Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2020/01890

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     2020 о      05 с      25ө

Дугаар           101/ШШ2020/01890

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, Хэрлэн сум, 9 дүгээр баг, 6 байр, 65 тоотод байрлах, “Д” ТББ /РД:................../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ........................ тоотод байрлах, “Б” ХХК, /РД:5247217/,

Хариуцагч: ................... тоотод оршин суух, Э /РД:ЦГ69110800/ нарт холбогдох, 

 

120,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

үл хөдлөх эд хөрөнгийг Б ХХК-ийн өмчлөлд шилжүүлж өгөхийг нэхэмжлэгчид даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Дагвасүрэн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа, нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Дорнод Монголын нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо” ТББ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Дагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Б ХХКомпанийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Цэнгэл нь 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлээр Дорнод аймгийн Дашбалбар сумын Чух нуурын дэргэдэх Дорнод Монголын нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо” ТББ-ын өмчлөлийн хуучин амралтын барилгуудыг худалдан авч, засаж тохижуулан Ахмадын амралт сувиллын газар байгуулах төсөл хэрэгжүүлэх гэрээг, захиалагч Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Н.Мөнхгэрэл, ерөнхий гүйцэтгэгч Дорнод Монголын нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Дагвасүрэн нартай байгуулж, үл хөдлөх хөрөнгийн үнэ 80,0 сая төгрөгийг оролцуулан бүгд 133,3 сая төгрөгийн хүүгүй зээлийг авсан юм. Төсөл хэрэгжүүлэх зээлийн гэрээг нотариатаар батлуулсан болно. Зээлийн гэрээний 4.2-т заасны дагуу ерөнхий гүйцэтгэгч манай Дорнод Монголын нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо” ТББ өөрийн дансанд Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газраас шилжиж ирсэн мөнгөнөөс үл хөдлөх хөрөнгийн үнэ 80,0 сая төгрөгийг суутган авч, 53.3 сая төгрөгийг Б ХХКГоломт банкан дахь 1205133380 тоот дансанд шилжүүлж өгсөн юм. Төсөл хэрэгжүүлэгч БЭЦХ ХХК-ний хүсэлтийг харгалзан манай Дорнод Монголын нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо” ТББ тус төсөлд өөрийн хөрөнгө оруулалт хэлбэрээр 40,0 сая төгрөгийг БЭЦХ ХХК-д нэмж олгосон болно. Зээлийн гэрээний 4.3-д заасны дагуу төсөл хэрэгжүүлэгч Б ХХКнь авсан зээл 133,3 сая төгрөгийг 2019 оны 9 сарын 20-ны дотор Хөдөлмөр Эрхлэлтийг дэмжих санд буцаан төлөх ёстой. Зээлийг буцааж төлөх хугацаа 90 хоног хэтэрсэн боловч зээлдэгч Б.Цэнгэл гүйцэтгэх захиралтай Б ХХКнь зээлийн нийт төлбөрөөс 83,1 сая төгрөгийг дутуу төлөөд байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцож 90 хоногийн алданги 37,4 сая төгрөг, үндсэн зээлийн эргэн төлөлтийн дутуу 83,1 сая төгрөгийн хамт нийт 120,5 сая төгрөгийг хариуцагч “БЭЦХ" ХХК болон Э нараас гаргуулан өгнө үү.

80,000,000 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг оролцуулан зээл 53,300,000 төгрөг, нийт 133,300,000 төгрөгөөс 50,200,000 төгрөг төлснийг хасаж үлдэх зээл 83,100,000 төгрөг, алдангийг 2019 оны 9 сарын 20-ноос 2019 оны 12 сарын 20-ныг хүртэл 90 хоногоор тооцож 83,100,000*0.5хувь*90хоног, нийт 37,400,000 төгрөг нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү. Дорнод аймгийн Дашбалбар сумын 3-р баг, Чух 571 м.кв талбайтай, амралт сувилал зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Б ХХКэзэмшиж байгаа, мөнгөө төлбөл нэр дээр нь шилжүүлж өгнө. Хэрэгт өгсөн 2018.03.16-ны Чухын ахмадын амралт сувиллын төвийг тохижуулж ажиллуулах төслийг хамтарч хэрэгжүүлэх гэрээ нь тусдаа байгуулсан гэрээ, уг гэрээгээр манайх 40 сая төгрөгийг БЭЦХ ХХК-д өгсөн, уг гэрээний 40 сая төгрөгийг нэхэмжлээгүй, тусдаа асуудал ...” гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэлийн үндэслэлээс харвал “ДМНИБХХ” ТББ нь Б ХХК-д 133,3 сая төгрөг зээлсэн, харин хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй мэт, Б ХХК-д өөрийн “өмчлөл”-ийн хуучин барилгуудыг худалдсан ч юм шиг 2 өөр агуулгатай, үл ойлгогдох нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломж алга байна.

Нэг. Хэрэв хариуцагчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, түүнд тусгагдсан хариуцлагын төрлийг тохирсон тохиролцоо байх ёстой. Гэтэл Б ХХКнь “ДМНИБХХ” ТББ-тай ямар нэгэн зээлийн харилцаа үүсгээгүй, тэднийхээс нэхэмжлэгчид ямар нэгэн мөнгө зээлүүлсэн төлбөрийн баримт байхгүй тул өнөөдөр зээлийн гэрээний үүрэг шаардах эрх “ДМНИБХХ” ТББ-д байх учиргүй юм. Харин нэхэмжлэлд дурдсанчлан 2018 оны 03-р сарын 16-ны өдөр “захиалагч” гэж тодорхойлогдсон Дорнод аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, “ерөнхий гүйцэтгэгч” гэж тодорхойлогдсон “Дорнод Монголын нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо” ТББ, “төсөл хэрэгжүүлэгч” гэж тодорхойлогдсон Б ХХКнарын хооронд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлээр Дорнод аймгийн Дашбалбар сумын Чух нуурын амралт, сувиллын газар байгуулах төслийн ажил гүйцэтгэх гэрээ”-ний Дөрөвдүгээр зүйлийн 4.1-д “Төслийн санхүүжилтийн хэмжээ 93,3 сая төгрөг байна. Үүнээс 40 сая төгрөг нь ДМНИБХХолбоо ТББ-ын хөрөнгө оруулалт байна. ” гэж заасан бөгөөд 4.2 дахь хэсэгт зааснаар “ерөнхий гүйцэтгэгч” л төслийн зээлийг авсан, зээлийн гэрээний үүрэг түүний үүрэг байгаа нь 133,3 сая төгрөгийн асуудал биш, 93,3 сая төгрөгийн асуудал байгааг, түүний дотор 40 сая төгрөг нь нэхэмжлэгч “ДМНИБХХ” ТББ-ын асуудал, түүний хүлээх үүрэг байгааг харуулж байна. Харин үлдсэн 53,3 сая төгрөг нь Б ХХК-ийн асуудал, түүний хүлээх үүрэг байж болохоор байгаа бөгөөд энэ үүргээ хариуцагч Б ХХКүндсэндээ биелүүлчихсэн болохоор хэн нэгний өмнө ямар нэгэн зээлийн гэрээний үүрэг хүлээх ямар ч хууль зүйн үндэслэлгүй тул “ДМНИБХХ” ТББ-ын нэхэмжлэлийн шаардлага ямар ч утгагүй юм.

Хоёр. Хэрэв “ДМНИБХХ” ТББ нь Б ХХК-д өөрийн өмчлөлийн хуучин барилгуудаа худалдсан бол эдгээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн эрх зүйн баримт бичгүүд Б ХХК-ийн нэр дээр байх учиртай. Одоогоор тийм баримт бичгүүд хариуцагчид байхгүй байгаа нь мөн л “ДМНИБХХ” ТББ-ын нэхэмжлэл үндэслэлгүй харуулж байна. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлээр Дорнод аймгийн Дашбалбар сумын Чух нуурын амралт, сувиллын газар байгуулах төслийн ажил гүйцэтгэх гэрээ”-ний Дөрөвдүгээр зүйлийн 4.3-ын “Төсөл хэрэгжүүлэгч Б ХХКнь 2019 оны 9 сарын 20-ны дотор авсан зээл, үл хөдлөх хөрөнгийн үнийг оролцуулан 133,3 сая төгрөгийг буцааж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлнө. ” гэсэн заалт болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан “...Б.Цэнгэл нь Чух нуурын дэргэдэх ДМНИБХХ ТББ-ын өмчлөлийн хуучин барилгуудыг худалдан авч үл хөдлөх хөрөнгийн үнэ 80,0 сая төгрөгийг оролцуулан 133,3 сая төгрөгийн хүүгүй зээлийг авсан юм” гэсэн үндэслэлээс тус тус харахад

Нэг. Б ХХК-иас “Зээлийн гэрээ”-ний үүрэг/хариуцлагын асуудал өөрөөр яригдана/-ийг шаардах эрх гагцхүү Дорнод аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт байх ёстой,

Хоёр. Харин Б ХХКнь “ДМНИБХХ” ТББ-аас 80 саяар худалдаж авсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн эрх зүйн баримт бичгийг Улсын бүртгэлийн албанд хүргүүлэхийг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргах ёстой гэдэг нь харагдаж байна.  Аль зээлийн гэрээний үүрэг шаардаж байгаа нь тодорхойгүй, шаардах эрхтэй этгээд биш. Иймд “Дорнод Монголын нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо” ТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү....”гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхзаяа шүүхэд  ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: “Дорнод Монголын нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо” ТББ-д Дорнод аймгийн Дашбалбар сумын Чух нуурын дэргэдэх үл хөдлөх эд хөрөнгийг Б ХХК-ийн өмчлөлд шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлээ татан авч байна. Бид дараа энэ талаараа нэхэмжлэл гаргана ... “ гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Дорнод Монголын нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо” ТББ хариуцагч Б ХХКхолбогдуулан “2018.03.16-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг үндэслэн үндсэн зээлд 83,100,000 төгрөг, алдангид 37,400,000 төгрөг, нийт 120,500,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Эыг татсан.

 

Хариуцагч тал “зээл өгсөн нь тодорхойгүй, шаардах эрхгүй, аль гэрээний үүрэг шаардаж байгаа нь тодорхойгүй, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн нэр дээр шилжээгүй” гэх үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

“Дорнод Монголын нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо” ТББ байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглахад нутгийн иргэд, малчдын нөхөрлөлийн оролцоог дээшлүүлэх үйл ажиллагаа эрхлэхээр улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

“Дорнод Монголын нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо” ТББ Дорнод аймгийн Дашбалбар сумын 3-р баг, Чух 571 м.кв талбайтай, амралт сувилал зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 2018 оны 3 сарын 22-ны өдөр бүртгүүлсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000423131 дугаартай гэрчилгээ, зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар маргаангүй байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас “хөдөлмөр эхлэлтийн бодлогыг хэрэгжүүлэх замаар ажлын байр шинээр бий болгох, хадгалах, ажлын байрны бүтээмж, орлогыг дээшлүүлж, байнгын тогтвортой ажлын байр бий болгох зорилгоор” 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр “Дорнод Монголын нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо” ТББ-тай “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх хамтран ажиллах гэрээ байгуулж, 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгийг 24 сарын хугацаатай зээлсэн болох нь нэхэмжлэгч талын тайлбар, хэрэгт авагдсан 2017.09.06-ны өдрийн хамтран ажиллах 01 дугаартай гэрээ зэргээр тогтоогдож байна.

 

Уг гэрээний үүргийг биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар “Дорнод Монголын нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо” ТББ болон Д.Түвшинжаргал нарт холбогдуулан 117,469,027 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагч “Дорнод Монголын нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо” ТББ, Д.Түвшинжаргал нар 113,469,027 төгрөгийг нэхэмжлэгч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт төлөхөөр эвлэрсэн болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/00294 дугаартай захирамжаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч “Дорнод Монголын нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо” ТББ Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас авсан дээр дурдсан зээлээсээ 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч Б ХХК, Э нарт 53,300,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, хүүгүй, хугацаа хэтэрвэл хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцон зээлсэн болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлээр Дорнод аймгийн Дашбалбар сумын Чух нуурын амралт, сувиллын газар байгуулах төслийн ажил гүйцэтгэх гэрээ зэргээр тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд “хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлээр Дорнод аймгийн Дашбалбар сумын Чух нуурын амралт, сувиллын газар байгуулах төслийн ажил гүйцэтгэх гэрээ” нэртэй гэрээ байгуулагдсан байх боловч талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна.

 

Дээрх зээлийн гэрээний зээлдэгч тал Б ХХК, Э нар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид байна.

 

Хариуцагч Э зээлийн гэрээ байгуулаагүй гэж маргаж байх бөгөөд энэ нь түүний Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсэгт тус тус заасан хамтран үүрэг гүйцэтгэгчийн хүлээх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч “Дорнод Монголын нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо” ТББ өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох тул хариуцагч Б ХХКболон Э нараас зээлийн гэрээний үүргийг нэхэмжилж байгаа нь хуульд нийцсэн байна.

 

Дорнод аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга Н.Мөнхгэрэл 2018.03.16-нд байгуулагдсан гэрээнд гарын үсэг зурсан хэдий ч уг газрыг гэрээний нэг тал гэж үзэх үндэслэлгүй, гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж үзэх үндэслэл зохигчийн тайлбар, хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдсонгүй.

 

“Дорнод Монголын нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо” ТББ Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас авсан 200,000,000 төгрөгийн зээлээсээ зээлийн зориулалтад нийцүүлэн бусдад зээлэх эрхтэй, зээлсэн зээлээ шаардах эрхтэй тул хариуцагч талын “шаардах эрхгүй” гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ... 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гэрээ байгуулахдаа Дорнод аймгийн Дашбалбар сумын 3-р баг, Чух 571 м.кв талбайтай, амралт сувилал зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 80,000,000 төгрөгөөр тооцож, бэлнээр 53,300,000 төгрөг, нийт 133,300,000 төгрөгийг зээлэхээр тохирсон, уг гэрээний 4.2-т заасны дагуу 80,000,000 төгрөгийг суутган авч, 53,300,000 төгрөгийг бэлнээр шилжүүлсэн... гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасны дагуу зээлдүүлэгч тал болох “Дорнод Монголын нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо” ТББ зээлдэгч Б ХХК-ийн Голомт банкан дахь 1205133380 тоот дансаар нь 2018 оны 03 дугаар сарын 26-нд түүний 3,300,000 төгрөгийг, 2018 оны 04 дүгээр сарын 13-нд 50,000,000 төгрөгийг, нийт 53,300,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, уг зээлийн эргэн төлөлтөд Б ХХК-иас “Дорнод Монголын нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо” ТББ-2019 оны 9 сарын 20-ны байдлаар 50,190,000 төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбар, Голомт банкны орлогын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаангүй байна.

 

Нэхэмжлэгч “Дорнод Монголын нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо” ТББ болон Б ХХК-ийн хооронд “Дорнод аймгийн Дашбалбар сумын 3-р баг, Чух 571 м.кв талбайтай, амралт сувилал зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ”-г бичгээр байгуулаагүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар маргаагүй.

 

Үл хөдлөх эд хөрөнгийг зээлээр худалдах, худалдан авах талаар Иргэний хуулийн 243 дугаар зүйл, 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлд хуульчилсан ба нэхэмжлэгч талын ... үл хөдлөх эд хөрөнгийг оролцуулан зээлийн гэрээ байгуулсан... гэх тайлбар хуульд нийцэхгүй байна.

 

Дээр дурдсанаар зээлийн гэрээний дагуу 80,000,000 төгрөгийг бодитоор шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дуусахад үүрэг гүйцэтгэгч үндсэн зээлд 3,110,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан гэж үзэх үндэслэлтэй байх ба уг үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч нараас 3,110,000 төгрөгийг үндсэн зээлд гаргуулах үндэслэлтэй.

 

Алдангийг гэрээний хугацаа дууссан 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 90 хоногоор бодох үндэслэлтэй ба 3,110,000 төгрөгийг хоногт 0.5%-иар бодоход 15,550 төгрөг, үүнийг 90 хоногоор тооцоход 1,399,500 төгрөг болж байгааг гаргуулах үндэслэлтэй ба үндсэн үүрэг 83,100,000 төгрөгөөс тооцож, илүү нэхэмжилсэн алданги 36,000,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иймд хариуцагч Б ХХК, Э нараас 2018.03.16-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээлд 3,110,000 төгрөг, 2019.09.20-ноос 2019.12.20-ны өдрийг хүртэлх 90 хоногийн алдангид 1,399,500 төгрөг, нийт 4,509,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Дорнод Монголын нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо” ТББ-д олгож, нэхэмжлэлээс зээл, алдангид илүү нэхэмжилсэн 115,990,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Хэргийн 46-р хуудсан дахь хамтарч ажиллах гэрээ болон 12-р хуудсан дахь 40 сая төгрөгийн мөнгөн шилжүүлгийн маягтыг нэхэмжлэгч тал “энэ нэхэмжлэлд хамааралгүй” гэсэн тул дүгнэлт өгөөгүйг дурдав.

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар

 

“Үл хөдлөх эд хөрөнгийг Б ХХК-ийн өмчлөлд шилжүүлж өгөхийг нэхэмжлэгчид даалгах” тухай сөрөг нэхэмжлэлээ хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа татан авах хүсэлт гаргаж байна.

 

Нэхэмжлэгч “Дорнод Монголын нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо” ТББ болон Б ХХК-ийн хооронд “Дорнод аймгийн Дашбалбар сумын 3-р баг, Чух 571 м.кв талбайтай, амралт сувилал зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ”-г бичгээр байгуулаагүй болох нь үндсэн нэхэмжлэлээр тогтоогдсон.

 

Хариуцагч талын “үл хөдлөх эд хөрөнгийг Б ХХК-ийн өмчлөлд шилжүүлж өгөхийг нэхэмжлэгчид даалгах” тухай сөрөг нэхэмжлэлээ “гэрээ байгуулах эсэхийг шийдвэрлэсний дараа гаргана” гэх тайлбар нь үндэслэлтэй гэж дүгнэн, хариуцагч талын сөрөг нэхэмжлэлээ татан авсныг батлах нь зүйтэй.

 

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлээ татан авсан тул сөрөг нэхэмжлэлд Б ХХК-ийг төлөөлж Б.Энхзаяагаас төлсөн 70,200 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас гаргуулан хариуцагч Б ХХК/итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа/-д олгох нь зүйтэй.

 

“Дорнод Монголын нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо” ТББ болон Б ХХКнар “Дорнод аймгийн Дашбалбар сумын 3-р баг, Чух 571 м.кв талбайтай, амралт сувилал зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулах эрх нь нээлттэй байгааг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК, Э нараас 4,509,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Дорнод Монголын нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо” ТББ-д олгож, нэхэмжлэлээс 115,990,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хариуцагч Б ХХК“үл хөдлөх эд хөрөнгийг Б ХХК-ийн өмчлөлд шилжүүлж өгөхийг “Дорнод Монголын нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо” ТББ-д даалгах” тухай сөрөг нэхэмжлэлээ татан авсан болохыг баталсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 760,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК, Э нараас нараас 87,102 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Дорнод Монголын нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо” ТББ-д олгож, сөрөг нэхэмжлэлд Б ХХК-ийг төлөөлж Б.Энхзаяагаас төлсөн 70,200 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас гаргуулан хариуцагч Б ХХК/итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа/-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.БАТЦЭЦЭГ