Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/Ма2023/01248

 

2023 06 23 210/МА2023/01248

 

И ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2023/00569 дугаар шийдвэртэй, И ХХК-ийн нэхэмжлэлтэй Ү ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 81,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, хариуцагчийн төлөөлөгч Д.Г, хариуцагчийн өмгөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: И ХХК нь Ү ХХК-тай 2018 ны 09 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан ККС-10 гүүрэн краны угсралт, засвар, үйлчилгээ хийх ажил гүйцэтгэх гэрээ-гээр ККС-10 маркийн 10 тонны гүүрэн краны дутуу тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг нийлүүлэх, угсрах, актаар хүлээлгэн өгөх ажлыг "Ү" ХХК хийж гүйцэтгэх, И ХХК ажлын хөлсөнд 62,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Үүний дагуу урьдчилгаа 37,200,000 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 05, 09 дүгээр сарын 07-ны өдрүүдэд "Ү ХХК-д төлсөн.

Гэтэл Ү ХХК гэрээнд заасан 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр кран угсралтын ажлыг дуусгаж, хүлээлгэн өгөөгүй. Краныг босгохдоо краныг 4 тулгуур дээр нь босгосны дараа краны тэргэнцрийг зам төмөртэй хөдөлгөөнгүй бариулсан байх ёстой технологийг зөрчин дутуу гүйцэтгэсэн, краны тулгуурын доод таваг нэг бүрийг 12 ширхэг боолтоор боож бэхлэх байсныг 4 ширхэг боолтоор боосноос шалтгаалж, дээрх боолтууд гүйцэт чангалаагүй холхих хөдөлгөөнд орж тасран 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 09:40 минут орчимд кран нурж унан, дахин ашиглах, засвар хийх боломжгүйгээр эвдэрсэн.

Ү ХХК-ийн захирал Д.Г газар дээр нь ирж үзээд, тус компанийн хайхрамж, болгоомжгүй үйлдлээс болж кран унасан болохыг зөвшөөрч, урьдчилгаа төлбөрт төлсөн 37,200,000 төгрөг, шинэ кран худалдаж авсан төлбөр 17,000,000 төгрөг, нийт 54,200,000 төгрөгийн 50 хувийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, үлдэгдэл 50 хувийг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулах албан бичгийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өгсөн боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй компанийг хохироож байна.

Дээрх гэрээний 5.1.-д Гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэнэ, 5.4.-д Баталгаат хугацаанд хийгдсэн засвар, үйчилгээний ажилд Захиалагчийн буруутай бус үйлдлээс шалтгаалан доголдол гарсан тохиолдолд өөрийн зардлаар засварлана., 6.1.-д Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйгээс учруулсан хохирлыг гэм буруутай тал нь хохирогч талдаа нөхөн төлөх үүрэгтэй гэж тохиролцсон.

Мөн Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6, 350.1.7-д заасны дагуу Ү ХХК манай компанид учруулсан хохирлоо нөхөн төлөх үүрэгтэй.

Манай компаний үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд А ХХК-иас өргөгч краныг 17,000,000 төгрөгөөр худалдаж авсан.

Алдангийн талаар гэрээний 5.8, 2.4-т зааснаар тохиролцосн бөгөөд энэ хугацаанд угсралтын ажлыг дуусган хүлээлгэж өгөөгүй. Хариуцагч нь төлбөрийн 50 хувийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлнө гэснээс хойш 1037 хоногийн 140,513,500 төгрөгийн алданги /1хоног-135,500 төг/, үлдэгдэл 50 хувийг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төлнө гэснээс хойш 887 хоногийн 120,188,500 төгрөг /1 хоног-135,500 төгрөг/, нийт 260,702,000 төгрөгийн алданги болж байгаа ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 54,200,000 төгрөгийн 50 хувь 27,100,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5, 352 дугаар зүйлийн 352.2.2-д заасны дагуу А ХХК-иас худалдаж авсан өргөгч краны төлбөр 17,000,000 төгрөгийг Ү ХХК төлөх үндэслэлтэй юм.

Иймд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу кран угсруулахаар урьдчилгаанд төлсөн 37,200,000 төгрөг, шинээр худалдаж авсан өргөгч краны төлбөр 17,000,000 төгрөг, алданги 27,100,000 төгрөг, нийт 81,300,000 төгрөгийг Ү ХХК-иас гаргуулахаар нэхэмжилсэн боловч 19,000,000 төгрөг төлсөн тул 62,300,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Манай компани 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ККС-10 маркийн 10 тонны гүүрэн краны дутуу байгаа тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслэлийг угсрах, ажил хийхээр тохирсон байсан юм. Гэрээ байгуулаад үндсэн рамаа босгоод байж байтал хүчтэй цасан болон шороон шуурга болж давагдашгүй хүчин зүйлийн улмаас кран салхинд унасан нь надад хамааралгүй.

Гэрээний 7.1-д зааснаар гэрээний аль нэг тал давагдашгүй хүчин зүйл хүчтэй салхи шуурга болон байгалийн бусад үзэгдэлийн улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлага алданги, торгуулиас чөлөөлөгдөх үндэслэл болно гэсний дагуу алданги төлөх боломжгүй тус компани нь надад актаар уг краныг хүлээлгэн өгөөгүй, манай компаниас 62,000,000 төгрөгийн сэлбэг хийсэн байсан салхи болон шороон шуурганы улмаас унасан гэсэн шалтгаанаар сэлбэгийг буцааж өгөөгүй болно. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч компаниас авсан 37,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг өгсөн, хатги 3,000,000 төгрөг, краны үзүүрийн дамар 2ш*500,000=1,000,000 төгрөгт тооцож, 24,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх 13,000,000 төгрөгийг төлнө бусад төлбөрийг төлөхгүй гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ү ХХК-аас 44,300,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И ХХК олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар И ХХК-иас 379,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Үүринтранс ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 564,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамраалтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

Ү ХХК-иас 44,300,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Манай компани 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний ажлыг хийж дууссаны дараа хүчтэй салхи шуурга болж бид гэрээгээ цуцалж, 2 тийш болсон. Энэ талаар гэрээний 7.1-д зааснаар гэрээний аль нэг тал давагдашгүй зүйл /тухайлбал газар хөдлөлт, үер гал түймэр, халдварт өвчний тархалт хүчтэй салхи шуурга болон байгалийн бусад аюулт үзэгдэл, төрийн байгууллагын шийдвэр, оролцооо гэх мэт/-ийн нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлага /алданги, торгууль/-аас чөлөөлөгдөх үндэслэл болно гэсэн нөхцлүүд мөн Дэлхий нийтэд ковид өвчин гарсан, салхи шуурга болсон байдлыг илтэд үгүйсгэж хариуцагч компанийг маш их өрөнд оруулсанд гомдолтой байна.

2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр А ХХК-иас И ХХК нь худалдах, худалдан авах гэрээгээр өргөгч краныг 17,000,000 төгрөгөөр худалдан авсан нь Үүринтранс ХХК-д ямар ч хамааралгүй, харин нэхэмжлэгч компани өөртөө хөрөнгөтэй болчихоод хариуцагч компанид хамааралгүй төлбөрийг гаргуулсан байгааг хасуулна. Дээрх хоёр компани хоорондоо хийсэн худалдах, худалдан авах гэрээний тал хариуцагч Үүринтранс ХХК биш байхад бусдын гэрээний төлбөрийг хариуцаж төлөх үндэслэлгүй.

Дэлхий нийт ковид өвчинд нэрвэгдсэн цаг хугацаанд мөн салхи шуурга болсон учраас биднээс худалдан авсан краныг угсрах ажиллагаа нь нурж унасан байдаг. Биднийг ажлаа хийгээд дууссан өдөр салхи шуурга болсон. Энэ талаар цаг уурын тодорхойлолтод энэ өдөр 05:20 минтуаас 05:55 минут хүртэл бороо, 10:44 минутаас 11:04 минут хүртэл аадар бороо орж 8 цагт 11.5 мм хур тунадас орсон гэснээс харахад байгалийн гэнэтийн үзэгдэл болсон учраас нэхэмжлэгч мэдэж комисс хуралдуулаад байгалийн үзэгдэл болоогүй гэж шийдвэрлэсэн. Энэ талаар Худалдаа аж үйлдвэрийн танхим дүгнэлт гаргуулаагүй болно.

Урьдчилгаа 37,200,000 төгрөгт ККС-10 тонн гүүрэн кранын рам, кабин хоёр хөл зэргийг барьцаалж үлдсэн, шүүх 44,300,000 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Тухайн үед 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн албан бичигт дурдсанаар 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн салхины дундаж хурд 3 м.сек байсан тул кран унах боломжгүй. И ХХК краныг дахин ашиглах боломжгүй болсон учраас А ХХК-иас 17,000,000 төгрөгөөр кран худалдан авсан. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5, 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасны дагуу хариуцагчаас 17,000,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.8, 6.1-т тус тус заасны дагуу мөн алдангийг төлөх үүрэгтэй.

Хариуцагч Ү ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжилсэн төлбөрийг 2 хувааж төлөх хүсэлтийг ирүүлсэн. 2018 оноос хойш энэ асуудал шийдэгдэхгүй удааширч байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

 1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 2. Нэхэмжлэгч И ХХК нь Ү ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 81,300,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон боловч гэрээ цуцалсанаас учирсан хохирлыг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүйг залруулж өөрчлөлт оруулна.

 4. Талуудын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан ККС-10 гүүрэн краны угсралт, засвар үйлчилгээ хийх ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч буюу хариуцагч Ү ХХК нь ККС-10 маркийн 10,0 тонны гүүрэн краны дутуу байгаа тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг нийлүүлэх, угсрах, актаар хүлээлгэн өгөх, захиалагч буюу нэхэмжлэгч И ХХК нь гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, ажлын хөлс 62,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон, хариуцагч талд гэрээний урьдчилгаанд 37,200,000 төгрөг төлсөн, гэрээний зүйл болох гүүрэн кран 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нурж унасан үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

Харин талууд кран хүчтэй салхи буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас нурж унасан эсэх, кран унаснаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагч төлөх үүрэгтэй эсэх талаар маргасан.

 5. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 6.1. Ажил гүйцэтгэх гэрээний 7.1-д гэрээний аль нэг тал давагдашгүй хүчин зүйл, тухайлбал хүчтэй салхи шуурганы нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлагаас /алданги, торгууль/ чөлөөлөгдөх үндэслэл болно гэж, 7.2-т дээрх давагдашгүй хүчин зүйл бий болсон тухай нотолгоог тухайн орны Худалдаа аж үйлдвэрийн танхим гэрчилнэ гэж тус тус заажээ. Хариуцагч гэрээний дээрх заалтыг үндэслэн хохирол төлөхгүй гэж маргасан бол нэхэмжлэгч хүчтэй салхи шуурганы улмаас кран унаагүй, харин хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас кран унасан тул хохирол төлөх үүрэгтэй гэж мэтгэлцсэн байна.

Хэрэгт Цаг уур, орчны шинжилгээний газрын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 6/118 дугаартай цаг агаарын тодорхойлолт /хх 48-49/, нэхэмжлэгч компанийн ажилтнуудын гаргасан KKC-10 маркийн кран унасан шалтгааныг тогтоосон 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн акт /хх-51/, Мөнх тэнгэрийн ноёд ХХК-ийн хамгаалалтын албаны ажилтан Болдын тодорхойлолт /хх-54/ нотлох баримтаар авагджээ.

М ХХК-ийн хамгаалалтын албаны ажилтан Болдын тодорхойлолтод ... 9:40-д шинээр барьж байсан кран хүчтэй салхинд нурж унасан талаар, Цаг уур, орчны шинжилгээний газрын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 6/118 дугаартай цаг агаарын тодорхойлолтод 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 8-11 цагийн үед салхины дундаж хурд 3-5 м/сек байсан талаар тус тус тодорхойлжээ. Эдгээр нотлох баримтаар гэрээний 7.1-д заасан давагдашгүй хүчин зүйл болох хүчтэй салхи шуурга болсон гэж үзэх үндэслэлгүй бөгөөд гэрээний 7.2-т зааснаар Худалдаа аж үйлдвэрийн танхимын гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ хэрэгт авагдаагүй байна.

KKC-10 маркийн кран унасан шалтгааныг тогтоосон 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн актад KKC-10 маркийн краны тулгуурын тавгийг тэргэнцэртэй нь 12 ширхэг боолтоор боож бэхлэх байсныг 4 ширхэг боолтоор боосон, краныг зам төмөр дээр босгосны дараа краны тэргэнцэрийг зам төмөртэй хөдөлгөөнгүй болгон бэхлэх хэрэгслийг дутуу бариулснаас шалтгаалж, дээрх 4 боолт холхих хөдөлгөөнд орж /гүйцэт чангалаагүй/ тасарсаны улмаас кран унасан гэж дүгнэсэн бөгөөд энэ актыг үгүйсгэсэн баримтыг хариуцагч шүүхэд гаргаж өгөөгүй байна. Иймд кран давагдашгүй хүчин зүйл болох хүчтэй салхи шуурганы улмаас унасан гэх хариуцагчийн татгалзал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул тэрээр хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй.

6.2. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

Гэрээний зүйл болох кран нурж унасны улмаас ашиглах боломжгүй болсон тул нэхэмжлэгч гэрээг цуцалж, учирсан хохиролд урьдчилгаанд төлсөн 37,200,000 төгрөг, дахин худалдан авсан краны үнэ 17,000,000 төгрөг, алданги 27,100,000 төгрөг, нийт 81,300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

6.2.а. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.

Гэрээний зүйл болох кран нурж унасны улмаас ашиглах боломжгүй болж нэхэмжлэгч дахин кран худалдаж авахад 17,000,000 төгрөгийн зардал гаргасан нь хэргийн баримтаар тогтоогдсон бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан хохиролд хамаарах тул хариуцагч компанид хамааралгүй гэх үндэслэлээр уг төлбөрийг хасуулахаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй. Иймд урьдчилгаанд төлсөн 37,200,000 төгрөг, дахин худалдан авсан краны үнэ 17,000,000 төгрөг, нийт 54,200,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

6.2.б. Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1-д зааснаар анз нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга юм.

Гэрээний 5.8-д угсралтын ажлыг гэрээний 2.4-д заасан хугацаанд гүйцэтгээгүй тохиолдолд хоцроосон хоног тутам гэрээгээр хүлээсэн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги захиалагчид төлөхөөр заажээ. Гэрээний зүйл болох кран нурж унаснаар хариуцагч угсралтын ажлыг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсч нэхэмжлэгч гэрээг цуцалжээ. Ийнхүү гэрээ цуцлагдсанаар үүргийн харилцаа дуусгавар болох учир үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх мөн дуусгавар болно. Иймд нэхэмжлэгч нь гэрээний 5.8-д зааснаар алданги шаардах эрхгүй тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлтэй.

Дээрх үндэслэлээр хариуцагч Ү ХХК ажлын хөлс 37,200,000 төгрөг, краны үнэ 17,000,000 төгрөг, нийт 54,200,000 төгрөг төлөхөөс хариуцагчийн төлсөн 19,000,000 төгрөгийг хасч, үлдэх 35,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д олгох нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 7. Гэрээний зүйл устсаны улмаас хариуцагч ажлын үр дүнг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад шүүх гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол захиалагчийн гаргах шаардлагыг зохицуулсан Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2 дахь заалтыг баримталсан нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагчийн нэрийг Үүринтранс гэж буруу бичсэнийг залруулна.

 8. Шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хэрэгсэхгүй болгосон хэсэгт нэхэмжлэгч гомдол гараагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөөгүйг дурдах нь зүйтэй.

 9. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2023/00569 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад 232.4 гэснийг 232.6 гэж, 352 дугаар зүйлийн 352.2.2 гэснийг 355 дугаар зүйлийн 355.1 гэж, Ү гэснийг Ү гэж, 44,300,000 гэснийг 35,200,000 гэж, 18,000,000 гэснийг 46,100,000 гэж,

2 дахь заалтад 379,450 гэснийг 333,950 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 379,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 Д.БЯМБАСҮРЭН