Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0658/З |
Дугаар | 221/МА2019/0218 |
Огноо | 2019-04-18 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2019/0218
2019 оны 04 сарын 18 өдөр |
Дугаар 221/МА2019/0218 |
Улаанбаатар хот |
“Х” ТББ-ын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийг
хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч “Х” ТББ-ын тэргүүн Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0048 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, М.М нарын давж заалдах гомдлоор, “Х” ТББ-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “Х” ТББ-ын тэргүүн Б.Б 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Сангийн сайдын 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А/299/204 дүгээр хамтарсан тушаалыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг даалгуулах,
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “төлбөрийн хэмжээг усны сав газар тус бүрээр усны экологийн эдийн засгийн үнэлгээг үндэслэн 7.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу холбогдох шийдвэр гаргуулахыг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгуулах,
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Төлбөрийн хэмжээг усны сав газар тус бүрээр усны экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн энэ хуулийн 7.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтооно” гэж заасныг хэрэгжүүлээгүй Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0048 дугаар шийдвэрээр:
“Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 62.2, 66.4, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд “Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Сангийн сайдын 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Журам аргачлал батлах тухай” А-299/204 дүгээр хамтарсан тушаалаар баталсан “Хаягдал усны эзлэхүүн болон бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоох журам”, “Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тооцох аргачлал”, “Ус бохирдуулах аюултай бодисын жагсаалт”-ыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг даалгаж”, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан “...төлбөрийн хэмжээг усны сав газар тус бүрээр усны экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн энэ хуулийн 7.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтооно” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг заалтын дагуу ус бохирдуулсны төлбөрийн хэмжээг тогтоох шийдвэрийн төсөл боловсруулж Засгийн газрын тогтоол гаргуулахыг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгаж” шийдвэрлэжээ.
Гурав. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, М.М нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...1. Шүүх шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-д “Ус бохирдуулах аюултай бодисын жагсаалт”-ыг дурджээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчиж нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй асуудлыг нэмж оруулан шийдвэр гаргасныг хууль бус гэж үзэж байна.
2.Шүүх шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал, төсөл зэргийг шүүхэд ирүүлсэн боловч энэ нь хариуцагч захиргааны байгууллагуудын гаргасан эс үйлдэхүйг зөвтгөх үндэслэл болохгүй”, “...Засгийн газар эдгээр хууль бус эс үйлдэхүйгээ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж хийсвэр үндэслэлээр тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т “Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хууль буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь өөрчлөх эрхтэй” гэж заасныг үндэслэн “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдмагц нэхэмжлэлийн шаардлагад дурдсан журам, хамтарсан тушаалыг боловсруулан захиргааны хэм хэмжээний тухай актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Засгийн газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгах”-аар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0048 дугаар шийдвэрийг өөрчлөн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
1.2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А-299/204 дүгээр тушаалаар баталсан “Хаягдал усны эзлэхүүн болон бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоох журам, мөн тооцох аргачлал”-ыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд дангаар бус Сангийн сайдтай хамтран баталсан, мөн Усны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт дээрх журмыг 2 яам хамтран батлахаар заасан байхад энэхүү журмыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг зөвхөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгаж шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн “Нэг нэхэмжлэлд хэд хэдэн хариуцагч байж болох ба тэдгээр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даан оролцох эрхтэй” гэснийг зөрчиж, хамтран хариуцагчаар Сангийн сайдыг татаагүй;
-уг журмаар “Ус бохирдуулах аюултай бодисын жагсаалт”-ыг батлаагүй байхад шүүхийн шийдвэрт баталсан мэтээр дүгнэж, мөн бүртгүүлэхийг даалгаснаар хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийн “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй” гэснийг зөрчжээ.
2.Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Хаягдал усны эзлэхүүн болон бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоох журам, мөн тооцох аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална”, 7 дугаар зүйлийн 7.2-т “Төлбөрийн хэмжээг усны сав газар тус бүрээр усны экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн энэ хуулийн 7.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтооно” гэсэн зохицуулалтын хүрээнд тус тус батлагдах, эсхүл батлагдсан хэм хэмжээний актуудын үйлчлэх хүрээнээс хамаарч шүүхийн харьяаллыг зөв тодорхойлох шаардлагатай байна.
Тухайлбал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1-д “улсын хэмжээний, эсхүл хоёр болон түүнээс дээш засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд үйлчлэх захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан”-ыг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэхээр заасан байдаг.
Өөрөөр хэлбэл ус бохирдуулах төлбөрийн хэмжээг тогтоохгүй байгаа Засгийн газрын эс үйлдэхүй, мөн энэ талаарх Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж өргөн барихгүй байгаа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны эс үйлдэхүй болон хамтарсан тушаалаар нэгэнт баталсан журмаа захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхгүй байгаа 2 яамны эс үйлдэхүйтэй холбоотой маргаан нь хуулийн дээрх зохицуулалтад хэрхэн хамаарч байгаад, түүнчлэн хэм хэмжээний актыг бүртгүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, бүртгүүлэхийг даалгах шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд шийдвэрлэх боломжтой эсэхэд тус тус дүгнэлт өгөх нь зүйтэй.
3.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас “Ус бохирдуулсны төлбөрийн хэмжээ тогтоох журам батлах тухай” тогтоолын төслийг боловсруулан 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 01/3146 албан бичгээр, ахуйн хэрэглээнээс гарч байгаа хаягдал усны төлбөрийг оруулахгүйгээр дахин “Ус бохирдуулсаны төлбөрийн хэмжээ тогтоох журам батлах тухай” тогтоолын төслийг боловсруулан 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 01/677 албан бичгээр тус тус Засгийн газарт хүргүүлсэн боловч батлан гаргаагүй;
-хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн бичгийн тайлбарт “…одоогийн Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль батлагдсаны дараа холбогдох журмыг боловсруулан Засгийн газарт хүргүүлнэ, өмнөх журамдаа нэмэлт, өөрчлөлт оруулна…” гэснээс үзэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, өргөн мэдүүлэхгүй байгаа эс үйлдэхүй байна уу, эсхүл өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцэн батлахгүй байгаа Засгийн газрын эс үйлдэхүй байна уу гэдгийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тодруулах шаардлагатай.
Нөгөөтэйгүүр ус бохирдуулсны төлбөрийн хэмжээг тогтоох тогтоолын төсөл боловсруулж, Засгийн газарт өргөн мэдүүлэхийг даалгах бус харин энэ талаар Засгийн газрын тогтоол гаргуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгаж буй шүүхийн шийдвэр хэрэгжих бодит боломжтой эсэхийг ч анхаарах нь зүйтэй.
Учир нь энэхүү хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар төлбөрийн хэмжээг Засгийн газар тогтоохоор, гэтэл шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 17-ын өдрийн 6987 дугаар захирамжаар Засгийн газрыг хамтран хариуцагчаар татсан атлаа нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хариуцагчийг зөв тодорхойлолгүйгээр “Засгийн газрын тогтоол гаргуулах”-ыг Засгийн газарт бус Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгасан нь ойлгомжгүй болжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0048 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН