Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01235

 

 

УН ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2023/00512 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч УН ХХК-ийн хариуцагч ТО ХХК-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 133,768,200 төгрөг, алданги 66,884,100 төгрөг, нийт 200,652,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шижирбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхжин, түүний өмгөөлөгч М.Энхжаргал /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

УН ХХК нь ТО ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Г/29 тоот худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. УН ХХК худалдах, худалдан авах гэрээний дагуу ТО ХХК-д чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг нийлүүлсэн боловч худалдан авагч нь төлбөрийг төлөх үүргээ зөрчсөн. Гэрээний 4.3-т Худалдан авагч нь энэхүү гэрээний 4.2-т заасан нөхцөлөөр авсан тохиолдолд барааг хүлээн авснаас хойш хуанлийн 45 хоногийн дотор үнийг бүрэн төлж барагдуулна гэж, 5.2-т Худалдан авагч тал шатахуун болон бүтээгдэхүүний төлбөрийг тээврийн хөлсний хамт гэрээний 4.3-д заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон худалдагчид алданги төлнө гэж тус тус заасан. Иймд ТО ХХК-аас УН ХХК-д гэрээний үндсэн төлбөр 133,768,200 төгрөг, алданги 66,884,100 төгрөг, нийт 200,652,300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагаас алданги 66,884,100 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Үндсэн төлбөрийг хугацаа тохироод төлөхөд татгалзахгүй. ТО ХХК ашиг орлогогүй тул алданги төлөх боломжгүй гэжээ.

  

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ТО ХХК-аас нийт 200,652,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч УН ХХК-д олгож,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч УН ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,161,215 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ТО ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,161,211 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч УН ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан шүүх оролцогчтой нэг бүрчлэн танилцаж, төлөөлөгчийн бүрэн эрхийг шалгана гэснийг зөрчсөн. Шүүх хуралдаанд төлөөлөх эрхгүй этгээдийг оролцуулан шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Тухайлбал, хавтаст хэргийн 5 дугаар хуудаст УН ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Мөнхнаран нь УН ХХК-ийн нэхэмжлэлтэй, ТО ХХК-д холбогдох хэрэгт нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхийг хуулийн зөвлөх Г.Шижирбаатарт 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хугацаа заагаагүй олгосон. Энэ нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5-д зааснаар ...хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жил хүчин төгөлдөр байна. 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралд шүүгч нэхэмжлэгчийн төлөөлөх эрхийг шалгахдаа УН ХХК-аас 2021 оны 07 сард Г.Шижирбаярт итгэмжлэл олгосон хугацаа дууссан бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн итгэмжлэл нь Г.Шижирбаярт биш Б.Нинжбадгар гэх хүнд төлөөлөх эрхийг олгосон байдаг. 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хэргийн материалтай танилцан шүүхийн шийдвэрийг гардаж авахад 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Г.Шижирбаатарт олгосон гэх итгэмжлэл үйлдэгдээгүй, хуудасны дугааргүй байх ба нөхөн үйлдсэн гэж үзэж байна. Учир нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хавтаст хэргийн материалын баруун дээд буланд 110 дугаарласан байсан. Мөн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хэргийн материалтай танилцахад 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр олгосон гэх итгэмжлэл хэргийн материалд байгаагүй ба 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр тус итгэмжлэл нь дугааргүй, үдэгдээгүй, хэргийн материалын ард хийсэн байсан.

4.2. Шүүх дээрх гэрээний дагуу ТО ХХК-аас Шунхлай трейдинг ХХК-д үндсэн төлбөр 133,768,200 төгрөг, алданги 66,884,400 төгрөг, нийт 200,652,300 төгрөгийг шаардах эрхтэй этгээд эсэхийг тогтоохдоо зөвхөн төлөөлөх эрхгүй этгээдийн тайлбар болох хувьцаа эзэмшигч нь нэг зэргэлдээ компаниуд гэснийг үндэслэн хэргийн материалд зэргэлдээ компаниуд мөн эсэх, хувьцаа эзэмшигч нэг эсэх баримт авагдаагүй байхад үндэслэлгүйгээр дүгнэлт хийсэн. Төлөөлөх эрхгүй этгээдийг шүүх хуралд оролцуулан УН ХХК болон Шунхлай трейдинг ХХК-ийн хоорондын хамаарлыг нотлох баримтгүйгээр шийдвэр гаргасан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

УН ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэлийг шүүгчийн туслахад өгсөн бөгөөд хэрэгт хэрхэн хавсаргасан талаар мэдэхгүй байна. Шүүх хуралдаанд итгэмжлэлийг шалгасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлөөлөх эрхийн хугацаа дууссан байхад хуралдаанд оролцуулсан гэх гомдол үндэслэлгүй. Учир нь шүүгчийн туслахад хуулийн хүчин төгөлдөр итгэмжлэлийг өгсөн нь хэрэгт авагдсан. УН ХХК болон Шунхлай трейдинг ХХК гэж бичигдсэн нь техникийн алдаа бөгөөд гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийг УН ХХК гаргаж байгаа болон хариуцагч тал Шунхлай трейдинг ХХК-тай өөр гэрээ байгуулсан эсэх талаар шүүх хуралдаанд тайлбарлаж, талууд ойлголцсон. Гэтэл энэ асуудлаар гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд хариуцагч талын гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, шүүх хэрэг авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг тус тус зөрчөөгүй байна.

 

1.    Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар

 

1.а. Нэхэмжлэгч УН ХХК нь хариуцагч ТО ХХК-д холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 133,768,200 төгрөг, алданги 66,884,100 төгрөг, нийт 200,652,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч үндсэн төлбөрийг төлнө, харин алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

1.б. Зохигчид 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нийлүүлэгч УН ХХК нь худалдан авагчид чанар стандартын шаардлагыг хангасан газрын тосны бүтээгдэхүүн, бүх төрлийн шатахуун, тос тосолгооны материал, аккумулятор нийлүүлэх, худалдан авагч ТО ХХК нь үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 6-10/

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. 

 

1.в. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

1.г. Талууд 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдэхэд хариуцагч ТО ХХК нь 133,768,200 төгрөгийн шатахууны үнийг нэхэмжлэгч Шунхлайн говь ХХК-д төлөх үлдэгдэлтэй байх ба хариуцагч байгууллагын нягтлан бодогч гарын үсэг зурж, тамга зарж баталгаажуулсан байна.

Улмаар нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргийг биелүүлэхийг шаардаж, 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр тус тус мэдэгдэл хүргүүлж байсан боловч хариуцагч үүргээ биелүүлээгүй буруутай болох нь хэрэгт авагдсан тооцоо нийлсэн акт, төлбөр төлөх хуваарь, мэдэгдэл, талуудын тайлбар зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна. Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх 12-16/

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч УН ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үүрэг 133,768,200 төгрөгийг хариуцагч ТО ХХК-аас гаргуулахаар шаардах эрхтэй. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

  

1.д. Талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 4.3-т ...барааг хүлээн авснаас хойш 45 хоногийн дотор үнийг бүрэн төлж барагдуулсан байх үүрэгтэй. Мөн гэрээний 5.2-т ... гэрээний 4.3-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр хийх шаардлагад нийцсэн тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги 66,884,100 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч ТО ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 133,768,200 төгрөг, алданги 66,884,100 төгрөг, нийт 200,652,300 төгрөг гаргуулсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын талаар.

 

2.а. Хэргийн 114 дүгээр талд авагдсан баримтаар нэхэмжлэгч УН ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Ж.Мөнхнарангаас 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тус хэрэгт нэхэмжлэгч байгууллагыг төлөөлөх итгэмжлэлийг Г.Шижирбаатар, Е.Мягмардорж нарт олгосон байх ба уг итгэмжлэл хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр байна. Түүнчлэн, анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч тал итгэмжлэлийн талаар мэтгэлцээгүй байна. Иймд хариуцагчийн ...төлөөлөх эрхгүй этгээдийг шүүх хуралд оролцуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн... гэх агуулга бүхий давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

2.б.Үүнээс гадна нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болж буй 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ нь УН ХХК болон ТО ХХК-иуд байгуулсан, тэдгээрийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн байх ба Шунхлай трейдинг ХХК уг иргэний хэрэгт хамааралгүй, эрх зүйн харилцаанд оролцоогүй байна. Түүнчлэн, анхан шатны шүүх хуралд шүүгч УН ХХК нь Шунхлай трейдинг ХХК-тай ямар харилцаа холбоотой болох талаар тодруулж асуусан байна. Иймд хариуцагчийн ... УН ХХК болон Шунхлай трейдинг ХХК-иудын хоорондын хамаарлыг нотлох баримтгүй байхад шийдвэр гаргасан гэх агуулга бүхий давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2023/00512 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 1,161,212 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД  Г.ДАВААДОРЖ

 

Н.БАТЗОРИГ