Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01305

 

 

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01305

 

 

А банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2023/02298 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б-, В- нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 402,308,368 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангэрэл, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Гомбодорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Б-, В- нартай 374 тоот орон сууцны зээлийн гэрээ байгуулж 390,600,000 төгрөгийг 180 сарын хугацаатай, жилийн 12 хувийн хүүтэйгээр олгосон. 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 374/01 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан зээлийн гэрээний хугацааг 18 сараар сунгаж, жилийн хүүг 8 хувьд шилжүүлсэн.

Зээлдэгч нар нь 2018 оны 08 дугаар сараас эхлэн зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн. Зээлдэгч нь хамгийн сүүлд 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 89,800 төгрөгийн зээлийн авто төлөлт хийгдсэн ба банкинд зээлийн зөрчилөө арилгах, хугацаа олгох хүсэлтийг тавьсаар ирснийг банк хүлээн авч, нэмэлт хугацаа олгож байсан.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлд 80,571,028 төгрөг, хүүнд 181,115,129 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 47,186 төгрөг, нийт 261,733,343.97 төгрөг төлсөн.

Иймд орон сууцны зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч нараас үндсэн зээл 310,028,971.85 төгрөг, үндсэн хүү 91,128,053.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,152,343.02 төгрөг, нийт 402,308368.11 төгрөг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга: 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр А банк ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, орон сууц авах зорилгоор 390,600,000 төгрөгийг зээлдэхээр болсон. Уг мөнгө хариуцагч нарын данс руу ороогүй, П ХХК-ийн данс руу орсон. Уг мөнгөөр бид П ХХК-ийн барьж байсан Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Нүхтийн зам-4, *** тоотод байрлах 150 м.кв талбай бүхий орон сууцыг захиалсан.

Зээл авах үед орон сууцыг барьж байсан П ХХК нь А банк ХХК-тай батлан даалтын гэрээ байгуулж, орон сууц ашиглалтад орсоны дараа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг зээлдэгч нарын нэр дээр гарсаны дараа бид банктай барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх хүртэл зээлийн гэрээний үүргийн батлан даах байсан. Гэтэл одоо болтол гүйцэтгэгч П ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөөгүй зээлдэгч нарыг хохироож байна. А банк энэ байдлыг мэдсээр байж зээлийн гэрээний үүрэг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. П ХХК-аас одоог хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Б- нарын нэр дээр гарган өгөх, буцаан барьцаалах үүргээ хэрэгжүүлээгүй, зээлийн төлбөрийг батлан даалт гаргасан байхад П ХХК-аас батлан гэрээний үүргийг шаардахгүй байна.

Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн хүүг 8 хувь болгох үед зээлдэгч нар нь үндсэн зээлд 21,862,854.47 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 90,501,963.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрг 4,944.76 төгрөгийг төлж зээлийн үлдэгдэл төлбөр 368,737,145.53 төгрөг байсан.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлж байх явцад дараах зөрчлүүд үүсч зээлийг хугацаандаа төлөх боломжгүй нөхцөл байдалыг банк өөрөө бий болгосон байна. Тухайлбал, А банк ХХК-ийн дотоод зохион байгуулалт, банкны ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас тус зээлийн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоолол алдагдаж, зээлийн ангилал буурч чанаргүй зээлийн ангилалд шилжсэн зөрчил үүссэн.

Өмчлөх эрхийн гэрчилгээ өнөөдрийг хүртэл зээлдэгч Б-, В- нарын нэр гарахгүй байсан нь зээл төлөхгүй байх бас нэг шалтгаан болсон. Уг нөхцөл байдлыг А банк ХХК-д удаа дараа тайлбарлаж хүсэлт, өргөдөл гаргаж байсан бөгөөд банк төлөхгүй байх шалтгааныг ойлгож 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 18/2729 дугаар албан бичгээр Худалдаа хөгжлийн банк-д зээлдэгч нар нийт 289,281,542.34 төгрөгийн төлөлт хийсэн талаар тодорхойлолт хүргүүлсэн. Гэтэл шүүхэд А банк ХХК 2022.11.07-ны өдөр шүүхэд хандсан нэхэмжлэлийн шаардлагдаа үндсэн зээлийн төлбөр 310,028,971.85 төгрөг, үндсэн хүүний төлбөр 91,128,053.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 1,152,343.02 төгрөг, нийг 402,308,368.11 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан байх бөгөөд хоёр хариуцагчийн хэнээс нь хэдэн төгрөг гаргуулхаар шаардаж байгаа нь тодорхойгүй байхаас гадна уг дүн бодит тоо эсэх нь эргэлзээтэй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б-, В- нараас 355,803,076 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 46,505,292 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,169,492 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,936,965 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх зээл, зээлийн хүүний тооцооллыг бодохдоо алдаатай бодож шийдвэр гаргасан. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.3-т төлөлт хийсэн дүнг нэг бүрчлэн тооцоолол хийсэн байх ба үүнээс тухайн сард төлөгдөх буюу хуримтлагдаж байгаа үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөлтөд оруулж тооцсон.

А банк ХХК-ийн үндсэн систем нь 2021 оны 3 дугаар сард хувилбар ахиж Грэйпбанк системээс НЭС систем руу шилжсэн. Тухайн хугацааны гүйлгээнүүд нь Грэйпбанк системд гарсан гүйлгээнүүд байх ба Грэйпбанк систем нь зээлийн тэнцлийн дотуурх санхүүгийн бүртгэлийг зээл модулиар, тэнцлийн гадуурх бүртгэлийг балансын гадуурх модулиар бүртгэдэг байсан. 1 гэсэн теллер дугаараар хийгдсэн үндсэн хүү кап залруулав, торгуулийн хүү кап залруулав гүйлгээнүүд нь зээлийн тэнцлийн дотуурх бүртгэлийг тэнцлийн гадуурх руу шилжүүлж байгаа нэг төрлийн санхүүгийн залруулгын гүйлгээ буюу хүү хуримтлуулж байгаа банкны гүйлгээ юм. Зээл төлөлт биш болно.

Нэмэгдүүлсэн хүүг гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцсон байхад анхан шатны шүүх хуулийг буруугаар тайлбарласан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1 Шүүх талуудын мэтгэлцээний цар, хүрээ хязгаарыг зөв тодорхойлж чадаагүй нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг зөв тодорхойлж чадалгүйгээр зөвхөн зээлийн гэрээний хүрээнд хууль зүйн дүгнэлт хийсэн нь нотлох баримтыг дутуу үнэлсэн.

Өөрөөр хэлбэл, шүүх зөвхөн зээлийн гэрээний хүрээнд тооцооллын талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн нөгөө оролцогч болон бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг шууд хөндөж байна. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч би энэ талаар шүүхэд хүсэлт гарган П ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах болон сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх илтэд үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарна.

Хариуцагч нарын хувьд А банк ХХК-аас зөвхөн зээл авах санаа, зорилго гэхээс илүүтэйгээр П ХХК-ний барьсан барилгаас орон сууц авах буюу өмч бий болгож авах санаа, зорилготой байсан. Банкнаас авсан зээлийн мөнгийг П ХХК-д шилжүүлж одоо өөрсдөө амьдарч байгаа орон сууцыг бариулж авсан боловч одоог хүртэл хариуцагч нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаагүй байна.

Хариуцагч нарт барьцааны гэрээ байгуулагдаагүй, ямар ч баталгаагүй байхад зээлийн төлбөр төлөх нь эрсдэлтэй байсан тул төлбөр төлөхөөс зайлхийсэн. Хариуцагч талаас банкнаас хийсэн тооцооллыг ч хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа.

Банк тэргүүн ээлжинд баталгаа гаргагчаас зээлийн үүрэг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байхад шүүх энэ талаар оп дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. П ХХК-ний барьсан орон сууцыг улсын комисс одоог хүртэл хүлээн аваагүй зэрэг үйл баримтыг ч шүүх тодруулаагүй.

Өөрөөр хэлбэл, А банк болон П ХХК-ийн хооронд батлан даалтын гэрээний дагуу барьцаа хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон байхад А банк энэ нөхцөл байдлаа нуун дарагдуулж зөвхөн зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргасанг шүүх анхаарч үзээгүй.

Банк гэрээний хугацаа дуусахаас өмнө шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан явдал нь зээлийн гэрээг цуцалж байна гэж хуулийн хүрээнд ойлгох бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойшхи хугацааны зээлийн хүү, нэмэгдүлсэн хүү шаардах эрхээ алдаж байхад шүүх энэ талаар ч огт дүгнэлт хийгээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд нь буцааж өгнө үү.

 

6. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

7. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх нэмэгдүүлсэн хүүгийн талаар хуульд нийцсэн дүгнэлт өгсөн. Зээлийн төлөлтийн тооцоолол анх нэхэмжлэл гаргахад алдаатай байсан тул хариуцагч тал шинжээч томилуулах хүсэлт гаргаж байсан.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А банк ХХК нь хариуцагч Б-, В- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 402,308,368 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч төлөгдсөн зээлийн хэмжээг алдаатай тооцоолсон, мөн нэмэгдүүлсэн хүүгийн талаарх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэв.

 

4. Шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

4.1. Б- нь П ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр орн сууц захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр П ХХК нь Хан-Уул дүүрэг, Нүхтийн зам-4, 4 дүгээр байрны *** тоот хаягт байрлах орон сууцыг барьж гүйцэтгэх, Б- нь 570,000,000 төгрөгийн төлбөр төлөхөөр тохиролцсон /1хх 99-102/,

4.2. А банк ХХК-тай Б-, В- нар нь 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 374 тоот зээлийн гэрээ байгуулж, 390,600,000 төгрөгийг орон сууц барих зориулалтаар жилийн 12 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон /1хх 103-106/,

4.3. Дээрх зээлийн гэрээний үүргийг батлан даахаар П ХХК нь А банк ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр батлан даалтын гэрээ байгуулсан /1хх 107/,

4.4. Зээлийн гэрээний талууд 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 374/01 тоот нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, уг гэрээгээр үндсэн төлбөрийн үлдэгдэл 368,737,145 төгрөг байгааг тогтоож, гэрээний хугацааг 2030 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгаж, зээлийн хүүг жилийн 8 хувь болгон өөрчилсөн /1хх 108/.

 

5. Зохигчийн байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаанд хамаарна, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

Зээлийн гэрээний 3.1.4-т зээлийн хүүгийн хувь хэмжээг талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцжээ.

Мөн зээлийн гэрээний 3.1.5-д Нэмэгдүүлсэн хүү: зээлийн хүүгийн 20 хувь байна. Зээл, хүүг буцаан төлөх хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэнд тооцож зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг тооцно гэж заасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийн нэмэгдүүлсэн хүүгийн зохицуулалтад нийцсэн, уг заалтын агуулгыг алдагдуулаагүй байна.

Өөрөөр хэлбэл, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгчийн хугацаа хэтрүүлсэн зээлийн үүргээс тооцох бөгөөд үүний нийт хэмжээ нь зээлийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтэрч болохгүйг анхан шатны шүүх анхааралгүй алдаатай дүгнэлт хийж нэмэгдүүлсэн хүүгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын гомдол үндэслэлтэй.

 

5.1. Хариуцагч Б-, В- нар нь 2020 оноос хойш удаа дараа гэрээний хуваарийг зөрчиж байсан, 2021 оны 04 дүгээр сараас хойш зээлийн төлөлт хийгээгүй тул зохигчийн байгуулсан гэрээ цуцлагдсан гэж анхан шатны шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцсэн дүгнэлт өгчээ.

 

5.2. Нэхэмжлэгч нь үндсэн зээлийн төлбөрт 80,571,028.15 төгрөг, хүү 181,115,129.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47,186.63 төгрөг, нийт 261,733,343.97 төгрөг төлөгдсөн үндэслэлээр хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөрт 310,028,971.85 төгрөг, хүү 91,128,053.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,152,343.02 төгрөг, нийт 402,308,368.11 төгрөг нэхэмжилсэн.

Уг нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох зорилгоор нэхэмжлэгч нь зээл, хүүгийн тооцоолол, зээлийн дансны хуулгыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгчээ /1хх 17-31, 117-121/.

Харин хариуцагч нар нь нэхэмжлэгчийн гаргасан тооцоолол, төлөлтийн хэмжээний эсрэг А банк ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 18/2729 тоот албан бичигт дурдсан үндэслэлээс өөр тодорхой мэтгэлцээний байр суурь илэрхийлж мэтгэлцээгүй.

А банк ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 18/2729 тоот албан бичигт хариуцагч нарыг 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 289,281,542.34 төгрөгийн төлөлт хийсэн гэж дурдсан байгаа боловч энэ нөхцөл байдал нь хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар нотлогдоогүй /1хх 85/.

Учир нь зээлийн төлөлт нь албан бичгээр бус бодит мөнгөн төлөлт, дансны хуулгаар нотлогдох ёстой тул дээрх албан бичигт дурдсан дүн нь системийн шилжилт хийх үеийн зөрүүнээс үүдэлтэй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлтэй байна.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 101/ШЗ2023/03383 дугаар захирамжаар зээлийн эргэн төлөлтийг шинжээчээр тогтоолгохоор гаргасан хариуцагч талын хүсэлтийг хангахаас татгалзсныг буруутгахгүй. Тухайн хүсэлтийг гаргахдаа хариуцагч нь зээлийн тооцооллын аль хэсгийг ямар үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа, хэзээ төлөгдсөн ямар төлөлтийг төлөлтөд оруулж тооцоогүй талаар тодорхой тайлбарлаж маргаагүй байна.

 

5.3. Зээлийн гэрээний хэрэгжилтийн явцад хариуцагч нар нь 261,733,343.97 төгрөгийг зээлийн төлбөр, хүүд төлсөн байхад анхан шатны шүүх 328,555,419 төгрөгийн төлөлт хийсэн гэж алдаатай дүгнэжээ.

Банкны системийн бүртгэлтэй холбоотой санхүүгийн залруулга гүйлгээг анхан шатны шүүх хариуцагч нарын төлсөн зээлд оруулж тооцсон болох нь хэрэгт авагдсан зээлдэгч нарын дансны хуулга, түүнд тусгагдсан гүйлгээний утгаар тогтоогдож байна. Үүнд холбогдох нэхэмжлэгч талын гомдлыг хангана.

 

5.4. Б-, В- нар нь хамтран зээлдэгчийн хувьд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

5.5. Иймд хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөрт 310,028,971.85 төгрөг, хүү 91,128,053.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,152,343.02 төгрөг, нийт 402,308,368.11 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцнэ.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж байгаатай холбогдуулан шийдвэрийн тэмдэгтийн хураамж хуваариласан заалтад өөрчлөлт оруулна.

 

6. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

6.1. Хариуцагч Б- нь А банк ХХК-аас 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зээл авахаас өмнө П ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан, энэ гэрээний төлбөрийг төлөх зорилгоор зээл авсан, П ХХК-тай байгуулсан гэрээ нь энэхүү зээлийн гэрээний харилцаанаас тусдаа харилцаа, мөн нэхэмжлэгч нь батлан даалтын гэрээтэй холбоотой шаардлага гаргаагүй.

Түүнчлэн Б-ын П ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээ, түүний доголдол, улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй гэх асуудал нь хариуцагч талд зээлийн гэрээний үүргээс татгалзах үндэслэл үүсгэхгүй, маргааны зүйлд хамаарахгүй.

Иймд анхан шатны шүүх П ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хангахаас татгалзсан, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах, барьцааны гэрээ байгуулахыг даалгуулах сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт нийцжээ.

 

6.2. Хариуцагчийн гомдолд нэхэмжлэгчийн П ХХК-тай байгуулсан батлан даалтын гэрээ, түүнд заасан нөхцөлд дүгнэлт хийгээгүй гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийг тодорхойлж, энэ хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагддаг тул дээрх гомдлын үндэслэл нь маргааны зүйлд хамаарахгүй байна.

 

6.3. Хариуцагч тал нь гэрээ цуцлагдсан тул шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойших хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцогдох ёсгүй гэж гомдол гаргасан. Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь шүүхэд хандсан үеэс хойш нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлээгүй байх тул уг гомдлыг хангахгүй.

 

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2023/02298 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-, В- нараас 402,308,368 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А банк ХХК-д олгосугай өөрчлөн найруулж,

2 дахь заалтын 56.2 гэснийг 56.1 гэж, 1,936,965 гэснийг 2,169,492 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч нарын төлсөн 1,936,965 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлсөн 390,477 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Т.БАДРАХ