Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/0112

 

“С А П К Л” компанийн

нэхэмжлэлтэй,

Үндэсний аудитын газарт

 холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн, шүүгч Ч.Тунгалаг                     

            Шүүгчид:                            М.Батсуурь

                                                       Х.Батсүрэн                     

                                                       П.Соёл-Эрдэнэ

            Илтгэгч шүүгч:                   Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга:     Т.Майцэцэг

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2020/0523 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 110 дугаар магадлалтай,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 27 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдлоор, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Г-ийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Б.А нарыг оролцуулан хянан хэлэлцэв.          

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: “Үндэсний аудитын газрын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 01/1477 болон 01/1478 тоот “Хязгаарлагдмал баталгаажуулалтын дүгнэлт”-үүдийн 2015, 2016 оны нийт 3,880,454 ам.долларын зардлыг өртөг нөхөгдөх зардлаас хассан хэсгийг хүчингүй болгуулах, 2015, 2016 оны өртөг нөхөгдөх зардлыг тайлагнасан хэмжээгээр нийт 14,636,177 ам.доллараар бүхэлд нь баталгаажуулахыг даалгах”,

Хэргийн нөхцөл байдал:

2. С А П К Л” компани нь Монгол Улсад хуулийн этгээдээр бүртгэлгүй, Кайманы арлуудад бүртгэлтэй хуулийн этгээд бөгөөд 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Газрын тосны газар (тухайн үеийн нэрээр)-тай газрын тосны хайгуулын Богд-4, Онги-5 талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахаар “Бүтээгдэхүүн хуваах гэрээ” байгуулсан, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 235 дугаар тогтоолоор уг “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г баталсан байна.

3. Гэрээлэгч “С А П К Л” компани нь 2015, 2016 онд газрын тосны хайгуулын Богд-4, Онги-5 талбайд хайгуулын үйл ажиллагаанд зарцуулсан гэх 14,636,177 ам.долларын зардлыг өртөг нөхөгдөх зардал”-аар тайлагнасан, Үндэсний аудитын газрын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 01/1477 болон 01/1478 дугаар “Хязгаарлагдмал баталгаажуулалтын дүгнэлт”-үүдээр Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.6, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг тус тус үндэслэн дээрх 14,636,177 ам.долларын зардлаас “… 2015 онд Онги-5 талбайн 605,068 ам.доллар, Богд-4 талбайн 2,159,967 ам.долларыг”, “… 2016 онд Онги-5 талбайн 443,481 ам.доллар, Богд-4 талбайн 671,938 ам.долларыг буюу нийт 3,880,454 ам.долларыг хасаж, үлдэх 10,755,723 ам.долларын зардлыг өртөг нөхөхөөр баталгаажуулжээ.

4. Нэхэмжлэгч “С А П К Л” компаниас “... хасаж тооцсон зардлууд нь Газрын тосны тухай хууль ... /болон/ “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-нд заасан өртөг нөхөгдөх зардалд хамаарах ...-аар байхад хасаж тооцсон нь үндэслэлгүй, ... компанийн 2015, 2016 онд гадаадын банкаар дамжуулан гүйцэтгэсэн хайгуулын зардалтай холбоотой гүйлгээнүүд нь Монгол Улсын хууль тогтоомж болоод нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад заасны дагуу компанид оруулсан хөрөнгө оруулалт биш..., өртөг нөхөгдөх зардлын тайланг хянан шалгаж, баталгаажуулах үйл ажиллагааг Газрын тосны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар холбогдох төрийн захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэх ёстой ... байхад Үндэсний аудитын газар /маргаан бүхий/ дүгнэлтүүдийг гаргахдаа Ашигт малтмал, газрын тосны газрын оролцоог хангаагүй нь ... хуульд нийцээгүй” гэж маргасан байна

Анхан шатны шүүхийн шийдвэр:

5. “... Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн  11.2.6-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр 3,8 сая долларыг өртөг нөхөх зардлаас хассан нь үндэслэлгүй, ... 3,8 сая долларын зардал нь санхүүгийн баримтаар нотлогдсон, ... гэрээлэгч нь тусгай зөвшөөрөлтэй талбайд хийгдэж байгаа газрын тостой холбогдсон бүх үйл ажиллагааг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу нягтлан бодох бүртгэлд бүрэн тусгаж, тайлагнаагүй нь өртөг нөхөх зардлыг хасах үндэслэл болохгүй, ... өртөг нөхөх зардлыг төрийн аудитын байгууллага баталгаажуулахдаа Ашигт малтмал, газрын тосны газрыг оролцуулаагүй нь ... хууль зөрчсөн гэх дүгнэлтүүд хийж, Төрийн аудитын тухай хууль (2003)-ийн 15 дугаар зүйлийн 15.1.21, Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27, 4.1.31, 11 дүгээр зүйлийн 11.2.6, 32 дугаар зүйлийн 32.2, 32.7, 36 дугаар зүйлийн 36.2, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С А П К Л” компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүхийн магадлал:

 6. “... анхан шатны шүүх өртөг нөхөх зардлыг төрийн аудитын байгууллага баталгаажуулахдаа Ашигт малтмал, газрын тосны газрыг оролцуулаагүй нь хуульд нийцээгүй талаар зөв дүгнэлт хийсэн, .../харин/ Үндэсний аудитын газрын өртөг нөхөгдөх зардлыг баталгаажуулахаас татгалзсан “...маргаан бүхий хайгуулын ажлын зардал нь холбогдох санхүүгийн баримтуудаар тогтоогдоогүй, уг зардал нь өртөг нөхөгдөх зардалд хамаарах эсэх нь тодорхойгүй” гэсэн тайлбарт холбогдох үйл баримтыг анхан шатны шүүх буруу дүгнэсэн, ... холбогдох хяналт, шалгалтын үйл ажиллагааг явуулж, /аудит хийсэн/ аудитор Д.Д, Л.Н нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авсан нь ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.10-д заасныг зөрчсөн, ... хариуцагч үзэж, шалгасан эсэх нь тогтоогдохгүй байгаа хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, уг нөхцөл байдлыг тодруулах үүрэг нь захиргааны байгууллагын чиг үүрэгт хамаарах тул ... шүүхээс холбогдох нотлох баримтыг нөхөн бүрдүүлж, өртөг нөхөгдөх зардлыг баталгаажуулахыг шууд даалгах боломжгүй гэх дүгнэлтүүд хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, “Газрын тосны тухай хуулийн (2014) 32 дугаар зүйлийн 32.2, 32.6, 32.7, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Үндэсний аудитын газрын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01/1477 болон 01/1478 дугаартай “Хязгаарлагдмал баталгаажуулалтын дүгнэлт”-үүдийн 2015, 2016 оны өртөг нөхөгдөх зардлаас нийт 3,880,454 ам.долларын зардлыг хассан хэсгийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, тус хэсэгт холбогдуулан дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд хариуцагч Үндэсний аудитын газраас дахин шинэ акт гаргахгүй бол Үндэсний аудитын газрын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01/1477 болон 01/1478 дугаартай “Хязгаарлагдмал баталгаажуулалтын дүгнэлт”-үүдийн 2015, 2016 оны нийт өртөг нөхөгдөх зардлаас 3,880,454 ам.долларын зардлыг хассан хэсэг хүчингүй болохыг дурдаж” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Б.А нараас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч:

7. “... Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-т зааснаар Ашигт малтмал, газрын тосны газар нь бүтээгдэхүүн хуваах гэрээний нэг тал бөгөөд Ашигт малтмал газрын тосны газрын хэрэгжүүлэх санхүүгийн хяналт шалгалтын эрх хэмжээг Газрын тосны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.8-д “тухайн жилийн хөрөнгө оруулалт, зардал, нөөц ашигласны төлбөр, олборлосон болон борлуулсан газрын тосны тайланг хянаж, нэгтгэх” гэж заасан байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлангийн жил тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно” гэж заасан тул Ашигт малтмал, газрын тосны газар Газрын тосны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.8-д заасан чиг үүргээ тухайн санхүүгийн тайлангийн жил тус бүрд хэрэгжүүлсэн байх ёстой.

8. Газрын тосны тухай хуулийн 9 дүгээр зүйлд газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг тодорхойлоод, 9.1-д “Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэж хуульд тодорхойлсон байхад шүүх тус хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн аудитын байгууллага холбогдох байгууллагатай хамтран...” гэснийг Ашигт малтмал газрын тосны газар гэж тайлбарлан, хяналт шалгалтыг хамтран явуулах ёстой гэж үзсэн нь хуулийг зөрүүтэй хэрэглэсэн.

9. Шүүхээс уг хуулийн зохицуулалтыг дээрх байдлаар тайлбарлах нь цаашид гэрээний хэрэгжилтэд байнгын /сар, улирал, хагас жил, жилээр/ хяналт тавих гэрээний нэг тал болох төрийн захиргааны байгууллага Төрийн аудитын байгууллагатай хөндлөнгийн хяналтыг хамт хэрэгжүүлэх нь учир дутагдалтай.

10. Ашигт малтмал, газрын тосны газар нь гэрээний нэг тал, хууль гэрээний хэрэгжилтийг зохион байгуулах чиг үүрэгтэй бөгөөд хөндлөнгийн, хараат бус Төрийн аудитаас уг чиг үүргийн хэрэгжилтэд дүгнэлт өгч акт, албан шаардлага, зөвлөмж өгдөг. Аудитыг хамтран явуулах тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн аудитын тухай хуульд заасан хөндлөнгийн, хараат бус аудитыг хэрэгжүүлэх боломжгүй болох үр дагавартай.../тул/ шийдвэр болон магадлалын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ц-оос Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрч:

11. “. .. компанийн зүгээс анх 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 2015, 2016 оны нийт 14,636,177 ам.долларын өртөг нөхөгдөх зардлаас Үндэсний аудитын газрын баталгаажуулаагүй хассан 3,880,454 ам.долларт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Улмаар шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, маргаан бүхий актын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аудитыг гүйцэтгэсэн аудиторуудыг гэрчээр дуудаж мэдүүлэг авсан бөгөөд гэрчүүдийн зүгээс 3,880,454 ам.долларт холбогдох бүх баримтыг үзсэн, гагцхүү гадаадын банкаар хийсэн ба өөр компанийн данснаас гарсан гүйлгээ байсан учраас хассан гэж тайлбарласан. Гэвч өөр компанийн данснаас гарсан гэдэг нь баримтаар үгүйсгэгддэг ба гадаадын банкаар хийсэн гүйлгээ нь өртөг нөхөгдөх зардлаас хасах хуулийн үндэслэл болохгүй тул актын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

12. Хариуцагчийн зүгээс тухайн үед давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 5-ны өдөр 309 тоот магадлалаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаасан байдаг. Тодруулбал, 3,880,454 ам.долларт холбогдох зардал нь ямар санхүүгийн баримтаар нотлогдож байгаа талаар холбогдох баримтыг цуглуулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзсэн ба өртөг нөхөгдөх зардлаас хассан хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн хэмээх эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, захиргааны акт гаргуулахыг даалгах шаардлага гаргах эсэхийг тодруулах нь зүйтэй гэсэн болно. Иймд нэхэмжлэгч 3,880,454 ам.долларт холбогдох зардлын баримтыг бүхэлд нь хэрэгт гаргаж өгсөн ба 3,880,454 ам.долларын зардлыг нэмж баталгаажуулахыг даалгах агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байдаг.

13. Анхан шатны шүүх 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр эдгээр баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх хоёр дахь удаагаа хэргийг хянахдаа ийнхүү нотлох баримтыг шинжлэн судласан болон мөн гэрчийг дуудаж мэдүүлэг авсан нь буруу гэж зөрчилтэй дүгнэлт хийсэн бөгөөд ийнхүү маргааныг шийдвэрлэсэн нь дараах байдлаар илт үндэслэлгүй.

14. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн талаар, дээрх байдлаар давж заалдах шатны шүүхээс даалгах нэхэмжлэл гаргуулж, нотлох баримтыг нэмж бүрдүүлүүлж, шинжлэн судлуулахаар хэргийг буцаасны дараа анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасны дагуу дээрх хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судалсан. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх нотлох баримтыг шинжлэн судлах нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж анхан шатны шүүхээс болон өмнөх шийдвэрээсээ тус хуулийг зөрүүтэй хэрэглэсэн болно. Гэвч шүүх эдгээр баримтыг шинжлэн судлах нь ямар нэгэн байдлаар шүүхийн боломжоос хэтрэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн хасагдсан 3,880,454 ам.долларт холбогдох зардал нь баримтаар бүрэн нотлогддог бөгөөд эдгээр баримтыг аудитын явцад аудитын баг үзэж, танилцсан тухай баримт хэрэгт авагдсан байдаг тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

15. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн талаар, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянана гэж заасан.

16. Хариуцагчаас аудитыг гүйцэтгэсэн багийн гишүүд болох аудиторуудаас гэрчээр мэдүүлэг авсан нь буруу, хууль зөрчсөн эсэх талаар анхнаасаа огт маргадаггүй тул давж заалдах гомдолдоо ч мөн энэ талаар дурдаагүй. Иймд талууд уг асуудлаар давж заалдах шатны шүүх дээр мэтгэлцээгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх гэнэт ийнхүү талууд маргаагүй үйл баримтад дүгнэлт өгч аудиторыг гэрчээр асуусан нь буруу гэсэн дүгнэлт хийх замаар 3,880,454 ам.долларт холбогдох баримтыг хүлээж авсан, шалгасан гэх үйл баримт нотлогдоогүй гэж магадлалаа гаргасан. Улмаар 3,880,454 ам.долларт холбогдох баримтыг үзсэн, шалгасан нь тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийг бүрэн хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөхөөр шийдвэрлэсэн гэж магадлалын үндэслэлд түсгасан байдаг.

17. Гэвч аудиторуудыг гэрчээр асуусан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.10.1-тэй огт зөрчилддөггүй. Хуульд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг гэрчээр дуудахыг хориглосон. Энэ хэрэгт Үндэсний аудитын газар хариуцагчаар оролцож байгаа тул аудиторууд хэргийн оролцогчид хамаарахгүй ба хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч ч биш. Харин ч баримтуудыг хэрхэн яаж, ямар байдлаар шалгасан, процесс журмын дагуу зөв гүйцэтгэсэн эсэх талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа учраас гэрч болж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-тэй нийцдэг. Гэвч энэ талаар талууд маргаагүй, давж заалдах гомдолд дурдагдаагүй, давж заалдах гомдол хэлэлцэх явцад яригдаагүй тул нэхэмжлэгч энэ талаар мэтгэлцэж, тайлбар хэлж огт чадсангүй.

18. Ийнхүү давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаагүй, мэтгэлцэх зарчмыг хангаагүй нь давж заалдах шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны үндсэн зарчмыг зөрчсөн явдал болсон юм. Түүнчлэн энэхүү ноцтой алдаа нь анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл болсон бөгөөд өөрөөр хэлбэл уг алдаа нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

19. Давж заалдах шатны шүүх 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр аудиторуудыг гэрчээр дуудах нь буруу гэж үзсэн хэдий ч 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр энэ хэргийг хянахдаа аудиторуудыг гэрчээр дуудсан нь буруу байсан гэж үзээгүй. Анхан шатны шүүх ч бас агуулгаараа хэргийг хоёр удаа хянан шийдвэрлэхдээ аудиторыг гэрчээр дуудах нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд нийцнэ гэж үзэж ирсэн. Иймд энэ нь мөн л давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.10.1-д заасныг олон янзаар зөрүүтэй хэрэглэж байгааг харуулдаг.../тул/ магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

20. Хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... магадлалыг хүчингүй болгож, ...шийдвэрийг хэвээр үлдээлгэх”-ээр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “... шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах”-аар гаргасан гомдлуудыг тус тус хангахгүй орхилоо.

  • Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлийн талаар:

21. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн” тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх гомдлоор хязгаарлахгүй хянахаар заасан, тухайн тохиолдолд анхан шатны шүүх Үндэсний аудитын газрын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 01/1477 болон 01/1478 дугаар “Хязгаарлагдмал баталгаажуулалтын дүгнэлт”-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа маргаан бүхий дүгнэлт гаргах үндэслэл болсон хяналт, шалгалтыг биечлэн хийсэн аудитор Д.Д, Л.Н нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, тэдгээрийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн нэг үндэслэл болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.10.1-д заасан “үүргээ гүйцэтгэх замаар хэргийн нөхцөл байдлыг мэдэх болсон” этгээдийг гэрчээр дуудан мэдүүлэг авч болохгүй хуулийн зохицуулалтад нийцээгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

22. Тодруулбал, Төрийн аудитын тухай хуулийн 4.1.3-т “төрийн аудитын байгууллага гэж төрийн аудит хийх чиг үүрэг бүхий ... аудитын газар, ... төрийн аудитын байгууллагын албан хаагчийг”, 4.1.4-т “шалгагдагч этгээд гэж ... хуульд заасны дагуу төрийн аудит хийгдэх аливаа этгээдийг” тус тус ойлгохоор заасан, тухайн тохиолдолд, төрийн аудит хийх чиг үүрэгтэй бөгөөд “С А П К Л” компанийн газрын тосны хайгуулын ажилд зарцуулсан гэх өртөг нөхөгдөх зардлын тайланд аудит хийсэн аудиторуудыг анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “хамтран хариуцагч” буюу хэргийн оролцогчоор татан оролцуулаагүй нь тэднийг гэрч гэж үзэх үндэслэл болохгүйнэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... хуульд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг гэрчээр дуудахыг хориглосон, ... хэрэгт Үндэсний аудитын газар хариуцагчаар оролцож байгаа тул аудиторууд хэргийн оролцогчид хамаарахгүй  ... /тул гэрчээр асуусан нь хууль зөрчөөгүй/, ... давж заалдах шатны шүүх талууд маргаагүй, гомдол гаргаагүй байхад ... аудиторыг гэрчээр асуусан нь буруу гэсэн дүгнэлт хийсэн гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

23. Давж заалдах шатны шүүх хуулиар олгогдсон өөрийн эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж... хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд ... нөхцөл байдал тодорхойгүй, уг нөхцөл байдлыг тодруулах үүрэг нь захиргааны байгууллагын чиг үүрэгт хамаарах тул ... шүүхээс холбогдох нотлох баримтыг нөхөн бүрдүүлж, өртөг нөхөгдөх зардлыг баталгаажуулахыг шууд даалгах боломжгүй гэж үзэн, маргаан бүхий актуудыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх”-ээр заасантай нийцжээ.

  • Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлийн талаар:

24. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Газрын тосны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх заалтыг маргааны үйл баримтад холбогдуулж буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

25. Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-т “бүтээгдэхүүн хуваах гэрээ гэж ... газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, гэрээлэгчийн хооронд байгуулсан гэрээг” ойлгохоор, 11 дүгээр зүйлийн 11.2.14-т “/гэрээлэгч нь/ санхүүгийн тайлан, өртөг нөхөгдөх зардлын тайлан, газрын тос хуваах тооцоог ... үнэн зөв гаргаж, төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөх”-өөр, 9 дүгээр зүйлийн 9.1.8-д “… /газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь/ гэрээлэгчийн тухайн жилийн хөрөнгө оруулалт, зардал, нөөц ашигласны төлбөр, олборлосон болон борлуулсан газрын тосны тайланг хянаж нэгтгэх”-ээр тус тус заасныг маргааны үйл баримтуудад холбогдуулан авч үзвэл,  газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь бүтээгдэхүүн хуваах гэрээний нэг тал бөгөөд гэрээлэгчийн өртөг нөхөгдөх зардлын тайланг хүлээн авч, хянах үүрэгтэй, уг хянасан тайланг мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “өртөг нөхөгдөх зардлыг төрийн аудитын байгууллагаар баталгаажуулна...” гэж заасны дагуу төрийн аудитын байгууллага баталгаажуулахаар байна.

26. Газрын тосны тухай хуулийн дээрх заалтууд болон маргаан бүхий актууд гарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн аудитын тухай (2003) хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.21-д “газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр үйл ажиллагаа явуулж байгаа гэрээлэгчийн ...  өртөг нөхөх зардлын хэмжээ ... -нд аудит хийх” бүрэн эрхийг Үндэсний аудитын газарт олгосноос үзэхэд гэрээлэгчийн санхүүгийн тайланд хийх хяналт шалгалтыг төрийн аудитын байгууллага бие дааж хийх эрхтэй, аудит хийхдээ газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай заавал хамтрах үүргийг хуулиар оногдуулсан гэж үзэхгүй, энэ талаар хоёр шатны шүүх буруу дүгнэлт хийжээ.

27. Газрын тосны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “төрийн аудитын байгууллага холбогдох байгууллагатай хамтран гэрээлэгчийн батлагдсан төлөвлөгөө, төсвийн дагуу хийж гүйцэтгэсэн ажил, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, хөрөнгө оруулалтын болон санхүүгийн тайланд жил бүр хяналт шалгалт хийнэ”, 37.2-т “... хяналт шалгалтаар ... өртөг ... нөхөх зардлын хэмжээ ...-г ... хянан баталгаажуулна”, 37.3-т “төрийн аудитын байгууллага хараат бус мэргэжлийн хөндлөнгийн аудитын байгууллагыг сонгон шалгаруулж энэ хуулийн 37.1-д заасан санхүүгийн хяналт шалгалтын ажлыг гүйцэтгүүлж болно” (37.1, 37.2, 37.3 дахь хэсгүүдийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан) гэж заасан нь  төрийн аудитын байгууллага газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран хяналт шалгалт хийх агуулгыг илэрхийлэхгүй юм.

28. Тодруулбал, газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тос, уламжлалт бус газрын тосыг эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааны нэг оролцогч бөгөөд төрийг төлөөлөн бүтээгдэхүүн хуваах гэрээний нэг тал болж, нөгөө тал буюу гэрээлэгчийн тухайн жилийн газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд холбогдох хөрөнгө оруулалт, зардал, нөөц ашигласны төлбөр, олборлосон болон борлуулсан газрын тосны тайланг өөрийн үндсэн чиг үүргийн хүрээнд хянана, харин төрийн аудитын байгууллага нь төрийн санхүү, төсөв, нийтийн өмчийн ашиглалтад зарцуулалтад хяналт тавих тусгайлсан чиг үүргийн хүрээнд газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гэрээлэгчийн нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхсөн болон өртөг нөхөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтад санхүүгийн хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлнэ.

29. Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний нэг тал болох газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар урьдчилан хянагдсан, гэрээлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, хөрөнгө оруулалтын болон санхүүгийн, тухайн тохиолдолд, газрын тосны хайгуулын “өртөг нөхөгдөх зардал”-д холбогдох тайланд жил бүр Үндэсний аудитын газар аудит хийж баталгаажуулах хуулийн зохицуулалтын агуулга нь гэрээний талуудаас, түүнчлэн уг харилцааны бусад оролцогчдоос хараат бусаар, бие даасан хөндлөнгийн санхүүгийн хяналт тавих зорилготой, Газрын тосны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан төрийн аудитын байгууллага холбогдох байгууллагатай хамтран ... хяналт шалгалт хийнэ гэснийг гэрээний нэг тал болох “газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтрах” агуулгаар шүүх тайлбарлах нь тус тусын тусгайлсан, өөр өөр чиг үүрэгтэй байгууллагуудын хуулиар тогтоосон эрх хэмжээний агуулга, төрийн санхүү, төсөв, нийтийн өмчийн ашиглалтад зарцуулалтад аливаа этгээдээс хараат бусаар, бие даан хяналт шалгалт хийх төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааны зарчимд нийцэхгүй.

30. Өөрөөр хэлбэл, шүүхүүд Газрын тосны тухай хуулиар тухайлан нэрлэн заагаагүй, холбогдох байгууллага гэх томъёоллыг маргааны үйл баримтад холбогдуулж тайлбарлан хэрэглэхдээ Төрийн аудитын тухай, Газрын тосны тухай хуулиудаар тус тус тухайлан зохицуулсан эрх зүйн харилцааны онцлог, захиргааны байгууллагын хуулиар тогтоосон чиг үүрэг, үйл ажиллагааны суурь зарчмуудыг харгалзан үзээгүй, тодруулбал, төрийн аудитын хяналт шалгалтын чиг үүргийн агуулгыг анхаараагүй,  төрийн санхүүгийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааны суурь зарчим болох хараат бус, бие даасан байдлыг алдагдуулахуйц байдлаар дүгнэсэн нь буруу болжээ.    

31. Иймд, хариуцагч Үндэсний аудитын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “… шүүхүүд Газрын тосны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “төрийн аудитын байгууллага холбогдох байгууллагатай хамтран...” гэснийг буруу тайлбарлаж, … Ашигт малтмал газрын тосны газартай хяналт шалгалтыг хамтран явуулах ёстой гэж үзсэн нь … /буруу/” гэх агуулгатай гомдлын үндэслэлийг хяналтын шатны шүүх хүлээн авч, шүүхүүдийн хууль хэрэглээний алдааг засах нь зүйтэй, гэхдээ энэ нь “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах”-аар гаргасан гомдлыг хангах үндэслэл болохгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 110 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ц нарын гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН, ШҮҮГЧ                            Ч.ТУНГАЛАГ         

ШҮҮГЧИД                                                               М.БАТСУУРЬ

                                                                                Х.БАТСҮРЭН

                                                                                П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                Д.МӨНХТУЯА