Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 184/2016/01309/и |
Дугаар | 001/ХТ2017/00819 |
Огноо | 2017-06-16 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 001/ХТ2017/00819
Мадимос групп ХХК-ийн нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2016/01620 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 634 дүгээр магадлал,
Нэхэмжлэгч : Мадимос групп ХХК,
Хариуцагч : Т.Сансархүү,
Нэхэмжлэлийн шаардлага : 23.529.000 төгрөг гаргуулах тухай
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баасанжаргалын гаргасан гомдлоор
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баасанжаргал, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Сансархүү нь тус компанид ажилд ороод туршилтын хугацаанд компанийн өмчлөлийн 03-42 УНӨ улсын дугаартай, Daewoo Ma 5D-1 маркийн ачааны автомашиныг жолоодож яваад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гаргасан. Уг хохирлыг нөхөн төлөх боломжийг удаа дараа гаргаж өгсөн боловч хохирлыг төлөх талаар ямар ч санаачилага гаргаагүй. Мадимос групп ХХК нь Улаанбаатар хотын автозам засвар, шинээр хатуу хучилтат зам барих ажил эрхэлдэг ба осол гарсанаас хойш ажлын зайлшгүй шаардлагын улмаас бусдаас ачааны автомашин түрээслэн хохирсон. Автомашинд учирсан хохирол нь Бэст-Эстимэйт ХХК-ийн гаргасан үнэлгээгээр нийт 14.240.000 төгрөг гэж тогтоогдсон. Манай компани 03-42 УНӨ автомашиныг гаднаас сэлбэг хэрэгслийг нь худалдаж авч, засч янзалсан ба засварт нийт 13.500.000 төгрөгийн зардал гарсан. Ажлын шаардлагын улмаас автомашин түрээслэн 9.651.000 төгрөгийн зардал гарсан. Автомашины хохирлын үнэлгээг хийлгэхэд 365.000 төгрөг, бичиг баримт хувилж авахад 13.000 төгрөг, нийт 23.529.000 төгрөгийн бодит хохирол учирсан тул гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай нөхөр тус компанид 2015.9.16-ны өдөр ажилд орсон. Тухайн үед нөхрийн жолоодож явсан 03-42 УНӨ улсын дугаартай, Daewoo Ma 5D-1 маркийн ачааны автомашин нь даатгалгүй байсан бөгөөд тус автомашиныг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн эсэх талаар акт байхгүй. Мөн нэхэмжлэгч компани нь хариуцагчийг ажилд авч эрх, үүргээ харилцан тохиролцсон баримт байхгүй тул иргэн хүнийг хохироож байна гэж үзэж байна. Замын цагдаагийн шийдвэрээр Замын хөдөлгөөний дүрмийн 8.11 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн боловч тухайн үед тус автомашины тормоз барьсан мөр байхгүй ба тормоз нь ажиллаагүй, араа нь дутуу ордог байснаас өөр тээврийн хэрэгслийн араас нь мөргөсөн байсан. Хариуцагч нь тухайн үед бүрэн бус автомашинтай ажилд гарахгүй байж болох байсан боловч нэхэмжлэгч компанийнхан бүрэн бус автомашин гэдгийг мэдсээр байж ажилд гаргасан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Тухайн үед 1 сарын цалин хөлс нь 800.000 төгрөг гэж тохиролцсон бөгөөд ажлаа дуустал ажиллуулна гэж тохиролцсон байх гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2016/01620 дугаартай шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 132 дугаар зүйлийн 132.2, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Сансархүүгээс 800.000 төгрөг гаргуулж Мадимос групп ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22.729.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөн ба хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 23.300 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 634 дугаартай магадлал гаргаж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2016/01620 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Талуудын хооронд Замын хөдөлгөөний дүрмийн тодорхой заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, дээрх автомашинд учруулсан хохирлыг болон уг осол болсонтой холбогдуулан компаниас гарсан зардлуудыг хохиролд тооцон гэм хорын нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүх шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг баримтлан талуудын хооронд хөдөлмөрийн гэрээнээс үүдэлтэй маргаан гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Т.Сансархүү жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 8.1, Эрүүгийн хуулийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн ангилалаараа хөнгөн гэмт хэрэгт хамаарах учир хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэснийг дээд шатны нь прокурор хүчингүй болгосон байдаг. Эдгээр хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүхийн дүгнэлт хийсэн байдлаас эрс зөрүүтэй ба шүүхийн дүгнэлтээр бол Т.Сансархүү нь “Бусдын эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн мэт байгааг дурдах нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
“Мадимос групп” ХХК нь Т.Сансархүүгээс 23.529.000 төгрөг гаргуулахыг шаардаж, үндэслэлээ “...хариуцагч туршилтын хугацаанд ажиллаж, DAEWOO MA 5D1 маркийн 03-42 улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зам тээврийн осол гаргаж байгууллагын өмч хөрөнгө болох автомашинд хохирол учруулсан...” гэж тайлбарласан байна.
Анхан шатны шүүх хариуцагчаас 800.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.
Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Т.Сансархүү хөдөлмөрийн харилцааны үндсэн дээр ажил олгогчийн үүрэг болгосон ажлыг гүйцэтгэж байхдаа зам тээврийн осол гаргасан нь тогтоогдсон тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг үндэслэсэн нь зөв байна.
Нэхэмжлэгч нь ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй тул хариуцагчид Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй. Т.Сансархүү Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчин зам тээврийн осол гаргасан нь нотлогдсон, эд хөрөнгийг бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэл тогтоогдоогүй тул учирсан хохирлыг хуульд заасан буюу ажилтны нэг сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр тооцож гаргуулсан нь мөн хуулийн 133 дугаар зүйлд нийцжээ.
2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гарсан зам тээврийн осолтой холбоотой шийтгэх тогтоолоор хариуцагчид ял оногдуулсан тухай мэдээлэл хэрэгт байхгүй тул Т.Сансархүү Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-н “...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно...” гэснийг зөрчинө.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хууль, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2016/01620 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 634 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баасанжаргалын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ