Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/01256

 

    

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/01256

 

   Д ТББ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2023/01788 дугаар шийдвэртэй, Д ТББ-ын нэхэмжлэлтэй Б ХХК, Ж.Э нарт холбогдох 120,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг Б ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Б ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ц нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлээр Дорнод аймгийн Д сумын Чух нуурын дэргэдэх Д ТББ-ын өмчлөлийн хуучин амралтын барилгуудыг худалдан авч, засаж тохижуулан ахмадын амралт сувиллын газар байгуулах төсөл хэрэгжүүлэх гэрээг, захиалагч Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Н.М, ерөнхий гүйцэтгэгч Д ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Д нартай байгуулж, үл хөдлөх хөрөнгийн үнэ 80,000,000 төгрөгийг оролцуулан, 133,300,000 төгрөгийн хүүгүй зээлийг авч, төсөл хэрэгжүүлэх зээлийн гэрээг нотариатаар батлуулсан болно. Зээлийн гэрээний 4.2-т заасны дагуу ерөнхий гүйцэтгэгч манай ТББ өөрийн дансанд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас шилжиж ирсэн мөнгөнөөс үл хөдлөх хөрөнгийн үнэ 80,000,000 төгрөгийг суутган, 53,300,000 төгрөгийг Б ХХК Голомт банкин дахь 1205133380 тоот дансанд шилжүүлж өгсөн юм. Төсөл хэрэгжүүлэгч Б ХХК-ийн хүсэлтийг харгалзан манай Д ТББ тус төсөлд өөрийн хөрөнгө оруулалт хэлбэрээр 40,000,000 төгрөгийг Б ХХК-д нэмж олгосон болно. Зээлийн гэрээний 4.3-д заасны дагуу төсөл хэрэгжүүлэгч Б ХХК нь авсан зээл 133,300,000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны дотор хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд буцаан төлөх ёстой. Зээлийг буцааж төлөх хугацаа 90 хоног хэтэрсэн боловч зээлдэгч Б.Ц гүйцэтгэх захиралтай Б ХХК нь зээлийн төлбөрөөс 83,100,000 төгрөгийг дутуу төлөөд байна.

Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцож, 90 хоногийн алданги 37,400,000 төгрөг, үндсэн зээлийн эргэн төлөлтийн дутуу 83,100,000 төгрөг нийт 120,500,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн үндэслэлээс харвал Д ТББ нь Б ХХК-д 133,300,000 төгрөг зээлсэн, харин хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, Б ХХК-д өөрийн өмчлөлд хуучин барилгуудыг худалдсан юм шиг 2 өөр агуулгатай, үл ойлгогдох нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Хариуцагчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, түүнд тусгагдсан хариуцлагын төрлийг тохирсон тохиролцоо байх ёстой. Гэтэл Б ХХК нь Д ТББ-тай ямар нэгэн зээлийн харилцаа үүсгээгүй, тэднийх нэхэмжлэгчид мөнгө зээлүүлсэн төлбөрийн баримт байхгүй тул зээлийн гэрээний үүрэг шаардах эрх Д ТББ-д байх учиргүй юм. Харин нэхэмжлэлд дурдсан 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр захиалагч Дорнод аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, ерөнхий гүйцэтгэгч Д ТББ, төсөл хэрэгжүүлэгч Б ХХК нарын хооронд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлээр Дорнод аймгийн Д сумын Чух нуурын амралт, сувиллын газар байгуулах төслийн ажил гүйцэтгэх гэрээ-ний 4.1-д Төслийн санхүүжилтийн хэмжээ 93,300,000 төгрөг, үүнээс 40,000,000 төгрөг нь Д ТББ-ын хөрөнгө оруулалт байна. гэж заасан бөгөөд 4.2-д зааснаар ерөнхий гүйцэтгэгч төслийн зээлийг авсан, зээлийн гэрээний үүрэг түүний үүрэг байгаа 133,300,000 төгрөгийн асуудал биш, 93,300,000 төгрөгийн асуудал байгааг, түүний дотор 40,000,000 төгрөг нь нэхэмжлэгч Д ТББ-ын асуудал, түүний хүлээх үүрэг байгааг харуулж байна.

Харин үлдсэн 53,300,000 төгрөг нь Б ХХК-ийн асуудал, түүний хүлээх үүрэг байж болох бөгөөд энэ үүргээ хариуцагч Б ХХК үндсэндээ биелүүлчихсэн болохоор хэн нэгний өмнө ямар нэгэн зээлийн гэрээний үүрэг хүлээх үндэслэлгүй тул Д ТББ-ын нэхэмжлэлийн шаардлага ямар ч утгагүй юм. Хэрэв Д ТББ нь Б ХХК-д өөрийн өмчлөлийн хуучин барилгуудаа худалдсан бол эдгээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн эрх зүйн баримт бичгүүд Б ХХК-ийн нэр дээр байх учиртай. Хариуцагчид тийм баримт бичгүүд байхгүй мөн Д ТББ-ын нэхэмжлэл үндэслэлгүйг байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлээр Дорнод аймгийн Дашбалбар сумын Чух нуурын амралт, сувиллын газар байгуулах төслийн ажил гүйцэтгэх гэрээ-ний 4.3 дахь заалт болон нэхэмжлэлд дурдсан ...Б.Ц нь Чух нуурын дэргэдэх Д ТББ-ын өмчлөлийн хуучин барилгуудыг худалдан авч үл хөдлөх хөрөнгийн үнэ 80,000,000 төгрөгийг оролцуулан 133,300,000 төгрөгийн хүүгүй зээлийг авсан гэх үндэслэлээс харахад Б ХХК-иас зээлийн гэрээний үүргийг шаардах эрх гагцхүү Дорнод аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт байх ёстой. Аль зээлийн гэрээний үүрэг шаарсан нь тодорхойгүй, шаардах эрхтэй этгээд биш. Иймд Д ТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Б ХХК-ийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Д ТББ-д Дорнод аймгийн Д сумын Чух нуурын дэргэдэх үл хөдлөх эд хөрөнгийг Б ХХК-ийн өмчлөлд шилжүүлж өгөхийг даалгуулах сөрөг нэхэмжлэлээ татан авч байна гэжээ.

 4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас 83,100,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д ТББ-д олгож, нэхэмжлэлээс 37,390,000 төгрөгийн шаардлагыг, хариуцагч Ж.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч Б ХХК үл хөдлөх эд хөрөнгийг Б ХХК-ийн өмчлөлд шилжүүлж өгөхийг Д ТББ-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлээс татгалзсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 760,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-иас 573,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д ТББ-д олгож, сөрөг нэхэмжлэлд Б ХХК-ийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зйүлийн 122.1, 122.3-д зааснаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШЗ2023/02918 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 5. Хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40. 1, 40.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх дуусгавар болох, шинэ өмчлөгчид шилжих талаарх Иргэний хуулийн зохих зүйл заалтуудыг үл хэрэглэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Энэ маргааныг шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хяналтын шатны шүүх үндэслэл бүхий байна гэж дүтнэсэн байна.

Анхан шатны шүүх зөвхөн худалдах худалдах авах гэрээ-г голлож, тэр тусмаа хариуцагч Б ХХК нь ...сөрөг нэхэмжлэлээ татан авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурдав. гэсэн дүгнэлтийн эсрэг Нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгө болон бусад дагалдах хөрөнгийг шилжүүлсэн хүсэл зоригийн илэрхийллийг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр гэрээ, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т заасан нийцсэн гэж үзэв гэж ...нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн хөрөнгийг шилжүүлсэн, хариуцагч үл хөдлөх хөрөнгийн хүлээн авч хамтран ажиллах, олсон ашгаа хуваан авахаар тохиролцсон тул худалдан авагч нь худалдан авагчид өөрийн эзэмшил ашиглалтад хүлээн авсан хөрөнгийн үнийг төлөх үүрэгтэй гэж зээлийн гэрээ, хамтран ажиллах гэрээ байгуулах гол нөхцөл болсон үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авах биш худалдан авах хүсэл зоригийн илэрхийллийн талаар буруу дүгнэлт хийж Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэг заасныг үл хэрэгслээ.

Холимог гэрээний аль тохиролцоо биелсэн, аль тохиролцоо нь биелээгүйгээс бусад тохиролцооныхоо биелэлтэд сөргөөр нөлөөлсөн зэрэгт дүгнэлт хийж шаардах эрхийг тодорхойлж эцсийн дүгнэлт гарах ёстой байсныг анхан шатны шүүх хөдөлбөргүй баримтад тулгуурлаж тал бүрээс нь харилцуулан дүгнэлт хийж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тохиролцоог хууль ёсны болгох гэсэн сөрөг нэхэмжлэлээ татан авсныг нэхэмжлэлээс татгалзсан гэж дүгнэчихээд худалдах худалдан авах гэрээ-ний үүргийг худалдан авагч талд хүлээлгэж байгаад гомдолтой байна.

Иймд дээрх бүх зөрчлийг арилгаж байж шийдвэр гаргах нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангах тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар нэг бүрчлэн дүгнэсэн. Тухайлбал, зээлийн гэрээ, хамтран ажиллах гэрээ, худалдах, худалдан авах гэрээ давхар байгуулагдсан холимог гэрээний төрөл гэдгийг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхойлж, дэлгэрэнгүй тайлбарласан. Талууд хоорондоо үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаар харилцан тохиролцсон болохыг тогтоосон. 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот гэрээг байгуулахад үл хөдлөх хөрөнгө бүртгэгдээгүй байсан. Тухайн 80,000,000 төгрөг зөвхөн үл хөдлөх хөрөнгийн үнэ биш хашаа, дагалдах эд хөрөнгүүдийг жагсаалтаар нь хариуцагч компани хүлээж авсан. Энэ талаарх үйл баримтыг анхан шатны шүүх дүгнэсэн учраас төлөх ёстой. Нэхэмжлэгчээс тухайн үнийн дүнг төлбөл өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагч талд шилжүүлэхэд татгалзах зүйлгүй. Гэтэл хариуцагч тал хугацаа хожих зорилгоор ямар нэгэн шалтгаан үүсгэж гомдол гаргасан. Анхан шатны шүүх хуралдаанаар хариуцагч талын хүсэл зоригийг тодруулж энэ талаар дүгнэсэн. Хариуцагч хүсэл зоригоо зөв илэрхийлээд шийдвэр гарсны дараа үндэслэлгүй гомдол гаргасан. Талуудын хооронд байгуулагдсан 04 дугаартай гэрээний дагуу нэхэмжлэл гаргаж, хамтран ажиллах гэрээний талаар нэхэмжлэлд дурдаагүй. Тухайн гэрээний 4.3-д төсөл хэрэгжүүлэгч Б ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр авсан зээл болон үл хөдлөх хөрөнгийн үнэ 133,000,000 төгрөгийг буцааж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлнө гэж заасан.

Ховд аймгийн хөдөлмөр халамжийн газрын даргын албан бичиг хэрэгт авагдсан байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

 1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулав.

 2. Нэхэмжлэгч Д ТББ нь хариуцагч Б ХХК, Ж.Э нарт холбогдуулан 120,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Б ХХК үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

 3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон.

3.1. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон Д ТББ-ын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хэрэгжүүлэх хамтран ажиллах 01 тоот гэрээ байгуулагдаж, гэрээгээр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар 200,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгох, Д ТББ 200,000,000 төгрөгийг 24 сарын дотор эргэн төлөлт хийх хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ. /1хх 49-53/

 3.2. Захиалагч Дорнод аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, гүйцэтгэгч Д ТББ болон төсөл хэрэгжүүлэгч Б ХХК-ийн хооронд 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлээр Дорнод аймгийн Д сумын Чух нуурын амралт сувиллын газар байгуулах төслийн ажил гүйцэтгэх 04 тоот гэрээ байгуулагдаж, гэрээгээр Дорнод аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас батлагдсан төсөвт багтаан санхүүжүүлэх, Б ХХК орон нутгийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн байдлаар төсөл хэрэгжүүлж түр болон байнгын ажлын байр бий болгох, тухайн орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэх үүргийг тус тус хүлээж, төслийн санхүүжилтийн хэмжээ 93,300,000 төгрөг, үүнээс 40,000,000 төгрөг нь Д ТББ-ын хөрөнгө оруулалт байхаар, Д ТББ Б ХХК-д гэрээ байгуулсан өдрөөс хойш 5 хоногт багтаан эхний санхүүжилт 53,300,000 төгрөгийг, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Д ТББ-ын хөрөнгө оруулалт болох 40,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэхээр, Б ХХК 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор авсан зээл, үл хөдлөх хөрөнгийн үнийг оролцуулан 133,300,000 төгрөгийг буцааж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлөхөөр, батлан даагч Ж.Э 56.6 м.кв талбай бүхий орон сууцаар батлан даахаар тус тус харилцан тохиролцжээ. /1хх 5-7/

 3.3. Д ТББ болон Б ХХК-ийн хооронд 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Чухын ахмадын амралт сувиллын төвийг тохижуулж ажиллуулах төслийг хамтарч хэрэгжүүлэх 01 тоот гэрээ байгуулагдаж, гэрээгээр Б ХХК хөрөнгө оруулалт 93,300,000 төгрөгийг Чухын ахмадын амралт сувиллын төвийн хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн засвар тохижилтод зарцуулж, амралт сувиллын төвийн үйл ажиллагаанаас олсон ашгийг оролцуулан 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор авсан зээл, үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнг оролцуулан 133,300,000 төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн дансанд буцааж төлөх үүргийг, Д ТББ газар эзэмших эрхийн гэрчилгээг Б ХХК-д шилжүүлэн авч өгөх, кадастрын зураглал хийхэд зориулан 3,600,000 төгрөг зарцуулах, амралт сувиллын төвийн цэвэр бохир ус, ариун цэврийн байгууламжийг сайжруулах зэрэг засвар тохижилтод зориулан 40,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх үүргийг тус тус хүлээж, эхний хоёр жилд олсон ашгийг бүхэлд нь авсан зээлийг буцааж төлөхөд зориулах, ашгаас албан татварыг хасаад үлдэх цэвэр ашгийг төсөлд хамтран оролцогч хоёр тал тэнцүү хэмжээгээр хувааж авахаар харилцан тохиролцжээ. /1хх 47-48/

 3.4. Нэхэмжлэгч Д ТББ нь хариуцагч Б ХХК-д 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 40,000,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 3,300,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 50,000,000 төгрөг, нийт 93,300,000 төгрөгийг шилжүүлж /1хх 12-13/, 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Чухын амралтын газрын барилга байгууламж, эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн /1хх-179/, хариуцагч Б ХХК нэхэмжлэгчид 50,200,000 төгрөгийг төлсөн үйл баримтууд тогтоогдсон.

 4. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Захиалагч Дорнод аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, гүйцэтгэгч Д ТББ болон төсөл хэрэгжүүлэгч Б ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 04 тоот гэрээгээр захиалагч, гүйцэтгэгч нар нь төсөл хэрэгжүүлэгчид санхүүжилт олгож, төсөл хэрэгжүүлэгч нь авсан санхүүжилтийг буцаан төлөхөөр тохиролцсон агуулгаас үзэхэд уг гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулаагүй байна.

Гэрээгээр хариуцагч Б ХХК нь нийт 93,300,000 төгрөг болон Чухын амралтын газрын барилга байгууламж, эд хөрөнгийг хүлээн авсанаас 53,300,000 төгрөг болон барилга байгууламж, эд хөрөнгийн үнэ 80,000,000 төгрөг, нийт 133,300,000 төгрөгийг буцааж төлөх, үлдэгдэл 40,000,000 төгрөг нь Д ТББ болон Б ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот гэрээний дагуу Д ТББ-ын хөрөнгө оруулалт байхаар талууд тохиролцжээ. Иймд талууд гэрээгээ ажил гүйцэтгэх гэрээ гэж нэрлэсэн хэдий ч уг гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулаагүй, харин зээлийн, худалдах-худалдан авах болон хамтран ажиллах гэрээний шинжийг агуулсан холимог гэрээ гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нь дээрх гэрээний үүргээс зээлийн болон худалдах-худалдан авах гэрээний үүргийг шаардан нэхэмжлэл гаргасан ба харин хамтран ажиллах гэрээний үүргийг шаардаагүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэнэ.

 4.1. Зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б ХХК нь 50,200,000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй тул үлдэгдэл 3,100,000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

4.2. Хариуцагч Б ХХК гэрээний зүйл болох Чухын амралтын газрын барилга байгууламж, эд хөрөнгийг хүлээн авсан акт хэрэгт авагдсан, талууд энэ талаар маргаагүй. Харин хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлээгүй гэсэн үндэслэлээр төлбөр төлөхгүй гэж маргажээ.

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон Д ТББ-ын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан 01 тоот гэрээний 1.6-д санхүүгийн эргэн төлөлтийг бүрэн барагдуулах хүртэл хугацаанд санхүүгийн дэмжлэгээр худалдан авсан бараа, ажил үйлчилгээ нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн өмчлөлд байхаар заажээ.

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ.

Хууль болон гэрээний дээрх заалтаас үзвэл талууд эд хөрөнгийн үнийг төлснөөр өмчлөх эрх шилжихээр тохиролцсон байх тул өмчлөх эрхийг шилжүүлээгүй гэх үндэслэлээр хариуцагч гэрээний дагуу шилжүүлэн авсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлөхөөс татгалзах эрхгүй. Иймд Чухын амралтын газрын барилга байгууламж, эд хөрөнгийн үнэ 80,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй. Шүүх эд хөрөнгийн үнийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв боловч нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болох Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг баримтлаагүй алдааг залруулах нь зүйтэй.

Иймд хариуцагч Б ХХК-аас Чухын амралтын газрын барилга байгууламж, эд хөрөнгийн үнэ 80,000,000 төгрөг, зээлийн гэрээний үүрэг 3,100,000 төгрөг, нийт 83,100,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д ТББ-д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

5.1. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон Д ТББ-ын хооронд байгуулагдсан 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01 тоот гэрээний үүргийг шаардаж Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/00294 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /1хх 54-56/

5.2. Захиалагч Дорнод аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, гүйцэтгэгч Д ТББ болон төсөл хэрэгжүүлэгч Б ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 04 тоот гэрээний гүйцэтгэгч Д ТББ нь төсөл хэрэгжүүлэгчээс гэрээний үүргийг шаардах эрхтэй талаарх баримтыг захиалагч Дорнод аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар шүүхэд ирүүлсэн байна. /1хх-10/

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь шаардах эрх бүхий этгээд биш гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 6. Хэрэгт авагдсан баримтаар хэргийн үйл баримт бүрэн тогтоогдсон, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул анхан шатны шүүх худалдан авах хүсэл зоригийн илэрхийллийн талаар буруу дүгнэлт хийсэн, холимог гэрээнд бүрэн үнэлэлт дүгнэлт хийгээгүй, худалдах-худалдан авах гэрээний үүргийг хариуцагчид хүлээлгэсэн нь үндэслэлгүй гэх агуулгаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 7. Шүүх нэхэмжлэлээс алданги 37,400,000 төгрөг гаргуулах шаардлагыг болон хариуцагч Ж.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийгээгүйг дурдах нь зүйтэй.

 8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2023/01788 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хуулийн гэсний дараа 243 дугаар зүйлийн 243.1 гэж нэмж, 476 дугаар зүйлийн 476.1 гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 643,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 Д.БЯМБАСҮРЭН