Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01234

 

 

 

ОЯ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2023/00636 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ОЯ ХХК-ийн хариуцагч ИН ХХК, Б.А, Ж.А- нарт холбогдуулан гаргасан гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан шилжүүлэхийг даалгах, Ж.А-гийн хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Хүрэлтулга, хариуцагч ИН ХХК, Б.А- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгон, хариуцагч Ж.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амартүвшин, өмгөөлөгч М.Цогтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ОЯ ХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд Богд вилла шинэ орон сууцны хотхоны төслийг барьж байгуулах ажлын хүрээнд ИН ХХК-ийн захирал Б.А-тай өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу ИН ХХК нь Богд Вилла төслийн В блокийн 1 дүгээр орцны өрлөг болон шаврын бүх ажлыг захиалагчийн шаардлагад нийцүүлэн заасан хугацаанд гүйцэтгэх, ОЯ ХХК нь ажлын хөлс 317,124,000 төгрөгт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд вилла төслийн А блокийн 67.84 м.кв, 118 тоот орон сууцыг 1 м.кв-ын үнийг 2,300,000 төгрөгөөр тооцон 156,032,000 төгрөгийн орон сууц, мөн Б блокийн 16 дугаар давхрын 70.04 м.кв бүхий 000 тоот орон сууцыг 1 м.кв-ын үнийг 2,300,000 төгрөгөөр тооцон 161,092,000 төгрөгийн орон сууцыг өгсөн.

1.2. ИН ХХК нь 305,792,904 төгрөгийн ажлыг гүйцэтгэх ёстой байсан боловч ажлаа бүрэн гүйцэтгээгүйгээс шалтгаалан өөр этгээдээр үлдсэн ажлыг хийлгэсэн. Талууд ажлын гүйцэтгэлийг харилцан дүгнэж, өр төлбөрийн асуудлаар тооцоо нийлж ИН ХХК 70,864,171 төгрөгийн төлбөртэйг баталгаажуулсан. ИН ХХК-ийн захирал Б.А- нь 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 01/62 тоот албан бичгээр 70,864,171 төгрөгийг 2021 оны 09, 10, 11 саруудад 3 хувааж төлөх хүсэлт ирүүлсэнтэй холбогдуулан талууд 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг байгуулж 70,864,171 төгрөгийг 3 удаагийн төлөлтөөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 23,621,390 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 23,621,390 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 23,621,390 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцсон төлбөрийг төлөөгүй.

1.3. ИН ХХК нь маргаан бүхий дээрх 000 тоот орон сууцыг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Ж.А-д худалдсан. Ж.А- уг орон сууцанд амьдарч байгаа. ИН ХХК-ийн захирал Б.А- Ж.А-гаас орон сууцны төлбөрт 133,076,000 төгрөг авсан. ИН ХХК болон захирал Б.А- нар ОЯ ХХК-ийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажлаа бүрэн гүйцэтгэж орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн аваагүй атлаа орон сууцыг өмчлөх эрхтэй мэтээр гэрээ байгуулан бусдад худалдсан. Иймд гүйцэтгэгч талын ажлын хөлсөнд 2 орон сууцыг бүрэн шилжүүлсэн боловч үлдэгдэл үүргийг хариуцагч сайн дураар биелүүлэх талаар үр дүн гараагүй тул 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 20/08 дугаар өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээнээс тус тус татгалзаж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд Вилла төслийн Б блокийн 70,04 м.кв, 000 тоот орон сууцны эзэмшлийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг даалгаж, орон сууцнаас Ж.А-г албадан гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ИН ХХК болон Б.А- нарын тайлбар, татгалзлын агуулга:

ИН XXК нь 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өрлөг шаврын ажил гүйцэтгэх 20/08 дугаартай гэрээг Эн Ти Эм ХХК-тай байгуулсан. Уг гэрээний зорилго нь Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Богд вилла төслийн 1-р орцны өрлөг шаврын бүх ажлуудыг хийхээр тохиролцсон. Уг гэрээний төлбөрт Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Богд вилла төслийн Б блок 2-р орцны 16 давхрын 70.04 м.кв 000 тоот орон сууцыг 1 м.кв талбайг 1,300,000 төгрөгөөр тооцож нийт 161,092,000 төгрөгийн орон сууцыг худалдахаар тохиролцсон. Гэрээний дагуу 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээг ИН ХХК нь Ж.А-тай байгуулж Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Богд вилла төслийн Б блок 2-р орцны 16 давхрын 70.04 м.кв 000 тоот орон сууцыг 133,076,000 төгрөгөөр худалдаж төлбөрийг бэлнээр авсан. ИН XXК гэрээний дагуу 67,75 хувийн ажил гүйцэтгэсэн. Иймд ОЯ ХХК нь 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Ж.А-гийн тайлбар, татгалзлын агуулга:

Ж.А- маргааны зүйл болсон орон сууцыг худалдан авч төлбөрийг бүрэн төлсөн. Хамтран хариуцагчийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаж оролцож байсан боловч нэхэмжлэгч шаардлагаа нэмэгдүүлж, хамтран хариуцагчаар татсанаар шүүх Ж.А-г хамтран хариуцагч болохыг батлах зохицуулалт хуульд байхгүй. Нэхэмжлэгч болон хариуцагч нар тооцоо нийлсний үндсэн дээр Ж.А-тай эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна гэжээ.

  

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

4.1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 236 дугаар зүйлийн 236.1.3, 93 дугаар зүйлийн 93.1-д тус тус заасныг баримтлан ОЯ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ИН ХХК, Б.А, Ж.А- нарт холбогдох 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг тус тус цуцалж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам /17080/ наадамчдын зам, гудамжны 1204 дүгээр байрны 000 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206093498 дугаарт бүртгэлтэй, 70,04 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч нараас буцаан гаргуулах, орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

4.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 963,410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 963,410 төгрөгийн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 893,210 төгрөгийг улсын орлогоос буцаан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1 Анхан шатны шүүх ...нэхэмжлэгчийг гэрээ цуцлахаар шаардах эрхгүй гэж дүгнэсэн. Талууд ажил гүйцэтгэх гэрээний үүргийг орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргээр сольсон гэж үзэхээр байна. Иймд нэгэнт дуусгавар болсон үүргийг гэрээний үүргээ зөрчсөн, нэмэлт хугацаа тогтоосон ч үр дүн гарахгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч гэрээг цуцлах эрхгүй хэмээн үндэслэлгүй дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу. Талуудын хооронд байгуулагдсан тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг ямар учраас худалдах, худалдан авах гэрээ хэмээн дүгнэсэн талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй. Тухайн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ нь өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээний үүргийг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэрээний нэмэлт өөрчлөлт бөгөөд ИН ХХК-ийг гэрээний үүргээ хэзээ гүйцэтгэнэ тэр хүртэл хүлээх ёстой байсан мэт ойлголтыг төрүүлэхүйц шийдвэр болсон. Түүнчлэн, тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний 2.5-д орон сууцны өмчлөх эрхийг төлбөр төлөгдсөн тохиолдолд шилжүүлэхтэй холбоотой зохицуулалт тусгагдсан, тухайн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч нь төлбөр төлөгдөөгүйтэй холбоотой орон сууцны эзэмших, ашиглах эрхийг буцаан шаардах эрхтэй болох нь харагддаг. ИН ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй зөрчсөн, гэрээний үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа тогтоосон ч ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт байгаа зэрэг нь гэрээнээс татгалзах үндэслэл болж байна.

5.2 Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-д эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол гэж заасан ба Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам /17080/, Наадамчдын зам гудамж, 1204 дүгээр байрны 000 тоот хаягт байршилтай 70.04 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгч нь ОЯ ХХК болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогддог. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ж.А- орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж байсан гэж үзэхгүй. Ж.А- ИН ХХК маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь биш гэдгийг тус компанитай 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээг байгуулж байх үедээ мэдэж байсан болох нь гэрээний агуулгаас тодорхой харагдана. Ж.А-гийн эзэмшил хууль ёсоор үүсээгүй тул өмчлөгч нь хөрөнгөө түүнээс шаардах эрхтэй. Гэтэл анхан шатны шүүх Ж.А-г орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой, түүний эзэмшлийг хууль бус гэж үзэхгүй, тэрээр шударга эзэмшигч гэх дүгнэж Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Роялхаус контсракшн" ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч ИН ХХК, Б.А- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Талуудын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ тус тус байгуулагдсан. Тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээний дагуу Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар өмнөх харилцаа дууссан. Нэхэмжлэгч энэ гэрээг өмнөх гэрээнд нэмэлт хугацаа тогтоосон гэрээ гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь: тухайн гэрээгээр өмнөх гэрээний агуулга болоод үр дагаврыг өөрчилсөн. Өмнө нь нэхэмжлэгч тал ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 2 орон сууцыг шилжүүлэн өгсөн ба үүний хариуд 70 хувийн ажлыг гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзах агуулгыг тайлбарладаг боловч 000 тоот орон сууцыг буцаан шаардаж байгаа нь биелэгдэх хууль зүйн үндэслэлгүй. Иймд давж заалдах гомдлыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Ж.А-гийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээний үүргийг өөр гэрээний үүргээр сольсон талаар Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 106 дугаар зүйлийн 106.1, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг тайлбарлаж, Ж.А-г маргаан бүхий орон сууцны шударга эзэмшигч биш гэх гомдлыг гаргасан. Маргаан бүхий орон сууцны өмчлөгч хэн болохыг тогтоогоогүй байсан. Ж.А- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож байхдаа хүсэлт гаргаж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авсан. Гэтэл шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсны дараа тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан байсан. Энэ асуудлаар хэргийг шийдвэрлэсний дараа холбогдох байгууллагад гомдол гаргана. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдийг хамтран хариуцагчаар татсанд Ж.А- гомдол гаргаагүй. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй бүхэлд нь хянах эрхтэй. Анхан шатны шүүх гуравдагч этгээдийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлээгүй. Иймд энэ талаар шийдвэртээ тусгаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон улсын тэмдэгтийн хураамжид өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч ОЯ ХХК нь хариуцагч ИН ХХК, Б.А- нарт холбогдуулан гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан шилжүүлэхийг даалгах, хариуцагч Ж.А-д холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлэх тухай шаардлага тус тус гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

2.а. Нэхэмжлэгч ОЯ ХХК болон хариуцагч ИН ХХК нарын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, энэ гэрээгээр гүйцэтгэгч ИН ХХК нь Хан-Уул дүүргийн 04 дүгээр хороо, Хүүшийн ам, Наадамчдын зам, Богд вилла төслийн В блокын 01 дүгээр орцны өрлөг шаврын бүх ажлыг 317,124,000 төгрөгөөр хийж гүйцэтгэх, захиалагч ОЯ ХХК нь ажлын хөлсөнд Хан-Уул дүүрэг, 04 дүгээр хороо, Богд вилла төслийн А блокын 6 дугаар давхрын 118 тоот хаягт байрлах, 67,84 м.кв талбай бүхий орон сууцыг 156,032,000 төгрөгт, Хан-Уул дүүрэг, 04 дүгээр хороо, Б блокын 2 дугаар орцны 16 дугаар давхрын 000 тоот хаягт байрлах 70.04 м.кв талбай бүхий орон сууцыг 161,092,000 төгрөгт тус тус тооцон бартераар шилжүүлэх, захиалагч нь өмнөх гэрээний үлдэгдэл ажлын хөлс болох 11,331,096 төгрөгийг нийт орон сууцны үнийн дүнгээс хасч, гүйцэтгэгч нь 305,792,904 төгрөгийн ажил гүйцэтгэхээр тохиролцжээ. (хх-ийн 9-12)

 

2.б. Нэхэмжлэгч ОЯ ХХК нь гэрээний үүргээ биелүүлж, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүрэг, 04 дүгээр хороо, Б блокын 2 дугаар орцны 16 дугаар давхрын 000 тоот хаягт байрлах 70,04 м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагч ИН ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан орон сууц хүлээлцэх актаар тогтоогдож байна. (хх-ийн 20)

 

2.в. Харин хариуцагч 3Шинэ өнгө төр3х ХХК нь 305,792,904 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэхээс 70,864,171 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээгүй болох нь 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаагаар тогтоогдсон бөгөөд улмаар 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч ИН ХХК нь 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлыг захиалагчийн тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй болохыг хүлээн зөвшөөрч, гүйцэтгээгүй үүргийн хэмжээг 70,864,171 төгрөгөөр тогтоож, уг төлбөрийг хариуцагч нь 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 23,621,390 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 23,621,390 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 23,621,390 төгрөгийг төлөх, дээрх хугацаанд төлөөгүй бол хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алдангийг төлбөр авагчид төлөхөөр тохиролцжээ. (хх-ийн 13-15)

 

3. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоосон боловч ажил гүйцэтгэх гэрээний үүргийг орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргээр сольсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Харин Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагч 70,864,171 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээгүй тул энэ хэмжээнд цуцлагдаж, 234,928,733 төгрөгийг ажил хийж гүйцэтгэсэн гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол үүрэг дуусгавар болно гэж заасан тул нэхэмжлэгч дуусгавар болсон өмнөх Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээний 7.5-д зааснаар орон сууцыг буцаан шаардах үндэслэлгүй болно.

Тодруулбал, талууд 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулснаар Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээний үүргийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан буцааж өгөх үүргээр солигдсон гэж үзэх тул Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээний үүрэг дуусгавар болсон байна.

Иймд нэхэмжлэгчийн орон сууцны эзэмшлийг буцаан шаардсан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсан гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

4.Талууд дээрх байдлаар Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээг 70,864,171 төгрөгийн хэмжээнд цуцалж, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцсэн, ийнхүү тохиролцох нь хуулиар зөвшөөрөгдсөн хэлцэл болохыг мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасан тул нэхэмжлэгч уг гэрээгээр тохиролцсон үүргийг шаардах эрхтэй болохоос уг гэрээний үүргийг хариуцагч биелүүлээгүй нь нэхэмжлэгчийг тухайн гэрээнээс татгалзах үндэслэл болохгүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайн гэрээнээс татгалзах үндэслэл тогтоогдоогүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

4.а.Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно гэж заасан тул Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний 2.5-д орон сууцны өмчлөх эрхийг төлбөр төлөгдсөн тохиолдолд шилжүүлэхтэй холбоотой зохицуулалт тусгагдсан, нэхэмжлэгч нь төлбөр төлөгдөөгүйтэй холбоотой орон сууцны эзэмших, ашиглах эрхийг буцаан шаардах эрхтэй гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

4.б. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх тухайн маргаанд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь зөв боловч дүгнэлт нь буруу болсныг дээрх байдлаар залруулан дүгнэж, тухайн маргаанд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсгийг баримталсан нь буруу тул мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлах нь хууль хэрэглээний хувьд оновчтой тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

5. ИН ХХК, Ж.А- нарын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээг байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүрэг, 04 дүгээр хороо, Б блокын 2 дугаар орцны 16 дугаар давхрын 000 тоот хаягт байрлах 70.04 м.кв талбай бүхий орон сууцыг эрх хүлээн авагч Ж.А-гийн өмчлөлд шилжүүлэх, эрх хүлээн авагч 133,076,000 төгрөгийг Б.А-ы дансанд төлөхөөр тохиролцож, эрх шилжүүлэгч ИН ХХК-ийг төлөөлж захирал Б.А-, эрх хүлээн авагч Ж.А- нар гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан байна. (хх-ийн 59)

 

5.а. Хариуцагч Ж.А- нь дээрх гэрээний үүргээ биелүүлж, 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр орон сууцны үнэд 133,076,000 төгрөгийг өөрийн ХААН банк ХХК дахь 5023205519 тоот данснаас 5040216824 тоот дансны шилжүүлсэн болох хэрэгт авагдсан бэлэн мөнгөний орлогын баримт, дансны хуулга зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна. (хх-ийн 81)

 

5.б. Харин Хан-Уул дүүрэг, 04 дүгээр хороо, Б блокын 2 дугаар орцны 16 дугаар давхрын 000 тоот хаягт байрлах 70,04 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр ОЯ ХХК нь 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр бүртгэгдэж улсын бүртгэлийн гэрчилгээ гарчээ. Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон бөгөөд талууд үйл баримтын талаар маргахгүй байна. (хх-ийн 77)

 

5.в. Нэхэмжлэгч маргаж байгаа орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн, түүнийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан хууль ёсны өмчлөгчийн хувьд шаардах эрхтэй гэж үзэх үндэслэлтэй боловч мөн хуулийн 106.1, 106.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.А- эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэл дээрх байдлаар үгүйсгэгдэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй болно.

 

Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй боловч тухайн тохиолдолд Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь буруу байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...анхан шатны шүүх талууд ажил гүйцэтгэх гэрээний үүргийг орон сууц худалдах худалдан авах гэрээний үүргээр сольсон гэж үндэслэлгүй дүгнэсэн... гэсэн давж заалдах гомдол үндэслэлтэй боловч энэ нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй, давж заалдах шатны шүүх уг дүгнэлтийг залруулан дүгнэснээс гадна Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ, Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээнээс тус тус татгалзах үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

7. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн ...2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 963,410 төгрөгийн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 893,210 төгрөгийг улсын орлогоос буцаан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.2-т заасантай тус тус нийцээгүй байх тул энэ талаар шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулна.

 

8. Хариуцагч Ж.А- нь гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд Хан-Уул дүүргийн 04 дүгээр хороо, Богд вилла 1204-000 тоот, 70.04 м.кв бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгч Ж.А- болохыг тогтоож, орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгах тухай бие даасан шаардлага гаргаж, тэрээр улсын тэмдэгтийн хураамжид 823,330 төгрөг төлсөн. Хариуцагч нь гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг сөрөг нэхэмжлэлийн хувиар гаргаагүй, ийнхүү өөрчлөх боломжийг шүүхээс олгосон боловч сөрөг шаардлага гаргаагүй тул шүүх үндсэн нэхэмжлэлийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. Талууд орон сууцны өмчлөх эрхийн талаар маргах эрх нь нээлттэй байх тул хариуцагч Ж.А-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 823,330 төгрөгийг түүнд буцаан олгож, энэ талаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон улсын тэмдэгтийг шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2023/00636 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг 343 дугаар зүйлийн 343.1, 236 дугаар зүйлийн 236.1.3, 93 дугаар зүйлийн 93.1-д гэснийг 205 дугаар зүйлийн 205.1, 106 дугаар зүйлийн 106.1 гэж өөрчилж,

2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,926,820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.А-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 823,330 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ОЯ ХХК-ийн төлсөн 1,033,610 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД  Г.ДАВААДОРЖ

 

Н.БАТЗОРИГ