| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2017/0359/Э |
| Дугаар | 27 |
| Огноо | 2019-01-10 |
| Зүйл хэсэг | 11.2.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 27
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, шүүгч Я.Туул, шүүгч Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Иргэдийн төлөөлөгч Ө.Шоовдор,
Улсын яллагч Б.Сүрмандах,
Хохирогч Д.Н,
Шүүгдэгч Д.М.т-ын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Ц.Э.бын өмгөөлөгч П.Буманзаяа,
Шүүгдэгч А.Б-Э-ийн өмгөөлөгч О.Сарантуул,
Гэрч О.И, П.А, Д.П, Ж.М, Ц.Б.с,
Шүүгдэгч Д.М.т, Ц.Э.б, А.Б-Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Д.М.т, Б овогт Ц.Э.б, Б овогт А.Б-Э нарт холбогдох эрүүгийн 201509000506 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Б овогт Д.М.т /РД: ТЕ93052911/, 1993 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, туслах машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 1 дүгээр баг, Пионерын 5 дугаар гудамж 20а тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
2. Монгол улсын иргэн, Б овогт Ц.Э.б /РД: ТА93012333/, 1993 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын зургийн техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Дархан-Уул аймаг Дархан сум 1 дүгээр баг Чулуутын 1 дүгээр гудамж 25 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
3. Монгол улсын иргэн, Б овогт А.Б-Э /РД:ЙО90092239/, 1990 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, 19 дүгээр баг Их залуу 13-б5 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр нь А.Б-Э, Д.М.т, Ц.Э.б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч А.Б-Э: Тухайн өдөр О.И манай найз охин гарчихлаа гээд араас нь гараад явсан, гэтэл удалгүй Эийг хэдэн залуус өдөөд, хоргоогоод явуулахгүй байна гэхэд нь О.И бид хоёр гараад харахад хэдэн залуус цаашаа явж байсан. Би тэд нарыг зогсож бай гэж хэлээд, газарт байсан тал тоосгыг аваад очсон. Гэтэл хажуугаас нэг согтуу хүн орж ирснийг хавирч унагаагаад би Т.Б.төтэй ноцолдож байхад тэр согтуу залууг О.И бариад авсан. Би Ж.Мыг цохиж унагаагаад, Т.Б.төийг цохих гэтэл Т.Б.тө зугтаагаад явсан. Э намайг гартаа тоосго барьсан байсныг хараад “наад тоосгоо хая” гэхэд нь би гартаа барьсан байсан тоосгоо хаяад газраас нэг барзгар цагаан чулуу аваад, Ж.Мыг газар унасан байхад нь хөл рүү цохисон. Т.Б.төийг Д.М.т хөөгөөд явсан бөгөөд тэр хоёр зодолдсон. Намайг эргээд харахад Д.Н нь тонгойсон байдалтай, цаашаа хараад зогсож байхад нь би араас нь жийж унагаагаад нүүр лүү нь цохисон, нүүрэн дээр нь дэвссэн. Миний энэ үйлдлээс хохирогчийн толгойн ар хэсэгт гэмтэл учрах боломжгүй, харин нүдний ухархай нь сэтэрсэн гэмтэл үүссэн байх боломжтой. Д.М.т нь Д.Нийн нүүр лүү нь цохисон. Энэ үед цагдаа дуудсан байсан учир бид зугтаасан. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэж,
Шүүгдэгч Ц.Э.б: 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдөр манайд бүгдээрээ баяр тэмдэглээд архи, пиво уусан. Манай 2 найз бас байсан бөгөөд өглөө Т.Бо, Б.Бо, Д.Э.ч нар ажилтай гээд гарсан. Б.Э тэр гурвын араас гарсан бөгөөд А.Б-Э, О.И нар хамт гарсан. Сүүлд Д.М.т бид хоёр гарсан, би гадаа явж байгаад бидэнтэй хамт манайд хоносон хоёр найзыгаа унтуулчхаад ирье гээд эргээд гэртээ ороод нөгөө хоёроо хартал тэр хоёр унтаж байсан тул би эргээд гарсан гэтэл манай арын гудамжинд хүмүүс орилолдож байснаас би Д.М.т-ын дууг таниад очиход хүмүүс хоорондоо зодолдож байсан. Б.Бо, Т.Бо, О.И нар надтай хамт, бусад нь зайтай маргалдаад байсан. А.Б-Э, Ж.М нар зодолдож байсан, гэрч Т.Б.тө гээд бүдүүн ахыг салгах гээд голоор нь ороход намайг заамдаж аваад, намайг тавихгүй болохоор нь би айсан, сандарсандаа 3 удаа цохиод авсан. Миний цамцыг ураад “чамайг ална шүү тосгоны пацаануудаа” гээд орилоод байсан. Тэр ах миний цамцыг урахдаа миний гинжийг гартаа авсан байсан бөгөөд өгөөч гэхэд өгөхгүй байсан учир би зодолдсон. Би цохиход миний гинжийг шийдсэн. Би гинжээ хайгаад олохгүй байсан учир Т.Бо намайг явъя аа гэхэд нь би гинжээ олоод явъя аа гээд хайж байхад Б.Б эгч “та нар хүн алчихлаа” гээд орилоод байсан, тухайн үед А.Б-Э нэг хүнийг өшиглөөд байхаар нь би очиж холдуулаад би хохирогчийн цээжин хэсэгт нь өшиглөсөн. О.И, Т.Бо нар тухайн үед тэнд байсан. Дараа нь хохирогчийн хамар, ам нь цус болсон байсныг харсан Б гэдэг эгч “та нар хүн алчихлаа” гээд байсан, тэгээд бид нар зугтсан. Анх очихдоо би хохирогчийг хараагүй, А.Б-Э нь хохирогчийн толгой руу өшиглөөд байхад нь би А.Б-Э-ийг холдуулаад цээж рүү нь нэг удаа өшиглөөд, цагдаа дуудсан гэхээр нь бид зугтаасан, харин Д.М.т тэр эгчийн хамт үлдсэн гэж,
Шүүгдэгч Д.М.т: 2015 оны 7 дугаар сарын 12-ны өдөр наадмын 2 дахь өдөр байсан юм. Тухайн өдөр бид нар наадмын баяр тэмдэглэж, Ц.Э.бын гэрт архи ууж хоносон. Маргааш өглөө нь Б.Бо, Т.Бо, Д.Э.ч нар түрүүлээд ажилтай гээд гарсан, араас нь Б.Э гарч яваад орж ирэхдээ О.Ид намайг хэдэн залуус хоргоогоод, явуулахгүй байна гэхэд нь А.Б-Э, О.И нар гүйгээд гараад явсан, Ц.Э.б бид хоёр сүүлд нь гарсан бөгөөд бид хоёрыг гарахад зодоон эхэлсэн байсан. Намайг очиход хохирогч Д.Н, Т.Б.тө нар О.И, А.Б-Э нартай барьцалдсан байсан. Тухайн үед Б, Э нар үсдэлцсэн байдалтай байсан. Би гүйж очоод О.Иыг салгаж байхад Т.Б.тө намайг хавирч унагаасан би босож ирээд Т.Б.төийг хөөгөөд нэлээн цаана очиж барьж аваад зодолдож байхад хохирогч Д.Н нь газарт унасан байсан. Би хамгийн сүүлд эд нарыг зугтаагаад явсны дараа Б.Бтэй хамт үлдэж, түргэн дуудахгүй бол энэ хүн болохгүй болчихсон байна гэж хэлэхэд Б.Б би Дарханы хүн биш учир түргэний дугаарыг мэдэхгүй гэхэд нь би түргэний дугаар луу залгаж, Б.Бт утсаа өгч түргэн дуудуулсан. Цагдаа дуудсан гэхэд бүх хүмүүс зугтаагаад явсан бөгөөд хохирогчийн хажууд Б.Б, Т.Б.тө бид 3 үлдсэн байсан. П.А, Д.П нар нь зодоон болж байхад байгаагүй мөртлөө одоо гэрчээр орж байгааг гайхаж байна. Эдгээр хүмүүс нь хашааны булангаас хараад зогсож байсан гэж хэлдэг, зодоон болсон үйл явдлын дарааллыг зөв ярьдаггүй өөр өөр мэдүүлэг өгч, анх өгч байсан мэдүүлгээсээ зөрүүтэй байдлаар мэдүүлэг өгдөг бөгөөд өөрсдийн нүдээр хараагүй зүйлээ харсан болгож ярьж байна гэж ойлгож байгаа. Миний хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэж,
Хохирогч Д.Н: Б.Б хотоос ирсэн гээд бид бөөндөө буюу Ж.М, Б.Б, П.А, Д.П, Т.Б.тө нарын хамт явж байхад Б.Б нь намайг хэн нэгнээс өмөөрч байсныг санаж байгаа, би согтуу байсан учир өөр зүйл санахгүй байна. Миний хувьд намайг эмнэлэгт байхад асарч, хоол унд, эм тариа дөхүүлж өгдөг байсан Ц.Э.б, А.Б-Э нарт баярладаг. Ц.Э.баас хохирол төлбөрт 1.600.000 төгрөг, А.Б-Ээс 1.300.000 төгрөг авсан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Харин Д.М.тд гомдолтой байна. Д.М.т болон түүний ээж нь “чамайг гэмтээсэн гээд би яах ч үгүй, чи бол ядуу айлын хүүхэд, чам шиг хүнийг зодсон байхад яадаг юм, бид өршөөлөөр суллагдаад гараад ирнэ” гэж хэлж байсан. Одоо Д.М.таас 1.000.000 төгрөг болон замын зардал гаргуулж авмаар байна гэж,
Гэрч П.А: Д.М.т цагаан эрээн футболктой байсан. Тэр өөрийнхөө футболконд тоосго боож барьсан байсан бөгөөд тус тоосгоороо Д.Нийг цохиход Д.Н дахин босож ирээгүй. Д.М.т нь зодоон хийж байхдаа нүцгэн байсан. Д.М.т газраас тоосго авч цамцандаа ороогоод Д.Нийн араас толгой руу нь цохисон. Үүнээс хойш Д.Н босож ирээгүй учир бид цагдаа, түргэн дуудсан гэж,
Гэрч Д.П: Д.М.т хохирогчийг цохисон. Маректай залуу буюу Д.М.т Д.Нийг тал тоосгоор цохисон. Бидэнтэй нэг шивээстэй охин зөрөхөд Тү ямар гоё шивээстэй охин бэ гэж хэлсэн. Удалгүй Тү гэж хэн бэ гээд 3 залуу гүйгээд ирсэн. Тэр үед Д.Н Тү гэж би байна гэж хэлээд цохиулсан. Хамгийн түрүүнд Д.М.т, А.Б-Э, О.И нар ирсэн. Тү гэж хэн бэ гэхэд Д.Н би гэж хэлэхэд нь түүнийг Д.М.т цохичхоод Түтэй зодолдоод, хөөцөлдөөд яваад өгсөн гэж,
Гэрч О.И: Эийг хэдэн залуус хоргоогоод явуулахгүй байна гэхээр нь А.Б-Э, Э бид 3 очиход 3 залуу нэг хүүхэн байсан, би эхлээд Т.Б.төтэй маргалдаж, Т.Б.тө зугтаагаад би хөөгөөд явсан, араас Д.М.т ирсэн бөгөөд Т.Б.төийг Д.М.т араас нь хөөгөөд явсан. Намайг эргээд харахад Б.Б нь Б.Этэй үсдэлцсэн байсныг би очиж салгасан. Намайг харж байхад А.Б-Э хохирогчийг унагаагаад Ц.Э.бтай нийлээд Д.Нийг зодож байсан гэж,
Гэрч Ж.М: Урт үстэй, үсээ арагш нь болгосон, Б.Э гэдэг охины найз залуу гээд өндөр, шивээстэй бор залуу А.Б-Э-ийн цамцандаа боосон тоосгоор Д.Нийг цохиж унагаасан. Харин А.Б-Э нь миний хөл рүү чулуугаар цохиод байсан. Энд хохирогч Д.Нийг цохисон хүн байхгүй байна. Тү тэр охиныг ямар гоё шивээстэй юм бэ гэж хэлэхэд тэр охин уурлаад явсан. Удалгүй араас 3 залуу гүйж ирээд, Д.Нийг өндөр бор, шивээстэй залуу цохиж унагаасан, намайг замын эсрэг талд, Д.Нийг нөгөө талд нь зодоод байсан. Бид хоёрын хооронд 4-5 метрийн зайтай байсан бөгөөд би Д.Нийг хэн цохихыг харсан гэж,
Гэрч Ц.Б.с: 2015 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 22:00 цагийн үед Иын ээж надад хэлэхээр нь би эмнэлэгт Нийг харахаар очсон. Нийн биеийн байдал их муу байсан тул Улаанбаатар хот руу авч явсан. Хохирогчоос хэн цохисон талаар асуухад санахгүй байна гэж хэлсэн. Манай дүү Цэрэндорж хөдөөнөөс ирэхэд нь би бүх байдлыг хэлсэн. Цэрэндорж нь “өөрийнхөө хүүхдийг /Ц.Э.б/ авч гараад миний хүүхдийг шоронд хийнэ” гэж хэлсэн. Хохирогч Н нь 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр надад “сахалтай хүн Нийг -халзан хүүхэд тоосгоор цохисон гэж хэлээрэй- хэмээн архи уулгасан” гэж хэлсэн. Энэ талаар цагдаагийн байцаагч Хатанзоригт хэлэхэд 17 цагийн үед Бо гэх эмэгтэйг дагуулаад Нийн гэрт очсон. Байцаагч Хатанзориг нь Нийн гэрт 40 минут болоод гарч ирсэн, байцаагч маргааш нь надтай уулзаагүй, юу болсон талаар надад хэлээгүй. Би миний хүүхдийг хэрэгт татаж байгаа юм байна гэж бодоод прокурорт хандсан гэж тус тус мэдүүлжээ.
2015 оны 7 дугаар сарын 12-ны өглөөний 06 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багт байрлах “Улаан хад” хүнсний дэлгүүрийн орчимд болсон хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход тухайн үед байсан этгээдүүд болох гэрч, хохирогч нарын мэдүүлэг чухал ач холбогдолтой боловч хохирогч Д.Н нь тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул болсон үйл явдлыг санахгүй байна гэж удаа дараа мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт тухайн үйл явдлыг харсан гэх дараах гэрчүүдийн удаа дараагийн мэдүүлэг авагдсан байна.
Үүнд: Гэрч Т.Богийн 2015 оны 7 дугаар сарын 12-нд өгсөн: ...2 гудамжны цаана хүмүүс зодолдоод байх шиг байсан. Очсон чинь М.т, И, Б-Э, Э нар 1 эмэгтэй, 3 ахтай зодолдоод байж байсан. Э 1 эгчтэй үсдэлцээд зодолдоод байхаар нь би болиулсан. Бид нарыг очиход тэнд байсан эрэгтэйчүүд хоорондоо чулуу шидэлцээд байсан. Бас нэг ах хамраас нь цус гарчихсан газарт хэвтэж байсан. Хэн хэнтэй зодолдож байсныг сайн анзаараагүй. Э нэг эгчтэй зодолдож байсныг би салгасан. Эмнэлэгт хүргэгдсэн гээд байгаа залууг хэн зодсоныг хараагүй... гэх тайлбар /1-р хх-9/,
Гэрч Т.Богийн 2015 оны 7 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: Намайг очиход өмнө нь зодоон болсон байсан. Намайг очсоноос хойш Э.б нэг залуутай зодолдоод байсан, цаана нь М.т нэг хүнийг хөөгөөд явсан, Б-Э-ийг би хараагүй. Э.б зодолдож байсан залуугийнхаа хамар луу нь цохиход Э.ч боль гээд салгасан. Тэгтэл Э.б дахин очиж нөгөө ахын хамар луу цохисон. Тэр үед цаанаас Б-Э гарч ирээд нөгөө ахыг элэгдэхэд газарт дээшээ хараад унасан. Тэгтэл Б-Э тэр ахын нүүр дээр дэвссэн. Э.б бас газарт унасан ахын нүүр дээр дэвссэн. Өөр зодоон хараагүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-47/,
Гэрч Т.Богийн 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: ...Цаад талд цагаан өнгийн футболктой туранхай бор царайтай ах нуруугаараа бөгтийгөөд байж байхад Э.б нүүр лүү нь цохиод газарт унахаар нь дээрээс нь 2 удаа дэвссэн. Тэгтэл Б-Э хаанаас гэдгийг мэдэхгүй гүйж ирээд нөгөө газарт унасан ахыг дээрээс нь дэвссэн, хэдэн удаа дэвссэнийг мэдэхгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48/,
Гэрч Т.Богийн 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн: Би Э, Б 2-ыг салгах гэж байхад Н урагшаа бөгтийгөөд зогсож байгаа харагдсан. Тэгээд би Эийг салгах гээд хэрүүл хийгээд зогсож байхад Н газар уначихсан, Б-Э толгой руу нь дэвсэж байсан. Э.б Нийг цаад талаас нь хөлийнхөө тавхай хэсгээр жийсэн. Тэр үед Э.ч нь Э.быг татаад авсан. Б-Э мөн Нийг элэгдэж унагаж байсан... Нийг М.т, И нар зодож цохисон талаар мэдэхгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 151/,
Гэрч Т.Богийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: ...Яг очих үед Б-Э бүүр цаана зайтай, өндөр хүчдэлийн шонгийн тэнд нэг хүнтэй зодолдоод байж байсан. Наана хашааны буланд Э Бтэй зууралдаад зодолдчихсон, И салгах гээд дийлэхгүй байсан. Наана нь Э.б газраас юм хайгаад байгаа бололтой байсан. Хажууд нь Н бөгтийчихсөн зогсож байсан. Б-Э цаанаас гүйж ирснээ шууд Нийг өшиглөөд жийгээд унагасан. Э.б хажуугаас нь Нийн мөр хүзүү рүү нь өшиглөөд, Б-Э толгой дээрээс нь дэвсэж байсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 404/,
Гэрч Т.Богийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн: ...Э.б нь Нийн хамар луу цохихыг би харсан. Э.б луу харахад Э.б нь өөрөөсөө намхан, бор царайтай, цагаан футболктой ахтай зодолдоод нүүрэн тус газарт нь гараараа цохиж харагдсан. Н нь Э.бт нүүрэн хэсэгтээ цохиулаад бөгтийгөөд байж байхад Э.б дахин нүүрэн тус газарт цохисон. М.т нь Нийг газарт унаад ухаан алдчихсан байхад хүрч ирсэн... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 436/,
Гэрч Т.Богийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний шүүх хуралдаанд гэрчээр өгсөн: Зодоон бараг дуусаж байхад очсон. Би Б.Эийг салгах гээд маргалдаж байгаад харахад Б-Э Д.Нийн толгой дээр дэвсэж байсан. Цаанаас Ц.Э.б ирээд Д.Нийг жийж байсан. Яг хааш нь жийсэн талаар сайн хараагүй гэх мэдүүлэг /2-р хх-ийн 335/,
Гэрч Б.Боийн 2015 оны 7 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: ...найзууд маань хоорондоо зодолдоод байгаа бололтой “ална аа” гээд орилоод байхаар нь Т.Бо, Э.ч /Э.ч/ бид 3 “Улаан хад” дэлгүүртэй гудамжинд очсон. Биднийг очиход Э нэг эмэгтэйтэй заамдалцаад зодолдож байсан. Цаад талд нь эмнэлэгт хүргэгдсэн залуу дээшээ хараад газарт хэвтэж байсан. Түүний цаана манай эрэгтэй найзууд хэдэн залуучуудтай зодолдоод байх шиг байсан. Яг зодолдсон эсэхийг сайн анзаараагүй... гэх тайлбар /1-р хх-ийн 11/,
Гэрч Б.Боийн 2015 оны 7 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: ...Э.ч түрүүлж яваад Т.Бо бид 2 араас нь очиход нэг залуу газарт дээшээ хараад хэвтчихсэн, нүүр нь цус болчихсон байсан. 2-3 метрийн зайд Э танихгүй эгчтэй зууралдчихсан зогсож байсан... Намайг очиход тэр газарт хэвтэж байгаа хүнийг хэн ч цохиж зодоогүй байсан. Тэр ухаангүй хэвтэж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-38/,
Гэрч Д.Э.чы 2015 оны 7 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: ...Т.Бо, Бо бид 3-ыг зодоон болж байгаа газарт очиход нэг хүн газарт уначихсан хамраас нь нэлээн их цус гарчихсан байсан. Хажууд нь Б-Э, Э.б болон нэг эгч зогсож байсан. Тэр эгч Б-Э, Э.б 2-ыг зуураад хэрэлдээд байсан. М.т цаана нь нэг хүнтэй маргалдаж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34/,
Гэрч Д.Э.чы 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: ...Намайг булан тойроод очиход Б-Э, Э.б 2-ын аль нэг нь Нийг унагаасан бололтой Н яг унаж байсан. Яг хэн нь Нийг цохисон уу, өшиглөсөн үү унагааж байхыг сайн хараагүй. Н газарт унангуут тэр 2 нийлээд Нийг өшиглөөд байсан. Э Бтэй зууралдчихсан, И тэр 2-ыг салгаж байсан. М.т, Б.тө 2 бүр хол бараг арын гудамжинд шахуу хөөцөлдөөд зууралдаад байсан. Б-Э, Э.б 2 намайг боль гэхэд Нийг өшиглөхөө больсон. М.т ч цаанаас ирсэн. Э.бын өмсөж байгаад тайлсан улаан өнгийн цамцаар М.т-ын цусыг арчиж өгсөн. Зодоон болоод би очиход Н, Баттмөр, Б нар байсан. М, А, П нар байгаагүй гэх мэдүүлэг /2-р хх-ийн 399/,
Гэрч Д.Э.чы 2018 оны 01 дүгээр сарын 09-ний шүүх хуралдаанд гэрчээр өгсөн: Намайг очиход Нтай Б-Э, Э.б хоёр зодолдож байсан. Харин Птай М.т маргалдаж байсан. Э Бтэй маргалдаж байсан. Нэг харахад Нийг газарт унагаад дээрээс нь Б-Э, Э.б хоёр дэвсэж байсан... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 119/,
Гэрч О.Иын 2015 оны 7 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: ...Б-Э, Э бид 3 Эийг доромжилсон гэх 3 залуу 1 охины араас очоод би махлаг биетэй залуутай /Т.Б.тө/ нь харилцан заамдалцаад цохилцсон. Би махлаг биетэй залуутай зодолдож байгаад болиод найз нарыгаа “больцгоо” гэж хэлээд Б-Э рүү харахад өндөр туранхай биетэй залуу /Д.Н/ газар уначихсан байсан. Э.б эхлээд туранхай биетэй залууг гуд татаж унагаахад тэр залуу хажуу талаараа унасан. Б-Э түүний толгойн хойд дагз хэсэг рүү 2-3 удаа өшиглөж харагдсан. Тэр үед М.т цаанаас гүйж ирээд Б-Эд хандаж “болиоч наад залуугийн чинь хамраас цус гарч байна” гэж хэлэхэд А.Б-Э больсон. Тэгээд М.т тэр хамраас нь цус гарч байсан залуутай хамт явж байсан охинд гар утас байгаа бол эмнэлэг дууд гэж хэлсэн. Эхлээд Э.б нь туранхай өндөр залуутай маргалдаж байгаад гуд татаж газарт унагаасан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-27/,
Гэрч О.Иын 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: Б-Э, Э бид 3 Эийг хоргоосон гэх залуу дээр очиход 3 залуу, 1 эмэгтэй “Улаан хад” дэлгүүрийн урдхан талд зогсож байсан. Би Б.төийг “яагаад найз охин хоргоогоод байгаа юм бэ” гэхэд “яадаг юм бэ” гээд өөдөөс томроод байхаар нь Б.төийн хүзүү орчимд нь би гараараа цохисон. Тэгтэл намайг зөрүүлээд нэг цохиод учраа олъё гээд цааш зугтаасан. Тэгэхэд араас М.т, Э.б 2 ирээд М.т нь зугтаасан бандийг араас нь хөөгөөд зогсоосон. Би араас нь очсон. Тэр залуу дэлгүүрийн цааш зугтаасан. Би буцаж ирэхэд Э.б Нийг барьж аваад газарт унагаахад Б-Э очоод тэр залууг 2-3 удаа толгойн дагз орчимд өшиглөсөн. Э.б өшиглөсөн эсэхийг хараагүй. Тэгээд Э, Б 2-ыг салгаад харахад газарт унадаг залуу дээшээ хараад хэвтчихсэн, ам хамраас нь цус гарчихсан байсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 401-402/,
Гэрч О.Иын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: Намайг харахад Н газарт унасан байхад Б-Э, Э.б нар 2-лаа толгой руу нь өшиглөж байсан. М.т Нийн хажууд байгаагүй, Баттмөрийн араас хөөгөөд гүйсэн. Б-Э босоо захтай, улаан өнгийн цамцтай, М.т цагаан, цэнхэр өнгөтэй марек цамц өмссөн. Э.б дээгүүрээ нүцгэн байсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 417/,
Гэрч О.Иын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: ...Нийг яг хэн унагаасныг хараагүй. Ямар ч байсан Б-Э, Э.б нар Нийг өшиглөж харагдсан. Тэр үед би Э.б нь Нийг гуд татаж унагаасан гэж бодоод өмнөх мэдүүлэгтээ хэлсэн. Би Н руу ойртож очоогүй... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 439/,
Гэрч О.Иын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд гэрчээр өгсөн: ...Б.төийн араас М.т хөөсөн. Намайг эргэж харахад Э, Б хоёр үсдэлцсэн байсан. Нэг харахад Н газар унасан байсан... Б-Э хохирогчийг газар унагааж байх шиг байсан. Э.б дээрээс нь нэг дэвссэн... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 113/,
Гэрч Б.Эийн 2015 оны 7 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: ...И намайг явуулахгүй байсан залууг барьж аваад “яаж байгаа юм бэ” гэж байтал Б-Э тэр залууг цохисон. Б-Э-ийн гарт чулуу байсныг нь би тавиулсан. Тэгээд Э.б, М.т 2 гарч ирээд Э.б “миний найзыг яаж байна аа” гээд тэр залуугийн нүүр лүү цохиод авсан. Тэгсэн тэр залуу ухаан алдаад газарт унасан. Э.б, Б-Э 2 тэр ухаан алдаад унасан залуугийн толгой руу өшиглөөд байсан. М.т, И 2 намайг хэл амаар доромжилсон цагаан өнгийн футболктой залуугийн араас хөөгөөд явсан... /1-р хх-ийн 39-40/,
Гэрч Б.Эийн 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн: Намайг харахад Н газарт уначихсан хэвтэж байхад хажууд нь Э.б, Б-Э хоёр зогсож байсан. Э.б нь Нийн цээж, мөр орчимд нь цохисон. Юугаар цохисныг хараагүй. Б-Э нь Нийн цээж, мөр орчимд нь өшиглөж байсан. М.т нь Нийг цохиж байгааг би хараагүй. Миний одоо өгч байгаа мэдүүлэг үнэн зөв. Анх мэдүүлэг өгөхдөө айж сандрахдаа буруу зөрүү ярьсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 155/,
Гэрч Б.Эийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд гэрчээр өгсөн: Би Бтэй маргалдаад зодолдож байсан учраас тэнд болсон зүйлийг сайн харж чадаагүй. Нэг мэдэхэд Д.Н газарт уначихсан хажууд нь Э.б, Б-Э нар зогсож байсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 336/,
Гэрч Б.Эийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: И очоод Б.төөөс “яагаад найз охин явуулахгүй байгаа юм бэ” гээд хэлэхэд “уучлаарай хөгшөөн” гээд гайгүй салах гэж байхад Б-Э голоор нь ороод эхлээд Б.төийг цохисон. Тэгээд харахад Б-Э гартаа чулуу барьсан байхаар нь чулууг нь аваад хаясан. Гэтэл Б намайг хэл амаар доромжлохоор нь би маргалдаад зууралдаад зодолдоод байж байхад хойноос М.т, Э.б нар гарч ирсэн. М.т ирэнгүүтээ Баттмөрийг хөөгөөд гүйсэн. Нэг харахад Н газарт уначихсан, хажууд нь Б-Э, Э.б нар зогсчихсон өшиглөөд байж байсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 403/,
Гэрч Б.Эийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн: ...Би анх удаа мэдүүлэг өгч байсан учраас Э.быг хохирогч залууг цохиж унагасан гээд хэлчихсэн. Ямар ч байсан намайг Бтэй маргалдаж байхад Нийг газарт унасан байхад нь Б-Э, Э.б нар өшиглөж байсан. Нийг хэн цохиж газарт унагаасныг би хараагүй. Нийг газарт унаагүй байхад би Бтэй маргалдсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 435/,
Гэрч Т.Б.төийн 2015 оны 7 дугаар сарын 12-нд өгсөн: ...Бидний хажуугаар зөрсөн охин 2 залуугийн хамт араас ирсэн. Тэр 2 залуугийн нэг нь гартаа чулуу барьсан байсан. Чулуу бариагүй залуу нь /О.И/ нөгөө охины найз залуу бололтой “чи яасан гэж манай найз охиныг доромжилж байгаа юм бэ?” гэсэн. Гартаа чулуу барьсан залуу нь миний зүүн талын чих рүү цохисон. Цаанаас 4-5 залуу гарч ирээд улаан шоотой сорочикон цамцтай, судалтай саарал өнгийн шорт өмссөн залуу цамцаа тайлж гүйж ирээд Нийг гараараа нэг удаа цохиод газарт унагаасан. Харин шивээстэй охины найз залуу гэх өндөр туранхай болон дээгүүрээ нүцгэн байсан залуу 2 нийлээд Ч /Ж.М/-г газарт унагаад зодож байсан. Намайг халзан толгойтой, дал болон баруун хөлийнхөө шилбэнд шивээстэй залуу нь араас ирээд хавсарч унагаасан. Намайг газарт унахад эхлээд чулуу бариад цохисон залуу гартаа яс барьчихсан миний нуруу руу, халзан залуу нь миний толгой, нүүр, араас өшиглөж чулуугаар цохиж зодсон. Нийг нэг улаан шоотой сорочикон цамцтай, доогуураа саарал өнгийн шорт өмссөн залуу гүйж ирээд нүүр рүү нь цохиж унагаасан. Мөн дээгүүрээ цээж нүцгэн, өтгөн хөмсөгтэй залуу нь бас хүрч ирээд нүүрэн дээр нь нэг удаа дэвсэж цохихыг харсан гэх тайлбар /1-р хх-ийн 10/,
Гэрч Т.Б.төийн 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: Н, Б, А, Ч /Ж.М/, Аийн нөхөр /Д.П/ нартай явж байсан. Шивээстэй охин, түүний найз залуу /О.И/ болон өндөр, тод хар хөмсөгтэй, халимаг хар үстэй залуу /А.Б-Э/ 3 ирсэн. Шивээстэй охины найз залуу нь намайг цохисон. Цаанаас халзан толгойтой залуу /Д.М.т/ гүйж ирээд Чг жийж унагаад цамцандаа тоосго боочихсон Нийн толгой орчимд тоосгоор цохисон. Толгойн аль хэсэгт нь гэдгийг нь хараагүй. Намайг босож байхад Нийг дугуй бор царайтай, хүзүүндээ мөнгөн гинжтэй, бусдыгаа бодвол өргөн цээжтэй залуу /Ц.Э.б/ нь Нийн мөр рүү нь өшиглөөд гүйгээд явсан. Тэр залуу Нийг дэвсэхийг би хараагүй. А зодооны талаар сайн харсан гэсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33/,
Гэрч Т.Б.төийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: 2015 оны 7 дугаар сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэгт улаан өнгийн цамцтай болон цээж нүцгэн залуучууд нь нэг хүн бөгөөд тэр үед Б-Э улаан өнгийн тал ханцуйтай футболктой байж байгаад зодооны үед футболкоо тайлаад цээж нүцгэн байсан. Би яг одоо санахад Нийг эхлээд Б-Э гэх залуу гараараа нүүр орчимд цохиод унагааж харагдсан. Дахиад нэг харахад халзан толгойтой залуу цамцандаа тоосго ороочихсон Нийн толгой орчимд нь цохиж унагаасан. Тэгээд би нэгэнтэй нь зодолдож, хөөцөлдөж байхад Нийг Б-Э цээж нүцгэн нүүр дээр нь дэвсэж байсан. Тэгээд над руу эдгээр залуус дайрч байхад дугуй бор царайтай, бусдыгаа бодвол өргөн цээжтэй залуу буюу Э.б мөр рүү нь өшиглөөд гүйгээд явсан. Өөр хүн Нийг цохиж зодохыг анзаараагүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 154/,
Гэрч Т.Б.төийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд гэрчээр өгсөн: Эхлээд намайг Б-Э, дараа нь М.т цохисон. Нийг Б-Э цохиход араас нь Э.б ирээд нэг өшиглөсөн. М.т хувцсанд ороосон зүйлээр Нийн толгойд цохисон... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 336/,
Гэрч Б.Бийн 2015 оны 7 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: ...Хойноос ирсэн залуучууд Н, М, Тү нарыг газарт унагаан зодсон. Тухайн үед Нийг халзан, шивээстэй залуу болон олон залуучууд зодсон. Би тэдгээр залуучуудын царайг хараад хэн хэн нь хэнийг зодсоныг хэлж чадна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41/,
Гэрч Б.Бийн 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: Нийг халзан толгойтой, махлаг залуу гартаа юм барьчихсан толгой руу нь цохисон чинь Н доошоо хараад уначихсан. Мөн улаан цамцтай, тод хар хөмсөгтэй залуу нь Нийг газарт уначихсан байхад нь нүүр, толгой дээр нь нэлээн хэдэн удаа хүчтэй дэвссэн. Улаан цамцтай залуугийн хажуу талаас бор царайтай /Э.б/ залуу Нийг дэвссэн. Энэ 2 залуу тус бүрдээ 2-3 удаа Нийг дэвссэн. Халзан толгойтой залуу нь гартаа барьсан зүйлээрээ Нийн толгойн араас цохисон. Би тэр залууд “чи хүн цохичихлоо шүү, чи хүн аллаа шүү” гэж хэлэхэд халзан толгойтой залуу “би тэгээгүй” гээд байхаар нь би “харсан шүү” гэж хэлтэл халзан залуу “чаддаг юм бол цагдаад өгөөрэй” гээд надтай хэрэлдээд байсан. Би Нийг цохисон, дэвссэн залуучуудын царайг хараад танина гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42/,
Гэрч Б.Бийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: 1 номерт үзүүлж байгаа халзан толгойтой залуу анх гартаа тоосго барьчихсан гүйж ирээд Нийн ар дагз руу цохиж унагаад цаашаа Б.тө лүү гүйгээд яваад өгсөн. Тэгээд Б.төтэй зодолдож байгаад ирсэн юм шиг байна лээ. Сүүлд нь Нийг ухаангүй байхад ирчхээд “би таны найзыг яагаа ч үгүй шүү” гэхээр нь би “чи цохисон биз дээ” гэхэд намайг хэл амаар доромжилсон. 2 номерт байгаа тод хар хөмсөгтэй залуу нь Нийг унаад хэвтэж байхад толгой дээр нь 2-3 удаа дэвссэн. 3 номерт байгаа залуу гүйж ирээд Нийн цээж дээр нэг өшиглөөд зугтаачихсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 152/,
Гэрч Б.Бийн 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн: ...Б-Э, И 2 Баттмөртэй маргалдахад Н дундуур нь орж салгах гэхэд И нь Нийг гараараа цохиод унагаасан. Тэгээд би Нийг босгоод цааш явах үед араас халзан толгойтой, өндөр, шар царайтай залуу болох М.т хүрч ирээд шууд эрээн өнгийн футболк дотроо нэг юм хийчихсэн зүйлээр Нийг цохиж газарт унагаачхаад цаашаа гүйгээд явчихсан. Н газарт ухаан алдсан байхад Б-Э ирээд нүүрэн тус газарт 2-3 удаа өшиглөхөд нь би болиулах гэхэд шивээстэй охин ирэхэд “танай найз нар чинь хүн алчихлаа. Чамаас энэ бүхэн болсон” гээд шивээстэй охинтой маргалдаж байгаад Н руу хараахад Э.б нь Нийг өшиглөчхөөд цаашаа гүйж байгаа харагдсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 433-434/,
Гэрч Ж.Мы 2015 оны 7 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: ...Н, Б, Буянаа, Тү /Б.тө/ бид Чимгээгийн гэр рүү явж байхдаа Тү өөдөөс ирж явсан тайрмал үстэй охиныг ойртож харчхаад “хүн андуурчихлаа, ямар их шивээстэй юм бэ” гэж хэлээд цааш явж байтал нөгөө охин 2 залуутай хойноос орилсон. Цэнхэр өнгийн биеийн тамирын цамц, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй залуу /О.И/ нь Түд хандаж “яагаад найз охин өдөөд байна” гээд нүүр лүү нь цохиод унагаасан. Тэгээд Н “та нар зүгээр байгаа хүнийг яагаад зодож байгаа юм бэ?” гэж хэлэхэд халзан толгойтой, баруун даландаа шивээстэй залуу /Д.М.т/ нь “чамд ямар хамаатай юм бэ” гээд цохиод авсан. Тэр үед “би боль” гээд очиход эрээн цоохор цамц өмссөн залуу болон саарал өнгийн малгайтай цамц өмссөн залуу нь намайг хавсарч унагаад дээрээс дэвссэн. Тэр үед халимаг үстэй, дээгүүрээ нүцгэн доогуураа шорт өмссөн залуу нь цамцандаа тоосго хийчхээд миний баруун өвдөг рүү 4-5 удаа цохисон. Мөн миний нүүр рүү нэг удаа цохиод намайг орхиод явсан Н нүүр нь цус болчихсон газарт хэвтэж байсан. Нийг халзан толгойтой залуу нь эхэлж гараараа цохиж унагаасан. Дараа нь шивээстэй охины найз залуу гэх хүн дэвссэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28/,
Гэрч Ж.Мы 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: ...шивээстэй охин өндөр, саравчтай малгайтай залуу, халзан, махлаг залуу 2-той хамт Б, Н, Тү бид 4-ийн араас орилсон. Тэгээд өндөр саравчтай малгайтай залуу нь Түтэй заамдалцаж ноцолдсон. Би салгах гээд очтол улаан алаг өнгийн босоо захтай, тал ханцуйтай цамцтай залуу хүрч ирээд миний зүүн дал орчимд тоосгоор цохисон. Н, Б 2 гүйж ирээд “болиоч ээ” гэхэд Нийг халзан толгойтой залуу, саравчтай малгайтай залуу 2 барьж аваад зодсон. Намайг улаан алаг өнгийн цамцтай залуу нь цамцандаа тоосго ороогоод миний баруун өвдөг орчим руу цохисон. Намхан кэйпик малгай өмссөн залуу нь зүүн талын нүд рүү гараараа цохисон. Н руу харахад доошоо хараад газарт хэвтэж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29/,
Гэрч Ж.Мы 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: Хэрэг болсон газар Н, Б, Б.тө, А, П бид нар байсан. 1 номерын халзан толгойтой залуу Нийг тоосгоор толгой руу нь цохиж унагаасан. 2 номерын залуу нүүр дээр нь дэвсээд байсан. 3 номерын бор залуу Нийн бие рүү өшиглөж байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 200/,
Гэрч Ж.Мы 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн: ...Нийг анх маргалдаж эхэлсэн халзан толгойтой, нурууныхаа дал хэсэгт шивээстэй, өндөр, шар царайтай залуу болон хажууд нь цуг явсан өндөр нуруутай бор залуу 2 зодож цохисон. Хамгийн түрүүнд өндөр нуруутай бор залуу хүрч ирээд Нийг нүүрэн тус газарт гараараа цохиж газарт унагаасан. Түүний дараа халзан толгойтой, шар царайтай залуу Нийг газарт унасан байхад нь өшиглөж зодож цохисон. Тэр 2 залуу гартаа ямар нэг чулуу барьж Нийг цохиж зодоогүй, гараараа цохиж зодсон... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 437-438/,
Гэрч Д.Пын 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: Бид нар явж байхад араас улаан эрээн цамцтай, өндөр туранхай залуу, цагаан өнгийн футболктой, халзан, хөл дээрээ шивээстэй залуу ирээд улаан цамцтай нь Чг өшиглөсөн. Тэгтэл халзан залуу нь Чгийн нүүр лүү цохиж унагаасан. Тэгэхээр нь Н нөгөө 2 залуу руу зодолдох гээд очтол халзан толгойтой залуу нь Нийг гартаа барьж байсан улаан өнгийн зүйлээр толгой руу нь цохиод унагаасан. Тэгээд байж байтал улаан өнгийн футболктой болон гуя дээрээ урагдсан, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй 2 залуу, 2 охин ирсэн. 2 залуу нь Н, Ч, Тү 3-ын тал талаас дайраад өшиглөөд байсан. Нийг ухаангүй хэвтэж байхад халзан, өндөр, бүдүүн залуу нь ирээд өшиглөх гэснээ “өө амьсгаатай үхээгүй л байна шүү дээ. Явцгаая” гэж хэлээд тэд нар бүгдээрээ явсан. Улаан эрээн цамцтай өндөр залуу, халзан толгойтой махлаг шаравтар царайтай залуучууд л Нийг их зодоод байх шиг байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-44/,
Гэрч Д.Пын 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: Намайг цаанаас харж байхад үсээ арагш гелдсэн залуу нь Мыг цохиод хавсарч унагаасан. Тэгсэн Н салгах гээд очоод сарвалзтал халзан толгойтой залуу тоосго бололтой зүйлийг цэнхэр эрээн цамцанд боочихсон, цээж нүцгэн болчихсон Н дээр очоод шууд нөгөө зүйлээрээ дагзны баруун талд нэг л удаа цохисон. Тэгэхэд Н арагш шилэн хүзүү нь татаж байгаа юм шиг болоод шууд чанх урагш газарт унасан. Тэгээд нэг харахад Н хагас өндийгөөд нуруугаараа бөхийсөн байдалтай босох гээд ядаж байсан. Тэгтэл улаан цамцтай, тод хар хөмсөгтэй залуу Нийн толгой руу дэвсээд өшиглөөд байснаа Тү рүү халзан толгойтой залуугийн хамт очиж зодсон. Нийг халзан толгойтой залуу болон улаан цамцтай залуу хоёроос өөр хүн зодсоныг анзаараагүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45/,
Гэрч Д.Пын 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн: Б-Э, М.т нар ирээд Мыг хавсарч унагаад дараа нь Нийг цохисон юм. М.т улаан эрээн хувцсанд чулуу ороочихсон Нийг цохисон гэх мэдүүлэг /2-р хх-ийн 337/,
Гэрч Д.Пын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд гэрчээр өгсөн: хамгийн эхлээд Нт М.т гар хүрсэн. М.т цагаан эрээн фудволкондоо тоосго хийж байгаад Нийг цохисон гэх мэдүүлэг /3-р хх-ийн 116/,
Гэрч П.Аийн 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: Бид нарыг “Улаан хад” дэлгүүрийн урдуур явж байхад хойноос өндөр, туранхай, шар эрээн өнгийн цамцтай залуу, халзан толгойтой, шардуу царайтай залуу ирсэн. Халзан толгойтой залуу нь “Тү гэж хэн бэ” гэхэд Тү “би байна” гэж хэлсэн. Тэгтэл халзан толгойтой залуу ирээд Чгийн нүүр рүү цохисон. Дараа нь Нийг газраас тоосго аваад толгой руу нь цохисон. Тэгээд Тү рүү дайрахад Тү хойшоо зугтаагаад байсан. Тэгэхэд шар эрээн өнгийн цамцтай залуу нь Нийг газарт уначихсан байхад нь өшиглөөд байсан. Удалгүй тэр 2 залуугийн араас 3 залуу ирсэн. Тэр 3-ын нэг нь улаан цамцтай, үсээ хойшоо гелдсэн, нэг нь шар өнгийн футболктой, нэг нь цэнхэр цамцтай, намхан боровтор царайтай банди байсан. Б бид 2 Наас “чи зүгээр үү” гэхэд “миний толгой эргээд босож чадахгүй байна” гэж Н хэлэхээр нь Б эмнэлэг, цагдаа дуудсан. Тэгэхэд халзан толгойтой, махлаг залуу морины туурай барьчихсан Түгийн зүүн чих рүү цохисон. Тэгээд тэр халзан толгойтой залуу Н руу ирээд “амьсгаатай л байна шүү дээ. Үхээгүй л байна шүү дээ” гээд дахиад өшиглөх гэхээр нь Б болиулсан. Нийг эрээн цамцтай, өндөр болон халзан толгойтой, махлаг, шаравтар царайтай 2 залуу зодоод байсан. Халзан толгойтой залуу нь Нийг тоосгоор цохисон. Харин эрээн цамцтай залуу нь Нийн гэдэс рүү нь өшиглөсөн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-50/,
Гэрч П.Аийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: ...Халзан толгойтой махлаг залуу нь цамцандаа тал тоосго боочихсон Нийн толгой руу цохиж унагаасан. 2 номерын зураг дээр байгаа залуу Нийг цээж рүү, толгой руу өшиглөж байсан, бас газарт унасан байхад нь гараараа нүүр рүү нь цохиж байсан. Нийг энэ 2 залуу зодож унагаад Б.төтэй хөөцөлдөөд гүйсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 198/,
Гэрч П.Аийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн: Эхлээд Б-Э гүйж ирээд Мыг хавсарч унагаад зодоод байсан. Дараа нь Нийн нүүрэн дээр дэвсэж байх шиг байсан. Зодоон болж байгаа газар халзан толгойтой залуу морины туурай барьчхаад яваад байсан. Нэг харахад нөгөө халзан толгойтой залуу улаан эрээн цамцанд чулуу ороогоод Нийг цохиж байсан. Үүний дараа Н доошоо харж хэвтчихээд босож ирэхгүй болохоор нь түргэн дуудсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 337-338/,
Гэрч П.Аийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн: ...Эхлээд Б-Э Чг хавсарч унагаад зодсон. М.т Нтай зууралдсан. Н нэлээн согтсон байсан. Нийг М.т тоосгоор цохисон. Н босож ирээгүй... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 114/ зэрэг болно.
Дээрх гэрчүүдийн мэдүүлгийг дүгнэж үзвэл 2015 оны 07 дугаар сарын 12-ны өглөөний 06 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багт байрлах “Улаан хад” хүнсний дэлгүүрийн орчимд Д.Н, Т.Б.тө, Ж.М, Б.Б, Д.П, П.А нарын хамт явж байх үед Т.Б.тө нь зөрж өнгөрсөн Б.Эийг “ямар гоё шивээстэй охин бэ?” гэж хэлсэн ба Б.Э өөрийн найз залуу О.Ид “намайг хүмүүс өдөж хоргоолоо” гэж хэлсэн.
О.И, А.Б-Э, Б.Э гурав тэдний араас очиж хэрүүл маргаан үүсгэсэн ба араас нь Ц.Э.б, Д.М.т нар очсон,
О.И, А.Б-Э, Ц.Э.б, Д.М.т нар нь Д.Н, Т.Б.тө, Ж.М нартай маргалдаж зодсон, Б.Э, Б.Б нар нь мөн харилцан зодолдсон ба Д.Э.ч, Т.Бо, Б.Бо нар очиж салгасан. Уг зодооны үеэр шүүгдэгч Д.М.т нь хохирогч Д.Нийн толгой, дагз хэсэг рүү тоосгоор цохисон, шүүгдэгч А.Б-Э, Ц.Э.б нар нь хохирогч Д.Нийг унасан байхад нь толгой дээр нь хэд хэдэн удаа дэвссэн үйл баримт тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Учир нь: Гэрч Т.Б.тө, Ж.М, Б.Б, Д.П, П.А нар нь болсон үйл явдлын дэс дараалал, хүмүүсийн өмсөж явсан хувцас, царай төрхийн талаар харилцан зөрүүтэй мэдүүлдэг боловч ...халзан толгойтой махлаг залуу буюу Д.М.т нь хохирогч Д.Нийн толгой, дагз хэсэг рүү тоосгоор цохисон. А.Б-Э, Ц.Э.б нар нь хохирогч Д.Нийг унасан байхад нь толгой руу нь өшиглөж дэвссэн... гэх мэдүүлгийг байнга тогтвортой өгдөг.
Эдгээр гэрчүүдэд шүүгдэгч Ц.Э.бын ар гэрийн зүгээс нөлөөлж ийм мэдүүлэг өгүүлсэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй ба гэрч О.И, Б.Э нарын ...Д.М.т нь хохирогч Д.Нийг цохихыг хараагүй. Харин Т.Б.төийг хөөгөөд байсан... гэсэн мэдүүлэг нь “Д.М.т нь хохирогч Д.Нийн толгой, дагз хэсэг рүү тоосгоор цохисон” гэх үйл баримтыг үгүйсгэж чадахгүй байна.
Түүнчлэн гэрч О.И, Б.Э нарын удаа дараагийн мэдүүлэг өөр хоорондоо илт зөрүүтэй, өөрсдөө тухайн үйл явдал буюу зодоонд оролцсон, шүүгдэгч нартай найз нөхдийн холбоотой учраас хэрэгт хувийн сонирхолтой гэж үзэх үндэслэлтэй.
Мөн гэрч Д.Э.ч, Т.Бо, Б.Бо нар нь анх мэдүүлэхдээ “... биднийг очиход нэг ах хамраас нь цус гарчихсан газарт хэвтэж байсан...” гэж мэдүүлдэг боловч мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэрч Д.Э.ч, Т.Бо нар нь дахин мэдүүлэг өгөхдөө ...Б-Э, Э.б нар нь Нийг газарт унагаан толгой руу нь дэвсэж өшиглөсөн... гэж анх өгсөн мэдүүлгээ илтэд үгүйсгэсэн зөрүүтэй мэдүүлэг өгдөг тул гэрч Д.Э.ч, Т.Бо нарын мэдүүлгийг үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэй байна.
Шүүгдэгч Д.М.т нь гэрч П.А, Д.П нар нь хэргийн газарт байгаагүй, болсон үйл явдлыг хараагүй гэж мэдүүлж байгаа боловч энэ байдал нь хэрэгт авагдсан гэрч Ш.Э-ны ...2015 оны 7 дугаар сарын 12-ны өглөө үүрээр П.А, Д.П хоёрыг гэрийнхээ гадаа сүүдэрт унтаж байхад 3 залуу 1 хүүхэн ирээд сэрээгээд дагуулаад явсан. Тэр хоёр эрүүл байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 194/, гэрч Ш.Д-ын ...2015 оны зун Д.П, П.А хоёр манай хашаанд гэртээ байж байсан юм. 7 сарын 12-ны өглөө үүрээр 06 цагийн үед тэр хоёрыг гэрийнхээ сүүдэрт унтаж байхад хотоос ирсэн гэх эмэгтэй, Н, хоёр залуугийн хамт ирээд тэр хоёрыг дагуулаад явсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 195/ болон гэрч Т.Б.тө, Ж.М, Б.Б, Д.П, П.А нарын мэдүүлгээр няцаагдаж байна.
Хохирогч Д.Нийн эрүүл мэндэд дагзны яс хугарал, хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн нүдний ухархайн дотор доод ханын хугарал, тархи доргилт, баруун бугалга, баруун шууны цус хуралт бүхий Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарах хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 10727 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 52/, хохирогч Д.Н Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэж эмчлүүлсэн тухай 7406 дугаартай өвчний түүх, Их эмч Г.Лхагвасүрэнгийн 2015 оны 7 дугаар сарын 16 болон 27-ны өдрүүдийн компьютер томографийн дүгнэлтүүд /1-р хх-ийн 125-134/, хохиролтой холбоотой баримтууд /1-хх-ийн 171-179, 231-234, 236, 2-р хх-ийн 317-324/, эмнэлгээс өвчтөн илгээх хуудас /1-р хх-ийн 235/ зэргээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Д.М.т-ын хохирогч Д.Нийн толгой, дагз хэсэг рүү тоосгоор цохисон үйлдэл, шүүгдэгч А.Б-Э, Ц.Э.б нарын хохирогч Д.Нийг унасан байхад нь толгой дээр нь хэд хэдэн удаа дэвссэн үйлдэл зэрэг нь хохирогчийн биед учирсан гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой, өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.М.т, А.Б-Э, Ц.Э.б нарын үйлдлийн улмаас хохирогч Д.Нийн биед дагзны яс хугарал, хатуу бүрхүүл доорх цусан хураа бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч А.Б-Э, Д.М.т, Ц.Э.б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Д.Нийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч Ц.Э.б 1.600.000 төгрөг, шүүгдэгч А.Б-Э 1.300.000 төгрөг, шүүгдэгч Д.М.т 285.320 төгрөг тус тус төлсөн болох нь хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирлын төлбөр барагдуулж, мөнгө хүлээлцсэн баримт /2-р хх-ийн 348/, хохирогч Д.Нийн бичсэн баталгаа /2-р хх-ийн 352/, санхүүгийн баримт /2-р хх-ийн 317-324, 353-355/ зэргээр тогтоогдож байна.
Хохирогч Д.Н шүүгдэгч Д.М.таас цаашид гарах эмчилгээний зардал гэж 1.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй байх тул хангах боломжгүй гэж үзэн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч А.Б-Э, Д.М.т, Ц.Э.б нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч А.Б-Э, Д.М.т, Ц.Э.б нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч А.Б-Э, Д.М.т, Ц.Э.б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч А.Б-Э, Д.М.т, Ц.Э.б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус бүр 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч А.Б-Э-ийн 2015 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хоригдсон нийт 249 хоног, шүүгдэгч Ц.Э.бын 2015 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 11 хоног, шүүгдэгч Д.М.т-ын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хоригдсон 182 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч А.Б-Э нь хоригдож байх хугацаандаа 24 хоногоор, Д.М.т нь хоригдож байх хугацаандаа 1 сараар тус шагнуулсан байгаа боловч эдгээр шагналын хоногийг цагдан хоригдсон хоногт оруулан тооцох боломжгүй юм.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг хагархай тоосго, 1 ширхэг бетоны хэлтэрхий зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул тэдэнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйл 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт А.Б-Э, Б овогт Д.М.т, Б овогт Ц.Э.б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-Э, Д.М.т, Ц.Э.б нарыг тус бүр 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-Э, Д.М.т, Ц.Э.б нарт оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-Э-ийн цагдан хоригдсон 249 /хоёр зуун дөчин ес/ хоног, шүүгдэгч Ц.Э.бын цагдан хоригдсон 11 /арван нэг/ хоног, шүүгдэгч Д.М.т-ын цагдан хоригдсон 182 /нэг зуун наян хоёр/ хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч А.Б-Э, Д.М.т, Ц.Э.б нар нь бусдад төлөх төлбөргүй ба хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг хагархай тоосго, 1 ширхэг бетоны хэлтэрхий зэргийг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-Э, Д.М.т, Ц.Э.б нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ИХТАМИР
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
Т.БАТЖАРГАЛ