Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 12

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,

Улсын яллагч Н.Идэр,

Хохирогч Б.Б,

Насанд хүрээгүй гэрч Ө.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,

Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар О овогт Б.О-д холбогдох эрүүгийн 1718000780145 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, О овогт Б.О /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр нь шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 22 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах Эрүүл мэндийн төвийн гадна иргэн Б.Б-ы гар утас, цүнхийг хүч хэрэглэж авахаар довтолсны улмаас иргэн Б.Б-ы гар утасны дэлгэц хагарч 280.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Хохирогч Б.Б-ы өгсөн: ...Манай охин миний гар утсыг гаргаад аав руугаа залгах гэж байхад гэнэт хажуугаас нэг хүн миний утсыг шүүрч авах гэсэн боловч чадалгүй газарт унагаасан. Гар утас газарт унахдаа дэлгэц нь хагарсан байсан. Шүүгдэгч нь миний охины гарыг цохиод гар утас авах гэхэд нь би шүүгдэгчтэй ноцолдож эхэлсэн. Намайг энэ хүнтэй зууралдаж байхад манай охин ээжээ аавыг яаж дуудах вэ, гар утас эвдэрсэн байна шүү дээ гэж хэлсэн. Шүүгдэгч манай охиныг ирээд зууралдахад нь гэдэс рүү нь өшиглөөд унагаасан юм. Гар утас эвдэрсэн болохыг шүүгдэгч сонсонгуутаа намайг цүнхээ өг, үгүй болно ална шүү гэсэн. Би цүнхээ өгөхгүй гээд бид хоёр миний цүнхийг булаацалдсан, миний цүнхний оосор нь бөх учир тасраагүй харин оосрын төмөр дэгээ нь тасарсан. Энэ хүн миний цүнхийг аваад зугтаахдаа бүдэрч унахад би цүнхээ авсан. Харин манай охин туслаарай, авраарай гээд орилсон. Тухайн үед сургуулийн үүдэнд байсан хэсэг хүүхдүүд гүйгээд ирэх хөлийн чимээгээр энэ хүн зугтаагаад явсан. Шүүгдэгч 16 дугаар сургуулийн хашааны хойгуур, ягаан байрны зүг гүйж байгаад, Цагаан сүлдийн байрны үүдний хавьд хүүхдүүдэд баригдсан. Би төд удалгүй гүйгээд очсон. Цагдаа дуудъя гар утас байна уу гэхэд, нэг хүүхэд утсаа гаргаж ирээд цагдаа дуудах гэж байхад 60 дугаар байрны урд орцны дэргэд цагдаагийн эргүүлийн машин байна гэхэд нь цагдаа дуудаад ир гэхэд хоёр хүүхэд гүйгээд цагдаа дуудаж ирээд, шүүгдэгч баригдсан. Би Улаанбаатар хотоос 2 Дарханд ирж шүүх хуралдаанд оролцож байна. Энэ хооронд явсан замын зардал болох 100.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж авмаар байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч Ө.Э-ийн өгсөн: 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 22:00-23:00 цагийн орчим ээж бид хоёр дэлгүүрээ хаагаад, Хаан банканд орлогоо хийхээр явж байсан. Би аав руу залгах гээд ээжийн гар утсыг гаргаж ирэхэд гэнэт нэг хүн миний гарыг цохиод, гар утас газарт унасан. Ээжийн гар утас унахад би сандраад авраарай гэсэн. Ээж намайг аавыгаа дууд гэхэд нь би утас асахгүй байна гэж хэлэхэд энэ хүн ээжийн цүнх рүү нь “цүнхээ өг” гэж хэлээд дайраад, булаацалдсан. Тэгээд энэ хүн ээжийн цүнхийг булаацалдаад байхад нь би “авраарай, туслаарай” гэж орилоход энэ хүн зугтаасан. Тэгэхэд сургуулийн хүүхдүүд энэ хүнийг араас нь хөөж барьсан. Тухайн үед эргүүл хийж байсан цагдааг дуудаж энэ хүнийг хүлээлгэж өгсөн гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Гэрч Б.Ч-ын өгсөн: ...”Цагаан сүлд” дээд сургуулийн хашааны үүдэнд “хөөе цагдаа” гэж нэг хүүхэд дуудахаар нь очсон. Тэр хүүхэд “энэ залуу манай ээжийн цүнхийг шүүрч зугтааж байхад нь 16 дугаар дунд сургуулийн үүдэнд байсан хүүхдүүд бариад авсан” гэж хэлсэн. Сургуулийн хүүхдүүд өндөр, туранхай залууг газарт суулгачихсан тойроод зогсож байсан ба цүнхээ шүүрүүлсэн гэх эмэгтэй “энэ хүнээс цүнхээ авах гэж ноцолдож байгаад гараа эвгүй болгочихлоо” гээд гараа дээш нь сойгоод барьчихсан байсан. Тухайн залуугаас согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

Гэрч Х.Э-ын өгсөн: ...”Цагаан сүлд” дээд сургуулийн хашааны үүдэнд “цагдаа” гээд нэг хүн дуудахаар нь очсон. Сургуулийн хүүхдүүд нэг залууг газарт суулгачихсан байсан ба нэг охин “ээжийн гар утсыг шүүрэх гэж байгаад гар утасны дэлгэцийг хагалчихлаа” гээд гар утас бариад зогсож байсан. Тухайн үед тэр залууг зугтаахад нь сургуулийн хүүхдүүд тааралдаад барьж авсан гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

“Капитал зууч” ХХК-ийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн “иргэн Б.Б-ы эзэмшлийн Самсунг нөүт 3 загварын хуучин гар утас 280.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.О нь шүүхийн хэлэлцүүлэгт “Би хохирогч, гэрч нартай Эрүүл мэндийн 2 дугаар төвийн урд шатаар уруудаж байгаад тааралдсан. Би доошоо уруудаж, хохирогч өгсөөд явж байсан. Би шатан дээр хальт гишгээд, тэнцвэр алдахдаа хохирогчтой мөргөлдөж, шүргэлцсэн, гэтэл хохирогч намайг архичин гээд загнаад, хэрүүл маргаан гарсан. Би хохирогч болон түүний охинд халдаагүй, хохирогчтой зууралдаж, ноцолдсон зүйл байхгүй. Би хохирогчийг гар утастай байсныг, гар утас хаанаас газарт унасныг мэдээгүй. Хохирогчид 280.000 төгрөгийг төлдөг учир нь хохирогчтой мөргөлдөхдөө гар утсыг нь унагааж гэмтээсэн учраас төлсөн” гэж мэдүүлж түүний өмгөөлөгч нь шүүгдэгчийн зүгээс дээрмийн гэмт хэрэг үйлдээгүй, хохирогч, насанд хүрээгүй гэрч нартай болгоомжгүй байдлаар мөргөлдөн гар утсыг унагаасан, шүүгдэгчийн үйлдэл нь дээрмийн гэмт хэргийн шинжийг агуулахгүй байх тул шүүгдэгчийг гэм буруугүйд тооцож өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Гэвч шүүгдэгч Б.О-гийн дээрх мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн “...Шүүгдэгч нь миний охины гарыг цохиод гар утас авах гэхэд нь би шүүгдэгчтэй ноцолдож эхэлсэн. Намайг энэ хүнтэй зууралдаж байхад манай охин ээжээ аавыг яаж дуудах вэ, гар утас эвдэрсэн байна шүү дээ гэж хэлсэн. Шүүгдэгч манай охиныг ирээд зууралдахад нь гэдэс рүү нь өшиглөөд унагаасан юм. Гар утас эвдэрсэн болохыг шүүгдэгч сонсонгуутаа намайг цүнхээ өг, үгүй болно ална шүү гэсэн. Би цүнхээ өгөхгүй гээд бид хоёр миний цүнхийг булаацалдсан, миний цүнхний оосор нь бөх учир тасраагүй харин оосрын төмөр дэгээ нь тасарсан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Ө.Эийн өгсөн “...Би аав руу залгах гээд ээжийн гар утсыг гаргаж ирэхэд гэнэт нэг хүн миний гарыг цохиод, гар утас газарт унасан. Ээжийн гар утас унахад би сандраад авраарай гэсэн. Ээж намайг аавыгаа дууд гэхэд нь би утас асахгүй байна гэж хэлэхэд энэ хүн ээжийн цүнх рүү нь “цүнхээ өг” гэж хэлээд дайраад, булаацалдсан...” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Ч-ын өгсөн “...Сургуулийн хүүхдүүд өндөр, туранхай залууг газарт суулгачихсан тойроод зогсож байсан ба цүнхээ шүүрүүлсэн гэх эмэгтэй “энэ хүнээс цүнхээ авах гэж ноцолдож байгаад гараа эвгүй болгочихлоо” гээд гараа дээш нь сойгоод барьчихсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Х.Э-ын өгсөн “...Сургуулийн хүүхдүүд нэг залууг газарт суулгачихсан байсан ба нэг охин “ээжийн гар утсыг шүүрэх гэж байгаад гар утасны дэлгэцийг хагалчихлаа” гээд гар утас бариад зогсож байсан. Тухайн үед тэр залууг зугтаахад нь сургуулийн хүүхдүүд тааралдаад барьж авсан гэж байсан...” гэх мэдүүлгүүдээр тус тус үгүйсгэгдэж байна.

Иймд шүүгдэгч Б.О-гийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 22 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах Эрүүл мэндийн төвийн гадна иргэн Б.Б-ы гар утас, цүнхийг хүч хэрэглэж авахаар довтолсны улмаас иргэн Б.Б-ы гар утасны дэлгэц хагарч 280.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б-д 280.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.Б-ы ......... тоот дансанд 280.000 төгрөг шилжүүлсэн тухай ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 129/-аар нотлогдож байна.

Хохирогч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт ...Би Улаанбаатар хотоос 2 удаа Дарханд ирж шүүх хуралдаан оролцсон. Энэ хооронд явсан замын зардлыг гаргуулж авмаар байна хэмээн шүүгдэгчээс 100.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч энэ талаар холбогдох болон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул хохирогчийн 100.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Б.О нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлж, тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 49 дугаартай шүүгчийн захирамжаар Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газар шүүгдэгчийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүгдэгч Б.О-г шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж, заасан байна.

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газраас шүүгдэгч Б.О-г эрэн сурвалжлах ажиллагаанд 437.600 төгрөгийн зардал гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Б.О-гаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 437.600 төгрөгийг гаргуулж Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Б.О нь урьд 5 удаа ял шийтгүүлсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбаруудаар нотлогдож байгаа ба энэ байдал нь ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгэхгүй боловч шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт юм.

Шүүгдэгч Б.О нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.О-д 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч хохирол төлбөр төлсөн учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ялыг тогтоож өгнө үү гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан байна.

Иймд шүүгдэгч Б.О-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Огийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 35 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураасан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-г 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.О-д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-гийн цагдан хоригдсон 35 /гучин тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 437.600 /дөрвөн зуун гучин долоон мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт олгосугай.

7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ИХТАМИР