Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 19

 

Б.О-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2017/0367/Э/219/2019/0010

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд

Прокурор                                       Н.Идэр          

Шүүгдэгч                                        Б.О-

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Л.Оюунсувд

Нарийн бичгийн дарга                  Ц.Туяацэцэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны 12 дугаар шийтгэх тогтоолтой Б-гийн О-д холбогдох 1718000780145 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.О-  болон  түүний өмгөөлөгч  Л.Оюунсувдын  давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд:

 -2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, 146 дугаар зүйлийн 146.1-д зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,

-2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2.т зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар,

2007 онд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 8 жил 9 сар хорих ялаар,

-2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1.д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 960.000 төгрөгөөр торгох ялаар,

-2015 онд  Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 2 жил  хорих ялаар тус тус шийтгүүлж, 2016 оны 12 дугаар сарын 27-нд ялын хугацаа дуусаж суллагдсан, ********** регистрийн дугаартай, О- овогт Б-гийн О-.

Шүүгдэгч Б.О- нь 2017 оны 07 дугаар сарын 26-ны 22 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг давсгэр Эрүүл мэндийн төвийн гадна иргэн Б.Б-ы гар утас, цүнхийг хүч хэрэглэж авахаар довтолсны улмаас иргэн Б.Б-ы гар утасны дэлгэц хагарч 280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч О- овогт Б-гийн О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.д  заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.д  зааснаар шүүгдэгч Б.О-г 4 /дөрөв/ жил хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.д  зааснаар Б.О-д оногдуулсан 4 жил  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 .д зааснаар шүүгдэгч Б.О-гийн цагдан хоригдсон 35 /гучин тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.д  зааснаар хохирогчийн 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1.д  зааснаар шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 437.600 /дөрвөн зуун гучин долоон мянга зургаан зуу/ төгрөгийг гаргаж Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт олгож,

-Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.О-, түүний өмгөөлөгч Л.Оюунсувд давж заалдах гомдолдоо:

...Би 2017 оны 07-р сарын 26 ны өдөр 2-р төвийн /эмнэлэг/ хажуугаар гүйж явахдаа санамсаргүй байдлаар хоёр эмэгтэй явж байсны нэгийг нь шүргэж гар утсыг нь унагаасан. Гэтэл тэр хоёр эмэгтэй уурлаж намайг тал талаас цохисон. Би газар унасан тэр утсанд нь огт гар хүрээгүй өөрсдөө унасан утсаа газраас авсан. Гэтэл энэ хоёр хүн бодит байдлаас өөр мэдүүлэг өгч намайг гүтгэсэн.

Маргааш нь мөрдөн байцаагчийн өрөөнд байцаалт өгч байхад цагдаагийн хошууч Өлзийхүү орж ирээд ... “Яагаад гэр бүлээр оролдоод байна, гар утас төлж өгөөрэй, өгөхгүй бол 5-6 жил шоронд суулгаж чадна шүү... гэж хэлж дарамталсан.

Үүнийг Марал-Эрдэнэ байцаагч сайн сонссон. Би цагдаагийн албан хаагчийн гэр бүл гэж тэдгээр хохирогч гэх хүмүүсийг мэдээгүй, танихгүй, санамсаргүй л хажуугаар нь гүйж явахдаа мөрөөрөө шүргэчихсэн.

Гэрч хохирогч хоёр болсон явдлыг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ өөр өөр зөрүүтэй мэдүүлэг өгдөг, гар утсыг нэг болохоор охин нь барьж явсан гээд л нэг болохоор ээж нь барьж явсан болоод, сүүлдээ бүр мөн миний охины гар руу цохиод гар утас авах гэхэд нь би шүүгдэгчтэй ноцолдсон.., охины гэдэс рүү нь өшиглөөд унагаасан намайг цүнх булаагаад зугатаж байхдаа бүдэрч унасан тэгэхэд цүнхээ би авсан гэх мэтээр худлаа ярьж зөрүүтэй мэдүүлгүүд өгч байсан. Шүүх хурал дээр ч өмнө нь хэлж яриагүй байсан зүйлүүдээ нэмж ярьж намайг гүтгэж байсан.

Тухайн үед би үнэхээр охиныг нь өшиглөж унагаасан, ална гэж хэлж зодож цохисон байсан бол цагдаагийн гэр бүл юм чинь маргааш нь тэд эмнэлэгт үзүүлж надаас эмнэлгийн зардлаа нэхэмжлэх л байсан.

Яагаад гэвэл ээж нь хэл амтай, цагдаагийн эхнэр учраас ямар мэдүүлэг өгөхөө ч сайн мэддэг хүн байсныг би сүүлд мэдсэн. Би хүний утас унагааж эвдсэн хохирлыг арилгаж 280.000 төгрөгийг нь төлсөн. Хүний эд зүйл унагааж эвдсэн гэвэл би үүнийгээ хүлээн зөвшөөрнө. Түүнээс дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх ямар ч санаа зорилго байгаагүй юм шүү.

Миний бие өмнө нь хэд хэдэн удаа хэрэгт холбогдож байсан нь үнэн боловч  тухайн үйлдсэн хэргүүд дээрээ ял шийтгэлээ эдлээд хариуцлагаа хүлээж байсан. Гэтэл  миний энэ хувийн байдал  урьд ял шийтгүүлж байсныг үндэслээд  дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн.

Би алдсан алдаагаа давтахгүй гэж хичээж, өндөр настай ээжийгээ дахин зовоохгүй гэж өөртөө тангараг тавьж явсан хүн. Гэтэл хийгээгүй хэргийн төлөө 4 жил хорих ялаар шийтгүүлсэндээ   үнэхээр гомдолтой байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд  тайлбартаа:

Шүүгдэгч хувийн байдал муутай нь үнэн., гэхдээ хэрэгт түүнийг хүч хэрэглэж дээрмийн хэрэг үйлдсэн гэж үзэх хангалттай нотлох баримт байхгүй., хэргийн нөхцөл байдлыг үнэн зөвөөр тогтоож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.О-  тайлбартаа:

Цагдаагийн гэр бүл  учраас нөхөр нь намайг маш их дарамталсан., прокурор ч дарамталж загнасан., би тэднийг зодож өшиглөсөн, цүнхий нь эвдсэн бол нөхөр нь цагдаа юм чинь эмнэлэг, эмчилгээний зардал, үнэлгээ тогтоолгоно гээд явах байсан., ямар ч тийм зүйл болоогүй.,  тэдний мэдүүлэг бүр өөр байхад шүүх  мэдүүлэг нь үнэн эсвэл худлааг тогтоогоогүй ., үнэн зөвийг олж өгнө үү., би хэрэг хийгээүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Идэр дүгнэлтдээ:

Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.                        

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Б.О-г 2017 оны 07 дугаар сарын 26-ны 22 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг давсгэр, Эрүүл мэндийн төвийн хажуугийн  шатаар  явж байхдаа  иргэн Б.Б-ы гар утас, цүнхийг хүч хэрэглэж авахаар довтолсны улмаас иргэн Б.Б-ы гар утасны дэлгэц хагарч 280.000 төгрөгийн хохирол учруулсан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 4 жил хорих ял оногдуулсан байна.

Хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тухайн үед болсон үйл баримт болон шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл  болгосон нотлох баримтыг шинжлэн судалж үзвэл:

          Шүүгдэгч  Б.О-  мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгийн үед өгсөн бүх мэдүүлэгтээ:

        - 2017 оны 07 сарын 26 ны орой Эрүүл мэндийн төвийн  хажуугаар уруу байрлалтай шатаар гүйж явахад урдаас  хоёр эмэгтэй  өгсөж явж байсны нэгийг нь шүргэж гар утсыг нь унагаасан. Би аваагүй цаашаа өнгөрөөд гүйтэл тэр хоёр эмэгтэй араас ирж уурлаж намайг тал талаас цохисон.., Би газар унасан тэр утсанд нь огт гар хүрээгүй өөрсдөө унасан утсаа газраас авсан.., Гэтэл энэ хоёр хүн бодит байдлаас өөр мэдүүлэг өгч намайг гүтгээд цагдаад ажилладаг нөхрөөрөө дарамтлуулж өдөржин гавласан., миний буруутай үйлдлээс утас нь газарт унаж эвдэрсэн тул утасны үнийг нь төлсөн.,  энэ хоёр хүн цагдаад нэг өөр мэдүүлэг, шүүх дээр нэг өөр мэдүүлэг өгдөг., сүүлдээ тэднийг зодсон.,  цүнхийг нь дээрэмдсэн., гэж хэллээ.., огт тийм зүйл болоогүй., би их гомдолтой байна., гэж

         -Анх  2017.07.27-нд  Б.Б- цагдаагийн байгууллагад   энэ гэмт хэргийн талаар /амаар/ ...үл таних хүн дээрэмдэхийг завдлаа...” гэсэн дуудлага өгснийг  цагдаагийн ахмад  Т.Гантөмөр тэмдэглэл үйлдэж нотлох баримтаар хэрэгт хавсаргажээ. /х.хийн 7-р хуудас/

         -Б.Б- мөрдөн шалгах ажиллагааны үед  буюу 2017.7.31-нд өгсөн гэрчээр    ...охин бид хоёр явж байтал  тэр залуу  манай охины утсыг булаах гээд газар унагасан., дараа нь над руу дайраад цүнх булаацалдаад  цүнхний оосор тасарсан.,  дараа нь буцаад  охин луу дайраад утсыг нь авах гээд байхаар нь туслаарай гээд хашгирсан чинь хүүхдүүд түүний хойноос хөөгөөд бариад авсан гэж.,  /х.хийн 12-р хуудас /

-2017.08.16-нд хохирогчоор:   ...Намайг  утсаар ярих гээд гаргаж ирээд байтал тэр миний утсыг булаасан.,  тэгээд манай охиныг цохих гэж байгаад утсыг газарт унагаасан., дараа нь миний цүнхийг авах гээд ноцолдоод цүнхний оосор тасраад зугтах гэхэд би барьж аваад барьцалдаж авсан., энэ үед сургуулийн тэнд байсан хүүхдүүд ирж түүнийг барьсан... гэж ., /х.хийн 10-р хуудас /

-2017.07.31-нд насанд хүрээгүй  этгээд Ө.Э-  гэрчээр :  ...тэр залуу гарч ирээд  миний барьж явсан  утсыг  авах гээд гар луу цохиод байсан .., тэгээд утсаа унагаасан.,  ээж бид хоёрыг ална шүү  пиздануудаа гээд дайраад ээжийн гар луу цохиод миний гуя хөл рүү өшиглөөд, ээжийн цүнхийг булааж аваад зугатаачихсан., тэгээд ээж араас гүйгээд хашгирсан чинь тэнд байсан хүмүүс барьж аваад ээж цүнхээ авсан., гэж /х.хийн 13-р хуудас /

       Гэрч  Б.Ч-, Х.Э- нар :

       ...тэр үед нэг хүүхэд ирээд  энэ залуу манай ээжийн цүнхийг шүүрээд зугатаахад   нь бариад авсан гэж хэлсэн., нөгөө эмэгтэй цүнхээ авах гэж байгаад гараа эвгүй болгочлоо гээд гараа сойгоод барьчихсан байсан ....гэж /х.хийн 15.,16-р хуудас/  тус тус мэдүүлэг өгчээ.

         Прокурор эдгээр нотлох баримтыг үндэслэж шүүгдэгч Б.О-г  бусдын эд зүйлийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж   дээрэмдсэн гэж   яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүх түүнийг яллах дүгнэлтийн дагуу Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 4 жил хорих ял оногдуулсан байна.

           Гэтэл  хохирогч Б.Б-   “дээрэмдэхийг завдсан”  гэж дуудлага өгсөн., нэг мэдүүлэгтэээ  “миний барьж явсан утсыг дээрэмдсэн”  гэж  нөгөө мэдүүлэгтээ  “охины барьж явсан утсыг дээрэмдсэн” гэж 3 өөр мэдүүлэг өгсөн., насанд хүрээгүй хохирогч Ө.Э-   ....миний барьж явсан утсыг авах гээд гар луу цохиод ., пиздануудыг ална гэсэн., миний хөл гуя руу цохисон ..., гэсэн мэдүүлэг  тус тус өгсөн бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед  Б.Б-  мэдүүлэг өгөхдөө   “...охины гараас утсыг шүүрэх гээд  чадалгүй  утас газарт унасан..,  охин түүнтэй зууралдхад охины гэдэс рүү өшиглөөд   унагаасан ..., / шүүх хуралдааны тэмдэглэлээс / гэсэн мэдүүлэг өгчээ.

        Үүнээс үзвэл  анхан шатны шүүх  хохирогч Б.Б-, насанд хүрээгүй гэрч  Ө.Э- нар  ийм харилцан зөрүүтэй өөр, өөр  мэдүүлэг өгсөн байхад  аль  нь зөв, аль  нь худлаа мэдүүлэг болох  талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй., эдгээрийн аль нь хэрэгт авагдсан бусад  ямар нотлох баримтаар нотлогдож байгаа эсхүл үгүйсгэгдэж байгааг тодорхойлоогүй бөгөөд  эдгээр мэдүүлгийг   зөвхөн  ...шүүгдэгч  Б.О-гийн өгсөн  би утсыг булаах үйлдэл хийгээгүй, тэдэнтэй  ноцолдоогүй, тэднийг өшиглөж зодоогүй харин хажуугаар нь өнгөрөхдөө шүүргээд утсыг нь унасгасан.... гэснийг үгүйсгэж байна гэсэн дүгнэлт хийсэн  нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй бөгөөд  мөн гэрч  Х.Э-,  Б.Ч- нарын мэдүүлэг ч тухайн үйл баримт болж өнгөрсний дараах үйл баримтыг тодорхойлж гэрчилжээ.  

            Түүнчлэн хэрэгт тухайн үед  тэд ноцолдсон.,  энэ үед хохирогчийн гар  хөдлөж болохгүй эвгүй болсон талаар,  мөн  насанд хүрээгүй гэрч Ө.Э-ийн гэдэс рүү өшиглөж  газарт унагасан  бол зохих байгууллагад үзүүлээгүй, энэ талаар хэрэг  мөрдөн шалгах ажиллагааны  үед мэдүүлээгүй,  цүнхийг булааж оосор нь  тасарсан гэдэг нь тогтоогдоогүй,   түүнийг эд  мөрийн баримтаар  хурааж хэрэгт  аваагүй учраас шүүгдэгчийг хүч хэрэглэсэн  гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа байгаа бөгөөд энэ талаар шүүгдэгчийг  буруутгах  ямарч нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

           Харин хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд тухайн үед болсон үйл баримт гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээс үзвэл шүүгдэгч Б.О- 2017 оны 07 дугаар сарын 26-ны 22 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Эрүүл мэндийн төвийн хажуугийн  шатаар  уруудаж явж байхдаа  урдаас нь охины хамт ирж явсан  Б.Б-ы гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, илээр дээрэмдсэн үйл баримт тогтоогдож   /авахдаа утсыг унагасан/ байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.2 дугаар зүйлийн 1.д зааснаар зүйлчилж, энэ зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

      Цагдаагийн байгууллагаас шүүгдэгчийг эрэн сурвалжлах  ажиллагааны зардал гэж 437.600 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт томилолтын зардал 157.600 төгрөг, цагдаагийн 4 ажилтан тус бүрд 2 хоногийн томилолтын зардал 32.000 төгрөг нийт 128.000 төгрөг  олгосон  байх тул  шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу энэ нотлох баримтыг үндэслэж  шүүгдэгчээс  ажиллагааны зардал нийт 285.600 төгрөг  гаргаж Цагдаагийн байгуулагад олгох боломжтой байна.    / х.хийн 131.,133-137.,р хуудас/

     / 16.000₮ х 2хоног = 32.000 х4=128.000 +157.600=285.600/

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

          -Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б-гийн О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1.д болгон өөрчилсүгэй... гэсэн заалт  нэмсүгэй.       

         2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1.,2.,3., 6. дугаар заалтыг:

         Шүүгдэгч О- овогт Б-гийн О-г  бусдын эд хөрөнгийг илээр  хүч хэрэглэхгүйгээр хүч хэрэглэхээр заналхийлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж.,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1.д  зааснаар шүүгдэгч Б.О-г 1  жил хорих ялаар шийтгэсүгэй гэж.,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т  зааснаар Б.О-д оногдуулсан 1 жил  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй гэж.,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1.д  зааснаар шүүгдэгч Б.О-гаас  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 285.600 төгрөг гаргаж Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт олгож, 152.000  төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

      3. Шүүгдэгч Б.О-  болон түүний өмгөөлөгчийн гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.    

       4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Ц.ТУЯА

                                                              ШҮҮГЧИД                                      Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                     Б.МАНЛАЙБААТАР