Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/ма2023/01227

 

 

 

 

 

 

 

 

2023 06 21 210/МА2023/01227

 

 

Б.Х ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 104/ШШ2023/00215 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Х ийн хариуцагч Н д холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт баталгаажилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Б.Х хариуцагч Н д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 104/ШШ2022/00339 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2022/01593 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 001/ШХТ2022/01195 дугаартай нийт шүүгчдийн хуралдааны тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж, Н ийн амбулаторийн тасгийн БЗДХ, ДОХ кабинетийн эмчээр эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг олгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн бичилт хийлгэх шийдвэр гарсан. Хариуцагч тал шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгчийг 2023 оны 01 дүгээр сарын 13 өдөрт ажилд томилсон. 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 104/ШШ2022/00339 дугаар шийдвэр гарснаас хойш 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хугацааны 140 хоногийн цалингийн олговор 9,629,760 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. Иймд Б.Х ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Б.Х нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Б.Х нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 104/ШШ2022/00339 дугаартай шийдвэр гарснаас хойш 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу ажиллах хүсэлт гаргаж, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тус Эрүүл мэндийн төвийн даргын тушаалаар ажилд томилогдсон. Б.Х нь Эрүүл мэндийн төвтэй харилцан зөвшилцөж цалингийн нөхөн олговор авахын оронд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст өргөдөл гаргаж, ажилгүй байсан хугацааны 7,497,456 төгрөгийг гаргуулсан. Б.Х нь 7,497,456 төгрөгөөс шимтгэл суутгуулаагүй бүхэлд нь төлбөрийг авсан. 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааг эдийн засгийн кальендараар бодож үзэхэд 137 хоног байгаа. Өмнөх шүүхийн шийдвэрт 6 дугаар сард ажилласан 16 хоногийн цалинг тооцуулж авсан учраас 109 хоног болж байгаа. Харин ажилд орсноос хойших хугацааг тооцвол 06 дугаар сард 4 хоног, 07 дугаар сард 16 хоног, 8 дугаар сард 23 хоног, 09 дүгээр сард 22, 10 дугаар сард 21, 11 дүгээр сард 21, 12 дугаар сард 21 хоног ажилласан гэж тооцож, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс ажилд орсон хугацааны 13 хоног, 22 хоногийн 9 хоног нь нэмэгдэж, нийт 137 хоног болж байгаа юм. Тэгэхээр нийт ажилласан хугацаа нь 137 хоног байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын А/192 дугаартай тушаалаар дундаж цалин хөлсийг тодорхойлох журмыг хавсралтаар баталж, дагаж мөрдсөн. Уг журмын 2.2-т илүү цаг, шөнийн цаг, 7 хоногийн амралтын өдөр, нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтны цалин, нэмэлт хөлсийг дундаж цалин хөлсөөр тодорхойлохдоо ажилтны сүүлийн 3 сар ажилласан цалингийн дунджаар тооцно. Энэ тохиолдолд дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд нэмэгдэл хөлс болон нэг удаагийн шинжтэй шагнал, урамшууллыг оруулахгүй байж болно гэж заасан. Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоноор нэмэгдэл хөлсийг тооцох, дундаж цалин хөлсөнд нэг удаагийн нэмэгдэл хөлс болон байнгын шагнал урамшууллыг оруулж болно гэж заасан байна. Б.Х ийн 10, 11, 12 дугаар сард ажилласан цалингийн дундаж хугацааг бодож үзвэл үндсэн цалин 842,000 төгрөг, онцгой нэмэгдэл, мэргэжлийн зэргийн нэмэгдэл зэргийг оруулж тооцоод 52,167 төгрөг болж байна. Үүнийг ажилласан 137 хоногт үржихэд 7,146,879 төгрөг гарч байгаа юм. Гэтэл Б.Х ийн бодсон 10, 11, 12 дугаар сарын цалингийн тооцооллыг харахад сарын дундаж цалин 1,445,100 төгрөг, нэмэгдэл цалин, урамшуулал 290,000 төгрөг, улирлын үр дүнгийн мөнгөн урамшуулал 168,540 төгрөг, нэмэгдэл хөлс 588,000 төгрөгийг хасаж дундаж цалин хөлсийг бодох боломжтой болж байгаа юм. Тэгэхээр 7,146,879 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч байгаа, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н өөс ажилгүй байсан хугацааны цалингийн олговор 9,629,760 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Х т олгож, олговор 9,629,760 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган бичилт хийхийг хариуцагч Нийслэлийн Н д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170,127 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагч талаас 170,127 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Ажилгүй байсан хугацааны хувьд 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх ажиллавал зохих хоногийг тооцож үзвэл ажлын 109 хоног, 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс ажилд томилогдсон 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх ажиллавал зохих хоногийг авч үзвэл 137 хоног байгаа. Үүнийг задалж авч үзвэл 2022 оны 01 дүгээр сард ажлын 11 хоног, 02 дугаар сард ажлын 17 хоног, 03 дугаар сард ажлын 22 хоног, 04 дүгээр сард ажлын 21 хоног, 05 дугаар сард ажлын 22 хоног, 06 дугаар сард ажлын 20 хоногийн 16 хоног буюу нийт 109 хоног ажилласан. Мөн 2022 оны 06 дугаар сард 20 хоногийн 4 хоног, 07 дугаар сард 16 хоног, 08 дугаар сард 23 хоног, 09 дүгээр сард 22 хоног, 10 дугаар сард 21 хоног, 11 дүгээр сард 21 хоног, 12 дугаар сард 21 хоног нийт 128 хоног ажилласан. 2023 оны 01 дүгээр сард 22 хоногийн 9 хоног ажилласан. Дээрх ажилласан хоногийг нэгтгэн дүгнэвэл 137 хоног ажилласан байна. Уг байдлаас авч үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэрээр 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх цалингийн нөхөн олговор авахдаа 2022 оны 06 дугаар сард ажиллавал зохих 20 хоногоос ажлын 16 хоногийг ажилгүй байсан 109 хоногтоо оруулан тооцож, цалингийн нөхөн олговор болох 7,497,456 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар гаргуулан авсан. Иймд 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс ажилд томилогдох хүртэл хугацааны одоогийн нэхэмжлэлд 2022 оны 06 дугаар сард ажиллавал зохих 20 хоногоос 16 хоногийн цалинг бодож авсан тул ажлын үлдэх 4 хоногийг оруулан тооцсон учраас 141/шүүхээс 1 хоногийг хассан/ биш 137 хоног тооцогдож байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрээс 3 хоногийн 206,352 төгрөгийг нэхэмжлэлээс хасуулах хүсэлтийг гаргаж байна гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын шүүхэд ирүүлсэн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Учир нь ажилтны урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож шийдвэрлэхдээ шийдвэр гарсан өдрөөр буюу 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон цалин хөлсийг тооцсон. Харин 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 00215 дугаар шийдвэрээр уг хугацаанаас хойш /2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр/ хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн тул 2022 оны 06 дугаар сард ажиллавал зохих хоногийн цалинг давхардуулан олгосон гэх үндэслэл байхгүй. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангасан хэмжээнд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Н д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 7,146,879 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

3. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 104/ШШ2022/00339 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2022/01593 дугаартай магадлалаар Б.Х ийг Н ийн амбулаторийн тасгийн БЗДХӨ-ний кабинетийн эмчээр ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 7,497,456 төгрөгийг хариуцагч Н өөс гаргуулж шийдвэрлэсэн ба Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 001/ШХТ2022/01195 дугаартай тогтоол гарснаар шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх9-12, 13-15, 16/

4. Хариуцагч Н дээрх шүүхийн шийдвэр, магадлалыг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр биелүүлсэн болох нь тус компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/34 дугаар тушаалаар тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй болно. /хх-4/

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Х нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс ажилд томилсон тушаал гарсан 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагч Н өөс шаардах эрхтэй.

6. Дээр дурдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт ажилтны нэг өдрийн цалин хөлсийг 68,784 төгрөг гэж тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан дахин нотлох шаардлагагүй үйл баримт болно.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг тооцохдоо нийт ажлын өдрийг буруу тооцсон алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой. Энэ талаарх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсэг үндэслэлтэй.

7.1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-т Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно:

Мөн журмын 2.3.5-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор гэж журамлажээ.

7.2. Нэхэмжлэгч Б.Х ийн ажилгүй байсан хугацааг тооцвол 2022 оны 06 дугаар сард ажлын 6 өдөр, 07 дугаар сард ажлын 16 өдөр, 08 дугаар сард ажлын 23 өдөр, 09 дүгээр сард ажлын 22 өдөр, 10 дугаар сард ажлын 21 өдөр, 11 дүгээр сард ажлын 21 өдөр, 12 дугаар сард ажлын 21 өдөр, 2023 оны 01 дүгээр сард ажлын 8 өдөр, нийт ажлын 138 өдөр ажилласан байна.

7.3. Иймд ажилгүй байсан хугацааны 138 өдрийн олговрыг нийт 9,492,192 төгрөг /68,784 төгрөг х 138 хоног/-ийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.

8. Анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны олговроос тооцож нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

9. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт үнийн дүнгийн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 104/ШШ2023/00215 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 9,629,760 гэснийг 9,492,192 гэж,

2 дахь заалтын 170,127 гэснийг 166,825 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 170,127 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Д.ЦОГТСАЙХАН