Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2019/0109

 

2019 оны 02 сарын 26 өдөр        

Дугаар 221/МА2019/0109

                    Улаанбаатар хот

Б.С-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Э.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0830 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Б.С-ийн нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэрийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0830 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3, 81.4, 81.4.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.5, 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/648 дугаар тушаалын Б.С-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.С-ийг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний цагдаагийн хошууч цолыг сэргээн олгохыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгаж,

2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.С-ийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 2018 оны 12 дугаар сарын 17-ныг хүртэл хугацаагаар тооцож, ажилгүй байсан 3 сар 1 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3.602.909 /гурван сая зургаан зуун хоёр мянга есөн зуун ес/ төгрөгийг Цагдаагийн ерөнхий газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад дүгнэлт хийхдээ нэхэмжлэгч Б.С нь төрийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөнийг үгүйсгээгүй байх бөгөөд хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргыг маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзжээ.

Тухайлбал, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... маргаан бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны Б/648 дугаар шийдвэр нь төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг илүү нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь заалтыг хууль зүйн үндэслэл болгоогүй, дан ганц Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5-д заасныг гол үндэслэлээ болгож, нэхэмжлэгч Б.С-т сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль бус болжээ”, “Хэдийгээр ёс зүйн дүрмийг зөрчсөн нь сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болох боловч Б.С нь нийтээр зөвшөөрөгдсөн ямар хэм хэмжээг сахиж мөрдөөгүй гэж үзсэнээ хариуцагч маргаан бүхий тушаалд тодорхойлон заагаагүй”, “маргаан бүхий тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.4, 40.2.5-д заасан шаардлагыг хангаагүй байна” гэж тус тус дүгнэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн заалтыг хэрэглэхээр заасан бөгөөд цагдаагийн байгууллага, албан хаагчийн тухайн түүний эрх зүйн байдлыг Цагдаагийн албаны тухай хуулиар зохицуулсан байдаг.

Түүнчлэн, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол” мөн зүйлд заасан сахилгын шийтгэлийг оногдуулахаар заасан бөгөөд Цагдаагийн албаны тухай хуульд алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулах зохицуулалт байхгүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийг баримтлах ёстой гэж үзэж байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д “Цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа цагдаагийн байгууллагаас тогтоосон олон нийттэй харилцах, хууль хэрэгжүүлэхэд баримтлах ёс зүй, сахилгын дүрмийг мөрдөж ажиллаж”, 81.2-т “Энэ хуулийн 81.1-д заасан цагдаагийн алба хаагчийн ёс зүй, сахилгын дүрмийг цагдаагийн төв байгууллагын дарга батална”, 81.3-т “Энэ хуулийн 81.2, 81.3-т заасана ёс зүйн, сахилгын дүрмийг зөрчсөн нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно” гэж тус тус заасан бөгөөд мөн зүйлийн 81.4 дэх хэсэгт Төрийн албаны тухай хууль болон Цагдаагийн албаны тухай хууль, ёс зүй, сахилгын дүрэм зөрчсөн албан тушаалтанд оногдуулах сахилгын шийтгэлийн төрийг заасан.

Үүнээс үзэхэд анхан шатны шүүх Б.С-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т зааснаар цагдаагийн алба хаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг эрх, үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2 дахь хэсэгт заасны дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/129 дүгээр тушаалаар “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг баталж, үйл ажиллагаандаа мөрдөж байна.

Б.С-т явуулсан албаны шалгалтаар тэрээр Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т төрийн алба хаагч нь “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэм журмыг сахих, төийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” нийтлэг үүргээ биелүүлээгүй, “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2.4.1-т заасан “өөрийн болон албаны нэр төрийн ариун байлгах, иргэдтэй хүнлэг, хүлээцтэй харьцах”, 2.4.10-т заасан “гэр бүл, үр хүүхдэдээ хайр халамжтай байж, нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахин мөрдөх” хэм хэмжээ, холбогдох хууль тогтоомжийг тус тус зөрчсөн болох нь албаны шалгалтын хүрээнд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, бусад баримтаар тогтоогдсон.

Маргаан бүхий захиргааны актад нэхэмжлэгчийг ямар хууль тогтоомж, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн талаарх үндэслэлийг тодорхой тусгасан бөгөөд шүүхийн шийдвэрт “нийтээр зөвшөөрөгдсөн ямар хэм хэмжээг сахиж мөрдөөгүй гэж үзсэнээ хариуцагч маргаан бүхий тушаалд тодорхойлон заагаагүй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн, хариуцагчийг маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй, нэхэмжлэгчийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй, түүнээс тайлбар санал өгөх боломж олгоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн зүгээс маргаан бүхий захиргааны акт, холбогдох баримтыг шүүхэд хүргүүлсэн болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/648 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.С-ийг “Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалт, “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.4.10-т заасныг тус тус зөрчсөн тул цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулж, “цагдаагийн хошууч” цолыг хураасан” байна.

Нэхэмжлэгчээс төрийн албанаас халсан уг шийдвэрийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цагдаагийн хошууч цолыг сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шаарджээ.

Иргэн Д.О-ын 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын даргад хандан гаргасан өргөдлийн дагуу тус Цагдаагийн газраас 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд явуулсан албаны шалгалтын материалд авагдсан гомдол, тайлбар, илтгэх хуудас, бусад нотлох баримтаар нэхэмжлэгч Б.С “гэр бүлээс гадуур харилцаа тогтоосон, иргэдтэй маргалдаж, хэл амаар доромжлон, зүй зохисгүй үг хэрэглэсэн” зэрэг зөрчил гаргасан нь тогтоогдсон байна.

Уг шалгалтын материалыг 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгчид танилцуулан, Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн талаар түүнийг байлцуулан хэлэлцсэн байна.

Нэхэмжлэгчээс “Цагдаагийн албаны тухай хуулиар сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй, ... хувийн харилцаанд цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг баримтлах шаардлагагүй” гэсэн үндэслэлээр маргасан боловч Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.4.10-т заасан “гэр бүл, үр хүүхэддээ хайр, халамжтай байж, зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахиж мөрдөх” ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна. Гэтэл анхан шатны шүүх “Б.С нь өөрийн гэр бүл, үр хүүхдэдээ ямар байдлаар хайр халамжгүй байсан, нийтээр зөвшөөрөгдсөн ямар хэм хэмжээг сахиж мөрдөөгүй гэж үзсэнээ хариуцагч маргаан бүхий тушаалд тодорхойлон заагаагүй” гэж дүгнэсэн нь буруу байна.

Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн дээрх зохицуулалт нь “гэр бүлийн харилцааны талаар нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахиж мөрдөх” үүрэгтэй, үүнийг зөрчсөн тохиолдолд тохирох шийтгэл хүлээх шаардлагатай гэж ойлгоно. Түүнчлэн, анхан шатны шүүх “ ... нийтээр зөвшөөрөгдсөн ямар хэм хэмжээг сахиж мөрдөөгүй гэж үзсэнээ хариуцагч маргаан бүхий тушаалд тодорхойлон заагаагүй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу, албаны шалгалтаар тогтоогдсон, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүнийг няцаасан үйл баримт тогтоогдоогүй байхад үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” нь төрийн албан хаагчийн үүрэг байхаар зохицуулж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д тус хуулийн 13 дугаар зүйлд заасныг зөрчсөн тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдлыг харгалзан хуульд өөрөөр заагаагүй тодорхой сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулахаар зохицуулсан байна. Маргаж буй захиргааны актад Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалтыг хэрэглэсэн байх тул анхан шатны шүүх “Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй” гэж дүгнэсэн нь буруу байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т “Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан дараахь сахилгын шийтгэл оногдуулна”, 81.4.5-д “цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 66 дугаар зүйлд заасан 66.1-д заасан цагдаагийн тангараг өргөж, цагдаагийн байгууллагад томилогдон ажиллаж байгаа цагдаагийн цолтой цагдаагийн алба хаагч байна. Иймд тогтоогдсон зөрчилд холбогдуулан Цагдаагийн алба хаагчийг тус албанаас халах, чөлөөлөхтэй холбогдсон харилцаа нь Төрийн албаны тухай хуулиас гадна тус хуулиар зохицуулагдахаар байхад анхан шатны шүүх зөвхөн “сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг тодорхой, нарийвчлан зохицуулсан” Төрийн албаны тухай хуулийг тус харилцаанд баримтлаагүй гэсэн үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Д.О-аас Б.С-т холбогдуулан гаргасан гомдол болон түүнд хавсаргасан баримтыг нэхэмжлэгчээс үгүйсгээгүй, уг гомдолд дурдсан асуудлын агуулга, гаргасан зөрчлийн хэр хэмжээнээс үзвэл нэхэмжлэгчид ногдуулсан сахилгын шийтгэл тохироогүй гэж дүгнэх боломжгүй байсныг үндэслэл болгов.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0830 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2, 81.4.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.С-ийн “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/648 дугаар тушаалын Б.С-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цагдаагийн хошууч цолыг сэргээлгэж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.С-ээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                     Ц.ЦОГТ