Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/01261

 

 

 

Э.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 184/ШШ2023/01537 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Н-ын хариуцагч О.Ю, О.Чнарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 45,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Даваажав, хариуцагч Б.Оюунчимэгийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Э.Н-О.Ю, О.Ч нартай 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг 2014 оны 07 сарын 29-ний өдрөөс 2014 оны 09 сарын 14-ний өдөр хүртэл хугацаатай зээлсэн. Зээлдэгч нар сураггүй алга болж байгаад 2019 оны 10 сард холбоо барьж, банкнаас зээл авахаар боллоо, 5,000,000 төгрөг өгөөч, нийлүүлээд 35,000,000 төгрөгийг хүүтэй нь өгье гэсэн тул бэлнээр 5,000,000 төгрөг өгсөн. Гэвч зээлсэн мөнгөн хөрөнгийг буцаан төлөхгүй алга болсон. Э.Н-О.Ю, О.Чнартай уулзаж удаа дараа мөнгөө нэхэж байсан. Мөн цагдаагийн байгууллагад хандаж байсан. Иймд зээлийн төлбөр 35,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг, нийт 45,000,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагч Б.Оюунчимэгийн тайлбар, татгалзлын агуулга:

Б.Оюунчимэг 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдөр С.Оюун, А.Оюундалай, н.Батболд, Э.Н- нарт барилга нураалтын ажил хийх санал болгосон. Уг ажлыг А.Урансайхан С.Оюунд дамжуулан Б.Оюунчимэгт санал болгосон. Харин С.Оюун нь Э.Н-ыг уулзуулахад тэрээр уг ажлыг зөвшөөрч зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч Б.Оюунчимэг, А.Оюундалай нар мөнгөн хөрөнгийг аваагүй. Э.Н-ын өгсөн мөнгийг А.Урансайханд өгсөн. Э.Н- зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө нэхэж байгаагүй. Зээлийн гэрээний үүргийг шаардах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч А.Оюундалайгийн тайлбар, татгалзлын агуулга:

А.Оюундалай нь барилгын ажилтай холбоотой С.Оюуныг Б.Оюунчимэгтэй уулзуулсан. Тухайн үед С.Оюун нь Б.Оюунчимэгтэй н.Батболд болон Э.Н- нартай барилгын буулгалтын ажлын талаар тохиролцон ажиллахаар болж зээлийн гэрээ байгуулсан.

Зээлийн гэрээ байгуулахад хамтран зээлдэгч шаардлагатай гэсэн тул хамтран зээлдэгчээр оролцсон. Э.Н- 30,000,000 төгрөгийг Б.Оюунчимэгт өгсөн. А.Оюундалай дээрх мөнгөн хөрөнгийг аваагүй. Энэ асуудлаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2015 онд гомдол гаргасан боловч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Э.Н- А.Оюундалайгаас зээлийн төлбөрийг нэхэж байгаагүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

4.1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар Э.Н-ын нэхэмжлэлтэйО.Ю, О.Чнарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 35,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг, нийт 45,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Н-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн. Э.Н- Б.Оюунчимэг, А.Оюундалай нарт 30,000,000 төгрөгийг 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаатай зээлсэн. Зээлдэгч нар ... жаахан хүлээгээч, одоохон, асуудалд ороод байна гэж хугацаа авч байсан бөгөөд энэ хугацаанд зээлдэгч нар эрүүгийн хэрэгт холбогдож мэдүүлэг өгч байсныг анхан шатны шүүх анхаараагүй.

Э.Н- 2019 оны 10 дугаар сард 5,000,000 төгрөгийг бэлнээр өгч өмнөх 2014 оны гэрээг шинэчилсэн нь Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1082 дугаар тогтоолоор нотлогдсоор байхад анхан шатны шүүх үүнийг үнэлээгүй.

Мөн шүүх хуралдаан эхлэхэд байгаагүй, хувийн мэдээлэлгүй этгээд болох А.Урансайханыг зохигчийн зөвшөөрөлгүйгээр шүүх хуралдаанд оролцуулж гэрчийн мэдүүлэг авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 99 дүгээр зүйлийг зөрчсөн. А.Урансайхан нь шүүхэд худал мэдүүлэг өгсөн. Тэрээр 2019 оны үйл баримтыг мэдэж байсан. Нэхэмжлэгч тал А.Урансайханд холбогдох хэргийн мэдээллийг авах боломжгүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулах байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдол гаргасан хариуцагч Б.Оюунчимэгийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Тухайлбал, зээлийн гэрээтэй холбоотой төлбөрийн асуудал яригдаж байгаа учраас эрүүгийн хэрэгтэй холбоотой асуудлыг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй. Зээлийн гэрээг 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан. Түүнчлэн, 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн прокурорын тогтоол гарсан. Тухайн өдрөөс хойш 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэсэн тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахад шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

1. Нэхэмжлэгч Э.Н- хариуцагч Б.Оюунчимэг, А.Оюундалай нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 30,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг, нийт 45,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч Б.Оюунчимэг, А.Оюундалай нартай 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн, мөн 2019 оны 10 дугаар сард 5,000,000 төгрөгийг мөн бэлнээр авсан гэж, хариуцагч нар ... барилгын буулгалтын ажил авахаар тохиролцож зээлийн гэрээг байгуулсан гэж өөр өөр тайлбар гаргасан байгаагаас үзэхэд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг байсан эсэх, эсхүл хариуцагч нарын тайлбарлаж байгаа барилга буулгалтын ажил гүйцэтгэх талаар эсхүл уг ажлыг олж өгөх талаар тохиролцсон эсэх, ийнхүү тохиролцох нь хуульд нийцсэн эсэхийг тодруулах нь зохигчийн хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт хийхэд ач холбогдолтой байж болохоор байна.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг өөрөө тодорхойлох боловч нэхэмжлэгчээс хариуцагч нарт 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн үндэслэл нь тодорхой бус, энэ талаар шүүх тодруулаагүй, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоож чадаагүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхээс өөрчилж дүгнэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 184/ШШ2023/01537 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Э.Н-ын урьдчилан төлсөн 282,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Н.БАТЗОРИГ