Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 35

 

 

     2023          07           18                                     206/МА2023/00035

 

У.Есболатын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 153/ШШ2023/00262 дугаар шийдвэртэй,

 

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр баг, Ногоон байгууламжийн 60-ын 17 тоотод оршин суух, Харахас назар овогт Уатханы Есболатын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант баг, 7 дугаар гудамжны 21 тоотод оршин суух, Ители овогт Кабашын Сакенд  холбогдох 

 

“ Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 3,307,000 /гурван сая гурван зуун долоон мянга/төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч У.Есболат түүний өмгөөлөгч С.Алтай, хариуцагч К.Сакен, хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Уранцэцэг нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

 

1.1 Би Ховд-Өлгий хооронд зорчигч тээвэрлэж явдаг байсан бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 16 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 61-15 БӨТ улсын дугаартай цагаан өнгийн Киа Карнавал маркийн тээврийн хэрэгслээр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн нутаг дэвсгэрт Ховд явах зорчигчдыг тээвэрлэж явахад Ховд аймгийн Жаргалант сумын иргэн К.Сакен нь өөрийн эзэмшлийн ХО 67-80 дугаарын саарал өнгийн Тоуоtо согоllа маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа гүйцэж түрүүлэхийг хориглосон тэмдэг бүхий газарт миний машиныг шахаж мөргөж замын хажууд онхолдуулан осол гаргуулсан юм. Энэ байдал нь хэргийн газрын үзлэг мөрдлөг, шалгалт хийсэн Ховд аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Б.Батзаяагийн нээж шалгасан 2236000276 тоот зөрчлийн хэрэг дээр нотлогдох бөгөөд хэрэг доторх эрх бүхий албан тушаалтны магадлагаа, К.Сакений өөрийнх нь 06 дугаар сарын 23-ны өдөр бичиж өгсөн баримт, гэрчүүдийн мэдүүлгүүд, үзлэг шалгалт шинжээчийн дүгнэлт зэргээр батлагдан нотлогдож К.Сакенийг Зөрчлийн тухай хуулийн 14.7-гийн 51-д заасныг үндэслэн 100 нэгж буюу 100,000 төгрөгөөр 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 0235434 тоот шийтгэлийн хуудсаар хялбаршуулсан журмаар торгох шийтгэл оногдуулсан бөгөөд К.Сакен нь үүнд гомдол гаргаагүй ба хүлээн зөвшөөрсөн байгаа юм. Нэгэнт К.Сакен нь Монгол Улсын Зөрчлийн тухай ангийн 14.7-ийн 51 дэх заалтыг зөрчин, миний машиныг гүйцэж түрүүлэхийг хориглосон газарт гүйцэж түрүүлж замын хажуу хашлагаас гарган онхолдуулсан нь тогтоогдсон болохоор энэ хэргээс болж надад учирсан бодит хохирол болох 3,307,000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус үндэслэн зөрчил гаргагч К.Сакенаас нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

 

2.1 .У.Есболат нь миний машиныг шахаж мөргөж замын хажууд онхолдуулсан. Энэ хэргээс болж надад учруулсан хохирлыг надаар төлүүлж өгөхийг хүсжээ. Би У.Есболатын машиныг шахаж мөргөж онхолдуулаагүй. Гүйцэж түрүүлээд урдуур нь ороод явсан нь үнэн. Нэлээд яваад толинд харахад У.Есболат нь миний араас ирж явсан. Ингээд намайг гэртээ ирсний дараа над руу нэг хүн залгаад та У.Есболатын машиныг мөргөөд онхолдуулаад явсан байна, надтай хамт яв гэхээр нь би хүн мөргөчхөөд замын хажууд унагаасан бол хаячхаад яваад өгөхгүй шүү дээ гэж тэр залуугийн машинаар хамт дагаад явсан.

 Хэргийн газар очиход Есболатын машины таван бул мултарсны улмаас эвдрэл үүссэн нь тодорхой байсан. Онхолдоогүй. У.Есболат тэр дор цагдаа дуудах ёстой байсан. Цагдаа дуудаагүй. Түүний зорилго хажуугаар нь өнгөрсөн намайг далимдуулж гарсан хохирлоо төлүүлж авъя гэсэн бодолтой хүн байсан. Намайг очиход шууд над руу дайрсан. Чи мөргөөд намайг онхолдуулсан.Гарын үсэг зурж өг, надад гарсан хохирлыг барагдуулж өг гэж намайг дарамталж гарын үсэг зуруулсан. Намайг алахаас ч буцахгүй царайтай байсан.

Би цагдаа шүүх үнэн учрын олж өгнө гэж бодоод тэндээс явахын тулд гарын үсэг зурж өгсөн нь үнэн. Намайг дагуулж явсан хүн Булган сумын цагдаа амралттай байсан гэсэн тэр үед. Тэр жолоочид У.Есболат өөрийн авч явсан зорчигчдыг суулгаад явуулсан. Миний хүний өмнөөс үг хэлдэггүй, зөөлөн сул талыг ашигласан. Намайг явуулаагүй. Тэр өдөр шөнө манай эхнэр Нысатай утсаар ярьсан. Танай нөхөр намайг мөргөж зугтаасан, хэргээ хүлээгээд энд ирчихсэн байна, миний хохирлыг төлж өгнө гэж гарын үсэг зураад өгчихсөн байна. Та одоо энд хүрээд ир. Миний данс луу одоо 800,000 төгрөг хий. Би машинаа ачиж явна гэж хэлсэн. Манай эхнэр одоо шөнө орой болсон байна. Наад хүн чиний машиныг мөргөөгүй. Машин нь гэрийн гадаа байна. Машин мөргөсөн машин ийм ямар ч сэвгүй зураас ч алга. Чи наад хүнийхээ сул талыг ашиглах гэж байна ш дэ.

Чи цагдаа дуудаж үзүүлэхгүй яасан юм бэ. Би өглөө эрт эндээс цагдаа аваад очъё. Чи машинаа битгий хөдөлгөөрэй гэж хэлсэн. Тэгж хэлсээр байтал үүрээр Өлгийгөөс кран дуудаж машинаа ачаад явсан. Дараа нь цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн газрын төлөөлөгч Б.Батзаяа нээж шалгасан. У.Есболатын машиныг ч миний машиныг ч шалгасан хэргийн газар хэмжилт хийж журмын дагуу шалгасан.

 Миний буруу нь гүйцэт түрүүлж болохгүй газар түрүүлсэн байна гэсэн. Бусад зүйл стандарт байна гэж хэлсэн.

 У.Есболатын машин ямар эвдрэлтэй байсан, миний машин ямар байсан, машин онхолдуулсан онхолдуулаагүй гэдгийг батлах баримт н.Батзаяа байцаагчид байгаа. У.Есболат ямар үндэслэлээр надаар хохирлоо төлүүлэх вэ? Дуугүй хүнээр дарамталж зуруулсан гарын үсэг хүчинтэй гэж бодож байх шиг байна. Миний цагдаа намайг хамгаална үнэн зөвийг олж өгнө гэдэгт итгэж байна гэжээ.

3.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 153/ШШ2023/00262 дугаар шийдвэрээр:

3.1  Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч К.Сакенээс эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 2,637,400 /хоёр сая зургаан зуун гучин долоон мянга дөрвөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Есболатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 669,600 /зургаан зуун жаран есөн мянга зургаан зуу/төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 

 3.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч У.Есболатынулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,457 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч К.Сакенээс 57,148 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

 

 

3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсонзохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулж,

 

3.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдсан гомдлын агуулга:

 

4.1  Би У.Есболатын машиныг шахаж мөргөж онхолдуулаагүй. Гүйцэж түрүүлээд урдуур нь ороод явсан нь үнэн. Нэлээд яваад толинд харахад У.Есболат нь миний араас ирж явсан. Ингээд намайг гэртээ ирсний дараа над руу нэг хүн залгаад та У.Есболатын машиныг мөргөөд онхолдуулаад явсан байна, надтай хамт яв гэхээр нь би хүн мөргөчхөөд замын хажууд унагаасан бол хаячхаад яваад өгөхгүй шүү дээ гэж тэр залуугийн машинаар хамт дагаад явсан нь үнэн.

Нэлээд яваад толинд харахад У.Есболат нь миний араас ирж явсан. Ингээд намайг гэртээ ирсний дараа над руу нэг хүн залгаад та У.Есболатын машиныг мөргөөд онхолдуулаад явсан байна, надтай хамт яв гэхээр нь би хүн мөргөчхөөд замын хажууд унагаасан бол хаячхаад яваад өгөхгүй шүү дээ гэж тэр залуугийн машинаар хамт дагаад явсан. Хэргийн газар очиход У.Есболатын машины таван бул мултарсны улмаас эвдрэл үүссэн нь тодорхой байсан. Давж заалдах шатны шүүх үнэн зөвөөр тогтоож өгнө гэдэгт итгэж байна гэжээ.

 

5. Нэхэмжлэгч У.Есболат түүний өмгөөлөгч С.Алтай нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К.Сакен нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх заалтыг зөрчиж, гүйцэт түрүүлэхийг хориглосон газарт миний машиныг гүйцэт түрүүлж, замын хажуу руу гаргаж осол гаргасан. К.Сакений гүйцэд түрүүлсэн газар нь эргэлттэй газар байсан. Эргэлттэй газраа багтахгүй миний урдуур орж ирсэн.

 

Мөргөлдөхгүйн тулд зам тавьж өгөөд замаасаа гараад жалга руу орсон... Би 80 км цагийн хурдтай явж байсан.Онхолдоогүй, жалга мөргөсөн... Зогсоох арга хэмжээ авсан боловч явж байсан машин зогсоход хэцүү байсан, замын хазгай руу орчихоор гардаггүй юм билээ. Би тухайн үед цагдаа дуудъя гэхэд К.Сакен миний дүү цагдаа дуудаад яах уу, зорчигчид зүгээр бол хоёулаа тохиоръё, би хохирлыг чинь төлнө... гэхээр нь би ...та гарын үсэг зураад өг... гэж хэлэхэд өөрийн гараар хохирлыг барагдуулах тухай бичиг бичиж өгсөн. Ингээд миний машин явах боломжгүй болсон тул цагдаа дуудсан, цагдаа шалгаж К.Сакенийг буруутай гэж шийдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 

            1.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч талын давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч У.Есболат нь хариуцагч К.Сакенд холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 3,307,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

3. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр эрх бүхий албан тушаалтан хариуцагч К.Сакенийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д зааснаар 100 нэгж буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудас, 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “машины хохирлыг барагдуулж өгнө” гэх агуулгатай хариуцагч К.Сакений гарын баримт, “Вендо” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, “Даян авто сервис” ХХК-ийн зарлагын баримт, “Бщта түүлс Энд парт ХХК-ийн нэхэмжлэх зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн ба мөн шүүх нэхэмжлэгч Ж.Есболатын хүсэлтээр Ховд аймаг дахь Цагдаагийн газраас К.Сакенд холбогдох 2236000276 дугаартай зөрчлийн хэргийн материалыг гаргуулан хэрэгт хавсаргажээ.

 

4. Хариуцагч “би У.Есболатын машиныг гүйцэж түрүүлээд явсан нь үнэн. Харин түүний машиныг шахаж онхолдуулаагүй, түүний машин таван бул мултарсны улмаас замаас гарч эвдрэл үүссэн, намайг дарамталж гарын үсэг зуруулсан” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн  зөвшөөрөхгүй маргажээ.

 

5. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч К.Сакен эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргажээ.

 

5.1 К.Сакенд холбогдох 2236000276 дугаартай зөрчлийн хэргийн материалаас үзэхэд жолооч К.Сакен нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн арван гурав Гүйцэж түрүүлэх ба гүйцэх 13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралт Замын тэмдэг 2.20 “Гүйцэж түрүүлэх хориотой”-удаан явдалт тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг, унадаг дугуй, мопед, хоёр дугуйт мотоциклоос бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт Замын тэмдэглэл 1.3.Хэвтээ тэмдэглэлийг /үргэлжилсэн цагаан шугам/ дараах зориулалтаар хэрэглэнэ  1.1. хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, чиглэлийн тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуйн эгнээг бусад эгнээнээс зааглах, зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

 

5.2 Иймээс хариуцагч К.Сакений дээр дурдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас нэхэмжлэгч У.Есболатын эд хөрөнгөд хохирол учирсан байх бөгөөд “нэхэмжлэгч нь учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

5.3 Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн хохирлын /санхүүгийн/ баримтуудыг  хуульд заасан журмаар үнэлж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас 2,637,400 төгрөгийг хангаж, үлдэх 669,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

5.4 Харин хариуцагч К.Сакений  “нэхэмжлэгч У.Есболатын авто машин нь таван бул мултарсны улмаас замаас гарч эвдрэл үүссэн” гэх татгалзал нь зөрчлийн болон иргэний хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно. Иймээс хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

6. Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

7. Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58233 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож

ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 153/ШШ2023/00262 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч К.Сакены давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч К.Сакены давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58233 төгрөгийг төрийн сангийн  дансанд хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай

 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ,

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Н.ТУЯА

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.ЖАМБАЛСҮРЭН

 

                                   ШҮҮГЧ                                                 М.НЯМБАЯР