэндийн салбарт хэрэглэгдэж буй бусад тасгийн ахлах сувилагч нарын ажлын байрны тодорхойлолтыг жишиг болгон нотолгоогоор өгснийг нотлох баримтаар үнэлээгүйд гомдолтой байна. Учир нь эдгээр баримтуудаар Б-Ө нь хөл хорионы үеийн бэлэн байдлыг мэдсээр байж санаатайгаар алдагдуулсан нь тогтоогдоно.

4.2. Гэрч П.Д, Б.Т, Г.У, Г.Б нарын мэдүүлгээс Б-Ө нь Нийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 тоот албан даалгаврын төлөвлөгөөний нэмэлт өөрчлөлтийг мэдсэн, мэдэх боломжтой байсан, тэр шөнийн ковидын тохиолдол бүртгэгдсэн яаралтай дуудлагын утсаа авч ярьснаар яаралтай бэлэн байх үүрэг авсан хэдий ч санаатайгаар зайлсхийж, утсаа салгаж, эмнэлгийн хувцас хэрэгсэл эд зүйлийн түлхүүрийг өөртөө хадгалж, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саанд учруулсан ноцтой зөрчил гаргасан зэрэг үйл баримтууд хангалттай нотлогдсон боловч шүүх хэт нэг талыг барьсан нотлох баримтыг үнэн зөв үнэлээгүй, үнэлэх ёстой баримтыг нотолгоогоор үнэлээгүй зэрэг нөхцөл байдлын улмаас ажилтны гаргасан илтэд ноцтой зөрчлийн шинжтэй үйлдлийг зөвтгөсөн шийдвэр гарсан гэж үзэж гомдолтой байна. Б.Ө нь Н-ийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 тоот албан даалгаврын төлөвлөгөөний нэмэлт өөрчлөлтийг мэдсэн нь Хүүхдийн тасгийг нүүлгэх ажлыг хийж гүйцтгэснээр тогтоогддог. Мөн төлөвлөгөөний дагуу эмнэл зүйн багийн эмнэлгийн хэрэгсэл, хувцас эд зүйлийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж, хадгалах, шаардлагатай үед байнга бэлэн байлгаж хангах үүрэгтэй байсныг Налайх дүүргийн Цагдаагийн газраас явуулсан Прокурорын хяналтад хийгдсэн гэрчийн асуулгуудаар нотлогддог.

Иймд Б.Ө нь хорио цээрийн онцгой шаардлагатай үед байнга бэлэн байх эмнэлгийн хэрэгсэл хувцас эд зүйл шаардлагтай бусад зүйлээр хангах үүргээ зөрчиж бэлэн байх төлөвлөгөөг мэдсэн бөгөөд мэдэх боломжтой нөхцөлд ажиллаж байсан санаатайгаар зайлсхийж, үл биелүүлсэн ноцтой зөрчил гаргасныг Хорио цээрийн дэглэм алдагдуулсан үйл баримтыг дээрх нотолгоонуудыг хянан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Нэхэмжлэгч Б.Ө-г 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-ны өдрийн шилжих шөнө бэлэн байдлын зэргийг алдагдуулсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Гэвч тухайн нөхцөл байдал тогтоогддоггүй. Б.Ө удаа дараа бэлэн байдлын зэргийг алдагдуулсан зөрчил гаргаагүй. Тухайн өдөр Б.Ө ажиллах хуваарьгүй байсан. Тухайн байгууллагын ажилчдыг ковид-19 халдварт өвчний тохиолдол гарсан үед ажиллах ажилчдын хуваарийг баталсан. Тухайлбал: нэг хуваарьт ажиллах эмч, сувилагч нар ээлжийн ажлаа дуусгаад 14 хоног тусгаарлагдах журамтай. Тусгаарлагдсан эмнэлгийн ажилтан ковид-19 халдварт өвчин гарсан тохиолдол бүрд очиж ажиллах боломжгүй тул хариуцагч талын гомдол үндэслэлгүй. Мөн тухайн үйл баримт сахилгын ноцтой зөрчилд тооцохгүй. Ажлаас чөлөөлсөн тушаал хуулийн дагуу гараагүй, тушаалд тодорхой тусгаагүй байна.

Мөн Н-ийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 тоот албан даалгаврын төлөвлөгөөг нэхэмжлэгчид танилцуулаагүй. 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн албан даалгаврын төлөвлгөөний 2.6 дахь хэсэгт эрхлэгч, ахлагч нар гэсэн нээлттэй цахим группд үзлэг хийхэд нэмэлт өөрчлөлтийн талаар тусгагдаагүй нь тэмдэглэлд дурдсан. Иймд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй. Б.Ө 2017 онд ажил орсноос хойш ажлын байрны тодорхойлолттой танилцаагүй, хариуцагч байгууллага 2018 онд ажлын байрны тодорхойлолтыг шинэчилсэн гэх боловч энэ талаар хэрэгт баримт байхгүй. 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 тоот албан даалгавраас өмнө хүүхдийн тасгийг 2020 онд нүүлгэн шилжүүлсэн тул хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй. Гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгч Б.Ө-г дуудаж ирүүлэх талаар үүрэг өгөөгүй нь тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэг зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.

2. Нэхэмжлэгч Б.Ө-гээс хариуцагч Н-д холбогдуулан ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...дуудагдах хуваарийн дагуу ирээгүй, гамшгийн бэлэн байдал алдагдуулсан гэх үндэслэлээр ажлаасаа халагдсан... ямар нэг алдаа дутагдал, зөрчил гаргаагүй гэж тодорхойлсон бол хариуцагч татгалзлын үндэслэлээ Халдварт сүрьеэгийн тасагт ахлах сувилагчаар ажиллаж байсан Б.Ө нь үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, эм тариа, хамгаалах хувцас хэрэгслийн бэлэн байдлыг хангаагүй, өндөржүүлсэн бэлэн байдлын үед үзүүлэх яаралтай тусламж үйлчилгээний цаг алдагдуулсан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тухайн үед ажиллах ёстой байсан сувилагч хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тул ахлах сувилагч Б.Ө ажиллах ёстой байсан гэж тайлбарлан мэтгэлцсэн байна.

 3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон.

3.1. Нийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/190 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Б.Ө-г Халдварт сүрьеэгийн тасгийн ахлах сувилагчийн ажилд томилж, 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

3.2. Нийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, Гамшгийн тухай хуулийн 7 дугаар бүлгийн 34.2.4, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/274 дугаар тушаалын хавсралтын 4.2.4, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.2.4, 7.9-т заасныг тус тус үндэслэл болгож 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөр тасалбар болгон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

 4. Анхан шатны шүүх хариуцагч нь тушаалынхаа хууль зүйн үндэслэлийг болон яаралтай тусламж үйлчилгээний цаг алдагдуулсан, уг үйлдлийг удаа дараа гаргасан буюу өмнө нь зөрчил гаргаж байсан гэдгийг баримтаар нотлоогүй, Хөдөлмөрийн тухай хуулийн нарийвчилсан зохицуулалтыг баримтлалгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг буруу дүгнэн, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 4.1. Хариуцагч нь нэхэмжлэгчийг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, 2021 оны 01 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө 5 дугаар хорооны Элстэйн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор дамжин өнгөрсөн коронавируст халдварын батлагдсан тохиолдлын хавьтал болох жижүүрийн албан хаагчдыг яаралтай тусгаарлах зорилгоор эм тариа, хамгаалах хувцас хэрэгслийн бэлэн байдлыг хангаж яаралтай нүүлгэн шилжүүлэх шаардлагатай үед түргэн тусламжийн дугаараар удаа дараа залгасан боловч утсаа аваагүй, нэг удаа утсаа авахдаа би мэдэхгүй гэж хариу хэлээд утсаа тасалж өндөржүүлсэн бэлэн байдлын үед үзүүлэх яаралтай тусламж үйлчилгээний цаг алдагдуулсан ба энэхүү үйлдлийг урьд өмнө удаа дараа гаргаж байсан гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан ба цуцлах үндэслэлийг нь 40 дүгээр зүйлд нэрлэн заажээ.

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 7.5.5, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.5.4-т гамшгийн болон цар тахал, хорио цээрийн дэглэмийн үеийн бэлэн байдлыг алдагдуулсан бол хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцохоор заажээ.

Маргаан бүхий тушаалын агуулгаас үзвэл нэхэмжлэгч дээрх ноцтой зөрчлийг гаргасан гэх үндэслэлээр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр хариуцагч хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх тул тушаалд ямар ноцтой зөрчил гаргасан, Хөдөлмөрийн тухай хуулийн аль зүйл, заалтаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь тодорхойгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн нарийвчилсан аль зохицуулалтаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгааг гаргаж буй тушаал, шийдвэрт заагаагүй гэсэн нь үндэслэлтэй хэдий ч энэ нь тухайн тушаалын хууль зүйн үндэслэлийг үгүйсгэх, улмаар ажилтны гаргасан сахилгын зөрчлийг зөвтгөх үндэслэл болохгүй юм.

 4.2. Хариуцагч байгууллагын даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийг томилох тухай А/03 тоот тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан эмнэл зүйн багийн ажиллах хуваариар нэхэмжлэгч нь бямба гаригт ажиллах хуваарьтай тул 2021 оны 01 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө /Пүрэв-Баасан гариг/ ажиллах хуваарьт өдөр биш байсан гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан тасгийн ахлах сувилагч, сувилахуйн арга зүйчийн ажил үүргийн хуваарийн 14-т олон улсын хөл хориот өвчин гарсан үед болон халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг тухай бүр хангаж ажиллахыг үүрэг болгосон байх тул нэхэмжлэгчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна. /1хх-30/

 4.3. НЭМТ-ын даргын 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн короновируст халдварын хяналт, сэргийлэлт, бэлэн байдал, хариу арга хэмжээг эрчимжүүлэх тухай 01 тоот албан даалгаврын төлөвлөгөө хэрэгт хоёр өөр байдлаар авагдсан, халдварын сэжигтэй болон батлагдсан тохиолдолд ковидын эмнэлгийн эмнэл зүйн багийг шаардлагатай зүйлсээр тухай бүрт ханган ажиллахыг халдвартын тасгийн эрхлэгч Б.Х, ахлах сувилагч Б.Ө нарт үүрэг болгосон 2.6 дахь заалт төлөвлөгөөнд байгаагүй талаар нэхэмжлэгч тайлбарласан байна. Гэвч ажил үүргийн хуваариар энэ чиг үүргийг хэрэгжүүлэхийг нэхэмжлэгчид үүрэг болгосон байх тул дээрх төлөвлөгөөнд тусгасан эсэх нь талуудын маргаанд ач холбогдолгүй байна.

5. Дээрх үндэслэлээр хариуцагч Нийн халдварт сүрьеэгийн тасгийн ахлах сувилагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингийн олговорт 40,467,554 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Б.Ө-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 104/ШШ2023/00180 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Н-д холбогдох тус төвийн халдварт сүрьеэгийн тасгийн ахлах сувилагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингийн олговорт 40,467,554 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Б.Ө-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 355,817 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 Д.БЯМБАСҮРЭН