Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 1380

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2016/00014 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХ, ХХХ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 205 584 657 төгрөг гаргуулах тухай хэргийг

 

Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

хариуцагч ХХ, ХХХ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч "Х" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:

“Х” ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2014/05 тоот Барьцаат зээлийн гэрээ, 2014/05-01 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулж, 11-292054 тоот барьцаалбарыг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт бүртгүүлэн, 120 000 000 төгрөг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл ХХ хамтран үүрэг гүйцэтгэгч ХХХ нарт зээлдүүлсэн. Зээлдэгч ХХын бичгээр гаргасан хүсэлтийн дагуу зээлийн гэрээг нэмэлт өөрчлөлтөөр 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл сунгасан. Барьцаат зээлийн гэрээ, барьцааны гэрээ болон зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөд талууд гарын үсэг зурж нотариатчаар батлуулсан. Дээр дурдсан барьцаат зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч ХХ, ХХХ нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Барьцаат зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрийг төлж барагдуулаагүй бол зээл, зээлийн хүүгийн төлөгдөх өдрийн дараах өдрөөс эхлэн 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирсон. Иймд төлөгдөөгүй зээлийн үндсэн төлбөр болох 120 000 000 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөр болох 44 160 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 41 424 657 төгрөгийн хамт нийт 205 584 657 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХ, ХХХ нарын шүүхэд гаргасан хариу тайлбарт:

"Х” ХХК-д өөрсдийн амьдарч байгаа 284 050 000 төгрөгийн үнэ бүхий байрыг барьцаалж, 2014 оны 10 сарын 10-ны өдөр 4 хувийн хүүтэй 120 000 000 төгрөгийн зээл авсан бөгөөд эргэн төлөлтийн хугацаанд зээлийн хүүг төлсөөр мөн нэг удаа зээлийн хугацааг сунгуулан, нийт зээлийн хүү 43 680 000 төгрөг, зээлийн шимтгэл 1 920 000 төгрөг төлсөн. Үүнээс хойшхи хугацаанд бололцоо муу болж эргэн төлөлт, xүүгээ төлөхөд хүндрэл гарсан учир зээлдүүлэгчид 2015 оны 10 сард зээлийн гэрээг цуцалж, шүүхэд хандахыг хүсэлт тавьсан боловч шүүхэд хандалгүй хүү болон нэмэгдүүлсэн хүүг санаатайгаар өсгөж барьцааны зүйл орон сууцны үнэнд зохиомлоор хүргэх байрыг хүчээр хураах гэсэн зорилго агуулж, 2015 оны 9 дүгээр сараас 2016 оны 4 cap хүртэл зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүг хэт өсгөн бодож зээлдэгч биднийг хохироож байна. Барьцаат зээлийн гэрээний 5.2.1, 5.2.2, 5.2 3 5.2.10 дугаар зүйлд заасны дагуу зээлдүүлэгч гэрээг цуцалж шүүхэд хандан хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоох бүрэн боломжтой байсан. Иймд хүү, нэмэгдүүлсэн хүүг хэт өндөр өсгөж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 сарын 13-ны өдрийн А-236 тушаалаар баталсан банкны хүү бодох аргачлал, хүү шимтгэл хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 4 дүгээр зүйлийг ноцтойгоор зөрчиж, нэмэгдүүлсэн хүүг 507.76 хувиар бодсон байна. Дээрх журмын 1 3.9-д Иргэний хууль, мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын дээд шүүхийн тогтоолын 21, 22 дугаар зүйлд заасныг зөрчиж, үндсэн зээлийн төлөх хугацаа дуусаагүй байхад нэмэгдүүлсэн хүү бодсон. Нэхэмжлэгч байгууллага нь хүү болон нэмэгдүүлсэн хүүг хэт өндөр өсгөж нэхэмжилж байгааг хуулийн дагуу үнэн зөв бодож, бидэнд зээлээ төлөх боломжийг олгоно уу гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХ, ХХХ нараас 171 892  602 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Х" ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 33 692 055 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч "Х" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 185 875 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ХХ, ХХХ нараас улсын тэмдэгтийн хураамжид 1 017 413 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Х" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ХХ, ХХХ нарын давж заалдах гомдолд:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 сарын 13-ны өдрийн А-236 тушаалаар батласан "Банкны хүү бодох аргачлал, хүү шимтгэл, хураамжийн мэдэллийн ил тод байдлын журам"-ын 4-р зүйлд заасан журмын дагуу тооцож нэмэгдүүлсэн хүү болох 7 732 602 төгрөгийг төлөх үүрэгтэй хэмээн шийдвэрлэсэн боловч тухайн журмын 1.3.9-р зүйлд заасан "Зээлийн үндсэн төлбөрийг эргүүлэн төлөөгүй тохиолдолд Иргэний хуульд заасан хувиас хэтрэхгүй хувь хэмжээгээр үндсэн хүүг нэмэгдүүлж тооцно" гэсэн заалт мөн Иргэний хууль, Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай" Монгол Улсын дээд шүүхийн тогтоолын 21, 22-р зүйлд заасныг зөрчин үндсэн зээлийн төлөх хугацаа дуусаагүй байхад нэмэгдүүлсэн хүү бодсон. 2015 оны 10 сарын 10-наас эхлэн үндсэн зээлийн хугацаа хэтэрсэн хоног тооцох байтал 2015 оны 8 сарын 10-наас тооцож 60 хоногийн нэмэгдүүлсэн хүү илүү тооцож тооцооллын алдаа гаргасан. 2015 оны 10 сарын 10-наас 2016 оны 4 сарын 12 хүртэл 185 хоног байгаа бөгөөд хуульд зааснаар нэмэгдүүлсэн хүүг бодоход 5 920 000 төгрөг болж байгаа бөгөөд зөрүү 1 812 602 төгрөг байна. Үндсэн зээл төлөгдөөгүй тохиолдолд хүүг нэмэгдүүлж бодно гэж хуульд заасан. Энэ нь хүүгээс хүү бодно гэсэн ойлголт огтоос биш юм. Иймд тооцооллыг алдаатай хийсэн тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Дараах үндэслэлүүдээр хүү болон нэмэгдүүлсэн хүүг зогсоох байсан. Барьцаат зээлийн гэрээнд дараах нөхцөлд гэрээг цуцлана гэж заасан:

5.2.1-т Зээлдэгч нь зээлийн хүү болон хэсэгчлэн төлөх үндсэн зээлийн төлөх хугацааг 7 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн.

5.2.2-т Хөдөлмөрийн чадвараа алдсан. Тайлбар: ХХХ нь 2015 оны 8 сарын 17-нд бие гэнэт муудсаны улмаас эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж, 8 сарын 28 нд амаржиж хүүхдээ алдаад, өөрөө эрчимт эмчилгээнд шилжиж, 10 сарын 10 хүртэл эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Цаашид эмчлүүлэх шаардлагатай гэсэн заавартай бөгөөд тухайн хугацаа нь энэ заалтад хамаарагдаж байгаа юм.

5.2.3-т Зээлдэгчийн үйл ажиллагаа, түүний үйл явц, үр дүнд өөрчлөлт орсоноос зээлийг эргүүлэн төлөх найдваргүй болсон.

5.2.10-т Мэдэгдэлд заасан хугацаа дууссан эдгээр заалт болон "ББСБ-ын зээлийн үйл ажиллагаанд мөрдөх журам"-ын 4.4-р зүйлд зээл төлөх чадваргүй болсон тохиолдолд шаардлагатай гэж үзвэл зээлийг буцаан төлөх хугацаа дууссанаас хойш, аль болох богино хугацаанд шүүхэд нэхэмжлэн шийдвэрлүүлнэ” гэж заасныг үндэслэн зээлдүүлэгч гэрээг цуцлаж, шүүхэд хандан хүү болон нэмэгдүүлсэн хүүг зогсоох байтал зээлийн хэмжээг өсгөн байрны үнэнд хүргэх гэсэн санаа агуулсан гэж үзэж байна. Иймээс 2015 оны 11 сарын 10 cap хүртэлх 19 520 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 992 000 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж үзэж байна.

Зөрүү дүн болох хүү 24 640 000 төгрөг болон нэмэгдүүлсэн хүү 6 740 602 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өссөн дүнгээр нэхэмжилж байгааг хуулийн дагуу үнэн зөв бодуулан, бидэнд зээлээ төлөх боломжийг олгоно уу гэжээ.

 

                                                 ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт үнийн дүнгийн өөрчлөлт оруулж, хариуцагч нараас 170 080 000 төгрөг гаргуулан үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч "Х" ХХК нь зээлийн үндсэн төлбөрт 120 000 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 44 160 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 41 424 657 төгрөг, нийт 205 584 657 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, “зээлдүүлэгч гэрээг цуцалж, шүүхэд хандан хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоох бүрэн боломжтой байсан” гэж маргажээ.

 

"Х" ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээгээр хариуцагч нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оранж хотхон 59-р байр 12 тоот 4 өрөө орон сууцыг барьцаалан ХХ, ХХХ нарт 120 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн, зээлдэгч гэрээний хугацаанд үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд төлөгдөөгүй үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлэн тооцож, зээл төлөгдөж дуустал үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцохоор тус тус тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогджээ.

 

Талууд 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр өмнөх зээлийн гэрээний хугацааг 6 сарын хугацаагаар сунгаж бусад нөхцөл хэвээр байхаар тохиролцсон байна.

 

Зохигчдын хооронд мөнгөн хөрөнгө хүүтэй зээлдүүлэх, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хүлээх хариуцлагын талаар тохиролцсон зээл, барьцааны гэрээ, нэмэлт гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан барьцааны гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээгээр тохиролцсон бол хүүг төлөх үүргийг хүлээх агуулгыг тохиролцсон байх тул анхан шатны шүүх үндсэн гэрээний үүрэг болон барьцааны гэрээний эрхийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн боловч нэмэгдүүлсэн хүүгийн бодолтыг буруу тооцоолсон байна.

 

Хэргийн 32-33 дугаар тал дахь хариуцагч нарын зээл, зээлийн хүүд төлсөн төлбөрийн тооцооллын талаарх нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хүснэгтээс үзэхэд хариуцагч нар нь зээлийн хүүд 43 680 000 төгрөг төлсөн, талууд уг үйл баримтын талаар маргаангүй болно.

 

Зээлийн гэрээ болон зээлийн гэрээний хавсралтаар баталсан хуваарийн дагуу хариуцагч нар нь зээлийг хүүгийн хамт төлөх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон тул нэхэмжлэгч "Х" ХХК нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд анхан шатны шүүх хариуцагч талаас үндсэн зээлийн үлдэгдэл 120 000 000 төгрөг, зээлийн хүү 44 160 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв боловч нэмэгдүүлсэн хүүг бодохдоо тооцооны алдаа гаргасныг зөвтгөж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай. Тодруулбал, гэрээний хугацаа дууссан 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс  шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 185 хоногт хариуцагч тал хууль болон гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүүнд 5 920 000 төгрөг төлөх байхад анхан шатны шүүх гэрээний хугацаанд буюу 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс  нэмэгдүүлсэн хүү тооцож 7 732 602 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Иймд хариуцагч ХХ, ХХХ нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 170 080 000 төгрөг ( үндсэн зээл 120 000 000 төгрөг, хүү 44 160 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 920 000 төгрөг ) гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Энэ талаар гаргасан хариуцагч нарын давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

Харин “Барьцаат зээлийн гэрээг цуцалж хүү болон нэмэгдүүлсэн хүүг зогсоох байсан” гэсэн хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэв. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч байгууллага нь зээлийн үүргийг гүйцэтгэхийг хариуцагчаас 2015 оны 10 дугаар сарын 20, 2015 оны 11 дүгээр сарын 30, 2016 оны 1 дүгээр сарын 26, 2016 оны 3 дугаар сарын 11, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрүүдэд тус тус мэдэгдэх хуудсаар шаардаж байсан байх бөгөөд хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг зээл, түүний хүүг орон сууцаа зарах, эсхүл төслийн зээл авах, өрмийн тоног төхөөрөмж худалдах зэрэг замаар төлж барагдуулах тухай өргөдлийг 2015 оны 10 дугаар сарын 30, 2015 оны 12 дугаар сарын 24 өдрүүдэд, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрээний хугацааг 6 сараар сунгах хүсэлт өргөдөл гаргаж байснаас гэрээг цуцлах талаар өргөдөл хүсэлт гаргаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн өргөдөл хүсэлтийг харгалзан шүүхийн бус журмаар  төлбөрийг барагдуулах ажиллагаа явуулж байсныг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдоогүйн зэрэгцээ "Х" ХХК-ийг өөрийнхөө хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэх боломжгүй.

 

           Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт үнийн дүнгийн өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2016/00014 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “171 892 602 төгрөгийг” гэснийг “170 080 000 төгрөгийг” гэж, “33 692 055 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “35 504 657 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

шийдвэрийн тогтоох хэсэгт 2 дахь заалтын “1 017 413 төгрөгийг” гэснийг ”1 008 350 төгрөгийг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч ХХын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314 860 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                  А.МӨНХЗУЛ