Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 00901

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, шүүгч Б.Хишигдаваа, Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: 1981 онд төрсөн, 35 настай, эмэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 7 дугаар байрны 41 тоотод оршин суух, Онход овгийн Баатарын Оюунбилэгийн /регистийн дугаар РГ81032009/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1979 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг, 3 дугаар байрны 23 тоотод оршин суух, Заамуу овгийн Бадрахын Эрдэнэ-Очирт холбогдох, “Гэм хорын хохирол 40,263,487 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

                       Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Оюунбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагч Б.Эрдэнэ-Очир, хариуцагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Эрдэнэ-Очир нь 2014-02-08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт 71-15 ОРО улсын дугаартай Верна маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж иргэн Ю.Баярмөнхийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн юм. Энэ хэрэг нь 3 шатны шүүхээр дамжин удаа дараа шийтэгдэж байсан боловч хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж, талийгаачийн авч байсан цалин хоёрын зөрүүг шийдээгүй орхисон юм. Талийгаач Ю.Баярмөнх нь нас барах үедээ Эрдэнэт үйлдвэр ХХК-д белазын жолоочоор ажиллаж байсан бөгөөд сүүлийн 3 сарын дундаж цалин нь 3,471,058 төгөрг болох нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар нотлогдож байгаа юм. Харин талийгаачийн насанд хүрээгүй 3 хүүхдэд сар бүр 587,701 төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэмж олгохоор шийдвэрлсэн байдаг юм. Цалинг гэр бүлийн 5 гишүүнд хуваахад 1 хүнд 694,321 төгрөг олгогдож байгаа бөгөөд /3,471,059:5=694,211/ 3 хүүхдэд /694,211*3=2,082,635/ төгрөгийн цалин оногдож үүнээс 587,701 төгрөгийн тэтгэмжийг хасвал /2,082,635-587,701/ зөрүү нь сард 1,494,934 төгрөг болж байна.

Талийгаачийг нас барсан өдрөөс хойш том охин Б.Анхзулыг 18 нас хүртэлх хугацааны цалин тэтгэмжийн зөрүү нь 2015-02-12- ныг хүртэл /1,494,934*12=017,939,208 төгрөг/ байна. Харин 2015-02-12-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацааны талийгаачийн авч байсан цалингийн насанд хүрээгүй 2 хүүхдэд оногдох хэсэг нь /694,211*2=1,388,422 төгрөг/ бөгөөд үүнээс тэтгэмжийнг хасвал /1,388,422-607,701=780,721 төгрөг/ юм. Энэ зөрүүг өнөөдрийг хүртэл буюу 12 сараар тооцвол 780,721*12=9,368,652 төгрөг юм. Нийтдээ одоо Б.Эрдэнэ-Очироос нэхэмжилж байгаа цалин тэтгэмжийн зөрүү нь 17,939,208-9,368,652= 27,307,860 төгөрг юм. Иймд Б.Эрдэнэ-Очироос энэ мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Б.Оюунбилэг би Б.Эрдэнэ-очирт холбогдуулан талийгаач нөхөр Ю.Баярмөнхийн нас барахаас өмнө авч байсан цалин болон хүүхдүүдэд минь тогтоогдсон тэжээгчээ алдсны тэтгэмжийн зөрүү болох 27.307.860 төгрөгийг нэхэмжилсэн билээ. Одоо шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нилээд хугацаа өнгөрч, бас тэтгэмжийн хэмжээнд өөрчлөлт орсон тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

            Талийгаач нөхөр маань Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Автотээврийн байгууллагад белазын жолоочоор байсан юм. Цалин ерөнхийдөө өндөр бөгөөд нас барахаас нь өмнөх 3 сарын цалингийн дундаж нь нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэнээр 3.471.058 төгрөг юм. Нөхөр маань 2014 оны 2 сарын 8-нд осолд орж нас барсан бөгөөд энэ оны 1 дүгээр сард 4.425.478 төгрөг, 2013 оны 12 дугаар сард 3.256.741 төгрөг, 11 дүгээр сард 2.730.960 төгрөгийн цалин авсан байх бөгөөд сард дунджаар 2.730.960+3.256.741+ 4.425.478=10.413.179 төгрөг:3 сар= 3.471.059 төгрөг сард авч байсан байна. Бид ам бүл 5-уулаа байсан бөгөөд насанд хүрээгүй 3 хүүхэдтэй байсан. Талийгаачийн сарын дундаж цалингаас талийгаачид өөрт нь болон өөртөө оногдох хэсгийг хасаад 3 хүүхдэд оногдох хэсгийг тооцвол 3.471.059:5 ам бүл=694.211 төгрөг нэг хүүхдэд оногдох хэсэг х3 хүүхэд=2.082.633 төгрөг. Үүнээс 2014 оны 2 дугаар сараас эхлэн өгч байгаа тэтгэмжийг хасаж зөрүүг тооцвол:

1,2 сард 2.082.633-440.775=1.641.858 төгрөг

2,3 сард 2.082.633-587.701=1.494.932 төгрөг

3,4 сард 2.082.633-607.701=1.474.932 төгрөг

4,5 сард 2.082.633-607.701=1.474.932 төгрөг

5,6 сард 2.082.633-587.701=1.494.932 төгрөг

6,7 сард 2.082.633-588.000=1.494.633 төгрөг

7,8 сард 2.082.633-587.701=1.474.932 төгрөг

8,9 сард 2.082.633-587.701=1.494.932 төгрөг

9,10 сард 2.082.633-587.701=1.494.932 төгрөг

10,11 сард 2.082.633-587.701=1.494.932 төгрөг

11,12 сард 2.082.633-587.701=1.494.932 төгрөг

2015 оны цалин, тэтгэмжийн зөрүүг тооцвол:

1,1 сард 2.082.633-587.701=1.494.932төгрөг

2,2 сард 2.082.633-587.701=1.494.932төгрөг

3,3 сард 2.082.633-627.701=1.454.932 төгрөг

4,4 сард 2.082.633-607.701=1.474.932 төгрөг

5,5 сард 2.082.633-607.701=1.474.932 төгрөг

6,6 сард 2.082.633-607.701=1.474.932 төгрөг

7,7 сард 2.082.633-605.000=1.477.633 төгрөг

8,8 сард 2.082.633-607.701=1.474.932 төгрөг

9,9 сард 2.082.633-605.000=1.477.633 төгрөг

10,10 сард 2.082.633-607.701=1.474.932 төгрөг

11,12 сард 2.082.633-607.701=1.474.932 төгрөг

2016 оны цалин, тэтгэмжийн зөрүүг тооцвол:

1,1 сард 2.082.633-607.701=1.474.932 төгрөг, 2,2 сард 2.082.633-607.701=1.474.932 төгрөг, 3,3 сард 2.082.633-607.701=1.474.932 төгрөг, 4,4 сард 2.082.633-607.701=1.474.932 төгрөг, 5,5 сард 2.082.633-500.005=1.582.628 төгрөг

Том охин Анхзул маань 2016 оны 5 сарын 12-нд 18 нас хүрээд тэтгэмжээс хасагдаж 6 сараас эхлээд 2022 он хүртэл сар бүрийн тэтгэмж 440.775 төгрөг болж буурсан. Тэгэхээр 2 хүүхдэд оногдох цалин тэтгэмжийн зөрүү нь 694.211х2=1.388.422-440.775=947.647 төгрөг юм.

Бүгд: 28 сарын цалин тэтгэмжийн зөрүүд 40.263.487 төгрөг нэхэмжилж байна. Цаашид 2022 оны 7 сар хүртэл тэтгэмж олгох хугацааг сунгасан тул Б.Эрдэнэ-очироос цалин тэтгэмжийн зөрүүд сар бүр 947.647 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү,

            Би Эрдэнэ-очирт үнэхээр их гомдож байна. Гэр бүлээрээ найзлаж нөхөрлөж, үй зайгүй явцгааж байгаад нөхрийн минь амь насыг хохироочихоод өдий хүртэл энэ асуудлыг шийдвэрлэхгүй гэж амь тэнцэн зүтгэсээр 2 жил 4 сарыг өнгөрүүлжээ. Миний нэхээд байгаа цалингийн хэмжээг зөвшөөрөхгүй байж болно. Гэхдээ зөвшөөрөөд байгаа хэмжээгээрээ эсвэл түүнээс багыг ч гэсэн сэтгэлээсээ ‘’найзад нь энэ л байна, авч бай’’ гээд өгөөд явж байж болоогүй юм бол.. Би худал бичиг баримт бүрдүүлж илүү мөнгө авах гээгүй. Нөхрийнхөө авч байсан цалинг нийгмийн даатгалын дэвтэрт бичсэнийг үндэслээд л нэхэж байгаа. Ингэж нэхэх хуулийн үндэстэй гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшууллаас бүрдэнэ гэж заасан байдаг. Мөн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508-т төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлсний дунджаар тогтооно гэжээ. Тэгвэл нөхрийн минь авч байсан цалин хөлсний дунджийг яаж тооцох вэ гэхээр нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 сарын 5- ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин тодорхойлох журамын 7.А-д хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно гэсэн байна. Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасны дагуу энэ цалин тэтгэмжийг гаргуулах хууль зүйн үндэслэл нь гэм хор буюу хохирол учирсан байх явдал болов уу. Нөхөр маань нас барж хүүхдүүд минь тэжээгчээсээ хагацасныг би хохирол юутай зүйрлэшгүй хохирол гэж үзэж байна. Иймд миний нэхэмжлэлийг шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Эрдэнэ-очир би нэхэмжлэгчийн гаргасан сүүлийн 3 сарын дундаж цалин 3.471.058 төгрөгнөөс нөхөн төлбөр гаргуулахыг зөвшөөрөхгүй байна. Шалтгаан нь: нийгмийн даатгалын дэвтэрт цалин нь бохир цалин бөгөөд 2014 оны 1 сарын цалин, 13 дахь сарын цалин болох 2.203.074 төгрөгийн хамт бичсэн юм.  Ийм учраас цалингийн дундаж маш өндөр 4.425.478 төгрөг гарсан. 13 дахь сарын цалин бол бүтэн жилийн эцсийн үр дүнгийн урамшуулал юм. Иймд 13 дахь сарын цалинг бүтнээр нь оролцуулахгүй бодит цалингаас бодохыг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Эрдэнэ-очир би нэхэмжлэгч Оюунбилэгийн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснийг эс зөвшөөрч байна. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн гаргаж өгсөн сүүлийн 3 сарын дундаж цалин болох 2.401.918 төгрөгнөөс тооцож нөхөн төлбөрийг бодохыг зөвшөөрч байна гэжээ.

                                                  ҮНДЭСЛЭХ нь:

              Нэхэмжлэгч Б.Оюунбилэг нь хариуцагч Б.Эрдэнэ-Очироос гэм хорын хохирол тэжээгчээ алдсаны цалин тэтгэмжийн зөрүү 27.307.890 төгрөг гаргуулах, гэм хор учруулсны төлбөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 40,263,487 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

            Хариуцагч Б.Эрдэнэ-Очир  нь  2014 оны 2 дугаар сарын 08-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сум, Оюут багийн нутаг дэвсгэрт 71-15 ОРО улсын дугаартай Верна маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гарган замын хажуугийн гэрлийн шонг мөргөж машин дотор сууж явсан иргэн Ю.Баярмөнхийн амь насыг хохироосон байна.

            Хариуцагч Б.Эрдэнэ-Очир нь энэхүү гэмт хэрэгтээ Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэрэгийн анхан шатны шүүхийн 2015-08-06-ны өдрийн 32А дугаартай шийтгэх тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар Б.Эрдэнэ-очирын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч,3 жил 6 сарын хорих ялаар шийтгэсэн байх бөгөөд Булган,Орхон,Хөвсгөл амйгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2015-10-21-ний өдрийн 101 дугаартай магадлалар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан байна.

            Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2015-12-16-ны өдрийн 369 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.Эрдэнэ-Очирт холбогдох хэргийг шүүх хуралдааны шатнаас эхлэн хэлэлцүүлэхээр Сум дундын 14 дүгээр шүүхэд буцаажээ.

            Хариуцагч Б.Эрдэнэ-Очир нь тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж  иргэн Ю.Баярмөнхийн амь насыг хохироосон гэм буруутай болох нь тогтоогдсон талууд энэ талаар маргаан байхгүй байна.

            Талийгаач Ю.Баярмөнх, нэхэмжлэгч Б.Оюунбилэг нар нь 2002-08-01-ний өдөр гэр бүл болж,2003-08-26-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн.Б.Оюунбилэг нь талийгаач Ю.Баярмөнхийн хууль ёсны эхнэр байх бөгөөд Б.Эрдэнэ-Очирт холбогдох Эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон, мөн гэм хорын хохирлыг арилгуулахаар иргэний журмаар нэхэмжлэл гаргасан нь үндэстэй байна.

            Нэхэмжлэгч Б.Оюунбилэг нь талийгаач нөхөр Ю.Баямөнхтэй хамтран амьдрах хугацаанд 1997-05-12-нд охин Б.Анхзул, 2003-07-31-нд охин Б.Хонгорзул, 2010-06-29-нд хүү Б.Төгөлдөр нарыг төрүүлсэн байна.

            Хохирогч Ю.Баянмөнх 2014 оны 2 дугаар сарын 08-ны өдөр зам тээврийн осолд орж нас барсан байх ба талийгаачийн эхнэр өв залгамжлагч Б.Оюунбилэг нь Иргэний хуулийн  508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хохирогчийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсаны төлбөрийг шаардах эрхтэй байна.

            Нэхэмжлэгчийн хүүхдүүд болох 1997-05-12-нд төрсөн Б.Анхзул, 2003-07-31-нд төрсөн охин Б.Хонгорзул, 2010-06-29-нд  төрсөн хүү Б.Төгөлдөр нарт 2014-02-08-ны өдөр тэжээгчээ алдсаны тэтгэвэр сард 587.701 төгрөгөөр тогтоогдсон байна.

Үүнээс 1997-05-12-нд төрсөн Б.Анхзул нь 2015-05-12-нд насанд хүрсэнээр тэтгэмж авах эрх дуусгавар болж, Б.Хонгорзул,Б.Төгөлдөр нарын 2 хүүхэд тэтгэмж авах болжээ.

             Нэхэмжлэгч нь “талийгаач Ю.Баярмөнхийг нас барах үедээ Эрдэнэт үйлдвэр ХХК-нд белазын жолоочоор ажиллаж байсан бөгөөд сүүлийн 3 сарын дундаж цалин нь 3.471.058 төгрөг болох нь түүний нийгмийн даатгалын дэвтрээр батлагдаж байна” гэж үзэн цалин тэтгэмжийн зөрүүг 1.494.934 төгрөг гэж тооцон нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа нэмэгдүүлэн 28 сарын цалин тэтгэмжийн зөрүүд 40.263.487 төгрөг, цаашид 2022 оны 7 сар хүртэл тэтгэмж олгох хугацааг сунгасан гэж үзэн хариуцагч Б.Эрдэнэ-Очироос цалин тэтгэмжийн зөрүүд сар бүр 947.647 төгрөг олгуулахыг шаардсан болно. Харин хариуцагч энэхүү тооцоог хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Хариуцагч  “...сүүлийн 3 сарын дундаж цалин 3.471.058 төгргөөс нөхөн төлбөрийг гаргуулахыг зөвшөөрөхгүй байна.Шалтгаан нь нийгмйин даатгалын дэвтэрт цалин нь бохир цалин бөгөөд 2014-01-р сарын цалин,13 дахь сарын цалин болох 2.203.074 төгрөгийг хамт бичсэн юм. Ийм учраас цалингийн дундаж маш өндөр 4.425.478 төгрөг гарсан. 13 дахь сарын цалин бол бүтэн жилийн эцсийн үр дүнгийн урамшуулал юм. Иймд 13 дахь сарын цалинг бүтнээр оролцуулахгүй бодит цалингаас бодохыг зөвшөөрч байна” гэж тайлбарлаж байна.

            Шүүх цалин тэтгэмжийн зөрүүг бодохдоо хариуцагчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 12 сарын цалингийн дундажаар тооцож сарын 2.842.852 төгрөг болсоныг гэр бүлийн гишүүн  5 гишүүнд хуваахад нэг хүнд 568.570 төгрөг олгогдож байгаа бөгөөд / 2.842.852 : 5=568.570, 2 хүүхдэд / 568.570х2=1.137.140 оногдож үүнээс тэтгэмжийн дэвтэрт бичигдсэн сүүлд тогтоогдсон тэтгэмж 460.775  төгрөгийн тэтгэмжийг хасаж /1.137.140-568.570/ цалин, тэтгэмжийн зөрүүг 676,366 төгрөгөөр тогтоох нь зүйтэй  гэж дүгнэлээ.  

            Иймд 1997-05-12-нд төрсөн Б.Анхзул,2003-07-31-нд төрсөн охин Б.Хонгорзул,2010-06-29-нд  төрсөн хүү Б.Төгөлдөр нарт цалин тэтгэмжийн зөрүү 676.366 төгрөгийн төлбөр тогтоож сар бүр гаргуулан 18 нас хүртэл нь олгох,2014-02 сараас 2016 оны 6 сар хүртэл 28 сараар тооцож 18.938.248 төгрөг нөхөн гаргуулах / 676.366х28 /, том охин Б.Анхзулыг 18 нас хүртэл хугацааны цалин тэтгэмжийн зөрүү 676.366 х 15 сар =10.145.490 төгрөг гаргуулах үндэстэй байна. Харин 18 нас хүртэл төлөх цалин тэтгэмжийн зөрүүг урьдчилан нэг дор тооцож гаргуулах үндэсгүй байна.

            Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118  дугаар зүйлд заасаныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

Монгол  Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д заасныг баримтлан 2003-07-31-нд төрсөн охин Б.Хонгорзул, 2010-06-29-нд  төрсөн хүү Б.Төгөлдөр нарт цалин тэтгэмжийн зөрүү 676.366 төгрөгийн төлбөрийг сар бүр гаргуулж 18 нас хүртэл нь олгосугай.
 Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасныг баримтлан  нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Б.Эрдэнэ-Очироос 144,860 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.
Энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдний хууль ёсны төлөөлөгч  буюу өмгөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл   гардаж авсанаас хойш 14 хоногийн   дотор Орхон  аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                       Б.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧИД                                       Р.ҮҮРИЙНТУЯА

                                                        Б.ХИШИГДАВАА